Дуурийн хатан хаан



"БНМАУ-ын Ардын жүжигчин,Төрийн шагналт Хорлоогийн Уртнасан дуулна" хэмээн урин залуулж алтан тайзнаа ихэмсэг, бардам төрхөөрөө монголчуудын зүрх сэтгэлд мөнхөрчээ. Дурсагдах алдартай, дуун мөртэй, цагийг эзэлсэн уран бүтээлч болох, байх амаргүй.  Х.Уртнасан хэмээх дуучныг зөвхөн Монголын тайзаар хязгаарлавал өрөөсгөл болно. Европ, Азийн сонгодог урлагийн хөгжилд оруулсан гавьяа, үнэтэй хувь нэмэр, хичээл зүтгэлийг дурдах нь зүйтэй.  Москвагийн Их театр, Кремлийн ордон, Кишинев, Ташкент, Душанбе, Алма-Ата хотын дуурийн театр, Болгарын Ардын театр, Плевен, Варна, Стара Загора хотын дуурь бүжгийн театруудад урилгаар дуулж байлаа. Түүний амьдралын туршлага, авьяас чадвараар амилсан сонгодог бүтээлийн дүрүүд эмэгтэйчүүдийн амьдрал, харилцаа, сэтгэл хөдлөл, оюун ухаан, эмзэглэл, тэсвэр хатуужил, хүсэл мөрөөдлийн төлөөх тэмцлийг харуулж үзэгчдэд гүн гүнзгий сэтгэгдэл үлдээж шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ.

Сонгодог урлагийн хүршгүй оргил

Түмний бахархал, сонгодог урлагийн хүршгүй оргил, хатан хаан, ХХ зууны манлай дуурийн эмэгтэй дуучин гээд дурдвал олон алдрыг ард олноосоо хүртэн хайрлуулжээ. Тиймдээ ч “Төрийн хишиг, түмний найдлагыг хүлээж, дааж явахын тулд надад ноён нуруу хэрэгтэй” хэмээн бие, сэтгэлээ хатамжилж явсан болов уу. Урлагийн хүн өөрийгөө хатуу байлгаж чаддаг байх хэрэгтэй, эрхлүүлж чаддаг байх хэрэгтэй, бас зогсоож чаддаг байх хэрэгтэй. Сонгодог урлагийн түүхэнд тод мөрөө үлдээсэн энэ их хүмүүн ээжээрээ хөтлүүлэн Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаад шавь орж, урлагаар замнажээ. Улсын ардын дуу бүжгийн чуулгад дагалдан жүжигчнээс ажлын гараагаа эхлүүлж, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдавын санаачилгаар байгуулсан дуурийн студид элсэн суралцаж анхны дээд мэргэжил эзэмшсэн дуучин болсон юм. Төд удалгүй Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургуулийг дуурийн дуулаачийн мэргэжлээр  суралцан 1972 онд төгсжээ. Дуурийн театрт гоцлол дуучнаар ажиллах хугацаандаа үндэсний болон дэлхийн сонгодог 20 дуурийн гол дүрийг бүтээсэн түүхтэй. Тухайлбал, Монголын театрын тайзнаа Ж.Пуччинийн “Чио Чио Сан” дуурийн Чио Чио Сан, “Тоска” дуурийн Тоска, Ж.Вердийн “Травиата” дуурийн Виолетта, “Отело” дуурийн Дездемон, П.И.Чайковскийн “Евгений Онгегин” дуурийн Татьяна, А.Даргомыжскийн “Лусын дагина” дуурийн Наташа, А.Бородины “Игорь ван” дуурийн Яраславна, Б.Дамдинсүрэнгийн “Амарсанаа” дуурийн Гэрэлгуа, “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа зэрэг гол дүрүүдийг бүтээснээс гадна Монголын хөгжмийн зохиолчдын мэргэжлийн дууны бие даасан төрөл зүйлийг хөгжүүлэхэд хүндтэй үүрэг гүйцэтгэсэн. Мөн Ж.Пуччинийн “Чио Чио Сан”, Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил”, Б.Ямпиловын “Шидэт ваар”, Д.Лувсаншаравын “Хархорум”, “Их хааны хотод” зэрэг том дууриудыг найруулан тавьсан юм. Төр засгаас уран бүтээлийн их амжилтыг нь сайшааж 1976 онд БНМАУ-ын Гавьяат жүжигчин, 1981 онд Ардын жүжигчин цолоор шагнаж, 2018 онд Монгол Улсын Консеваторийн профессор цол хүртээсэн. Монгол Улсын хэмжээнд Төрийн шагнал хүртсэн дуучин гарын таван хуруунд багтам цөөн. Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаад 1951 онд Төрийн шагнал хүртээснээс хойш дуучдад олгоогүй байлаа. Хожим, Ж.Вердийн “Травиата”, Ж.Пуччинийн “Чио чио Сан”, Ж.Пуччинийн “Тоска” зэрэг дууриудад гол дүр бүтээсэн Х.Уртнасанд 1984 онд Төрийн шагнал хүртээсэн билээ. 

Тэд сайхан Ундыгаа дурсаж байна

Хорлоогийн Уртнасан хэмээх агуу хүмүний намтар, зориг, тэсвэр тэвчээрийн гайхалтай илэрхийлэл бөгөөд залуу охидын мөрөөдөлдөө хүрэх, хүсэл эрмэлзлээ биелүүлэхэд нь хүчтэй дуу хоолой болон одоо ч цуурайтсаар байна. СУИС, Монгол Улсын консерваторийн тайзны хөдөлгөөн, уран чадварын багш, дуулах ур зүйн багш, зөвлөх багш, дуулаачийн тэнхимийн эрхлэгчээр ажиллахдаа олон арван шавь төгсгөн, мэргэжлийн боловсон хүчний шинэ үеийг сургасан юм. Залуу уран бүтээлчдэд ирээдүйн замналд нь үнэ цэнтэй зөвлөгөө,  дэмжлэг үзүүлсээр ирсэн. Өнөөдөр тэд биширч, хайрлаж явсан эрхэм багшаа дурсан, хүндэтгэлийн тоглолтоо өргөн барьж байна. УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран, Л.Болдцэрэн дуучин Д.Отгонсайхан, Э.Очирсайхан, “Сүлд” чуулгын дуучин М.Бямба-Эрдэнэ, “Улаанбаатар “театрын дуучин А. Отгонболд,  Б.Гантөмөр, Б.Дэлгэрбаяр тэргүүтэй шавь нар нь багшийнхаа мэндэлсний 80 насны ойг ард түмэнтэйгээ тэмдэглэхийг хүсжээ.  “Хүн шиг хүн байж, хийсэн бүхнээ чинээнд нь тултал хийж яваарай” хэмээсэн агуу дуучны их яруу дуун зуун дамнан эгшиглэсээр байх болно.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Ч.Буянхишиг “Хэний ч өөдөөс эгцхэн харж байгаад бодсон санаснаа шулуухан хэлчихдэг сайн найз, сайхан дуучинд маань гоо үзэсгэлэн, ховор авьяас, хосгүй сайхан хоолойг бурхнаас харамгүй заяасан. Гайхалтай дуучны маань бүтээсэн үзэсгэлэн төгөлдөр Нансалмаа, Чио Чио Сан, Тоска, Виолетта, Дездамон, Татьяна, Турандот гээд олон сайхан дүр “Аав ээж хоёр”, “Бурхан бумбын орон”, “Учирнаа л”, “Үдсэн юм” , “Болзоо”  зэрэг дуулсан дуу нь одоо ч чихэнд сонсогдож нүдэнд харагдах шиг” хэмээн дурслаа. 

Монгол Улсын Гавьяат багш  Ц.Ерөө “Залуу нас, хамаг сайхан бүхнээ хамтдаа туулсан Уртнасангаа би дурсахгүй бол өөр хэн ярих вэ. Дуурийн студийн анхны ангид зургаан бүсгүй байлаа. Тэгэхэд Унд маань кинонд тоглочихсон, Хөдөлмөрийн баатар саальчин Авирмэдийн охин, Ардын ансамблийн зарлагч царайлаг бүсгүй ирсэн. Тэр цагаас хойш бид туж үерхсэн, дотнын минь найз. Үр хүүхдээ ч нэг өдөр төрүүлж явлаа. Би өглөө нь, Унд орой нь амаржсан удаатай.  “Чио Чио Сан”-ыг 1967 онд тавих гэж байхад хоёулаа жирэмсэн, хамтдаа кисель хувааж идэж  сууснаа мартдаггүй. Дуурийн театрын гуравдугаар давхарт орос хэлний хичээлд хамт суухдаа ч жирэмсэн. Манай Унд шиг гадаадын том театруудад дуулсан сопрано байхгүй. Шагнал, нэр алдрыг өөрийнхөө хүчээр авсан юм шүү. Хэлэх үгээ хэнэггүй хэлдэг, илэн далангүй яриатай. “Хөөрхийг дэмий тэгж хэллээ” гэж дараа бууж өгдөг их зөөлөн сэтгэлтэй. Хоёр ч кинонд тоглосон, дүрс нь байдаг. Л.Брежневийг айлчлахад төрийн концерт хийж Унд маань мөнгөн аягатай сүү, хадагтай барьсан. Найз минь тайзны өндөр соёлтой, хамтдаа олон дуурьт дуулсан. Тэр минь одоо тэнгэрт дуулж яваа гэж боддог” гэж дотнын найзаа нулимстай дурссан юм.

Монгол Улсын Ардын жүжигчин, Консерваторийн дуулах ур зүйн багш, профессор А.Бүтэд “Унд багштайгаа би чацуу. Олон жил хамт ажиллаж билээ. Сайн дуучин, чадварлаг зохион байгуулагч, найруулагч, цаг ягштал баримтална. Миний 70 насны тоглолтыг найруулж, намайг дуулуулсан. Монгол Улсын Консерваторийн дуулаачийн тэнхимийг байгуулахад чухал хувь нэмэр оруулсан. Шавь нар тайзнаа дуулахыг хараад өмнөөс нь бахархаж суудаг даа”  хэмээв.

Монгол Улсын Ардын жүжигчин, профессор Ч.Чинбат  “Багшийн минь 80 насны ойг шавь нар тэмдэглэх гэж байгаад баяртай байна. Манай багшийн дуу хоолой дэлхийд цуурайтсан. Уран бүтээл дээрээ ажиллаж байгааг хараад биширдэг байлаа. Аливаад зүтгэлтэй, хүн бүрд үлгэрлэж чаддаг уран бүтээлч. Тайзны тавилтыг нь хараад хаанаас ийм их хүчтэй эрчим гардаг байна аа гэж эрхгүй бодогддог” гээд шавь нарт нь амжилт хүслээ. 

Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгор “Сайхан Ундыг минь дурсан санах гэгээн үдэш болно” хэмээн үзэгчдийг урьсан юм.
Монгол Улсын Ардын жүжигчин А.Энхтайван “Уртаа  эгч минь Зууны манлай хэмээн хүндлүүлэхээс аргагүй бүтээл туурвисан дуучин. Дахин давтагдашгүй хоолойтой, монгол түмэндээ заяагаар төрсөн хүн байж дээ. Би Уралын хөгжмийн дээд сургуулийг 1985 онд төгсөөд,  Дуурийн театрт  ирлээ. Нэг өдөр тайзан дээр гүйж явтал хүн дуудаад “Гадны гуталтайгаа тайзнаа гарч болохгүй” гэж зэмлээд “За миний хүү чи гэрээсээ зуны шаахай авчраад тавьчих. Гадуур өмсдөг гуталтайгаа дахиж битгий гараарай. Энэ тайзыг хүмүүс хүндэлдэг, мөргөдөг юм шүү” гэж захисан юм. Тэгж Уртаа эгчтэйгээ танилцаж байлаа.  Сайхан эгчийнхээ тухай үүр цайтал ярих дурсамж бий” хэмээн хуучиллаа.

Монгол Улсын Гавьяат жүжигчин Х.Үнэнхүү “Унд эгчтэйгээ нэг багшийн шавь. Амьдрал, сэтгэлд том байр суурь эзэлдэг хүн. Миний уран бүтээл төдийгүй амьдралтай салшгүй холбоотой. Ууган охиндоо нэрийг өгөхдөө “Агуу дуучны амидаа нь болж, дэлхийд алдраа дуурьсгасан дуучин болоорой” гэж баруун чихэнд нь шивнэсэн. Уртаа эгчид “Та амидаатай болсон шүү” гэхэд тун ч их баярлуулсан. Охиныг минь их эрхлүүлдэг байлаа. Уртаа эгч тухайн үеийн Хөгжим бүжгийн дунд сургуульд багш байхдаа намайг дуудлаа. Тэр үед би 34 настай, залуу уран бүтээлч байсан. “Улсын цол авч, төрийн зардал мөнгөөр гадаадад сурсан. Одоо багшаар ажилла” гэв. Тэр үеэс хойш багшилж байна” хэмээлээ.

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Филармонийн найруулагч, гоцлол дуучин Б.Дэлгэрбаяр “Хүний амьдралд цөөхөн тохиох он жил гэж байдаг. 2025 оныг Ардын жүжигчин,Төрийн шагналт, XX зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан багшдаа зориулж байна. Багш минь амьд тунгалаг байсан  80 нас хүрэх байж. Миний багш “Уран бүтээлч нэн түрүүнд хүн байх ёстой. Ямар ч зүйлд сэтгэл гаргаж бай” гэж сургасан. Шавь нарыгаа зангидаж, нэгэн сэтгэлтэй болгож чаджээ. Багш минь энэ хорвоогоос одсон ч  бидний дунд байгаа мэт оршдог.  Тийм том орон зайтай хүн. “Чинээнд нь тултал хийж чадахгүй бол хийх хэрэггүй” гэдэг багшийнхаа үгийг уран бүтээлдээ баримталдаг. Хүндэтгэлийн тоглолт хийх саналыг Дуурийн театрын хамт олон маш сайхан хүлээж авлаа. Аргагүй XX зууны дуурийн манлай дуучин юм. Багшийнхаа тухай баримтат кино, ном гаргахаар төлөвлөсөн. “Их яруу дуун” пянз гаргах санаа байна” гээд 2025 онд багшдаа зориулан олон сайхан ажил төлөвлөснөө ярилаа. 

“Сүлд” чуулгын дуучин М.Бямба-Эрдэнэ “Багшийнхаа нэрийг өндөрт өргөж явахыг хичээдэг.  Шавь нь болсондоо баярладаг. Багшаараа уран чадвар заалгуулж, зан аашийг нь өвлөсөн. Таних хүмүүс нь “Яг багш шигээ зан гаргалаа” гэдэг. “Их яруу дуун” бол багшийгаа дурсах бидний сэтгэл. Энэ нэрийг багш минь өөрөө өгсөн юм. 70 насны ойн тоглолтоо, цомгоо, номоо “Их яруу дуун” гэж нэрлэж байсан. Бид их яруу дууг таслахгүй үргэлжлүүлж явна” хэмээн дурслаа. 

 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24639/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаар сайдын мэдээллийг сонслоо 13 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Иргэдээ сонсъё” уулзалтад оролцлоо 14 цагийн өмнө
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 23 цагийн өмнө
Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажил… Өчигдөр
Дуурийн хатан хаан Өчигдөр
Доктор Л.Түдэвийн долоон үг... Өчигдөр
Түүхэн хожлын эзэн “Бишрэлт Металл” Өчигдөр
​ Ким Жэ Бумаар удирдуулсан БНСУ-ын шигшээ багийн тамирчид Монголд ир… Өчигдөр
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ… Өчигдөр
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Г.Тэмүүлэн нар Ерөнхий сайдад асуулга тавила… Өчигдөр
"Амьдрахуй" постдрамын жүжгийн хаалтын 4-хөн тоглолт үлдлээ Өчигдөр
Эрх чөлөө хаана байгааг мэдэрсэн хойно л бид жинхэнэ “Хүн” болдог Өчигдөр
М.Өлзийчимэг: “Өнөр бүл” асрамжийн газарт ирээдүй байх ёсгүй Өчигдөр
Арена: Серена Уильямс Өчигдөр
Есөн-Эрдэнийн аялгуу Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засги… 2025/03/28
Цэцийн шийдвэр бүдэрч, түүхэн гэрээ батлагдав 2025/03/28
​ Н.Эрдэнэ: Дэлхийн циркийн №1 алиалагчаас эхлээд гимнастик, акробат… 2025/03/28