М.Өлзийчимэг: “Өнөр бүл” асрамжийн газарт ирээдүй байх ёсгүй


“Өнөр бүл” хүүхдийн төвийн захирал М.Өлзийчимэгтэй ярилцлаа.

 

-Хүүхдийн асрамжийн газрыг зорин ирсний учир хүүхдийн амьдрах нөхцөл, идэх хоол, өмсөх хувцсыг сонжихоос илүү энд ирсэн хүүхдийн ар гэр, төрүүлсэн эцэг эхийн үүрэг, хариуцлагын талаар ярилцахыг хүссэн юм. Эдгээр хүүхдийн ар гэрт ямар хүмүүс голдуу байдаг юм бэ?

-Хүн гэдэг нийгмийн амьтан. Харин энэ ертөнцийн амьд бодгалийнхаа хувьд үр удмаа үлдээх нь жам ёсны хэрэг. Үр удмаа үлдээхийн учир нь юу вэ. Хамгийн нэгдүгээрт өөрийнхөө удам судрыг үргэлжлүүлэх, хоёрдугаарт, нийгэмдээ сайн хүн бэлдэж өгөх. Энэ бол тухайн хүний үүрэг. За одоо уянгын халилаа орхиод хууль эрхзүйн талаас нь харъя. Монгол Улсын үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхэд ийм эрхтэй гээд ёсчлон зааж өгсөн байдаг. Тэгвэл хүүхдийн эрхийг хэн хангаж өгдөг юм бэ. Мэдээж тээж төрүүлсэн эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчид хангана. Үүнд төрүүлсэн үрийнхээ өмнө хүлээх үүргийг эцэг эхэд нь зааж өгсөн байдаг. Гэтэл төрүүлсэн үр хүүхдээ үл хайхрах эсвэл бүр гудамжинд хаях, төрд даатгаад орхих зэрэг үзэгдлүүд гаарсаар байдаг. Зайлшгүй шалтгааны улмаас ийм зүйл болоод байна уу гэтэл үгүй. Зарим эцэг эх, үр хүүхдээ хайхрах нь бүү хэл хувийн жаргалдаа ташуураад, архидан согтуураад алга болчихно. Үүнийгээ “амьдралын боломжгүй нөхцөл байдлын улмаас болж сэтгэлээр унаснаас би ингэж явна” гээд зогсохгүй “Хүн болж төрснийхөө хувьд ууж идэх бол миний эрх” гэж тайлбарлах нь ч бий. “Миний эрх чиний эрхийн өмнө ирээд дуусгавар болдог” гэж үг бий. Гэтэл үр хүүхдээ хайхрахгүй орхиод байгаа тэдгээр эцэг эх хүний эрхээ эдлээд байгаа хэр нь эцэг эх байх үүргээ биелүүлэхгүй, ухамсарлахгүй байна.

-Ингээд хүүхэд үл хайхралд өртөөд, эрсдэлт нөхцөлд ороод байгааг яаж илрүүлж ямар хууль дүрэм, үйл явцаар төр хамгаалтдаа авдаг юм бэ?

-Хуульд эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг төр хамгаалъя гээд заагаад өгчихсөн. Үйл явц хуулийн энэ заалтын дагуу л явна. Хороо, баг болгонд хүүхэд хамгааллын  асуудлаар эмч, нийгмийн ажилтан, багш, цагдаа, Засаг даргаас бүрдсэн хамтарсан баг гэж бий. Энэ хамтарсан баг тухайн харьяаны нутаг дэвсгэр дээр хүүхдийн эрх зөрчигдвөл эцэг, эхийг нь оролцуулан хуралдах, тэднийг ганц нэг эрүүлжүүлэх арга хэмжээ аваад л хүүхдийг эрсдэлт нөхцөлд байна гэдэг дүгнэлт гарган асрамжийн газар явуулдаг. Ард нь нөгөө эцэг эх үүргээсээ чөлөөлөгдөөд бүр сул чөлөөтэй болчихно. Сүүлийн үеийн зарим нэг тохиолдолд хүүхдийг удаа дараа эрсдэлт нөхцөлд оруулсан эцэг эхийг шүүхээр оруулан хэлэлцэж Гэр бүлийн тухай хуулийн “Хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд” гэдэг заалтын дагуу эцэг эх байх эрхийг нь хасаж байна.

-Эцэг эх байх эрхийг нь хасна гэдэг нэлээд хүнд шийтгэл шиг санагддаг. Ийм шийтгэл үр дүнгээ өгч байна уу?

-Энгийн амьдралтай хүний хувьд эцэг эх байх эрхээ хасуулах нь маш том цохилт болж цочроо өгдөг. Харин хүүхдийг эрсдэлт нөхцөлд удаа дараа оруулаад байгаа тэр нөхдийг энэ шийдвэр огт цочоохгүй байна. Түүгээр ч зогсохгүй “Та нар миний хүүхдийг авсан биз дээ” гээд санаа нь амраад явчихна. Хамгийн аймаар нь хүүхдийг үл хайхарч, эрсдэлт нөхцөлд оруулаад эцэг эх байх эрхээ хасуулсан хүмүүсд ахиад хүүхэдтэй болчихно. Эрхээ хасуулаад гурван хүүхэд нь асрамжийн газар ирчихээд байхад нөхрөөсөө салж өөр хүнтэй суугаад дахиад ихэр хүүхэдтэй болоод аваад ирж байна шүү дээ. Шүүхээс гурван хүүхдийн эцэг эх байх эрхийг нь хасчихсан. Гэтэл шүүхээс яагаад дахин эрхийг нь зөрчих хүүхэд төрүүлэхгүй байх тал дээр анхаарахгүй байгаа юм бэ.

-Таны бодлоор яаж анхаар­маар юм бэ. Хүүхэд төрүүлэхийг нь хуулиар хорьж болохгүй байх?

-Шүүхээс эцэг эх байх эрхийг нь зургаан сараар хасдаг. Энэ хооронд ганц нэг удаа сургалтад суулгасан болоод л өнгөрдөг. Энэ шийтгэл цочроо болохгүй байгаа тухай түрүүн ярьсан. Миний бодлоор эцэг эх байх эрхийг нь хасуулах хүсэлт өгч байгаа хамтарсан баг энэ зургаан сарын хооронд тэр ээжтэй ажиллаад өг л дөө. Ингэж ажиллах механизмыг нь бий болго л доо. Гэтэл ганц нэг сургалтаар ажил нь хязгаарлагдаад л “Үгэнд орохгүй байна, алга болчихлоо” гэдэг үгээр ам таглаад сууж байдаг. Үүнийг хүүхдийн эрхийг хөсөрдүүлж байгаа ноцтой зөрчил гэж үзээд хариуцлагын хатуу арга хэмжээ авдаг болгомоор байна. Би Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсэгт орж ажиллаж байна. Яг энэ асуудал дээр хариуцлагыг чангаруулах тухай санал оруулахад “Бид шинэчилсэн найруулага дээр сайн ажиллаж байна. Тэнд эцэг эхийн үүргийг тодруулж, эцэг эх байх эрхийг нь хасах хариуцлага үүрүүлэхээр тусгасан” гэж байна. Тэд чинь үүргийг уландаа гишгэсэн хүмүүс. Хариуцлагыг чангаруулахын тулд Эрүүгийн хуульд л заалт оруулах хэрэгтэй. Хүүхдээ хаяад байгаа, санаатайгаар хүүхдийн эрхийг зөрчөөд, үл хайхраад байгаа биз дээ. Гэтэл яагаад үүнийг хүний эрх зөрчсөн гэмт хэрэг гэж үзэхгүй байгаа юм бэ. Эрүүгийн хуулийн хүүхдийн эсрэг гэмт хэрэг гэдэг бүлэгт санаатайгаар төөрүүлсэн, бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн гэдэг дээр хэрэг үүсгэдэг. Гэтэл энэ асуудлыг Эрүүгийн хуульдаа оруулж өгөхгүй Гэр бүлийн тухай хуулиар эсвэл Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах төдийгөөр хязгаарлаад байх юм.

-Таны яриаг сонсоод асрам­жийн газарт байгаа хүүхдүүдийн зовлон жаргал дунд байгаа хүний хувьд танд ямар нэг шийдэл байгаа гэж бодлоо?

-Нэгэнт архинд орчихсон хүмүүсийг шоронд хорих гэх мэт хүмүүжлийн хатуу арга хэмжээ аваад яах ч юм билээ. Түүний оронд тусгай заалт оруулж зүйлчлээд зорчих эрхийг нь хязгаарлах арга хэмжээ авч болно. Эрүүгийн зарим хөнгөн гэмт хэрэгтнүүдийн гарт нь орон зай тогтоодог цахим гав зүүдэг. Түүн шиг хүүхдийг үл хайхарсан эцэг эхийг хүүхдийн эсрэг гэмт хэрэг хийсэн гэж шүүхээр оруулаад цахим гав зүүж орон зайн хязгаар тогтоох хэрэгтэй. Шийтгэгдсэн хугацаанд сургалтад суулгах, хөдөлмөр эрхлүүлэх, хүүхэдтэйгээ уулзах шаардлагатай гэж зааж өгнө. Хөдөлмөр эрхлүүлж, хөдөлмөрийн хөлснийх нь тодорхой хувийг хүүхдийг тэжээн, тэтгэхтэй холбоотой гарах зардал болгон асран хамгаалах, харгалзан дэмжигчээр тогтоосон байгууллага, хүнд шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр дамжуулан олгодог байх. Ингэж хүмүүжлийн арга хэмжээ авч байж тухайн эцэг эх үүрэг хариуцлагын ухамсар суух юм.

Цалингийнх нь үлдсэн хувийг өөрт нь зарцуулж болно. Ийм зүйл ярихаар зарим хүнд инээдтэй санагдаж болох л юм. Гэтэл хүүхдээ асрамжийн газар өгчихөөд 15 жил ирээгүй эцэг, эхийг ингэж хүмүүжүүлж, нийгэмшүүлж байж л эргэн амьдралд нь оруулна. Манай асрамжийн газар 2011 онд хоёр хүүхэд ирж байлаа. Гэтэл 2017 онд нэг аутизмтай хүүхэд ирсэн нь нөгөө хоёрын маань дүү болж таарсан. Ээж нь дахиад л архи ууж явж байгаад хүүхэдтэй болоод тэжээж, тэтгэж чадахгүй манайд ирж байгаа юм. Олон жил архи ууснаас болоод төрүүлсэн хүүхэд нь бие организмын хувьд хэвийн биш болоод ирж байна. Тэр ээжийг дахиад жирэмсэн гэж сонссон. Одоо ямар хүү­хэд гарахыг бид мэдэхгүй шүү дээ. Хуулиар тэр ээжийг төрж болохгүй гэж хориглож болохгүй. Хууль ийм энэрэнгүй. Гэтэл нөгөө талдаа дахиад төрөх  хүүхдийн эрх яах юм бэ. Хуулийн ч тэр, ёс суртахууны хувьд ч маш маргаантай асуудал байгаа биз. Энэ жишээ миний яриад байгаа олон зүйлийг ойлгомжтой болгож чадна. Тэгэхээр ар гэр, эцэг эхийг нийгэмшүүлж авах нь цаагуураа хүүхдийг гэр бүлд нь өсгөх, эрүүл хүүхэд төрж бойжих гэх мэт том агуулгын гарц шийдэл болж байгаа юм.

-Энэ жишээн дээр ухаж бодвол тэр аутизмтай төрсөн хүүхдийн өмнө ээжийг нь засаж, хүмүүжүүлж аваагүй гаргуунд нь хаясан нийгэм буруутай болж байна?

-Тэгэлгүй яах вэ. Нийгмээрээ архидалттай тэмцэхгүй, иргэнээ татаж авах ажил хийхгүй, идэвхгүй байснаараа эмгэгтэй төрж байгаа хүүхдийн өмнө буруутай. Тэр хүүхэд биологийн  бус нийгмийн өнчрөлд орж байгаа юм. Эргээд харахад сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүүхдүүд нийгэмд олшрох үндэслэл нь энэ байна. Сэтгэцийн тулгамдсан асуудлаа шийдэж чадахгүй явсаар байгаад хүн хайрлах сэтгэлгүй, нийгмийг цочоосон гэмт хэрэг үйлддэг цэвдэг зүрхтэй хүмүүс болж өснө. Үүний дараа бид мянгантаа амаа бариад ч нэмэргүй. 

-Хөгжлийн бэрхшээл, сэт­гэ­цийн эрүүл мэндийн асуу­далтай хүмүүсийн төрөлжсөн асрамжийн газрын тухай асуу­дал Ахмад настны асрам­жийн газар, СЭМҮТ дээр хүртэл яриг­даж байсан. Танайд ч мөн ийм асуудал байгаа юм байна. Бэрхшээлтэй биз?

-Би энэ байгууллагад ирсэн цагаасаа хойш л энэ хүүхдүүдийг тусгаарлах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Эрүүл саруул өсөн торниж байгаа бусдынхаа эрхийг зөрчөөд байна. Сэтгэцийн эмгэгтэй хүүхдүүд орилж чарлахаас эхлээд цохиж гэмтээх хүртэл асуудал гарч байгаа юм. Магадгүй цаашаа илүү ноцтой зүйл болохыг ч үгүйсгэх аргагүй. Цаашлаад яривал энэ хүүхдүүд өөрсдөө мэргэжлийн асаргаа, сувилгаа авах ёстой. Ингээд хоёр талдаа хүүхдийн эрх зөрчигдөж байгаа биз. Монголын хувьд энэ өнөөдөр тулгамдсан асуудал болоод байгаа нь үнэн. Энэ хүүхдүүдэд зориулсан насан туршийн асрамжийн газар Монголд байхгүй. СЭМҮТ-д энэ хүүхдүүдээ өгөх гэхээр шизофрины хүнд хэлбэрийн өвчлөлтэй хүүхдүүдээ л авдаг юм байна. Өнгөрсөн 2024 оны дөрөвдүгээр сарын 16-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөр бүл” асрамжийн газар ирж энэ асуудал гарц шийдлээ олсон гэж болно. Ерөнхийлөгч манай байгуулагад урд нь шадар сайд, Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа хоёр удаа ирж байсан юм. 2018 оны зургадугаар сарын 1-нд ирэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудалд анхаарал хандуулж зургадугаар сарын 6-ны Засгийн газрын хуралдаан дээр хөрөнгө мөнгөний асуудлыг шийд гэдэг чиглэлийг тухайн үеийн боловсролын яам, нийгмийн хамгааллын яам, сангийн яаманд өгсөн боловч ажил хэрэг болоогүй. Харин Ерөнхийлөгч сая ирэхдээ энэ асуудлыг хөдөлгөж 2025 оны төсөвт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн газар байгуулах хөрөнгө мөнгийг суулгаж өглөө. Одоо бид газрын асуудлаа хөөцөлдөөд 2027 он гэхэд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн газартай болчих байх. Энэ бол Монгол Улсын хувьд маш том асуудал шийдэгдэж байгаа юм.

-Байгууллагууд ойн өдрөө тэмдэглэж өнгөрүүлдэг. Ойн өдөртөө ийм ажил хийлээ гэх нь ч бий. Өнгөрсөн жил танай байгууллагын 50 жилийн ой болж өнгөрсөн. Хагас зуун гэдэг багагүй л хугацаа юм даа?

-Саяхан манай 50 жилийн ой болоод өнгөрсөн. Зарим хүн 70 жилийн ой, 100 жилийн ой гэх мэт юм ярьдаг. Уг нь энэ байгууллагад ирээдүй гэж байх ёсгүй юм. Нийгэм одоохондоо сайнтай, муутай байна. Магадгүй 60 жил гэж байх болов уу. Гэхдээ энэ бол тэмдэглээд, баяр ёслол болоод, сүржигнээд байх зүйл биш. Хэчнээн сайхан асрамжийн газар байлаа ч ээжийн хайрыг орлож чадахгүй. Хүүхэд ээжтэйгээ, гэр бүлтэйгээ байх нь л чухал. Бид хүүхдийг эцэг эхтэйгээ амьдардаг зөв гэр бүлийг төлөвшүүлэхийн төлөө нийгмээрээ зорих ёстой болоод байна.

 -Ярилцсанд баярлалаа.

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24639/

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаар сайдын мэдээллийг сонслоо 13 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Иргэдээ сонсъё” уулзалтад оролцлоо 15 цагийн өмнө
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 23 цагийн өмнө
Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажил… Өчигдөр
Дуурийн хатан хаан Өчигдөр
Доктор Л.Түдэвийн долоон үг... Өчигдөр
Түүхэн хожлын эзэн “Бишрэлт Металл” Өчигдөр
​ Ким Жэ Бумаар удирдуулсан БНСУ-ын шигшээ багийн тамирчид Монголд ир… Өчигдөр
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ… Өчигдөр
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Г.Тэмүүлэн нар Ерөнхий сайдад асуулга тавила… Өчигдөр
"Амьдрахуй" постдрамын жүжгийн хаалтын 4-хөн тоглолт үлдлээ Өчигдөр
Эрх чөлөө хаана байгааг мэдэрсэн хойно л бид жинхэнэ “Хүн” болдог Өчигдөр
М.Өлзийчимэг: “Өнөр бүл” асрамжийн газарт ирээдүй байх ёсгүй Өчигдөр
Арена: Серена Уильямс Өчигдөр
Есөн-Эрдэнийн аялгуу Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засги… 2025/03/28
Цэцийн шийдвэр бүдэрч, түүхэн гэрээ батлагдав 2025/03/28
​ Н.Эрдэнэ: Дэлхийн циркийн №1 алиалагчаас эхлээд гимнастик, акробат… 2025/03/28