Хятадын Коммунист намын урилгаар БНХАУ-д айлчилж буй МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны яамны сайд Лю Жяньчао хүлээн авч уулзав.
МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Хятадын коммунист намын Төв Хорооны Гадаад харилцааны яамны сайд Лю Жяньчаотой уулзаж хоёр улсын харилцаа, нам хоорондын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов. Талууд хоёр улсын эрх баригч намуудын хувьд улс орны хөгжлийн зорилтуудыг шийдвэрлэх, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийн чухлыг тэмдэглээд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, ногоон хөгжлийг дэмжсэн шинэ технологийн чиглэлд хамтран ажиллах саналыг Монголын талаас тавьж, дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл хөтөлбөрүүдэд Хятад Улсын хариуцлагатай, томоохон аж ахуйн нэгжүүдийг оролцуулах боломж зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцлоо.
Түүнчлэн олон жилийн түүхэн харилцаат Хятадын коммунист нам МАН-ын хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, сайд Лю Жяньчао нар гарын үсэг зурлаа. Цаашид залуус хоорондын солилцоог нэмэгдүүлэх, залуусыг сургах тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, харилцан айлчлалыг тогтмолжуулах нь нам хоорондын харилцааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн чухал алхам болохыг талууд онцоллоо.
Мөн энэ үеэр БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд залуучуудын солилцоо, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан “100 залуучуудын соёлын солилцооны хөтөлбөр” арга хэмжээнд оролцов. Хоёр улсын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд залуус солилцооны эдгээр арга хэмжээнүүд чухал үүрэгтэй бөгөөд ирэх онд хятад залуусын айлчлалыг хүлээн авахаа Монголын тал мэдэгдсэнд сайд Лю Жяньчао талархал илэрхийлээд энэ онд Монгол Улсад айлчлахаа нотлов.
Айлчлалд Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Т.Аубакир, Д.Үүрийнтуяа, Б.Уянга болон МАН-ын албаны төлөөлөгчид дагалдан ажиллаж байна.
Эх сурвалж: nam.mn
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна