Өглөөний шуурхай. Редакторын яриа... Энэ удаагийн манай зочин сүүлийн үед сэтгэлгээний уран зургуудаараа олонд танигдаад байгаа, их олон талын авьяастай зураач бүсгүй оролцох юм. Энэ бүсгүйтэй ярилцлага хийх гэж хэдэн сар хөөцөлдөж байж өчигдөр зөвшөөрүүлж чадлаа. Уран бүтээлийн яриа гэхээсээ илүү сэтгэлгээний яриа болох байх. Трамп чи яваад ярилцлага аваадах. Сайн онгичиж нээхийг бодоорой доо гэснээр би бал, дэвтэр, утсаа халааслан гадагш гарлаа. Гудамжинд гаран намрын хүйтэн цэнгэг агаарыг цээж дүүрэн амьсгалж аваад өгсөн дугаар руу нь залгалаа.
-Аан байна. Ямар сонин гэнэ ээ. Аа, “Монголын үнэн” сонин уу. Өө тийм тийм. За та хүрээд ир гээд хаягаа зааж өгөв. Зуу гаруй жилийн түүхтэй сониныг хэн л үл тоомсорлов гэж дээ. Гэтэл ярилцах бүсгүй маань сэтгүүлч, зураач, продюсер, нийгмийн зүтгэлтэн, феминист уран бүтээлч А. Уянга. Одоо би л сүрдэх ёстой болж дээ
“Нэг эмэгтэйн олон тал”
-Сайн байна уу?
-Сайн, сайн байна уу?
-За эхлээд хоёулаа танилцах уу. Тантай ярилцах болсноо мэдчихээд өөрийн тань тухай мэдээллийг цахим ертөнцөөс нэлээд ухлаа. Нэг талын судалгаа маягийн гэх юм уу даа. Тэгээд өнгөрсөн зургадугаар сард зураач А.Ганцэцэгтэй хамтарсан үзэсгэлэн гаргасан юм байна гэдгийг олж мэдлээ.
-Тийм ээ. Миний гурав дахь үзэсгэлэн.
-Таныг феминист гэж тодорхойлсон байна. Хэн тэгж дүгнэв?
-Яах вэ, өөрийгөө тэгж тодорхойлсон л доо. Миний уран бүтээл голцуу эмэгтэй хүний ертөнцийг гаргаж, мөн тэднийг илэрхийлэх гэж оролддог. Одоо энэ хананд таны харж байгаа уран бүтээлээр жишээ авч болно. “Умайн үр жимс”, “Эрх чөлөө”, “Нэг эмэгтэйн хоёр ертөнц”, “Мөнгө рүү шумбасан эмэгтэй” гэсэн бүтээлээс феминист үзэл санааны чиг хандлага харагдана.
-Энэ жаахан тэнэг асуулт байж мэднэ. Уран бүтээлийн хувьд феминист үзэл санаа шингээхийг оролддог юм уу, өөрөө хүнийхээ хувьд феминист юм уу?
-Би өөрөө феминист. Феминист уран бүтээлчид дэлхийд олон шүү дээ. Мексикийн зураач Фрида Кало нарын дэлхийд нэртэй феминист уран бүтээлчид байна. Феминизм уран бүтээлээр яаж илрэх вэ гэхээр эмэгтэй хүний дотоод ертөнцийг илэрхийлж, тэднийг магтан дуулах. Мэдээж хэтрүүлэхгүйгээр тунг нь тааруулж. Ямарваа зүйлийн тун хэтрэхээр л буруу болоод явчих шиг санагддаг. Зарим уран бүтээлч, уран бүтээлээрээ феминист байх тохиолдол бий. Миний бодлоор тухайн уран бүтээлчийн дотоод ертөнц ямар байна уран бүтээлд нь тийн тусгалаа олдог. Гэхдээ миний хувьд бол феминизм миний нэг л тал. Би хөрөг зурж байна, контемпорари, эротик, абстракт зурж байна.
Миний уран зургууд драмлаг, эсрэг тэсрэг, ерөөсөө нэг урсгалынх биш. Дандаа сайн сайхныг харуулаад байдаггүй, зоригтой контрасс гаргаж эсрэг тэсрэгийг үзүүлдэг. Эндээс үзэгч юу ч үзэж болно. Тухайн хүний дотоод ертөнцөөс шалтгаалаад. Жишээ нь миний “Мөнгө рүү шумбасан эмэгтэй”-г зарим хүн мөнгө рүү дүүлж байна гэж харж болно. Шүүмж бичигч, судлаачид, мэргэжлийн зарим хүмүүс миний уран бүтээлүүдийг “Нууцлаг” гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр их олон талт байгаа биз. Би угаасаа универсал буюу олон талт цогц байдалд дуртай. Хувь хүнийхээ хувьд гэхэд л сэтгүүлч, кино продюсер, зураач гэх мэт маш олон зүйл хийгээд байгаа харагдавч, бүгд л нэг цэг дээр огтлолцдог. Феминизм ч яг тэр чигээрээ намайг илэрхийлнэ гэсэн үг бас биш.
-Пөөх ямар олон мэдээлэл нэг дор авчихав аа. Чамайг баримлын шавраар урлая гэвэл олон өнгийн шавар нийлүүлж, эвлүүлж байгаад Уянга гэдэг хүнийг хийх юм байна гэж бодогдлоо, тийм үү?
-Тийм. Ер нь зураач гэдэг ч миний үндсэн чиглэл биш. Миний үндсэн мэргэжил бол сэтгүүлч шүү дээ. Монголын анхны амьдралын хэв маягийн чиглэлээр нийтлэлийн бодлогоо тодорхойлсон “UP TOWN” сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эрхлэгч. Одоо би сэтгүүлчийнхээ хувиар өөрийн гэсэн ток шоутай болох гэсэн тун ойрын төлөвлөгөөтэй байна. Продюсерынхаа хувиар олон улсын стандартад нийцсэн кино төсөл дээр ажиллаж байна. Нийгэмд хувь нэмрээ оруулахад заавал улстөрч байх албагүй гэж үздэг. Аль ч нийгэмд урлагаар дамжуулж нийгмийг соён гэгээрүүлэх, мөн үзэл суртлын зэвсэг болгон хэрэглэх тохиолдол байдаг. Нийгмийг соён гэгээрүүлнэ гэдэг нийгмийн үйл ажиллагаа мөн биз дээ. Энэ бүгд нийлээд миний нийгмийн зүтгэлтэн гэдэг статусыг тодотгож байгаа юм.
-Үгүй ээ, тэгээд би зураач А.Уянга гэдэг хүнтэй уулзах гэж ирсэн байдаг. Яаж яваад зураач руу орчихов?
-Би нэлээд хожуу зураач болсон. Энэ бол миний хобби гэх юм уу даа. Би кино урлагт их дуртай. “Бодлын хулгайч”, “Помогите нам” киноны продюсероор ажилласан. Кино урлагийн чухал суурь бол дүрслэх урлаг байдаг. Кино урлагт хайртай болохоороо дүрслэх урлаг руу орчихсон. Ер нь ч хүүхэд байхаасаа л зурдаг байсан.
-Хүн хүний дотоод ертөнц өөр байдаг. Минийх л гэхэд нэлээд замбараагүй, эмх цэгцгүй мэт өөрт санагддаг л даа?
-Уран бүтээлчдийн хувьд билиг танхай байдаг. Бидний дотоод ертөнц ойлгомжгүй, олон талт байх нь бий. Орчин үеийн урлагт мэргэших буюу давтамж маш чухал болсон. Өнөөдөр Америкт ч юм уу, Японд хүн нэг л зүйлээ хийгээд амьдраад байж болдог. Зах зээл томтой. Монголд энэ нь боломжгүй. Бид чинь хэдүүлээ билээ, яг урлаг сонирхдог, худалдан авдаг нь хэд билээ. Гүнзгий мэргэшихгүй байгаад байдаг нэг сул талтай. Уран бүтээлчдийн дотоод ертөнц эмх замбараагүй байдаг ч үүнтэй холбоотой юм болов уу. Тэгэхээр хүн өөрийгөө маш олон талт болгон хөгжүүлэхээс өөр аргагүй.
-Борлуулалтын сувгаа олон болго гээд байна уу?
-Би продюсер хийж байгаад зурж эхэлсэн болохоор өөрийнхөө зургийг бүтээл гэж харахаасаа илүү бүтээгдэхүүн гэж хардаг. Зургаа зардаггүй. Уран бүтээл нэг айлд, эсвэл нэг галерейн агуулахад хэвтэж байх ёсгүй. Яаж олон нийтэд хүргэх вэ. Тэр зургаар өгүүлэх гэсэн санаагаар яавал олон түмэнд нөлөөлж, эргэцүүлэл, дохио өгч оюун санааны хөрөнгө оруулалт хийж болох вэ. Энэ л зургийн үнэ цэнийг тодорхойлно, мөнгө бол биш.
-За үзэл санаа. Тэгвэл жишээ нь энэ “Мөнгө рүү шумбасан эмэгтэй” зургаар та нийгэмд ямар үзэл санааг хүргэх гэсэн юм бэ?
-Энэ зургийг сайн харах юм бол ерөнхий фон нь таван орны мөнгөн дэвсгэрт байгаа юм.
Энэ миний нийгэм рүү шидсэн эхний мессеж. Өнгөрсөн зургадугаар сард гаргасан үзэсгэлэндээ энэ зургаа дэлгэтэл үзэгчдээс маш олон санал ирсэн л дээ. “Яагаад шумбаж, эсвэл живж доошлох ёстой гэж. Дүүлүүлж болох уу. Мөнгө рүү жоохон дүүлсэн эмэгтэй болгож болох уу” гэх мэт. Тэгээд би бодсон чинь нээрээ бас гоё юм байна. Нэг талаараа эмэгтэй хүний үнэ цэн, нөгөө талаараа эдийн засгийн эрх чөлөөнд хүрснээрээ илэрхийлэгдэнэ гэж би үздэгтэй холбоотой юм болов уу.
“Мөнгө рүү шумбасан эмэгтэй”
-Эмэгтэй хүний үнэ цэнийг хэзээнээс мөнгөөр илэрхийлдэг болчихов?
-Өнөөгийн ертөнц материаллаг, харгис болж байна. Ардчилал гэдэг зүйл зэрлэг капитализмыг дагуулаад ороод ирсэн. Үүний нөлөө бүх зүйлийг мөнгөөр үнэлэх үзэгдэл. Эмэгтэй хүний үнэ цэн мэдээж мөнгөөр үнэлэгдэхгүй шүү дээ. Эмэгтэй хүн амьдралд үнэ цэнтэй байхын тулд мөнгө санхүү чухал юм байна гэдгийг л би хэлэх гээд байгаа юм. Мөнгө санхүүгээ дагаад эрх мэдлийн, бие даасан байдлын, хувь хүний үнэлэмж өндөрсөх боломжтой болно гэж хараад байгаа юм. Энэ бол нийгэмд өнөөдөр бий болсон бодит үнэн.
-Миний түрүүний асуулт жаахан эмзэглэл агуулж байгааг анзаарсан байх. Эмэгтэй хүний үнэ цэн гэдэг зүйл дээр насны хувьд үе үеэрээ өөр өөр хандлагатай байх шиг. Жишээ нь, миний үеийнхэн бол эмэгтэй хүнийг хайрлагдах, халамжлуулах, хүч чадлын хувьд сул дорой байдал нь эр хүний нөмөр нөөлгийг зайлшгүй авах эрх үүсгэж байгаа гэдэг утгаар эмэгтэй хүний үнэ цэнийг нь нэг л тийм тоогоор илэрхийлж боломгүй зүйл гэж ойлгоод байгаа юм. Миний энэ ойлголт одоогийн залууст нэг тийм хуурамч юм шиг санагдахаас гадна охид, бүсгүйчүүд эр хүний нөмөр нөөлөг гэдэг үгнээс их сэжиглээд байх хандлага ч ажиглагдах болж?
-Эмэгтэй хүний үнэ цэнийн талд би тантай санал нэг байна. Социализм хүний мөс чанарыг эвдээгүй. Та нарын үеийнхэн эмэгтэй хүнийг хайрлаж чадаж байна. Харин одооны нийгэм ямар харгис болж байна вэ. Дагаад залуус харилцааны талд ямар зэрлэг болж байна вэ. Өндөр хөгжилтэй гэгдэх Америк, Англи зэрэг улсад хүн хоорондын харилцаа эелдэг мөртлөө ийм харгис байдаг. Нийгмийн үйлчилгээ эмнэлэг, сургууль яг л программын дагуу машинтай харьцаж байгаа мэт системд орчихсон. Тэнд амьдарч, тэндхийн соёлоор хүмүүжсэн залуус Монголын нийгэмд орж ирээд яг л тэр үзэл санааныхаа дагуу явж, тэр л үзэл санаагаа тахал мэт дэлгэрүүлж, нийгмийг хүн амьдрах биш машин, робот л тэсвэрлэж чадах тийм хэмжээнд аваачиж байгаа юм. За тэгээд дээрээс нь хүйсийн тэгш эрх сөхөгдөж байгаа биз. Жендэрийн асуудал дэлхийн түүхийн бүх л үед байсан маргаантай сэдэв.
-Тэгж ярих юм бол одоо эрчүүдийн эрхийн асуудлыг ярих болж байх шиг. (бувтнав)
-Тийм л дээ, хүлээн зөвшөөрч байна. Би үүн дээр эрчүүд та нарт нэг зөвлөгөө өгөх үү. Одоо амжилттай сайн сайхан яваа эрчүүдийг хараарай. Тэд бүсгүйчүүддээ бууж өгсөн эрчүүд байдаг. Эхнэрээ хайрлаж, бууж өгөөд л байх юм бол тэд та нартай эрх мэдэл булаацалдах гэж арсалдахаа болиод хойшоо нэг алхам ухарчихна. Ийм амархан шүү дээ. (сонсчихож)
-Бид энэ өөрчлөгдөөд буй нийгмийг дагаад л яваад байх уу, эсвэл сөрөх үү, сөрөх зам бий юү гэж асуух гэж байлаа?
-Сөрөх ёстой. Бас л зарим талаар нь шүү дээ. Урлагийн үүрэг бол хэзээд нийгмийг соён гэгээрүүлэх, хүмүүст сэтгэлийн таашаал өгч, хүн байхын утга учрыг таниулж байдаг. Сайн урлаг бол хүнд толь тавиад өгдөг. Чиний доторх сайн хүн энэ байна, муу хүн чинь энэ байна гэх мэт. Энэ утгаараа таны мөн чанарыг өөрт чинь дэлгэн үзүүлж байгаа биз.
-Хүний мөн чанар юу юм бэ?
-Миний бодлоор хүний мөн чанар тухайн хүн дээр ярих юм бол өгөгдөл. Амьдралын нөхцөл байдал, орчны нөлөөлөл сайныг нь илүү тэтгэсэн байна уу, мууг нь илүү тэтгэсэн байна уу гэдгээсээ болоод хүний зан чанар тодорхойлогдоод байх шиг. Сайн хүн байна гэдэг өөрөө чадвар болоод маш их мэрийлт шаардагдаг юм шиг. Заримдаа хүмүүс сайны төлөө муу зүйл хийчихэж гэж байдаг. За тийм байж болно. Гэхдээ голч шугамаа алдаагүй хүний хувьд бол сайн зүйл хийхийн тулд мууг үйлдэх ёсгүй л гэж бодоод байгаа юм. Хүний дотор бурхан ч бий, чөтгөр ч бий. Тэгэхээр бид чөтгөрөө л бага хооллож амьдрах ёстой. Энэчлэн өнөөгийн нийгмийн мөн чанар юу юм бэ. Ирээдүйн сайн сайхан нийгмийг бий болгохын төлөө гэх нэрийн дор хуучин нуугдмал байсан бэлгийн чиг хандлагын цөөнх гэх мэт ёс бус зүйлс маш хүчтэй гарч ирж, хүүхэд, залууст нөлөөллөө үзүүлж байна. Би өөрийгөө “Global mind” буюу дэлхийн сэтгэлгээгээр бүтээлээ туурвихыг хүсдэг хүн гэж боддог.
Гэтэл үүнийг дэлхий нийтийн чиг хандлага гэж үзэх юм уу. Цаашид энэ нийгэм чинь яаж явах гээд байгаа юм, тийм ээ.
-Жамаараа л яваа ертөнц юм биш үү?
-Бид өнөөгийн нийгмийн сэтгэл зүйг цахим ертөнцөөс харж, багцаалдаж болж байна. Манай нийгмийн сэтгэлгээний түвшин бусад орныг бодвол нэлээд доогуур байгаа нь ажиглагддаг. Аливааг харах өнцөг, дүгнэлт маш өнгөц, туйлширмал байна. Нэг хүнийг муу гэвэл тэр чигээр нь муугийн муу болгоод нэг хүнийг сайн гэвэл бараг тахин шүтэх хэмжээнд хүргэх хандлагатай. Тэгээд энэ нь ямар учиртай юм бэ гээд бодоод байсан чинь бидний сэтгэлгээнд байна. Монголын нийгэм чинь асуудал багатай юм байна. Асуудал бага байгаа болохоор бидний сэтгэлгээ бүхэллэг ерөнхий утгаар асуудалд ханддаг. Бусад орны цахим ертөнцийг ажиглаж байхад иргэд нь аливаа асуудалд нухацтай, задаргаа сайтай хэлэлцүүлэг, шүүмж өрнүүлж оролцдог.
Нийгэм нь их юм үзчихсэн болохоор иргэдийнх нь сэтгэлгээ олон талт, талстлаг болчихсон юм билээ. Сэтгэлгээний энэ хөгжлөөсөө шалтгаалаад уран бүтээлүүд нь хүртэл задаргаа сайтай. Жишээ нь, кино урлагийг нь авч үзэхэд л нэг богино хэмжээний видео хийлээ гэхэд өргөн дэлгэр зүйлийг нэг дор үзүүлэх биш, нэг л зүйлийг задалж, өгүүлэх гэж байгаа зүйлээ тултал нь харуулж чаддаг.
Яг үнэндээ бол монголчууд өлсөж үзээгүй, айхавтар дайн дажин үзээгүй. Манжийн дарлалд байсан л гэдэг. Нэг их дарлагдаад сүйд болоод байгаагүй юм биш үү. Энэ айхавтар сүрхий зовлон үзээгүй байдал нь бидний сэтгэлгээг олон талт болгоогүй юм болов уу.
“Их Монголын эзэнт гүрэн” ХК-ийн захирал Чингис хаан
-Хоёулаа ярьсаар байгаад түүх рүү халтираад орчихов оо. Өнгөрсөн зуун бол үйл явдлын хувьд маш баялаг зуун л даа. Дэлхийн хоёр ч дайныг үзээд туулаад гарчихсан. Том том нээлт, шинжлэх ухаан, нийгмийн үсрэлтүүд гэх мэт. Монголчууд өөрсдийнхөө хувьд бас ч тийм зовлон үзээгүй ард түмэн биш гэж би бодож байна. Яах вэ, бусад улс оронтой харьцуулбал дэлхий гэдэг айлын эрх жаал шиг л байсан биз?
-За, би бүүр боддог бодлоо хэлэх үү. Муухай хятад хүн, муухай япон хүн, муухай америк хүн гэх мэт яг тухайн үндэстний мөн чанар гэж юу юм бэ гэдэг тухай улс болгон л бичсэн юм шиг байна билээ. Тэгвэл муухай монгол хүн гэж хэн юм бэ. Монгол хүний мөн чанар юу юм бэ. Эндээс би эзэнт гүрний үеийн түүх рүү цухасхан ороод бодлоо хэлье л дээ. Чингис хаан гэдэг хүн өөрийнхөө хүч чадал, суу залиар дэлхийн тавхан эзэнт гүрний нэгийг байгуулж чаджээ. Удирдагчийн хувьд цэргийн стратеги, зохион байгуулах ур чадвар гэх мэтчилэн байгаа л даа. Гэхдээ монголчуудын сул тал буюу шунал дээр нь барьчихсан юм уу гэж хардаг л даа. Бага балчир наснаасаа л элдэв зовлон бэрхшээл дундуур туучиж, овог аймгаа алдаж, бүр өөр аймгийн ноёдод баригдаж, айл айлд зарцлагдан тогоог нь өнгийж явахдаа тэрбээр муухай монгол хүний мөн чанарыг таньчихсан хүн шиг байгаа юм.
Би Чингис хааны суу заль, гайхалтай чадвар инновацлаг, эрэлхийлэгчийнх нь тухай ярилгүйгээр энгийнээр бодсоноо л ярьж байгаа юм шүү дээ. Аливаа зүйл явж явж маш энгийн байдаг. “За хэдүүлээ явж тэднийг дээрэмдье, эднийг дээрэмдье. Олзоо ингэж хуваая. Та нар төдөн хувийг ав, би ийм хувийг авъя. Ингэснээрээ та нар надад амь хайргүй зүтгэ. Ар гэр чинь ингэж амьдарна”. Ерөөсөө тодорхой ийм л ухаан байсан юм болов уу. Энэ талаараа монголчууд сайн нэгдэж чадаж. Бид угаасаа л нэг тийм дээрэмчин хандлагатай, одоо ч тэр хандлага бидэнд ажиглагдаад байдаг. Бизнес хийсэн ч тэр, уран бүтээлийн тал дээр ч тэр болж л өгвөл бие биеэ дээрэмдчих гээд л байдаг. Арай боловсон л болсон байх. Муухай монгол хүн бол энэ юм байна гэж би боддог.
Одоо нөгөө Манжийн дарлал гэж байгаагүй гэдэг рүү эргээд очъё л доо. Яг үнэндээ бол манай хэдэн ноёдыг л худалдаад авчихсан юм билээ шүү дээ. Алт, мөнгө, хэргэм зэрэг өгөөд л ард иргэдийг нь газар нутагтай нь авчихсан. Ерөөсөө эдийн засгийн аргаар л манж нар барьчихсан. Өнөөдрийн засаглалын хэлбэр ямар байхаас үл шалтгаалаад бидний энэ цусанд байгаа кодыг ашиглаж засаглах хэрэгтэй.
-Хишиг хүртээгээд үү?
-Тийм. Хишгийг нь хүртээ. Тэгж гэмээнэ монголчууд арсалдахгүй, бүгд эвэнд ороод ирнэ. Яагаад гэвэл энэ бидний цусанд байгаа онцлог код. Бусад улс орон ч тус тусын кодоо ойлгочихсон учраас л эвлэлдэн нэгдэж, нэг зүгт харж чадсан гэж би ойлгодог. Монголчууд тийм ноён зантай шүү дээ. Бид бусад улс орны хөгжлийн аргачлалыг хуулбарлан оруулж ирээд болохгүй байгааг харж л байна. Яах вэ, ингээд яваад байвал яваад л байна. Нэг жишээ хэлэхэд Арабын Нэгдсэн Эмират Улс гэж байна. Тэд 50-хан жилийн өмнө нүүдэлчид байсан, нутаг нь 50-хан жилийн өмнө элсэн цөл байсан.
Гэтэл одоо ямар байна. Дэлхийн худалдаа, санхүү, аялал жуулчлалын маш том төв болж чадсан. Одоо тэнд яг үндсэн иргэн нь сар бүр 5000 ам.долларын тэтгэмж аваад ажил хийлээ гэхэд зөвхөн захирах ажил хийдэг. Хар бор ажлыг нь пакистан, энэтхэг гэх мэт гаднынхан нугалж байна. Тухайн улсын долоон эмир хоорондоо ярилцаж эв зүйгээ олоод маш ухаалгаар газрынхаа баялгийг эрх тэгш хуваарилаад ирэхээр л энэ шүү дээ. Тэр нүүдэлчид бас л бидэнтэй адил ноён зантай хүмүүс байсан байгаа юм.
Нэг гашуун үнэн гэвэл бид ер нь нэг их үйлдвэрлэгч орон болох гээд л зүтгээд байх хэрэггүй юм болов уу. Байгаа газрын баялгаа ашиглаад зөв зохицуулж чадах юм бол бид Арабын Нэгдсэн Эмиратынхан шиг амьдраад байх боломжтой гэж би хардаг. Үйлдвэрлэл гэдэг ажиллах хүч их байж хямд өртөгтэй бүтээгдэхүүн гардаг. Энэ хямд үйлдвэрлэлтэй зүүн Азийн улс орнууд бол хүн ам олонтой. Тэд нь жинхэнэ ажилчин шоргоолж шүү дээ. Хийгээд л байна хийгээд л байна. Монголчууд тэгж чадахгүй, боол мэт зүтгэж чадахгүй хүмүүс. Ноён зантай, маш том газар нутагтай, тэндээ тэгс ингэсхийгээд амьдраад сурчихсан. Ажил хийхгүй байсан ч тэгс ингэсхийгээд амьдраад болоод байдаг. Энэ үндэстэнд юу кодлогдож ирсэн бэ гэдгийг өнөөгийн удирдагчид ойлгох ёстой юм шиг.
Дэлхий дээр амжилтад хүрч байгаа уран бүтээлүүд дандаа сонгодог хайрцаг, сонгодог суурь дээр бүтсэн байдаг. Тэр сонгодог чинь юу юм бэ гэхээр “Үнэн” байгаа байхгүй юу. Үнэнд суурилсан юу ч бай маш хол явдаг. Тийм болохоор энэ улсын засаглал, энэ улсын хөгжил дэвшил үнэнд тулгуурлах ёстой.
Үнэн дээр суурилахын тулд бид муухай талаа хүлээн зөвшөөрөх ёстой, муухай талтайгаа нүүр тулах хэрэгтэй. Нүүр тулж танилцаад, найзлаад, муухай дээрээ л дөрөөлье. Муухайгаа хүлээн зөвшөөрье. Тэгээд муухайгаараа хөгжье. (Инээв)
-Хэдүүлээ тэр хуваарилах гээд байгаа хишгээ хаанаас олох билээ. Энд тэндээс дээрэмдчихье гэхээр бид чинь дэгсдүүхэн хэлэхэд сэлмээ ч хийж чадахгүй дээрээ тулчихсан?
-Бидэнд газрын баялгийн хишиг хуваарилагдах ёстой. Би монголчуудыг дараачийн Дубайд амьдрах эрхтэй гэж боддог. Бидэнд маш том том уурхай байна. Дахиад ч нээх уурхайнууд байгаа гэж боддог. Мэдээж өнөөгийн ертөнцөд дээрэм хийгээд явна гэдэг утгагүй шүү дээ. Бидэнд эдийн засгийн гарцууд хэрэгтэй. Үүнийг гаднын улс орнууд зүгээр л май гээд нээгээд өгчихгүй нь ойлгомжтой. Яах вэ, Хятад ч гэдэг юм уу, бусад улс нэг жаахан юм өгнө. Эргээд шаардлагуудаа тавина. Ерөөсөө манай удирдагчид мөнхийн л нуман тулгуурт ороод явдаг нь харагддаг. Удирдагчид маань том амбицлаад, Чингисийн үр сад бяртайхан том сэтгэж энэ ертөнцөд амьдрах ёстой.
-Хоёулаа олон сэдвээр нэлээд өргөн хүрээнд ярьчихлаа. Чамд энэ нөхөр ингээд асуучихгүй юм, эсвэл ийм сэжүүр гаргачихвал ингээд ярьчих юмсан гэх сэтгэлийн чинь мухарт үлдсэн юм байна уу?
-Тийм юм алга. Би ганц хоёр сэтгүүлд уран бүтээлчийнхээ хувиар ярилцлага өгч байсан. Одоо бол тэгэхгүй. Яагаад гэхээр би уран бүтээлчийн хувиар биш, намайг нэг өөр өнцгөөр хараад, илүү агуулга яриулах тийм хүнийг хүсээд байсан. Харин танай сонин хамгийн тохиромжтой хүнийг нь явуулчихаа юу даа гэж би харж байна.
ТРАМП ТӨМӨРӨӨ
Эх сурвалж: Монголын үнэн 041/24522/