Зүрх, тархи гижигдсэн амтлаг ховс “Самсара”


Сүүлийн үеийн уран бүтээл, кино, драмын жүжгүүд дэгсдүүхэн хэлбэл үзэгчдэд нэрээ зарлаж, нээлтээ хийхээсээ өмнө л нийгмийн сүлжээг нүргэлүүлсэн нүсэр шуугиан тарьчихдаг заншил нэгэнт тогтжээ. “Мөрөөдлийн театр”-ын залуу уран бүтээлчдийн тоглосон найруулагч Н.Наранбаатарын “Самсара тэртээх хоёр зүрх” хэмээх содон нэртэй, шинэхэн уран бүтээл ч энэ заншлыг эвдсэнгүй. Жүжгийн дуунд А.Эрдэнэ-Очир агсны хамгийн алдартай шүлгүүдийн нэг “Голын тохой дээр” шүлгээс зөвшөөрөлгүй авч хэрэглэсэн тухай шуугисан нь одоо эргээд санахад маркетингийн зальтай бодлого байгаа юу даа. Жүжиг тоглогдоно гэж зарлаж эхэлсэн цагаасаа нээлтээ хийх хүртлээ дээрх шуугианы шидээр олны анхаарлын төвд орж хүлээлт үүсгэсэн гэхээр ингэж бодох миний буруу биш байх. Сонин содон нэрнээс нь биш дээрх шуугианаас л болж  “Самсара тэртээх хоёр зүрх” жүжгийг үзэх хүсэлд тэсгэлгүй автсан хэрэг. Самсара, энэ бол зуурдын ертөнц сүнсний шилжилтийн орон. Зуурдын ертөнцийн талаарх ойлголт бүх л шашинд байдаг..


“Самсара тэртээх хоёр зүрх” жүжгийн тайз цэрэг пүрштэй ор хоёрыг залгачихаж гэмээр урт төмөр ор, хаалга, шалнаас адар хүртэл хана болгон татсан туузнаас бүрдэнэ. Хуучинсаг үзэгчийн хувьд Төрийн шагналт найруулагчийн бодож олсон тайзны ийм шийдлийг хараад жаахан голонгуй байснаа нуух юун. Үзэгдэл хооронд тайзны засал өөрчлөгдөх байх гэдэг бодолдоо тайвшран жүжгийн үйл явдалд анхаарлаа хандуулахаар шийдлээ. Урт орон дээр гурван хүн суух аж. Нэлээд дэгжин хувцастай эрхэмийг ерөнхийлөгч гэж дуудна. Зарчимч яриа, төрхтэй энэ эрхэм нөгөө хоёроосоо үл мэдэг зайдуу суугаа нь ямар нэгэн зүйлийг өгүүлж буй болов уу хэмээн би таамаглав. Жүжиг эхлэх дохио өгч хөшиг ярагдсанаас эхлээд л  тайзан дээрээс ямар нэг далд утга илэрхийлэх бэлгэдэл хайж эхэлсэн болохоор дүрүүд юуг илэрхийлж байна вэ гэдэгт анхаарлаа хандуулж эхлэв. Бэлгэдэл гэвэл хүүхдийн өөжинтэй төстэй жижигхэн ор хэлбэрийн зүйл болоод урт ор хоёр л бий. Тэдгээрийн хооронд хоёроос ихгүй алхам байх ба төрөх, үхэхийн хооронд тийм ч урт амьдралыг хүн туулдаггүй гэсэн санаа болов уу. Мэдээж Н.Наранбаатар найруулагч түүнийг л өгүүлэх гэсэн байх. Жүжгийн турш мөнөөх өөжин хэлбэрийн зүйл дээр хоёр хүн нэг удаа гарч сууснаас өөр ашиглаагүй юм даг. Гурван хүний голынх нь бүсгүй хүн байна. Энэ дүрийг цэвэрлэгч гэх бөгөөд жүжгийн төгсгөлд түүний завсрын дүрийн үүргийг ойлгосон юм. Гурав дахь дүрийг үзмэрч гэнэ. Үзмэрч нас нэлээд өндөр өвгөн хүн байх бөгөөд жүжигчин Л.Сөрөлт тогложээ гэдгийг үйл явдлын дунд хэрээс л таньсан гэдгээ хүлээе.


Жүжгийн эхлэл нам гүм бөгөөд танхим нэлдээ бясалгал хийж трансд орсон хуврагууд эгнэн суусан сэрүүн лавринг санагдуулна. Шалнаас адар хүртэл хана болгон татсан туузан дээр хязгааргүй гүн огторгуй, сансар ертөнцийн зураглал үргэлжлэн гарах ба намуухан хөгжимтэй хослуулан үзэгчдийн сэтгэлзүйг жүжгийнхээ үйл явдалд ховсдон татаж элдэв, өөнтөгч бодлуудыг нь үргээж орхих мэт. Энэ зуур үзэгчид эх дэлхий, СТӨ-ний үзэгчийн суудлаас аль хэдийн салж оюун санаагаараа Самсара зуурдын ертөнцөд очжээ. Үйл явдлын өрнөл хаана яваагаа ч мэдэхгүй Төгөлдөр хэмээх залуу ирснээр эхэлнэ. Зуурдын ертөнцөд яагаад ч юм шинээр ирсэн хүнд хаана явааг нь ойлгуулахын тулд тэнд байгаа хүмүүс өнгөрсөн амьдралаа ярьж өгөх ёстой. Энэ нь тухайн хүн орчлонд байх хугацаандаа сайн, муу үйл хийсэн эсэхийг нь дэнслэн үздэг нүгэл буяны шүүлт мэт. Гэхдээ орчин үеийн үзэгчдэд зориулсан хөнгөн, бас хөөрхөн хошин өнгө аяс оруулан илэрхийлсэн байх нь айдас үргээх аж.


Эндээс зуурдын ертөнцөд байсан гурван дүрийн бэлгэдэл тодрон, жүжгийг илүү ойлгомжтой болгож эхлэв. Хээнцэр эрхэм хүний ертөнцөд олон хүний голыг харлуулсан бизнес эрхэлдэг нэгэн гэдэг нь тодорхой болов. Түүнийг би дотроо энэ хүний амьдрал тэр чигээрээ хуурамчаар дүүрсэн тул “Худал”-ыг бэлгэдэж байна гэж тодорхойллоо. Харин бүсгүйн нөгөө талд суух үзмэрчийг “Үнэн” байна гэж бодлоо. Энэ хоёр дүрээр хүмүүний амьдралыг ийн зуурдын ертөнцөд дэнслэн үнэн, худлыг ялгана хэмээн өгүүлжээ. Сайхан залуу Т.Баттулга хижээл бизнесмэний дүрийг үзэн ядмаар гаргажээ. Үзэгчдэд дүрээ, жүжигт оролцох үүргээ ойлгуулахын тулд түүнд уртаас урт текстийн хэрэг ч байсангүй. Цэмцгэр, ихэмсэг гарын ганц нэг хөдөлгөөнөөр Ерөнхийлөгч гэх этгээдийг хэн болохыг нь таниулж орхилоо. Харин үзмэрч зуурдын ертөнцийн дүрмийг зөрчин амьдралын түүхээ хүүрнэсэнгүй. Гэхдээ тэрбээр найруулагчийн өгүүлэх гэсэн олон жижиг санааг зангидан үзүүрт нь авчран эмхэрдэж байлаа. Үзмэрчийн дүрд “Мөрөөдлийн театр”-ын тэмдэгтэй хөзөр шиг болчихсон хэдэн жүжигчнээс хэн нь тоглосон юм бол гэж тархиа гашилгаж биеийн хэлэмж, дууны өнгө, хөдөлгөөн бүрийг нь гярхай гэгч ажиглан байж жүжигчин Л.Сөрөлт гэдгийг арай ядан таньсан гээд бод доо. Түүний хөдөлгөөн эгээ л өтөл настных мэт агаад, дуу хоолой нь хүртэл ялгах аргагүй байсныг хүлээн зөвшөөрөх ёстой. Жүжиг дуусаж үзэгчид танхимаас гарах зуураа Л.Сөрөлтийн гайхалтай өөрчлөлтийг уулга алдалтаар хүч нэмэн шагшсаар л байв. 


Жүжигчин Г.Эрхэмбаярын бүтээсэн Төгөлдөр гэх залуу нийгмийн ёс суртахууны хэм хэмжээг үл ойшоогч, хууль зөрчигч орчин үеийн зарим залуусын нийтлэг дүр төрх. Тэрбээр хорвоогийн амьдралд олон охидын зүрх сэтгэлийн шарх болж явсан этгээд. Түүний дүрийн эргэлт, сэтгэлдээ гэрэлтэй, сэмхэн гэмшилтэй амьдарч байсныг нь харуулдаг. Хүмүүний амьдрал муугаас сайн руу, сайнаас муу руу хальтрахад өчүүхэн сэдэл, үнэн хайрлах сэтгэл байхад л хангалттай буюу. Төгөлдөр тийм сэдэл, сэтгэлийг зуурдын ертөнцөөс олж авах байсан гэж ямар бурхан нь Н.Наранбаатарт шивнэчихсэн юм бол. Төгөлдөрийг ирснээс хойш насаараа бусдын төлөө амьдарч ирсэн цэвэрлэгч бүсгүй тайзны голд байх хаалгаар лифтэнд суун тэнгэрт одно. Цэвэрлэгч бүсгүйн амьдралынхаа хамгийн сайхан дурсамжийг эмнэлэгт өвдөөд хэвтэж байхдаа бүтээсэн гэхээр үнэхээр гунигтай. Түүнийг би үнэн худал холилдсон амьдралын давж заалдаж үл чадах тавилан гэж бодсон. Тэр “Үнэн”, “Худал” хоёрын дунд сууж байсан биз дээ. Тэр л ганцаараа амьдралынхаа бүх л түүхийг цаг мөч бүрээр нь тоочин хүүрнэсэн шүү дээ. Завсрын зүйлд бүх л хүн дургуй. Хосын дундуур орох завсрын хүн, завсрын өнгө, завсрын үг одоо бүр завсрын ертөнц. Гэхдээ энэ завсарт чинь үнэн, худал хоёр жийрэглэгдэж амьдрал болдог. Амьдралын чин үнэнд хэн дуртай байх вэ.  

“Самсара тэртээх хоёр зүрх” жүжгийн шигтгээ болж үзэгчдийг нулимстай нь хутгаж хаясан залуу жүжигчин Х.Намуун буюу зуурдын ертөнцийн байнгын зочин Мишээл жүжгийн өрнөл дундуур орж ирснээр тайзан дээр солонго татчих шиг л боллоо. Залуу нас, зүрх сэтгэлийг хайр дурлалын элдэв паянгаар хачирлахгүй бол утгагүй биз дээ. Түүнийг зуурдын ертөнцөд гурвантаа ирээд буцсан байнгын зочин хийгээд дурлаж үзээгүй цэл залуухан нас нь сэтгэл зүрхний минь хаалт саадыг цөм татан хаяж би өөрийн мэдэлгүй л үерлэж орхилоо. Тэр зуурдын ертөнцөд байхдаа хууль зөрчигч Дөлгөөнийг адгуусан төрлөөс нь хүний төрөлд дэвшүүлэн, хорвоогийн тоосыг хамтдаа хөдөлгөхөөр хөтөлж одсон. Мишээл зуурдын ертөнцийн эзэгтэй. Орчлон, зуурдын ертөнцийг холбосон өөрийнхөө золгүй жимээр хэчнээн хүнийг амьдралд хөтөлж ирснийг мэдэхгүй. Миний ганц ойлгоогүй дүр бол Самсара эмч байлаа. Эмч гэж хэлэх хэцүү. Зуурдын ертөнцөд гацагсдын сэтгэлийг эмчлэх юм боловуу гэтэл тэгсэнгүй. Хоёр ертөнцийг холбоод байгаа ч юм шиг үгүй ч юм шиг. Ойлгоогүй болохоор ойлгомжтой бичиж чадахгүй нь мэдээж. Үзмэрч охинтойгоо уулзах хүсэлт тавихдаа зүрхээ дэнчин тавьж Мишээлийн хоёр ертөнцийг холбосон золгүй жимийг таслахаар болно. Мишээлд ахиж энэ жимээр ирэхгүй. Нөгөө талаас нь харах юм бол эцэг хүний далд хайр, гүйцэшгүй нарийн ухаанаар Самсарагийн дүрмийг өөрчилж орхих ажээ.

Миний хувьд жүжиг дууссаны дараа тайзан дээр нэг ч дутуу зүйл, нэг ч илүү засал байхгүй гэдэгтэй 100 хувь эвлэрсэн байлаа. Би завсрын бүх зүйлд дургүй, гэхдээ сайн тал нь юу гээч. Бид амьдарч байгаа юм байна шүү. Найруулагч Н.Наранбаатарын “Самсара тэртээх хоёр зүрх” жүжиг эхлэлээсээ төгсгөл хүртлээ сэтгэлээр наадсан, зүрх тархи гижигдсэн амтлаг ховс байлаа гэж би хэлнэ. 

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24639/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажил… 13 цагийн өмнө
Дуурийн хатан хаан 17 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг... 17 цагийн өмнө
Түүхэн хожлын эзэн “Бишрэлт Металл” 17 цагийн өмнө
​ Ким Жэ Бумаар удирдуулсан БНСУ-ын шигшээ багийн тамирчид Монголд ир… 17 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ… 17 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Г.Тэмүүлэн нар Ерөнхий сайдад асуулга тавила… 17 цагийн өмнө
"Амьдрахуй" постдрамын жүжгийн хаалтын 4-хөн тоглолт үлдлээ 17 цагийн өмнө
Эрх чөлөө хаана байгааг мэдэрсэн хойно л бид жинхэнэ “Хүн” болдог 19 цагийн өмнө
М.Өлзийчимэг: “Өнөр бүл” асрамжийн газарт ирээдүй байх ёсгүй 19 цагийн өмнө
Арена: Серена Уильямс 19 цагийн өмнө
Есөн-Эрдэнийн аялгуу 19 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 19 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засги… 2025/03/28
Цэцийн шийдвэр бүдэрч, түүхэн гэрээ батлагдав 2025/03/28
​ Н.Эрдэнэ: Дэлхийн циркийн №1 алиалагчаас эхлээд гимнастик, акробат… 2025/03/28
Ж.Чинбүрэн: Эмч, өвчтөн хоёрын итгэлцэлд том ан цав үүсгэлээ 2025/03/28
Д.Мөнхтөр: “ХӨГЖИЛ” телевиз Монголын бизнес эрхлэгчдийн найдвартай тү… 2025/03/28
Зүрх, тархи гижигдсэн амтлаг ховс “Самсара” 2025/03/28