​ Н.Эрдэнэ: Дэлхийн циркийн №1 алиалагчаас эхлээд гимнастик, акробат, агаарын шилдэг үзүүлбэрүүдийг толилуулна



 -Дэлхийн шилдэг циркчдийн тоглолтыг Монголдоо хамгийн хямдаар үнээр үзэх боломжийг олгож байна-

Цирк гэхээр юун түрүүн хөгжилтэй алиалагч нүднээ тодорч, өөрийн эрхгүй инээмсэглэдэг. Багадаа Д.Батсүх гавьяатыг циркийн манежинд алиалахыг харж “элэг хөшдөг” байсан бол хаа нэгтээ хотын гудамжинд түүнтэй таарч, зөрөн өнгөрөхдөө ч өөрийн эрхгүй инээчихдэг байж билээ. Басхүү аав ээж, дүү нартайгаа,  ангиараа цирк үзэхдээ алиалагчаас гадна уран нугаралт, акробат, агаарын гимнастик,  сургуультай амьтдын үзүүлбэрийг шимтэн үздэгсэн. 

Харин сүүлийн жилүүдэд дэлхийн циркчид Монголд ирж, дахин давтагдашгүй, цор ганц үзүүлбэрүүдээ дэлгэж, биднийг соён гэгээрүүлж байна. Тиймээс ч иргэд жил бүр дэлхийн циркийн тоглолтыг  чих тавин хүлээдэг болжээ. Зөвхөн нийслэлчүүд гэлтгүй орон нутгийн иргэд маань ч циркийн тоглолтын товыг хүлээж, тасалбарыг урьдаас захиалан зорин ирж үздэг байна.

Удахгүй сурагчдын амралт эхэлнэ. Сурагчдын амралтаар хүүхдүүддээ соёл урлагийн ямар үзвэр үзүүлэх вэ гэж эцэг, эхчүүд дор бүрнээ тунгааж байгаа. Тэгвэл энэ удаад ч сурагчдын амралттай зэрэгцэн “Дэлхийн цирк Монголд” тоглолтыг   “Степпе Арена"-д зохион байгуулах гэж байна. Цирк бол гэр бүлээрээ хөгжилдөн үзэх урлаг. Тиймээс ч зохион байгуулагчид дөрөвдүгээр сарын 12-ноос тавдугаар сарын 11-ний өдрүүдэд ердөө наймхан удаа  болох “Дэлхийн цирк Монголд” тоглолтын хуваарийг  амралтын өдрүүдэд товложээ.

Энэ удаад дэлхийн циркийн түүхэн дэх номер №1 алиалагч, Италийн жүжигчин  Дэвид Ларибле, ОХУ-ын "Great Moscow State Circus" циркийн жүжигчид дэлхийд цор ганц гэгддэг эмэгтэйчүүдийн банзны акробат, Беларусь, Киргизийн циркийн жүжигчдийн агаарын полёт, Украин, ОХУ-ын жүжигчдийн агаарын цагирагтай номер, мото шоу, сургуультай амьтад гээд үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж, сэтгэл догдлуулсан үзүүлбэрүүд хүлээж байна.

Монгол, Америк, Герман, Итали, Аргентин, Колумб, Орос, Иран, Беларусь, Украин, Узбекистан, Казахстан зэрэг 15 орны олон улсад чансаа өндөр, нэр хүндтэй жүжигчид Монголд үзүүлбэрээ толилуулна. Дэлхийн циркийг үзэгч та цэвэр агаар сэнгэсэн  Буян-Ухаагийн дэнжид байрлах “Стeппe Арена"-д  тухлан үзэх юм.  Тасалбарын ханш суудлын зэрэглэлээсээ хамаарч 20-100 мянган төгрөг байх аж.

Дэлхийн циркийг та хилийн чанадад, тив алгасан үзэхээр хуримтлал үүсгэх шаардлагагүй. Улсын нийслэл  Улаанбаатартаа ердөө 20-хон мянган төгрөгөөр үзэх боломжийг олгож байна.

“Дэлхийн циркийг Монголд” төслийг санаачилагч Нэргүйн Эрдэнэ  бага наснаасаа  цирктэй амьдралаа холбосон нэгэн.  Түүний ээж Ц.Сэлэнгэ циркийн жүжигчин. Тиймээс ч бага наснаасаа ээжийгээ дагаж циркт ирдэг байсан нь ирээдүйн ажил, мэргэжлийнх нь гараа болсон гэдэг.

Ингээд “Монголын үнэн” сонин энэ удаагийн  “Дугаарын зочин” буландаа “Дэлхийн цирк Монголд”  төслийг  санаачлагч, ерөнхий продюсер, “Монгол циркийн хөгжлийн төв”-ийн тэргүүн,  Олон улсын циркийн холбооны шүүгч Н.ЭРДЭНЭ-ийг урьж ярилцлаа.

 Циркийн “ажилтан”-аас дэлхийн циркчдийн продюсер хүртэлх гараа 


-Цирктэй амьдралаа холбосон таны бага нас их сонирхолтой санагдлаа. Энэ нь таны  циркийн продюсер болох эхлэл байсан  болов уу?

-Миний аавыг Монхорын Нэргүй гэдэг. Монгол Улсын дөрвөн удаагийн ширээний теннисийн улсын аварга хүн байлаа. Аав маань спортын хүн бол ээжийн тал урлагийнхан. Миний өвөө Цэнд-Очир тухайн үеийн Соёлын яамны хэлтсийн даргаар олон жил ажилласан байдаг. Ээж минь циркийн хүн. Бага насандаа ээжийгээ дагаад циркт ирнэ.  Тэндээс  циркийн гоё сайхныг мэдэрч,  хүнд хэцүүг  нь ч бас харж өссөн.

1996 онд ОХУ-ын Улаан-Үд хотод анхны Циркийн сургууль байгуулагдсан юм. Тухайн үед Монголоос гурван багш уригдсаны нэг нь миний ээж.  Улаан-Үдийн циркчид 1997 онд анхны олон улсын хүүхдийн циркийн тэмцээндээ оролцсон. Үүнд ээжийн минь буриад шавь нар багтсан юм. Тухайн үед би орос хэлээр  харилцан ярианы ойлголттой  байлаа. Тиймээс  ээжид орос хэлний  орчуулга хийж өгнө. Тэр цагаас хойш Оросын циркийн багш, менежер, продюсеруудтай заримтай нь найзлан нөхөрлөж,  заримтай нь танилын холбоотой байсан. Энэ нь надад олон улсын циркийн зах зээлд хөл тавих шат болсон юм. 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл циркийн менежер, продюсероор ажиллаж байна даа.

-Дэлхийн циркчдийг Монголдоо авчирч тоглуулах санаачилга хаанаас эхлэлтэй вэ. Дэлхийн алдартай циркчдийг Монголд авчрахад  санхүүжилтээс эхлээд олон зүйл шаардлагатай болно.

-2012 оноос эхлээд олон улсын циркчдийн тэмцээнд Монголын жүжигчдийг  оролцуулж эхэлсэн. Гадаад улсад өндөр хэмжээний, чанар чансаатай жүжигчид хуран цуглаж, шилдгүүдээ шалгаруулж байна. Тэгвэл Монголд циркийн жүжигчдийн тэмцээнийг зохион байгуулахгүй ч  шилдэг жүжигчдийг эх орондоо авчирч тоглуулах санаачилга төрж, ажлаа зоригтой эхлүүлсэн юм. Төслийн нэрээ сонгохдоо олон талаас нь хэлэлцсэн. Олон улсын циркчдийн хамтарсан тоглолт, гала тоглолт гэхээр нэр нь жулдаад болдоггүй. Тиймээс олон улсын гэдэг утгыг багтаасан, хүний чихэнд хүрэх даацтай үгийн “эрэл”-д гарцгаасан. Манай тоглолтод хамгийн багадаа 10 орны жүжигчид оролцох зорилготой байсан юм. Тиймээс “дэлхий” гэдэг үг олон улсыг багтаасан агуулгатай байлаа.   Ингээд   Дэлхийн цирк Монголд”  гэдэг даацтай нэр өгсөн дөө.  Энэ хэрээр бидний үүрэг, хариуцлага нэмэгдсэн. Хариуцлагаа ухамсарлаж, жил бүрийн тоглолтоо өөр өөрийн онцлог шинж чанартай  зохион байгуулдаг.

-Өнгөрсөн 10 удаагийн тоглолт дахин давтагдаагүй, шинэ үзүүлбэрүүдтэй байсан.  Жил бүр дэлхийн шилдэг циркийн жүжигчдийг авчрах сонголтыг хэрхэн хийдэг вэ?

-Миний хувьд “Дэлхийн цирк Монголд” төслийн ерөнхий продюсероор ажиллаж байна. Продюсер хүн юу үзүүлэхээ сонгож шийднэ. Продюсерын сонголтыг үзэгчдэдээ хэрхэн харуулахыг найруулагч мэднэ.  Тайзны заслаас эхлээд гэрэл, олон орны туг, өнгийг гэрэл найруулагч найруулна.  Тоглолтыг найруулахын тулд шаардлагатай гэрэл, тоног төхөөрөмжийг найруулагч шаардана. Түүнийг нь  продюсер 100 хувь шийдэж өгөх ёстой. Ингээд найруулагч, продюсерын хамтын ажиллагааны үр дүнд үзэгчдийнхээ сэтгэлд хүрсэн үзүүлбэрийг үзүүлнэ. 

2013 оноос хойш “Дэлхийн цирк Монголд” төслийн хүрээнд нийтдээ  олон улсын циркчдийн 10 удаагийн тоглолтыг зохион байгуулаад байна.  Олон улсын циркийн тоглолтууд гадаадын улс оронд зохион байгуулагдаад 25 жил болж байгаа. Бид ч төслөө эхлүүлэхдээ “хэзээ нэг өдөр 10 жил, 15 жил ярьж байна даа” гээд  ярилцаж байлаа. Гэтэл өнөөдөр аль хэдийнэ 11 жил өнгөрчээ. Бид тоглолт бүрдээ ач холбогдол өгдөг. Тэр утгаараа манай тоглолтын үзүүлбэр бүр Монголд анх удаа ирж байгаагаараа онцлогтой.

 

Дэлхийн циркийн №1 алиалагч Дэвид Ларибле Ази тивд хийх анхны тоглолтоо Монголоос эхлүүлнэ

 -Энэ удаагийн тоглолтын  онцлох үзүүлбэрүүдээс дурдана уу. Үзэгчид маань сонирхож байгаа болов уу?

-Манай “Дэлхийн цирк Монголд” тоглолтын шинэ арван жил эхэлж байна.  Олон улсын циркийн тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн гадаадын 15 орны шилдэг жүжигчид, 250 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно.

Циркийн тоглолтод гол ачааг үүрдэг үзүүлбэр бол алиалагч байдаг. Энэ  удаагийн тоглолтод дэлхийн циркийн түүхэнд номер №1 алиалагч, Италийн жүжигчин  Дэвид Ларибле оролцоно. Энэ жүжигчин дэлхийн бүх улс оронд тоглолт хийсэн. Гэхдээ  Ази тивд нэг ч удаа тоглолт хийж байгаагүй. Ази тивд  тоглолтоо хийх анхны орон нь Монгол Улс болж байгаагаараа онцлогтой. 

Энэ хүнийг тоглолтдоо оролцуулахаар урьж, би  3-4 жил  хойноос нь хөөцөлдөж, авчирч байна.  Энэ бол Н.Эрдэнээгийн мөрөөдөл гэж хүлээн авч болохгүй. “Италийн жүжигчин Дэвид Ларибле Монголд тоглоно” гэдэг нь гадаадын шоу бизнесийнхний гайхлыг төрүүлнэ. Энэ хүнээр дамжуулаад Монголын соёл урлагаа гадаадад таниулж байгаа юм. Дэвид Ларибле бол алдар нэр, авсан цол, гавьяагаараа гадаадын өндөр хөгжилтэй улсын №1 алиалагч.

Агаарын гимнастик, тэнцвэр, акробат, уран нугаралт, сургуультай амьтан гээд циркийн тоглолтын үндсэн таван жанр байдаг.  ОХУ-ын эмэгтэй акробатын жүжигчид шидэх банзнаас үсрэх үзүүлбэр хийнэ. Эрэгтэйчүүд хийдэг энэ үзүүлбэрийг эмэгтэй хүн хийж байгаагаараа онцлогтой, дэлхийн циркийн цор ганц номер. Циркийн хаан үзүүлбэр гимнастик бол үзэгчдийг огшоодог.

Америкийн жүжигчид есөн метр өндөр дугуйтай  циркийн хүнд элементийг  үзүүлнэ. Энэ нь дэлхий дээр гурванхан байдаг ховор номер.

“Дэлхийн цирк Монголд” тоглолтын  жүжигчид бүгд олон улсын тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн. Хүрэл медаль авсан нэг ч номер байхгүй. Хоёр манежтай арена циркийн тоглолтод экстрим  мотоциклийн үзүүлбэр зайлшгүй байдаг.  Энэ тоглолтод зургаан диаметрийн хэмжээтэй дэлхийн бөмбөрцөг хэлбэртэй, төмөр шарик дотор таван мотоциклчин орж, цирк акробатын хүнд үзүүлбэрийг хийнэ. Энэ бол Монголд төдийлөн тоглож байгаагүй үзүүлбэр юм.

-Өмнөх тоглолтын үзүүлбэрүүдээс  давтдагдах уу?

-Манай “Дэлхийн цирк Монголд” тоглолтын үзүүлбэрүүд давтагддаггүй. Өмнөх тоглолтыг үзсэн үзэгчид энэ удаад шинэ үзүүлбэр үзнэ. Энэ удаад ч тоглолт дэлхийд цорын ганц, №1 гэх тодотголтой үзүүлбэрүүдийг авчирч байна. Хүнээс асар их  гоо сайхан,  тэсвэр тэвчээрийг шаардсан үзүүлбэрүүдийг сонгож авчирсан. Тухайлбал, агаарын гимнастикийн үзүүлбэрээр хайр дурлалыг илэрхийлнэ. Ер нь энэ тоглолтын дийлэнх нь агаарын үзүүлбэрүүд байх болно. Дэлхийн циркийн хамгийн, хамгийн үзүүлбэрүүд энэ тоглолтод багтаж байна.

 


Цирк үзэх соёл манай тоглолтоор сэргэж байгаад  бид  баяртай байна

 -Цирк бол хүүхэд залуусыг соён гэгээрүүлж, соёлыг түгээдэг урлаг. Нөгөө талаасаа орчин үед шоу бизнесээр хөгжиж байгаа. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд та бүхнийг тогтмол үздэг циркийн үзэгчидтэй болсон байх. Та бүхэнтэй урьдчилан холбогдож,  захиалга өгдөг үү?

-Манайх жил бүр найман удаа тоглолт хийдэг. Энэ найман удаагийн тоглолтын нийт үзэгчдийн 40-50 хувь нь манай циркийн байнгын үзэгчид гэсэн судалгаа гарсан. Үлдсэн 50 хувь нь тоглолтын реклам, сурталчилгаанаас харж ирсэн байдаг.  Бидний багад үзвэр үзэх соёл гэж байсан. Энэ соёлыг багадаа гэр бүлээсээ өвлөсөн хүмүүс өнөөдөр үр хүүхдэдээ цирк үзүүлэхээр манай руу утасдаж, асууж байна. “Танай тоглолтыг аль эгнээнээс үзэх вэ, ямар үзүүлбэрүүд гарах вэ. Би хүүхдүүддээ цирк үзүүлмээр байна” гэж залгаж байна. Цирк үзэх соёл манай тоглолтоор сэргэж байгаа нь бидэнд маш том урам өгсөн.

Цирк бол шоу бизнес. Цаашид бидэнтэй өрсөлдөх дараагийн үе гарч ирнэ. Тиймээс бид өнөөдрийн үзэгчдээ хэзээ ч хуурах ёсгүй. Энэ үүднээс бид хариуцлагатай хандаж ирсэн. Хувцасны дизайн, өнгөний сонголт, бүжиг дэглэлт гээд тус бүрд анхаардаг.

-15 орны 260 гаруй хүний бүрэлдэхүүнтэй багийн аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ?

- Бид 2024 онд 10 жилийн  ойн хүрээндээ  хавар, намар хоёр удаагийн бүрэн хэмжээний тоглолтыг “Степпа

Арена”-д зохион байгуулсан.  Дэлхийд циркийн тоглолт үндсэн дөрвөн төрөлтэй, дээд хэмжээнд хүрч хөгжсөн. Манайд дөрвөн төрлийн циркийн тоглолт зохион байгуулж байгаагүй.  Бид 10 жилийн ойн хүрээндээ хоёр манежтай циркийн тоглолт хийхээр төлөвлөсөн юм. Тоглолтод сургуультай амьтад авчирна. Тиймээс бид бэлтгэл ажлаа жилийн өмнө эхэлсэн.

Өнгөрсөн жилийн хаврын тоглолтдоо сургуультай арслан, бар авчирсан бол намар нь дугуй, мотоцикл, машин унадаг  сургуультай баавгайнуудын үзүүлбэртэй байлаа.  Сургуультай амьтдыг авчрахад өртөг өндөртэй байдаг.  Дээр нь тоглуулж байгаа жүжигчдийн болон үзэгчдийнхээ аюулгүй байдлыг дээд зэргээр хангах ёстой.  Хэрвээ үзэгчид маань анзаарсан бол бид сургуультай амьтдын үзүүлбэртээ бүх хөдөлгөөнийг хорьсон. Яагаад гэвэл манежинд тоглуулж байгаа жүжигчид амь насаараа дэнчин тавьдаг.  Араатан амьтан тоглуулж байгаа үед жижиг хэмжээний бэртэл авах тохиолдол байдаг. 250 гаруй хүний бүрэлдэхүүнд  багийн 10 орчим хувь нь эмч, аюулгүйн техникч, туслахууд багтдаг.

Манай үзэгчид сургуультай амьтдын үзүүлбэр дээр хүүхдээ манежны өмнө зогсоогоод зургийг нь аваад байдаг. Циркийн амьтан гэхээр сургуультай гэж ойлгоод байдаг. Гэвч амьтан бол амьтан.

Ямар үйлдэл гаргахыг бид мэдэхгүй. Тийм учраас аюулгүй байдлын үүднээс хөдөлгөөнийг нь хорьсон.

-Циркийн ямар үзүүлбэр дээр үзэгчдийн эмоц хүчтэй илэрдэг вэ?

-Сүүлийн зохион байгуулсан циркийн гурван тоглолтоосоо жишээлэн хэлье. Бид хоёр манежтай  “Степп Арена”-д одоо дөрөв дэх удаагаа тоглолт зохион байгуулах гэж байна. Өмнө нь бид циркийн нэг манежинд тоглолт үздэг байсан. Одоо харин зарим үзүүлбэр хоёр манежинд зэрэг тоглогдоно. Орон зай, далайцаараа энэ нь үзэгчдийн сонирхлыг илүү их татдаг. Циркийн тоглолтыг сонирхсон үзэгчид тасалбар авахдаа “Сургуультай ямар амьтантай вэ” гэж давтан асуудаг. Алиалагч, амьтантай байж бүрэн утгаараа циркийн тоглолт болно. Харин тоглолт үзсэний дараагаар үзэгчдийн сэтгэгдэл өөр үзүүлбэр дээр догдолсон байдаг.

Бид дараагийн шинэ тоглолтдоо бэлтгэхийн тулд үзэгчдээсээ санал асууж, судалгаа авдаг. Үзэгчдийн эерэг сэтгэгдлүүдийг алиалагч тэргүүлдэг. Дараагаар нь агаарын гимнастик, акробат гээд үргэлжилнэ. Тасалбар авах бүрдээ асуудаг сургуультай амьтан огт дурдагдаагүй байсан. Энэ нь цирк үзэгчдийн мэдлэг хөгжлийн дээд цэгтээ хүрсэн байна. Циркийн урлагийн хүнд хэцүү, гоо сайхан үзүүлбэрүүдээрээ юу үзүүлэх гэж байна вэ гэдгийг ойлгож, ухамсарладаг болжээ. Тиймээс бид үзэгчдийнхээ догдлон үздэг циркийн хаан үзүүлбэр болох агаарын нисэлт, агаарын  цагариг зэрэг шилдэг номеруудыг сонгож тоглолтоо багтаалаа.


 Монголын циркчдийн бүрэн хэмжээний тоглолтыг гадаадад зохион байгуулна

 -Та “Монгол циркийн хөгжлийн төв”-ийн тэргүүний хувьд Монголын циркчдийн тоглолтыг гадаадад зохион байгуулах тал дээр ямар зорилготой явна вэ?

-Монгол циркийн жүжигчдээ гадаадад бүрэн хэмжээний аялан тоглолт зохион байгуулах бэлтгэл ажлыг хийж байна. Бэлтгэлт ажил 30-40 хувьтай байгаа. Бидэнд хөрөнгө, санхүүгийн асуудал хамгийн их тулгамдаж байна. Өөрөөр хэлбэл, циркийн бүрэн хэмжээний хоёр цагийн тоглолт хийхэд дунджаар 40-50 уран бүтээлч шаардлагатай. Энэ хөтөлбөрт дэлхийн стандартад нийцсэн хөгжмийн дуугаралт, тоног төхөөрөмж зайлшгүй хэрэгтэй. 

Бид өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан бэлтгэлээ хангаж байна. Ойрын таван жилийн дотор бид Монголын циркчдийн бүрэн хэмжээний тоглолтыг олон улсад гаргах том мөрөөдөлтэй байгаа. Энэ ажлаа  ковидын өмнөх жил эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар шаардлагатай зарим тоног төхөөрөмжөө ОХУ-аас авчирсан. “Монголын циркчдийн тоглолтын үзүүлбэрүүд дэлхийд цор ганц байна”  гэдэг маш том амбицыг бид өмнөө тавьж байна. Тийм учраас “Монгол циркийн хөгжлийн төв” жилдээ нэг уран бүтээлийг гаргаж байна. Энэ нь гадаадад тоглох тоглолтын нүүр царай болохуйц чанартай байх ёстой.

Хэдийгээр удаан хугацаанд бэлтгэж байгаа ч үзүүлбэрийн үр дүнг маш чанартай, даацтай бэлтгэж байна.


-Энэ удаагийн “Дэлхийн цирк Монголд”  тоглолтын хуваарь сурагчдын амралттай давхцаж байна. Мөн тоглолтын хуваарь амралтын өдрүүдэд товтой байгаа нь гэр бүлээрээ үзэх боломжийг бүрдүүлжээ. Харин тасалбарын ханшийг хэрхэн тогтоосон бэ?

-Бид Монголын үзэгчдэдээ дэлхийн шилдэг үзүүлбэрийг үзэх боломжийг олгох зорилгоор  20, 30, 50 мянган төгрөгийн тасалбарыг санал болгож байна. Энэ бол  дэлхийн шилдэг циркчдийн тоглолтыг хамгийн хямдаар үзэх боломжтой. Таны хэлсэнчлэн зөвхөн амралтын өдөр, сурагчдын амралттай давхцаж байгаагаараа онцлогтой. Өнөөдөр хүүхдүүд сошиал орчинд фэйсбүүк, инстеграмаар үзэж байна. Монголд өнөөдөр аав ээжтэйгээ үзэх үзвэр байхгүй байна. Гадаадын орчуулгатай кино л бий. Өнөөдөр хүмүүс хамт олноороо хоолонд ороход л 60-70 мянган төгрөг болдог шүү дээ. Гэтэл дэлхийн шилдэг циркчдийн тоглолтыг  Монголдоо маш хямд  буюу 20-30 мянган төгрөгөөр үзэж байна гэдэг нь үнэгүй үзэж байгаатай адил гэдгийг дахин хэлмээр байна.

Н.Энхбат

Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24639/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажил… 13 цагийн өмнө
Дуурийн хатан хаан 17 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг... 17 цагийн өмнө
Түүхэн хожлын эзэн “Бишрэлт Металл” 17 цагийн өмнө
​ Ким Жэ Бумаар удирдуулсан БНСУ-ын шигшээ багийн тамирчид Монголд ир… 17 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ… 17 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Г.Тэмүүлэн нар Ерөнхий сайдад асуулга тавила… 17 цагийн өмнө
"Амьдрахуй" постдрамын жүжгийн хаалтын 4-хөн тоглолт үлдлээ 18 цагийн өмнө
Эрх чөлөө хаана байгааг мэдэрсэн хойно л бид жинхэнэ “Хүн” болдог 19 цагийн өмнө
М.Өлзийчимэг: “Өнөр бүл” асрамжийн газарт ирээдүй байх ёсгүй 19 цагийн өмнө
Арена: Серена Уильямс 19 цагийн өмнө
Есөн-Эрдэнийн аялгуу 19 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 19 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засги… 2025/03/28
Цэцийн шийдвэр бүдэрч, түүхэн гэрээ батлагдав 2025/03/28
​ Н.Эрдэнэ: Дэлхийн циркийн №1 алиалагчаас эхлээд гимнастик, акробат… 2025/03/28
Ж.Чинбүрэн: Эмч, өвчтөн хоёрын итгэлцэлд том ан цав үүсгэлээ 2025/03/28
Д.Мөнхтөр: “ХӨГЖИЛ” телевиз Монголын бизнес эрхлэгчдийн найдвартай тү… 2025/03/28
Зүрх, тархи гижигдсэн амтлаг ховс “Самсара” 2025/03/28