“Ногоон” амьдрал бүтээгчид

unen
6 цагийн өмнө

Гурван жилийн өмнө “нүцгэн” тал байсан талбайд модод өндийж, нахиалж  эхэлжээ. Тодотговол, хүлэмжид үрсэлгээ хийхийн зэрэгцээ хажууд нь хоёр ч талбайд тоолж үл барам олон төрлийн мод тарьсан байв. “Энэ том талбай, ийм олон модыг услахад ихээхэн хэмжээний ус, эрчим хүч зарцуулж байгаа даа” гэх бодлыг маань хашааны буланд эгнүүлэн байрлуулсан дэлгэц дээр гялбах нарны тусгал сарниулах нь тэр... 

Ногоон төгөл байгуулах, ой модыг нөхөн сэргээх том зорилго өвөртлөн худаг ус, тог цахилгаангүй нэг га талбайд 2022 онд анхны модоо хатгаж байсан түүхээ “Нөмөрт тулга” компанийн үүсгэн байгуулагч З.Цэрэндэжид хуваалцсан юм. Одоогоос гурван жилийн өмнө  6x40 метрийн хэмжээтэй хүлэмжид битүү үрсэлгээ хийхээс гадна бойжилтын болон их ургамлын талбайд мөн салхины зурвас хэсэгтээ бургас, улиас, гацуур, нарс, шинэс зэрэг 5000 мод тарьж байжээ. 

Мод үржүүлэхэд усалгаа хамгийн чухал байдаг тул ойролцоох айл өрхүүдтэйгээ нийлж, тог цахилгааны асуудлаа шийдсэн боловч хүч сул тул худгаас усаа татаж дийлдэггүй. Мөн аж ахуйн нэгжийн хэрэглээгээр тооцож цахилгааны төлбөр төлдөг байж. Тиймээс энэ мэт асуудлыг шийдэж, хэнээс ч хамааралгүй, бие даасан цахилгааны эх үүсвэртэй болох зорилгоор 5кВт хүчин чадалтай нарны цахилгаан хангамжийн системийг өнгөрсөн оны зургадугаар сард суурилуулжээ. Ингэснээр халаалтаас бусад өрхийн бүх хэрэглээ болон талбайн усалгааны системийг бүрэн ажиллуулж байгаа тухай З.Цэрэндэжид ярилаа.

Тэрбээр “Өөрсдийн хэрэглээ болон санхүүгийн боломждоо тулгуурлаж, 12 дэлгэцтэй системийг сонгосон. Байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй шийдлийг нэвтрүүллээ. Би байгаль дэлхийгээс авах бус өгөх нэгэн болж, бусдад үлгэр дуурайл болох мөрөөдөлдөө хөтлөгдөн цалингийн зээл авч энэ ажлыг эхлүүлсэн.  Мод тарьж, үржүүлэхэд цаг хугацаа, хүч хөдөлмөр их шаарддаг. Үр өгөөж нь урт хугацаандаа гардаг. Би энэ хэсэгт ногоон төгөл байгуулахаас гадна уур амьсгалын өөрчлөлт, хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн мөхөж буй ой модыг нөхөн сэргээхэд хувь нэмрээ оруулахыг хүсдэг.

Тиймээс энэ чиглэлийн сайн дурын ажил, арга хэмжээнд идэвхтэй оролцдог” хэмээн ярих түүгээр бахархах сэтгэл төрж байлаа. 
Энэхүү аж ахуйн нэгжийн хэрэглээндээ нэвтрүүлсэн 5кВт нарны цахилгаан хангамжийн систем нь жилд ойролцоогоор 1592500 төгрөгийн 9100кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 3570 кг нүүрсхүчлийн хий ялгарахаас сэргийлсэн шийдэл аж. Тэгвэл 9.8кВт чадалтай нарны цахилгаан хангамжийн систем жилд ойролцоогоор 2887500 төгрөгийн 16500 кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, 297 мод тарьсантай тэнцэхүйц буюу 6470 кг нүүрсхүчлийн хий ялгарахаас сэргийлдэг байна.

Тэдний зурсан  “ногоон” зам

Дээр дурдсан жишээтэй адил олон иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагад “ногоон” амьдрал бэлэглэхийн зэрэгцээ тогтвортой хөгжлийн зорилгод хувь нэмрээ оруулж буй газар бол “Грийн солар энержи” ХХК юм. Тус компанийнхан Монгол оронд ногоон эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх, бага, дунд чадлын сэргээгдэх эрчим хүчний системийг айл, өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжид нэвтрүүлж агаарын бохирдлыг бууруулах, дулаан, цахилгааны эрчим хүчийг хэмнэх том зорилго дор нэгдэж, 2013 онд өргөн үүдээ нээжээ. 
Түүнээс хойш тэд байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох газрын гүний дулаан болон нарны эрчим хүчний халаалт, халуун ус хангамж, эрчим хүчний хэмнэлттэй нарны гудамж, талбайн гэрэлтүүлэг, бие даасан болон хосолсон нар, салхины цахилгаан хангамжийн системийн худалдаа, угсралт, суурилуулалт, автоматжуулалт, засвар үйлчилгээг үзүүлсээр байна. 

Тэд өнгөрсөн хугацаанд өөрсдийн агуулахдаа сэргээгдэх эрчим хүчний шийдлийг нэвтрүүлэхээс гадна айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагын хэмжээнд нарны халаалт, халуун ус хангамжийн 150 орчим коллектор, нарны 600 орчим цахилгаан үүсгүүр, 10 кВт хүчин чадалтай салхин цахилгаан үүсгүүр, газрын гүний дулааны насос наймыг суурилуулжээ. Өөрөөр хэлбэл, нийт 1100 кВт хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний системийг  суурилуулж, цаг тутамд 1186 кг нүүрсхүчлийн хийг ялгарахаас сэргийлж чаджээ. 


Мөн 200 гаруй төсөл хөтөлбөрийг тодорхой хэмжээний үр дүнтэй хэрэгжүүлсэн байна. Онцолбол, 10000 айлыг сэргээгдэх эрчим хүчний системээр хангах зорилго бүхий “Ногоон нар” төсөл. Мөн 2019 онд төрийн байгууллагаас хэрэгжүүлсэн төсөлд шалгарч, 3000 ам метр талбайтай 122 дугаар сургуулийн халаалтыг газрын гүний дулаанаар шийдсэн нь онцлох томоохон ажлуудынх нь нэг юм. 
Тус компанийнхан сэргээгдэх эрчим хүчний үр ашгийг олон нийтэд таниулах зорилгоор холбогдох сургалт зохион байгуулж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Сүүлийн жилүүдэд айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хувьд нарны цахилгаан хангамжийн системээр халаалтаа шийдэх хүсэл, сонирхол давамгайлах болжээ. Гэхдээ энэхүү систем нь халаалтаас бусад дотоод хэрэглээнд, мөн өдрийн цагаар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний байгууллагууд ашиглахад тохиромжтой тул үйл ажиллагааны онцлог, хэрэглээндээ тохируулан сонгож, эрсдэлгүй, урт хугацаандаа ашигтай хөрөнгө оруулалт хийхийг “Грийн солар энержи” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ө.Отгонсүрэн зөвлөлөө. Тэрбээр “Нэг айлын суурилуулсан нарны систем тухайн айлын цахилгаан станц гэсэн үг. Тиймээс үүнийгээ ашиглан өөртөө цахилгаан эрчим хүчний хэмнэлт хийхээс гадна хуримтлуулсан илүүдэл эрчим хүчээ төвийн сүлжээнд нийлүүлж, илүү их хэмнэлт хийх боломж бүрдсэн” гэлээ. 
 
Хэрэглэгчээс үйлдвэрлэгч болох “ногоон”  боломж

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсгүүрийг дэмжих арга хэмжээг авахаар тусгасан байдаг. 

Энэ хүрээнд Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс түгээх сүлжээнд нийлүүлэх 1кВт.ц цахилгаан эрчим хүчний өдрийн тарифыг 285 төгрөг, оргил цагийн үед нийлүүлэх тарифыг 300 төгрөг байхаар шинэчлэн баталсан. Ингэснээр хэрэглэгч өөрийн сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчээ түгээх сүлжээнд нийлүүлэх замаар өгөөж хүртэх боломж нэмэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ нь хэрэглэгчээс үйлдвэрлэгч болох “ногоон” боломж. 
 

Тэгвэл зарим аж ахуйн нэгж энэхүү “ногоон” боломжийг ашиглаж эхэлжээ. Тухайлбал, "Баянзүрх" худалдааны төв үйл ажиллагаандаа нарны цахилгаан хангамжийн системийг нэвтрүүлж, өөрсдийн зардлаа хэмнэхээс гадна үйлдвэрлэгч болж эхэлсэн байна. Одоогоор журмын дагуу 73 хэрэглэгч гэрээ байгуулан “ногоон” боломжоо ашиглаж эхэлжээ.

Дуусашгүй “ногоон” нөөц

Нарны эрчим хүч нь хүлэмжийн хий ялгаруулдаггүй, хаягдал үүсгэдэггүй цэвэр эрчим хүчний эх үүсвэр учраас алслагдсан орон нутгаас өгсүүлээд сансрын орон зайд хүртэл өргөнөөр ашиглаж, хэрэглээ нь улам бүр өсөж байгаа гэдгийг холбогдох мэргэжилтнүүд тодотгож байна.
Дэлхий нийтэд шинжлэх ухаан, техник технологийн тусламжтайгаар нарны энергийг цахилгаан, дулааны эрчим хүч рүү хувирган ашиглаж буй. 

Манай орны нарны энергийн нөөц 4774Твт.цаг бөгөөд дунджаар жилийн 270-300 хоногт цэлмэг, нартай байна гэж тооцоолжээ. Түүнчлэн Монголын говь нарны энергийн нөөцөөрөө дэлхийд гуравт ордог байна. Тиймээс манай улсын хувьд цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, халуун ус, усалгаа гэсэн дөрвөн хэлбэрт түгээмэл ашиглаж буйг “Грийн солар энержи” ХХК-ийн үйл ажиллагаа, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр тодотгон харуулж байна. 

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай, зохистой ашиглах, эрчим хүчийг хэмнэх, хүлэмжийн хийн ялгарал, хог хаягдал болон дулаан алдагдлыг багасгах, агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн, тогтвортой хөгжлийн зорилгод хувь нэмрээ оруулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад олгодог “Ногоон гэрчилгээ”-ний эзэд болсон “Грийн солар энержи” ХХК бол бусдад “ногоон” амьдрал бэлэглэгч билээ.

Уншигч та дараах линкээр нэвтэрч https://unitelgroup.mn/sustain... Юнител группийн Тогтвортой байдлын тайлантай танилцана уу.

 С.Юмсүрэн

 Эх сурвалж: Монголын үнэн сонины №018/24645/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үндэсний номын баяр болж байна 3 цагийн өмнө
Э.Бямбасүрэн: Оршин буй цаг хугацаандаа үнэ цэнтэй байя гэвэл хүн өөрт… 6 цагийн өмнө
“Ногоон” амьдрал бүтээгчид 6 цагийн өмнө
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 8 цагийн өмнө
120 мянгат, 19 дүгээр хороолол орчимд шөнийн цагаар хэрэглээний хүйтэн… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа Өчигдөр
ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны яамны сайд Лю Жяньчаотай уулзав Өчигдөр
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно 2025/05/14
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын … 2025/05/14
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… 2025/05/13
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… 2025/05/13
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 2025/05/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 2025/05/12
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … 2025/05/12
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… 2025/05/12
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 2025/05/12
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 2025/05/12
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 2025/05/12
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 2025/05/12
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 2025/05/12