Д.Сүхбаатарын талбайд Үндэсний номын баяр болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй 37 дахь удаагийн номын баярыг “Илүү их уншья” уриан дор зохион байгуулж байгаа юм.
Номын баярын үеэр ном, соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгож, хүүхэд багачуудад зориулсан сонирхолтой ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.Тухайлбал, олон нийтэд зориулан “Байгаль экологийн чиглэлийн 50 ном”-ыг танилцуулж, “Мэргэн ном” цомын эзнийг тодруулж, “Номын сайн нөхөр”-ийг шалгаруулна.
Мөн оюуны өмчийн хуульчаас зөвлөгөө мэдээлэл авах, олон улсын утга зохиолын агентлагаас номын эрх авах, худалдах, мэргэшсэн редакторуудтай хамтран ажиллах, номын сурталчилгаа маркетингийн үйлчилгээ авах, ном бичих зөвлөгөө мэдээлэл авах, номын клубт элсэх, уншлагын зөвлөгөө авах зэрэг үйл ажиллагаа болох юм. Түүнчлэн үндэсний бахархалт амьтан Мазаалайн асруудыг бэлдэж, зохиолчидтой биечлэн уулзах, кофе, цай ууж номын тухай яриа дэлгэн суух тусгай орчин бий болгожээ.
Энэ удаагийн баярт ОХУ, БНХАУ, БНСУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцоно. Түүнчлэн “Либро сувд агентлаг”-аас монгол зохиол бүтээлийг гадаад орны уншигчдад эх хэлээр нь хүргэх, монголын оюуны бүтээлийг экспортлох ажлыг эхлүүлж байна. Мөн орчуулган номын эрх авах, номын редактор, ном зүйн үйлчилгээ, номын маркетинг хэсгээс хэвлэлийн үнэ бодуулах, шинэ хэвлэх номынхоо цаас, материалыг сонгох зэргээр ном бичих хүсэлтэй уншигчдад зориулсан шинэ үйлчилгээг хүргэх аж.
Номын баяр энэ сарын 16-18-ныг дуустал үргэлжилнэ.
Гэрэл зургуудыг МУСГЗ Т.Чимгээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна