ХОГОНДОО ХОРДОХ ХОРВОО
НЭГ. Агаар, ус, хөрс энэ гурван ачтаны буянаар хорвоогийн бүх амьтан, ургамал, жигүүртэн, хайрстан мөн хүмүүс амь залгуулж байдаг билээ. Энэ гурван эрдэнийн аль нэг нь дутваас амьтай бүхэн амиа алдах нь дамжиггүй. Хөрсгүй бол гишгэх, үндэслэх газаргүй, усгүй бол цангаж, хатаж, агааргүй бол бүтэж үхэцгээх болно.
ХОЁР. Гурван эрдэнэ гэдэг ус, агаар, хөрст газраас болж хордож үхсэн мэдээ хүний болоод байгалийн түүхэнд саяхан болтол гараагүй. Гэвч одоо тэдгээрээс болж хордож үхэх цөвүүн цаг ирж байна. Утаа уураар, усаа урвалын бодис, ялгадсаараа, хөрсөө хог новшоороо бузартуулчихаад түүндээ хүн өөрөө хордож, өвчилж эхэллээ.
ГУРАВ. Усанд цус, сүү дусаадаггүй, шээж бохирдуулдаггүй, агаарт утаа май дэгдээх, хиншүү хярвас гаргахаас цэрвэдэг, хөрст газрыг ухах төнхөх байтугай гутлаараа “шархлуулахаас” болгоомжилж ээтэн хушуутай гутал өмсдөг байсан монголчууд цэлмэг хөх тэнгэр, цэнгэг ариун ус, цэвэр торгон газар шороогоо юугаар бузартуулчихдаг байна аа?
ДӨРӨВ. Нэгэн жаран хүрэхгүй хугацааны дотор Улаанбаатар нь утаанбаатар, Хатан Туул нь хар тугалган бааст гол, тосон Заамар нь тоос манарч, мөнгөн ус нэвчсэн хөндий болчихсон нь нуух аргагүй ил харагдаж, Алтан Тэвшийн хөндий хогон тэвшийн хөндий болон хувирч, улсын нийслэлийг хогон тойрог гурван талаас нь хүрээлчихсэнийг одоо мэдэхгүй хүн байхгүй. Алтан өлгий гэж сүүлд авгайлан нэрлээд хамаг л нэр цуутнаа нутаглуулдаг болсон тэр ариун газрын нь толгойг даран овойж байсан хур хогийг даруулсан боловч сүүлийн үед ядуус, олз хайгсад түүнийг дахин сэдрээн ухаж төмөр сэлтийг хайцгаах болов. Тэрчлэн өндөрлөг газар хаясан хог нь үерийн усаар доошоогоо бууж Сэлбэ, Туулыг бохирдуулаад зогсохгүй төв талбай, дуурийн эрдмийн театр, нийслэл хотын мээрийн ордны өмнүүр майжгий шаахай, малын яс, магадгүй хүний гавлын яс ч урсан ирэхээс гадна хогийн толгойд үе үе гал гарч хар утаа, хахуун үнэр нь салхивчаар хөвөлзөн ордог болсон.
ТАВ. Улаанбаатар болон бусад төв, суурингуудын хогийн толгой “хогийн хонхорт” “монгол хог” гэж бараг байдаггүй. Урьдын цагт аргалын үнс, малын яс гэж хог гардаг байсан боловч ясыг нь хоточ ноход иддэг, үнсэн дээр нь бод мал хөрвөөдөг байлаа. Одооны хог гэвэл төрөл бүрийн гялгар уут, архи, ундааны шилэн болон хуванцар лонхнууд, нимгэн төмөрлөг лаазнууд, хагархай аяга таваг, хугархай сэрээ халбага, хөөсөнцөр болон олонлог бодисоор /полимер/ хийсэн сав, баглаа боодол, цаасан хайрцаг, шахмал хашлага, нейлон эд, таар, шуудай, элдэв тариур, үхсэн батарей, бэлгэвч гэхчилэн Монголд хэзээ ч хийж байгаагүй новшноос бүрддэг. Тэгэхээр монгол хог биш гадаад хог юм. Тийм хог новш хийсэж ирсэнгүй, “өргүүлж” иржээ. Доторхыг нь хоослон авч хэрэглэчихээд сав боодол баглааг нь “хог” гэж нэрлээд монголчууд дуртай газраа хаядаг. Тэр нь “импортолсон” хог болон хувирдаг ажээ.
ЗУРГАА. Хог хогоороо байвал ч яая гэх вэ. Харин тэр хог нь хор болон хувирдаг. Тэгэхээр манайх “Хог импортолж авчраад хор болгон хүмүүсийг хордуулдаг” орон болон хувирч байна. Олонлог бодисоор хийсэн зүйлсийн хог шатаахад диоксины төрлийн хорт хий ялгардаг бөгөөд тэр нь хүн болоод түүний дархлаажуулалтад маш их хор хөнөөлтэй учраас Өрнөдөд “Химийн ДОХ” гэгдсэн байна. Кадми, хар, цагаан тугалга, цайр, мөнгөн ус зэрэг хорт бодисын аюул хогоор дамжин хүн мал, адгуусан амьтдад байтугай жигүүртэн шувуунд ч аюул учруулсаар байна. Урьд нэг их дуулддаггүй байсан шувууны ханиад гэгчээр манай хамгийн цэвэр тунгалаг Эрхэл нуурт хүртэл усны шувууд олноороо үхэж байна гээд л бодчих?
Хогоо цэвэрлэж байна гээд манайхан нэг бол шатаадаг, эс бол булдаг. Заримдаа усанд урсгах юм уу живүүлдэг. Ингэснээрээ хогоо цэвэрлэх биш харин дархалж байгаа хэрэг! Хог шатаахад агаар мандал /атмосфера/ бохирддог. Хогийг дарж булахад газрын шим /хөрс/ мандал /литосфера/ бузарлагддаг, хогийг усанд хийж живүүлэхэд усан мандал /гидросфера/ бохирлогддог учир хүний амьдрах тулгын гурван чулуу буюу ус, агаар, хөрс бузарлагдаж эцсийн дүнд удаан үйлчилгээтэй хор болон хувирч хүн ардын насыг хороож, эрүүл мэндийг ганхуулдаг байна.
ДОЛОО. Монгол Улсын Үндсэн хуульд “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж Монгол Улсын иргэний эрхийг тодорхойлохын хамт энэхүү эрхийн дагуу “Эрүүл мэндээ, байгаль орчноо хамгаалах үүрэгтэйг” ч заасан. Ийнхүү эрх, үүрэг хоёр нэгэн биеийн ар, өвөр мэт салшгүй зүйл тул иргэн хүн өөрийн гэр орноо цэвэрлэж гарсан хогоо байгаль орчинд хаяваас эрхээ ч, үүргээ ч хөсөрдүүлж, өөрийгөө ч, бусдыг ч хохироож буй зөрчил юм. Хогийг хэн буй болгож, хэн тарьдаг вэ? Ийм асуултын хариу гагцхүү “ХҮН” гэдэг эзэн гардаг. Хүн гэр орондоо ч, албан, үйлдвэрийн газартаа ч “хогийн эзэн” мөн. Бас “хог үйлдвэрлэгч” мөн. Тамхи татмагц иш, үнс нь хог болон хувирдаг. Архи уумагц лонх нь мөн л хог болдог. Барилга байшин барих, ширээ сандал хийх гэхчилэн ер хог гардаггүй цэвэр бүтээгдэхүүн одоогоор тун ховор байна. Соёл иргэншил нь боловсронгуй, үйл ажиллагаа, үйлдвэрлэл нь хөгжих тусам хог нь ихэсэж байгааг хөгжингүй орнуудын судалгаа харуулж байна. Манай хойд хөрш Орос улсад гэхэд л жилд нэг хүнд ногдох хатуу хог хаягдал нь 300 кг болдог тухай тооцон гаргаад Өрнөдийн орнууд үүнээс хэд дахин илүү гэдгийг эрдэмтэд нь ч хүлээн зөвшөөрсөн байна. Ганц сая хүнтэй болж буй Улаанбаатар хот гэхэд хаягдал хогоо өдөрт нь хогийн цэгт хүргэж барахгүйдээ хүрээд байна. Хог хаягдалгүй үйлдвэрлэл гэж байдаггүй ч гэсэн монголчуудын уламжлалт амьдралын хэв шинжийг сайтар ажиглахад “хог хаягдалгүй” ахуй байсан гэлтэй. Мал аж ахуй эрхэлсээр ирсэн малчид малынхаа ашиг шимийг “газар унагалгүй” авдаг байсан бөгөөд аргал хоргол, сэвсийг нь хүртэл түлш болгон дулаацаж, эвэр туруугаар нь эдлэл, ясаар нь сийлбэр хийдэг “юмхнаар юм хийх” уламжлалтай асныг цамаан хойч үе нь огоорч “юмаар хог хийдэг” гаж этгээдүүд болон хувирч, тэрхүү тарьсан хогондоо өөрсдөө, үр хүүхдээ хордуулдагтаа хүрчээ. Орос улсад хог шатаадаг үйлдвэрийн утааг хэмжээд үзсэн дүнг харахад Улаанбаатарын өвлийн агаарын бохирдлоос хэдэн хувь цэвэр гарсан байх юм! Арга ч үгүй юм биз, өвөлд нь хөлдүү нохойн сэг түлж, хөнгөн тэрэгний дугуй шатааж гараа ээдэг гэр хорооллоор хүрээлэгдсэн манай нийслэл яаж олигтой агаартай байх билээ? Мөнгөн ус, хүнцэл, тугалга, кадми зэргийн нэгдэл бүхий хог нь хаягдсан газрынхаа эргэн тойронд 1.5 км-ийн зайд хөрс, усыг бохирдуулчихдаг тул нийслэлийг “тойрон хүрээлсэн” хог хаягдлын хөнөөлд өртөөгүй гудамж, талбай үгүй болжээ. Ийм нөхцөлд яах вэ? Хогондоо хордсоор насыг элээх үү? Хогоо мөнгө болгон баяжих уу?
Бусад оронд хогийг ахин боловсруулж эд баялаг болгон “Хэрэггүйг хэрэгтэй болгоё” гэсэн уриан дор ажиллаж байх юм. Тэднийг шууд дуурайн “ахин ашиглалтын” /рециклизац/ газар юм уу яам байгуулан Улаан чулуутын хавьд “Ахин ашиглах үйлдвэр” барьж Улаан чулуут болон бусад цэг дээр “ажиллаж” байгаа хүмүүсийг үндсэн ажилчид болгон байр сууцаар хангаж, дүрэмт хувцастай болгож цалинжуулаад хогийг төрөлжүүлэн цуглуулах /утилизаци/ мэргэшилд сурган гадаадад хүртэл явуулж энэ чиглэлээр боловсрол олгох ажил төрөөс, засгаас зохион байгуулах нь чухал байна. “Ахин ашиглалтын үйлдвэрт” түүхий эд /хоёрдогч/ бэлтгэлийг аймаг, хотууд болон үйлдвэрүүд, хувь хүнээс хүлээн авч зохих хөлсийг тооцон төлдөг байвал бүр ч сайн. Нөгөөтэйгүүр нийслэлд, албан үйлчилгээний газруудад хуванцар лонх, хөнгөн төмөрлөг лааз хүлээн авах “Фандомат” тоноглолыг /Орос, Германы/ авчирч төхөөрөмжлөхөд ч болохгүй юм алга. Хоггүй байсан Монголоо гадаад хийцийн хогийн толгой болгочихгүйн тулд “хогноос мөнгө саах” бодлогыг төр, засгийнхаа удирдлагын толгойд хадаж өгцгөөе!
Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24639/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна