Хаврын тэмцээнийг аварга Тэрүнофүжи өнжиж, Монголын 22 сүмоч зодоглож байна


Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн  Осака хотод эхэллээ. Гуравдугаар сарын тэмцээний банцүкэд 44 дэвжээний 603 бөх бичигджээ. Хамгийн олон бөхтэй нь 26 бөхтэй “Коконоэ” дэвжээ. Манай Миторюүгийн “Нишикидо” дэвжээ ганц сүмочтой хэвээр байна. Шинэ оны хоёр дахь башёгийн банцүкэ болон тэмцээн хэд хэдэн зүйлээрээ анхаарал татаж байгаа юм. Өнгөрсөн жилийн аравдугаар сард хоёр өвдгөндөө мэс засал хийлгэсэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хаврын тэмцээнд зодоглохгүй гэдгээ мэдэгджээ. Тэрбээр дөрвөн башё дараалан өнжиж байгаа бөгөөд ёкозүна болсноосоо хойш 10 тэмцээний тавд нь гэмтлийн улмаас барилдсангүй. Ингэснээр озэки Такакэйшёо бөхчүүдийг дахин манлайлан барилдах боллоо. Түүний хувьд түрүүлэх юм уу, үзүүрлэхэд ёкозүна болох болзолтой юм. 

Энэ башёгоос дахин нэг ёкозүна мэндлэх үү гэдэг нь сүмо сонирхогчдын анхаарлын төвд байна. Хаврын тэмцээнд озэки цолтой барилдаж буй цор ганц бөх болох Такакэйшёо арваннэгдүгээр сард 12 давж, нэгдүгээр сарын тэмцээнд 12 даваатай түрүүлсэн. Хаврын тэмцээнд түрүүлэхэд л ёкозүна болох учиртай. Тэр түрүүлж чадах эсэхийг харах үлдэж байна. Мөн уг башёд гурван сэкивакэ, дөрвөн комүсүбитэй гэдгээрээ онцлогтой. Үүнээс гадна манай бөх Кирибаяма Б.Лхагвасүрэн анх удаа сэкивакэ цолтойгоор зодоглоно. Монголын 11 дэх, гадаадын 21 дэх сэкивакэ болж буй. Тэрбээр  “Банцүкэд нэр минь ёкозүна, озэкигийн дараа бичигдсэнд их баяртай байна. Анх сүмод орж байхад сэкивакэ үүлэн дээр байгаа мэт л хол санагдаж байсан” хэмээн ярьжээ. Өнгөрсөн башёд 11 давсан түүнийг озэки цолонд хамгийн ойрхон яваа бөх гэдэг. Энэ талаар Кирибаяма “Озэки цол гээд бодоод эхэлбэл биеэ бариад, сандарч эхлэх тул бодохгүй барилдана. Бэлтгэл сургуулилалтаа сайн хийгээд хичээж зүтгэх болно. 

Хийх ёстой зүйлээ хийгээд явахад үр дүн заавал гардаг. Озэки хэзээ ч болохгүй гэж бодож байсан үе бий ч одоо банцүкэгээ харахад ойрхон иржээ” гэжээ. Сэтгүүлчид өрсөлдөгчийг нь асуухад “Сэкивакэ Хоошёорюү. Монголд байхдаа хамт жүдогийн клубт хичээллэж байлаа. Хоошёорюү, Вакатакакагэ хоёроос түрүүлж, цол ахих сан гэсэн бодол бий. Энэ сар дөрвөн дэвжээнд очиж, бөхчүүдтэй нь хамт бэлтгэл хийлээ. Ёкозүна Тэрүнофүжитэй хамт бэлтгэл хийсэн. Хаврын тэмцээнд юуны өмнө 50 хувийн амжилтаа үзүүлээд дараа нь аль болох олон давахыг хичээнэ” хэмээжээ.

Үүнээс гадна Казахстаны Кинбозан, Монголын Хокүсэйхо нар анх удаа дээд зиндаанд дэвшин барилдах юм. Кинбозан Казахстаны анхны дээд зиндааны бөх болж байгаа юм. Ерсин Балтагул нэртэй тэрбээр өдгөө 25 настай, 192 см өндөр, 174 кг жинтэй. Казахстанд жүдогоор барилдаж байсан Ерсин хүүг анх мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү харж, мэргэжлийн сүмод урьсан түүхтэй. Тэрбээр 18 настайдаа Японд ирж, аваргын тусламжтайгаар их сургуульд элссэн.

 Бүх Японы оюутны сүмо бөхийн тэмцээнд хагас шигшээд шалгарснаар мэргэжилд барилдах эрх авсан түүний хувьд таван башёд зодоглон жюүрёод дэвшсэн юм. Кинбозан “Юуны өмнө Казахстаны анхны дээд зиндааны бөх болсондоо маш их баяртай байна. Дээд зиндаанд 50 хувийн амжилтаа үзүүлж, ээждээ бэлэг барих зорилготой. Гол нь гэмтэхгүй байх. Сая ээжийн бие муудаад эх орондоо хариад ирлээ. Ээж минь “Үс чинь ямар их ургаа вэ”, “Улам хүчтэй болоорой” гэж захисан. Казахстанд сүмо бөх сайн мэдэхгүй болохоор хүмүүс намайг танихгүй байсан. Манай улс чөлөөт бөх, жүдо, боксоороо алдартай. Казахстанаас залуус сүмо болохоор Японд ирээсэй гэж боддог” гэж сэтгэгдлээ хуваалцжээ.

Тэгвэл Хокүсэйхо А.Даваанинж “Миягино” дэвжээг Хакүхо аварга өвлөн авсны дараах анхны макүүчи зиндааны бөх боллоо.  Тэрбээр “Багштайгаа хамт хэвлэлийн хурал хийгээд сууж байгаадаа баяртай байна. 15 жилийн өмнө Хакүхо аваргатай санамсаргүй тааралдаад аваргын үгийг сонсоод сүмо бөхөөр барилдаж эхэлсэн. Дээд зиндаанд түргэн дэвших хүсэл бодолтой барилдаж ирсэн” гэж ярив. 204 см өндөртэй нь АНУ-ын Акэбоно, Болгарын Котоошюү нартай ижилхэн дээд зиндаанд дэвшсэн хамгийн өндөр шинэ сүмочийн амжилт юм. Гэхдээ одоо ч гэсэн өсөлт нь зогсоогүй байгаа нь гайхалтай. Хокүсэйхо “Дээр минь өөр олон цол байгаа болохоор бэлтгэлээ сайн хийж, хичээн зүтгэх болно. Гэмтлээр доош унах үед их хэцүү байсан. Акэбоно аваргын унтаж байсан өрөөнд би одоо амьдарч байгаа. Аваргын барилдааны бичлэгийг үзэж, судалдаг. Багшийнхаа ачийг бага ч гэсэн хариулж чадлаа. Энэ жил санякүд дэвших зорилготой. Дээд зиндааны эхний башёдоо юуны өмнө 50 хувийн амжилт үзүүлээд дараа нь арваас дээш давж, тусгай шагнал хүртэх зорилго тавьсан. Ирээдүйн зорилго ёкозүна болох” гэжээ.

Хаврын тэмцээнд зургаан зиндаанд Монголын 23 бөх барилдаж байгаа бөгөөд Дайшёохо Ч.Шижирбаяр дээд зиндаанд дэвшсэн бол шийтгэл хүлээсэн Ичиножёо А.Ичинноров жюүрёод унасан юм. Мөн Тамашёохо Э.Энхманлай жюүрёод дэвшиж, Монголоос төрсөн 37, гадаадын 72 дахь сэкитори болжээ.  Шинээр хоёр монгол бөх мэргэжилд орж ирсэн. Тодруулбал, “Такасаго” дэвжээний 24 настай Асахакүрюү Р.Жамъянтогтох, “Асахияма” дэвжээний 19 настай Токинишики Ц.Түшиг нар юм. Асасэкирюү Б.Дашнямын шавь Асахакүрюү Жамьянтогтохын аав нь Архангай аймгийн Булган сумын харьяат улсын гарьд Д.Рагчаа, өвөө нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат дархан аварга Д.Цэрэнтогтох агсан юм.

Банцүкэ:

Ёкозүна Тэрүнофүжи

Озэки Такакэйшёо

Вакатакакагэ Сэкивакэ Хоошёорюү

Кирибаяма Сэкивакэ

Вакамотохарү Комүсүби Котоновака

Дайэйшёо Комүсүби Тобизарү

Тамаваши Маэгашира-1 Шёодай

Аби М-2 Рюүдэн

Митакэүми М-3 Нишикиги

Ооношёо М-4 Мэйсэй

Котошёохо М-5 Мидорифүжи

Эндо М-6 Саданоүми

Хокүтофүжи М-7 Такаясү

Ичиямамото М-8 Үра

Аойяма М-9 Хирадоүми

Миёогирюү М-10 Нишикифүжи

Азүмарюү М-11 Таканошёо

Кагаяки М-12 Такарафүжи

Дайшёохо М-13 Котоэко

Кинбозан М-14 Бүшёозан

Хокүсэйхо М-15 Оохо

Чиёошёома М-16 Цүрүгишёо

Миторюү М-17

Монгол бөхчүүд 

Макүүчи:

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ

Сэкивакэ Хоошёорюү С.Бямбасүрэн

Сэкивакэ Кирибаяма Б.Лхагвасүрэн

З-1 Тамаваши Б.Мөнх-Оргил

З-11 Азүмарюү С.Тодбилэг

З-13 Дайшёохо Ч.Шижирбаяр

З-15 Хокүсэйхо А.Даваанинж

З-16 Чиёошёома Г.Мөнхсайхан

З-17 Миторюү Б.Төрболд

Жюүрёо:

З-3 Ичиножёо А.Ичинноров

Б-4 Оошёоүма П.Дэлгэрбаяр

З-5 Роога А.Амарсанаа

З-13 Тамашёохо Э.Энхманлай

Макүшита:

З-11 Дэванорюү Т.Тэмүүлэн

З-23 Араүма Б.Төртогтох

Б-25 Хокүтэнкай Г.Сүхбат

Б-46 Хокүтомарү Н.Чинзориг

З-51 Котокэнрюү Г.Билгүүн

З-55 Саданохикари Д.Наранцогт

Санданмэ:

Б-29 Токисоүма Б.Анхбаяр

Жонидан:

З-32 Казэноүми Ц.Билгүүн

Жонокүчи:

Б-11 Асахакүрюү Р.Жамъянтогтох

Б-14 Токинишики Ц.Түшиг

  Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №009/24540/

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 8 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 11 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 11 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 11 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 11 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 12 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 13 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 13 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 13 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 13 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 13 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 13 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 13 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 13 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 13 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 13 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 13 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 14 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 14 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 14 цагийн өмнө