БНСУ-ыг зорих монголчууд хил, гааль дээрээс олноор буцах болсон тухай мэдээллийн бүх л хэрэгслээр бид уншиж, сонссон. Олон улсын визний зөвлөгөө бүрдүүлэлтийн үйлчилгээ үзүүлдэг “Соту Кореа Виза Консалтинг” ХХК-ийн захирал Б.Солонготуяатай ярилцлаа.
-”Соту Кореа Виза Консалтинг” ХХК-ийн үйл ажиллагааны талаар иргэд нэлээд ам сайтай байгааг сонсоод зорин ирсэн юм. Хэзээ байгуулагдсан ямар үйл ажиллагаа явуулдаг компани болохоо уншигчдад танилцуулаад ярилцлагаа эхлэх үү?
-Манай байгууллага баталгаат орчуулга, олон улсын визний зөвлөгөө, бүрдүүлэлтийн үйлчилгээ үзүүлдэг. Гол үйлчилгээ, бүтээгдэхүүн гэвэл баталгаат орчуулга юм. “Соту Кореа Виза Консалтинг” ХХК 2023 онд байгуулаад захирлаар нь Б.Солонготуяа миний бие, менежер О.Минжинсор гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
-Компаниа үүсгэн байгуулсан түүхүүд надад их сонирхолтой байдаг. Ялангуяа эмэгтэй захиралтай компаниудын түүх их сонирхолтой?
-Би компани байгуулах шалтгаанаа хэлэхээс урьд амьдралын түүхээсээ багахан хэсгийг танд ярих болох нь дээ. Миний мэргэжил гадаад харилцаа, аялал жуулчлал гэдэг салбартай ойрхон биш. Би уг нь сэтгүүлч мэргэжилтэй болохыг хүсэж, мөрөөддөг байлаа. Амьдралын зам хүнийг хааш нь ч хөтөлж аваачаад, юу ч үзүүлж магадгүй гэдгийг би биеэр туулаад сууж байна. Ер нь бол хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж БНСУ-д сэтгүүлч мэргэжлээр сурч, магистр хамгаалаад ирсэн хүн шүү дээ. Яагаад гэнэт өөр салбарт урвачихав гэж асууж мэдэх юм. Тэгвэл би амьдралын шаардлага гэж л хариулна даа. Би гадаадад сурдаг монгол оюутнуудын л нэг адил Өмнөд Солонгост сурахын хажуугаар цагийн ажил хийдэг байлаа. Сургуулиа төгсөөд цагийн ажил хийж явсан туршлагаараа Солонгост визний чиглэлийн компаниудад нэлээд хэдэн жил ажиллаад эх орноо зорихдоо мэргэжлийн сэтгүүлчээс гадна визний компанид ажилласан, энэ талын нэлээд туршлага хуримтлуулсан нэгэн болсон байлаа. Хүн чинь гадаадад ч бай эх орондоо ч бай адилхан хурааж, хуримтлуулсан туршлагадаа дулдуйдан ажилладаг юм билээ. Эх орондоо ирээд ч ялгаагүй визний чиглэлийн компанид ажил хийж эхэлсэн. Бас л чамгүй хугацаанд ажиллаж зах зээлээ мэдрээд хувийн компаниа байгуулж үйл ажиллагаагаа явуулаад үзэх санаа шийдэл гаргаад л ажилдаа орсон.
-Залуу хүний хүсэл мөрөөдөл цуцашгүй нь сайхан юм даа. Хоёулаа компанийхаа үйл ажиллагааг ахиад жаахан дэлгэрүүлээд ярья?
-”Соту Кореа Виза Консалтинг” ХХК байгуулагдсан цагаасаа эхлээд л Япон болон БНСУ-ын визний материал бүрдүүлэлт, зөвлөгөө өгч үйлчилж байгаа тухайгаа дээр дурдсан. Бид зорин ирсэн үйлчлүүлэгчдэдээ БНСУ-д хийх аялал, сургалт, эмчилгээний визний талаар зөвлөгөө өгч, үйлчилгээ үзүүлдэг. Манай компанитай хамтран ажилладаг, нэг үгээр хэлбэл түнш компани БНСУ-д байрладаг. Түнштэйгээ хамтарч улсын болон хувийн 10 гаруй их, дээд сургуульд мэдлэгийн түвшингээ ахиулж хэлний бэлтгэл хийх болон суралцах, мөн баклавр магистр хамгаалахад зуучилдаг. Солонгос улсын их дээд сургуулиудын том жижиг эмнэлгүүдээс өвчтөн болон асран хамгаалагчид урилга авч өгөх үйлчилгээ зэргийг эрхлэн явуулж байна. Япон улсын аяллын цахим болон биеэр мэдүүлэх үйлчилгээний зөвлөгөө бүрдүүлэлт зэрэг үйлчилгээг мөн үзүүлдэг байгууллага юм.
-Үйлчлүүлэгчид танай компанид ирэхдээ юунд анхаарах вэ. Бусад ижил үйлчилгээ үзүүлдэг компаниас хэрхэн ялгардаг вэ?
-Манай байгууллагаас утсаар цаг аван ирж үйлчлүүлэх боломжтой. Бид хамгийн анхны энгийн зөвлөгөөг 77117044, 99178251 гэсэн дугаараар өгөх боломжтой байдаг. “Соту Кореа Виза Консалтинг” ХХК-ийн бас нэг онцлог нь үйлчлүүлэгчдээ тав тухтай бүрэн мэдээлэл өгөх тал дээр анхаарч ажиллдаг тул өдөрт олон хүн хүлээн авдаггүй юм. Энэ нь үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээдэг. Үүнээс гадна үйлчлүүлэгчдэдээ визний материал бүрдүүлэлтийн байгууллага гэдэг дээр агуулга дээрээ нэмэлт тайлбар хийх шаардлагатай санагдаад байдаг юм. БНСУ-ын Элчин сайдын яамны харьяанд байдаг виз мэдүүлгийн төв KVAC гэж байдаг. Виз мэдүүлгийн төвийг төлөөлөн гүйцэтгэх байгууллага буюу визний материал хүлээн авагч 15 компани бий. Харин бид эдгээр байгууллагад үйлчлүүлэгчдийн материалыг бэлдэж, бүрэн гүйцэт боловсруулж өгөх үйлчилгээг үзүүлдэг юм. Үйлчлүүлэгчид илүү өргөн мэдээлэл зөвлөгөөг өгч илүү ойртсон туслах үйлчилгээ гэж ойлгоход болно л доо. Үйлчлүүлэгчдийн ажлыг хялбарчилж визний талаарх мэдлэгт нь тус нэмэр болох нь манайх шиг байгууллагуудын зорилго оршдог гэх үү дээ. Мөн бид тулгамдаж буй гол асуудал болох БНСУ-ын виз авсан ч хил дээрээс буцах асуудал дээр гарц гаргалгааг олж туслах, асуудлыг хөнгөвчилж өгөх зорилготой.
-БНСУ-ын хил дээрээс буцах нь виз хүсэгчдэд нэлээд хүнд асуудал болоод байгаа. Энэ ганцхан Монгол Улсын иргэдэд тохиолдоод байгаа асуудал уу. Иргэд ийм ойлголттой байгаа учраас лавлах хэрэгтэй гэж бодсон юм?
-Энэ явдал ганцхан манай улсын иргэдэд тохиолдоод байгаа зүйл биш л дээ. Зүүн өмнөд Азийн Филлипин, Малайз, БНХАУ-ын иргэдээс гадна Төв Азийн зарим улсын иргэдийг ялгаагүй хил дээрээс буцаах болсон юм билээ. Зөвхөн биднийг л буцаагаад байна гэдэг бол бид өөрсдийгөө л олж хараад байгаа хэрэг. Түүнээс өөр ажлын байрны хомсдол гэдэг ч юм уу шалтгаан нөхцөл байхгүй. Би ажлын шаардлагын дагуу өглөө бүр Солонгосын телевизүүдийн мэдээ үзэж, хөдөлмөрийн зах зээл дээрх судалгаа, ажлын байрны зар зэргийг нийтэлдэг сайтуудыг орж уншдаг. Тэнд гарч байгаа мэдээ, судалгаа баримтуудыг харж байхад хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний хомсдол гэхээс ажлын байрны хомсдол гэсэн зүйл байдаггүй.
-Залуучууд нэлээд золиос гаргаж гадаад оронд ажиллахаар явдаг. Мэдээж баян тансаг амьдарч байсан бол нутаг орноосоо холдохыг хэн хүсэх вэ. Золиос гаргаж явчихаад хил дээрээс буцах хүнд. Яагаад буцаад байдаг юм бол. Юу анхаармаар байна?
-Монголчууд их сонин шүү дээ. Бид бусад улс орныг зорихдоо зөвхөн аялах тухай, гоё сайхан зүйл үзнэ гэж бодож явдаг бол БНСУ-ыг зорихдоо яг ажиллаж, мөнгө олно гэдэг зорилготой л явдаг. Хамгийн нэгдүгээрт, энэ бодлоо тархинаасаа арчаад хаячих гэж хэлдэг. Хоёрдугаарт, бид очоод байрлах хаяг, нисэх онгоцны тийзний хугацаан дээр алдаа хийдэг. Энэ талаар манай компанийг зориод ирвэл бид маш ойлгомжтой тайлбарлаад өгч болох юм.
-БНСУ-д зорчиход монголчуудын анхаарах зүйлс юу байх вэ?
-Өмнөд Солонгос улсын визний хариу гарах хугацаа богиносож 30 хоног болсон. Аяллын визээ авсан үйлчлүүлэгчид маань хилээр аюулгүй, асуудалгүй нэвтрэхэд анхаарах гол хэдэн зүйлийг дурдая. Хамгийн эхэнд таны зорчиж буй шалтгаан аялал гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Аялж байгаа учраас онгоцны билетээ цөөн хоногоор ав. Билетийг тухайн оронд очоод сунгах боломжтой байдаг учраас санаа зовох хэрэггүй. Таны очих хаяг маш чухал бөгөөд заавал хаяг тодруулсан буудлын захилагын хуудас эсбөгөөс танил, хамаатан садандаа очих албан ёсны хаяг, утасных нь дугаарыг авсан байх шаардлагатай. Хамаатан садандаа очих бол утас руу нь ярьж тодруулдаг тул анхааруулж хэлсэн байх. Мөн буудлын захиалга хийсэн бол заавал захиалгын хуудсаа хэвлэж авч явах албан ёсны захиалга хийсэн байх ёстой. БНСУ руу нэвтрэх хуудас онлайнаар бөглөдөг болсон ба онгоцонд өгдөг шар хуудас нь 26 оноос бүр байхгүй болох гэж байгаа. Энэхүү нэвтрэх хуудас дээр таны байрлах хаяг утасны дугаар хоног бүгд бөглөгддөг тул таны хаяг болон билетийн хугацаа хэр зэрэг чухал гэдгийг эндээс харж болно. Аялагчдаас шаарддаг, асуудаг зүйлийн нэг бол таныг хэрхэн аялах талаар төлөвлөгөөг асуудаг. Тиймээс аяллын төлөвлөгөөгөө гаргаад явах хэрэгтэй. Энэ мэтчилэн БНСУ руу аялахдаа та бэлдэх зүйлс байдаг бөгөөд өөрөө бэлдэх боломжгүй, чадахгүй байвал ийм үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаас зөвлөгөө үйлчилгээ авч яваарай гэж хэлмээр байна.
-Ярилцлагын төгсгөлд компанийн ойрын ирээдүйд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил үйлчилгээ, өмнөө тавьсан зорилгоосоо хуваалцна уу?
-Манай компани цаашид визний зөвлөгөө үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагааныхаа хүрээг тэлэх ирээдүйн зорилго, зорилт тавиад байна. Одоо бид БНСУ, Япон гэдэг хоёр улсад аялах, бусад төрлийн визний зөвлөгөө үйлчилгээг үзүүлж ажилладаг бол визний зөвлөгөө үйлчилгээ хэрэгтэй өөр бусад улс орнуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ. БНСУ-д амьдарч буй монголчууддаа бусад улс руу аялах болон бусад төрлийн визний материал бүрдүүлэлтэд нь туслах үйлчилгээ үзүүлэх зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой байна.
-Сонирхолтой мэдээлэл өгч ярилцсанд баярлалаа.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонины №017/24644/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна