Хавар авхай олон аашаа дэлгэж, хаа сайгүй тэнгэр муудан, “Байгалийн гамшигт үзэгдэл болно” гэсэн сэрэмжлүүлэг мэдээтэй долоо хоног өнгөрөв. Говийн бүсээр, тодруулбал Говь-Алтай, Дорноговь аймгаар цасан болон шороон шуурга шуурч, салхины хурд 38 м/с-ээс давж, зарим газар зам даваа хаагджээ.
Улс төрийн амьдрал харьцангуй нам гүм байна. УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, АН-ынхан “Ноорог”-ийн асуудлаар Хууль зүйн сайдаа ноолж, Ардын намынхан Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүд нь 100 хувийн саналаар дэмжсэн байна. Засгийн газраас УИХ-д Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа юм. УИХ-аас энэхүү хэлэлцээрийг соёрхон баталснаар хил холболтын төмөр зам барих ажил эхлэх бөгөөд ирэх тавдугаар сард тендер зарлагдах юм байна. Хил холболтын төмөр замыг 220 сая ам.долларт багтаан барихаар төлөвлөөд байгаа бөгөөд барилга угсралтын ажил хоёр жил гаруй хугацаанд үргэлжилнэ, 10 давхар байшинтай тэнцэхүйц өндөрт төмөр замын бетонон тулгуурууд дээр төмөр зам байгуулна гэж мэргэжлийн хүмүүс ярьж байна. Энэ төсөл амжилттай хэрэгжвэл төмөр замаар экспортлох ачаа 30 сая тонноос дээш болж, Тавантолгойн ордын нүүрсний экспортын хэмжээ жилд 70 сая тонноор өснө. Борлуулалтын орлогыг 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдүүлж, нэг хүнд ногдох ДНБ–ийг 10 мянган ам.долларт хүргэнэ гэсэн өөдрөг төсөөлөл гаргаад байна. Засгийн газраас өргөн барьсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг УИХ-аар хэлэлцээд гишүүдийн 79.1 хувийн саналаар дэмжин баталлаа. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс БНХАУ-тай 1955 онд анхны хоёр боомт холбогдох гэрээг хийж байсан. Энэ бол Замын-Үүд-Эрээний боомт юм. Өнөөдөр бид УИХ-аар хоёр улсын Засгийн газар хооронд албан ёсоор хэлэлцээр хийсэн хоёр дахь боомтыг 70 жилийн дараа баталлаа” хэмээн мэдэгдэв.
Үүнээс гадна Засгийн газраас валютын нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд гадаад зах зээл дэх санхүүгийн нөөц боломжуудыг ашиглана гэж мэдээлсэн нь олны анхаарлын төвд байна. Монголбанкнаас БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтыг 550 сая ам.доллароор нэмэгдүүлэх, гадаадын банк, санхүүгийн байгууллагаас алтны орлогоос эргэн төлөх нөхцөлтэй 300 сая ам.доллар татах, Хадгаламжийн даатгалын корпорац, Төрийн банкнаас эзэмшиж буй Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасыг олон улсад арилжаалах замаар 283.4 сая ам.долларын нөөцийг буцаан төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн нь эдийн засагчдыг бухимдуулав. Монголбанк дахь валютын нөөц хангалттай байхад банк муу ажиллаж, долларын ханш өсөхөд нөлөөлсөн гэж тэд Монголбанкны Ерөнхийлөгчийг буруутгаж байгаа юм. Харин Монголбанкны Ерөнхийлөгч “АНУ -ын ерөнхийлөгчөөр Д.Трамп сонгогдоод дэлхийн эдийн засагт доргионтой мэдээллүүд хийж, бараа бүтээгдэхүүн дээр тариф тогтооно, Америкийн эдийн засаг хүчирхэг болно гэдгээрээ ам.доллар бусад валютын эсрэг чангараад байна. Энэ хандлага нь төгрөг дээр тодорхой хэмжээгээр дарамт үүсгэж байна. Нөгөө талаар энэ оны эхний хоёр сард нүүрсний үнэ буурсан, тэр утгаараа Монгол руу орж ирдэг ам.долларын урсгал өмнөх оныхоос бага дүнтэй байгаа” хэмээн мэдэгдлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн Цэц Сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Тодруулбал, “УИХ-ын сонгуульд нэр дэвших бие даагч нь тухайн тойргоосоо 801 болон түүнээс дээш гарын үсэг цуглуулна” гэж заасан шалгуур нь хатуудсан буюу босгыг нь өндөр тавьсан гэж үзсэн байна. Хэдийгээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийн Цэцийн энэхүү дүгнэлтийг хэлэлцээд “Хүлээн авах нь зүйтэй” гэж үзсэн ч УИХ татгалзав. Ийнхүү Үндсэн хуулийн Цэцийн энэ оны анхны шийдвэр УИХ дээр бүдэрлээ.
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол зохион байгуулах тухай, мөн тов тогтоох тухай асуудлыг хэлэлцэн, тогтоол баталлаа. Тогтоолоор нэр дэвшигчийн сонсголыг ирэх дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хийхээр товлож, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Ц.Идэрбат нарыг сонсгол даргалагчаар томилсон байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийг ирэх зургадугаар сарын 22-ны өдөр явуулах тов гарлаа. Энэ удаагийн нөхөн сонгууль 18 аймгийн 70 мандат дээр явагдах юм байна. Тиймээс сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргаж, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 23-наас эхлэн зогсоох юм байна.
Дэлхий нийт амаргүй, хүнд сорилтын өмнө тулгараад байгаа. Тухайлбал, Европын холбоо эвслийн 27 орны айл өрх бүрийг дайн, байгалийн гамшгийн үед ашиглах гурван өдрийн иж бүрдлийг гэртээ бэлэн байлгахыг шаардаж байгаа. Монголчууд ч гэсэн болзошгүй нөхцөл байдалд бэлэн байх ёстой гэж үзэж, Үндэсний сөрөн тэсвэрлэх цогц стратеги боловсруулж байгааг Батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24639/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна