ХБНГУ-ын канцлер Фридрих Мерц Бундестагт анхны илтгэлээ тавилаа. Тэрбээр Европын хамгийн хүчирхэг байнгын армийг бүрдүүлж, цагаачлалын хуулиа чангатгахаа амлав. Батлан хамгаалах санхүүжилт, цэргийн бүрэлдэхүүнээ нэмэхийн сайн дурын цэргийн албыг шинээр бий болгох аж. Үүрэг хугацаандаа Германы эдийн засгийг өсөлтийн замд нь эргүүлэн оруулахаа мэдэгдсэн.
“Герман улсыг дахин дэлхийн өсөлтийн хөдөлгүүр болгох”-ын тулд аж ахуйн нэгжийн татварын хувь хэмжээг таван жилийн хугацаанд аажмаар бууруулах, дэд бүтцийг шинэчлэхэд 150 тэрбум евро, гарааны бизнесийг 24 цагийн хялбаршуулсан бүртгэлийн журам шаардлагатай. Эдгээр төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр Цахимжуулалт, шинэчлэлийн яам байгуулах юм. Шинэ канцлер улс орны уур амьсгалын зорилтыг орхилгүй, цаг уурын өөрчлөлтөд илүү прагматик хандахаа илэрхийлсэн. Хүлэмжийн хийг бууруулахад туслах нүүрстөрөгчийн татварын орлогыг холбооны төсөвт орохгүй, харин аж ахуйн нэгж, иргэдэд шууд буцаан олгох санал гаргасан.
Мөн эрчим хүч, эдийн засгийн үр ашигтай, хангамжийн аюулгүй байдлын зарчим хэрэгжүүлэхийн тулд цахилгааны татварыг бууруулахаа амлалаа. Герман улсын шүдний өвчин болсон цагаачлалын бодлогод хатуу шинэчлэл хийх гэнэ. Түүний хэлснээр, шилжилт хөдөлгөөн хяналтгүй олон жил үргэлжилсэн, цагаачдын ур чадвар хөдөлмөрийн зах зээлд гологдохын зэрэгцээ нийгмийн хамгааллын системийг хохиролд оруулжээ.
Эх сурвалж: Монголын үнэн сонины №018/24645/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна