“Төгрөг -миний нүдээр” сэдэвт гар зургийн уралдаанд Орхон аймгийн 5 дугаар сургуулийн сурагч Б.Амарбаясгалангийн ирүүлсэн бүтээл
Үндэсний мөнгөн тэмдэгт – төгрөгийн талаарх зарим сонирхолтой тоон мэдээллүүдийг нэгтгэн хүргэж байна.
Гурван хувь
М2 эзлэх гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хувь жилээс жилд буурсаар байгаа ба 2024 оны эцсийн байдлаар гурван хувьд хүрсэн байна. Энэ нь төлбөр тооцоо хийх хандлага илүү дижитал хэлбэрт шилжиж байгааг харуулж байна. 2021 онд Төв банкнаас авсан түүвэр судалгаанаас харахад нийт төлбөр тооцооны 70 хувь нь дижитал хэлбэрээр 30 хувь нь бэлэн мөнгөөр хийгдэж байна.
590.4 сая ширхэг
Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө тоо, ширхгээр 2024 оны эцэст 590.4 сая ширхэгт хүрсэн байна. Үүнд 1-тээс 100-т хүртэлх бага нэрлэсэн дүнтэй мөнгөн дэвсгэртүүд гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний 78.2 хувийг, үлдсэн дэвсгэртүүд нийлээд 21.8 хувийг бүрдүүлжээ.
1.2 их наяд
Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө сүүлийн жилүүдэд тогтмол өсөлттэй байгаа ба 2024 оны эцсийн байдлаар мөнгөн дүнгээр 1.2 их наяд төгрөг байна. 2024 онд 10000 болон 20000 төгрөгийн дэвсгэртүүд мөнгөн дүнгийн 89.5 хувийг, үүнээс 71 хувийг нь 20000-тын дэвсгэрт дангаараа бүрдүүлжээ.
92 хувь
Монголбанк нь хуурамч мөнгөн тэмдэгттэй тэмцэх зорилгоор сүүлийн жилүүдэд мөнгөн тэмдэгтийн хамгаалалтыг орчин үеийн дэвшилтэт технологиор сайжруулахад онцгой анхаарч, мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг ханган ажиллаж байна. 5000, 10000, 20000 төгрөг зэрэг өндөр нэрлэсэн дүнтэй мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэх нь элбэг бөгөөд хуурамч мөнгөний 92 орчим хувийг дээрх тооны дэвсгэртүүд эзэлж байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонины №017/24644/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна