Түрүүч нь № 016 /24643/ дугаарт
Өрөмч хот улам бүр нээлттэй болжээ. Нэгэн цагт ойрдууд мал адгуулан амьдарч байсан бол өнөөдөр гурван сая гаруй хүн амтай их хотын зэрэгт хүрчээ. Эртнээс нааш цааш хэрэх худалдааны замын уулзвар, өдгөө БНХАУ-ын гол бодлого XXI зууны торгоны замын чухал зангилаа, их хөлийн газар юм. Шинжаан Уйгурын Өөртөө засах орны засаг захиргааны төв энэ хотын талаарх олны төсөөлөл бодит байдлаас хол зөрнө. Торгоны замын өнийн уламжлал, соёлын олон талт байдлыг хослуулснаас гадна газар зүйн өвөрмөц тогтоцтой. Эх газрын эрс тэс уур амьсгалтай, далайн түвшнээс дээш өндөрлөг, цөлийн зурваст оршдог. Олон соёл сүлэлдэн, шашин айлсан нийлжээ. Зүүн гарын хотгорын өмнөд зах, Тэнгэр уулын үргэлжлэл, Богд оргил Өрөмч хотын байгалийн чимэг. Ногоон бүсийн эзлэх хэмжээг ч нэмэгдүүлжээ. Өндөр шилэн барилгууд, давхарлан сүлжилдэх зам, орон сууцны хорооллууд далайгаас хамгийн алслагдсан уг хотын орчин үеийн хэв маягийг илтгэнэ. Шилэн барилгууд, дундад Азийн хэв загварын базаар, исламын мечеть, бурхан багшийн хөшөө, суварга, күнзийн сүм хорших нь сонин бас содон. Метроны нэг шугамтай аж. Хоёр дахь шугамын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Хотын метроны системийг 2018 оноос байгуулсан нийт 27615 км урт. Түүнчлэн өндөр хурдны галт тэргээр бусад хоттой холбогджээ. Өндөр хурдны галт тэрэг цагт 350 км хүртэл хурдлах ч дотроо тав тухтай, агааржуулагчтай, дуу чимээ багатай байсныг дурдах нь зүйтэй. “Тяньшань” нисэх онгоцны буудал Хятадыг Дундад Ази, ОХУ-тай холбосон гол гарц. Энэ оны гуравдугаар сард ашиглалтад оруулсан уг нисэх буудал жилд 30 сая гаруй зорчигчийг хүлээн авахаар төлөвлөжээ. Евразын эх газрын төвд орших логистикийн давуу талдаа тулгуурлан агаарын, төмөр зам, хуурай замын гурван хэмжээст тээврийн сүлжээний зангилаа болсон. Төв Азийн орнуудтай олон түвшний бодит хамтын ажиллагаагаа өргөжүүлж, чөлөөт худалдааны бүс хөгжүүлэх стратеги баримталж байна. Бүс нутаг эдийн засгийн хөрөнгө оруулалт, худалдаа, эрчим хүчний нөөц, соёлын аялал жуулчлалд анхаарал хандуулдаг. Шинжаан Уйгурын Өөртөө засах орон бол Ази, Европыг холбосон алтан коридор юм. Өрөмч хот өнөөдөр 11793.7 хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэр эзэлж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 10 мянган ам.доллар давжээ. Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор зарцуулсан төсөв нь бодит үр дүнгээ өгсөн хэмээн танилцуулж байлаа. Өнгө алагласан цэцэгсээр гудамж, талбайгаа чимэглэж, төрөл бүрийн мод, гоёлын бут тарьжээ. Тэнгэр уулын хормойноос Өрөмч хотыг хүртэл зүлэгжүүлэх төсөл хэрэгжүүлж агаарын чийгшлийг нэмэгдүүлсэн байна.
Өндөр технологийн өгөөж
Цахим орчинд хайлт хийвэл Шинжаан Уйгурын Өөртөө засах орны тухай олон талын мэдээлэл бий. Тэр бүхнийг унших, сонсох нь хангалтгүй, биеэр очиж нүдээр үзэж байж энэ хязгаар нутгийг мэдэх учиртайг цөөхөн хоногийн аялал минь батлах шиг. Шинжаан бол БНХАУ-ын нийт хуурай газрын зургааны нэг. Газар нутгийн хэмжээгээрээ манай улсаас том аж. Газрын тос, нэхмэл эдлэл, металлургийн үйлдвэрүүдийн кластер, дотоодынхоо хамгийн том салхины эрчим хүчний төв. Хятадын нийт нүүрсний 40, хуурай газрын нийт байгалийн хий, газрын тосны нөөцийн тус бүр гуч гаруй хувь нь байдаг гэхээр ямар баян нутаг болох нь тодорхой. Товчхондоо Шинжаан түүх соёлын их өв, өнөөгийн амьдралын олон өнгө, байгалийн баялаг гээд юм юмаараа алдартай. Тэр бүхнийг үдлээд буцахдаа үзэж харж амжихгүй. Өрөмчид Өөртөө засах орны нийт хүн амын аравхан хувь нь амьдардаг ч нийт бүтээгдэхүүний 65 хувийг үйлдвэрлэдэг, ачааны хүндийг үүрдэг хот юм. Ер нь бол салхины эрчим хүч, металлургийн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл тус бүсийн гол тулгуур салбарууд бөгөөд сүүлийн үед машин үйлдвэрлэлийн хүчирхэг төв болох зорилт тавьжээ. Бидний зочилсон TBEA групп нь Хятадын өндөр технологийн үндэсний үйлдвэр төдийгүй эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч аж. Ялангуяа эрчим хүч дамжуулах, түгээх зориулалттай өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, цахиурт суурилсан шинэ эрчим хүчний үйлдвэрлэл, хөнгөн цагаанд суурилсан шинэ материалын үйлдвэрлэлийг хөгжүүлдэг. Дотооддоо 21 үйлдвэрлэлийн парк, дэлхийн хэмжээнд цахилгаан дамжуулах болон эрчим хүчний дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлсэн. Дэлхийн эрчим хүчний салбарт цэвэр эрчим хүчний шийдлүүд нэвтрүүлж буйгаараа онцлог компани байлаа.
Хөрсгүй тариалан
Газар тариалан байгалийн цаг агаарт захирагдаж ирсэн урьдын цаг өнгөрчээ. Ус, бордоо, гэрэл, дулааныг тохируулж чадвал говийн шүлтлэг хөрс бүхий нутагт нарийн ногоо тариалах бүрэн боломжтой. Ухаалаг хүлэмж, дижитал удирдлагын систем зэрэг олон дэвшилтэт технологид суурилсан Цонж хотын “Шинжаан агрокультур эксбишн парк”-т зочиллоо. Шинэлэг технологийн хүчээр өндөр чанартай нарийн ногоо тариалах арга нь хөдөө аж ахуйн үйл явц дахь эрчим хүчний хэрэглээг бууруулах чухал алхам болжээ. Нөгөөтэйгүүр орон нутгийн иргэдийг тогтвортой ажлын байраар хангадаг. Хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн паркийн ухаалаг хүлэмжинд тарьсан үрлэн улаан лооль Бээжинд эрэлттэй гэнэ. Хөрсгүй тариалалт, дуслын усалгаа, дижитал технологийг ашигласнаар жилийн турш зах зээлд нийлүүлэх боломж бүрджээ. Хэдхэн жилийн өмнө хүлэмжийн тариалан хангалттай усалгаанд голлон төвлөрдөг байсан. Тэгвэл өнөө үед усны дусал бүрийг үр ашигтай ашиглахад анхаарч эхэлсэн. Хятадын хөдөө аж ахуйн хөгжлийг хязгаарлаж ирсэн тэнцвэргүй, хангалтгүй усны нөөцийг технологийн хүчээр шийдэж чаджээ. Төрөл бүрийн ногооны үрийн боловсролтыг харгалзан тохирсон бордоотой усаар шүршинэ. Ингэснээр хөдөлмөрийн зардлыг хэмнэдэг аж. Угаас Шинжааны нэгэн нэрийн хуудас бол хоолны соёл. Хонь, үхрийн махан зоог, гамбир, бин, сүү, тараг, жимс, жимсгэнээрээ хэдийнээсээ алдартай. Нэрийг нь мэдэх хийгээд үл мэдэх олон төрлийн жимс ногоо хүнсний нүд булаан эрээлнэ. Хол ойрын зочин гийчид Шинжаанаас буцахдаа ямар нэгэн жимс авч явах нь ёс болсон гэлтэй. Анзаарагдсан нэг зүйл бол гадаад сурталчилгаанд онцгой анхаарч буй оршин суугч бүрийн хичээл зүтгэл. Эх орноо таниулах, өөрийн давуу болоод сайн талаа ойлгуулах, дэлхий нийтэд түгээхийг ихэд чухалчилдаг болсныг илтгэнэ. Тэдний угтах, үдэх соёл ч гэсэн “Хятадын онцлогтой социализм” гэдэг шиг үндэсний онцлогтойгоор хөгжжээ. Ирсэн зочдыг үүднээсээ угтан, байгууллагынхаа түүх, амжилтыг гэрчилсэн буланд заавал тусгай танилцуулга хийнэ. Таван жилийн өмнө байгуулагдсан компани ч ялгаагүй энэ жишгийг дагана. Өрөмчийн техник эдийн засгийн хөгжлийн бүсийн төлөвлөлт шинэ тутам хөгжиж буй хотод жишиг болохуйц. Олон улсын худалдааны өндөр зэрэглэлийн бүс, шинжлэх ухаан техникийн байгууллагуудын инкубатор, дээд боловсрол, олон улсын тээвэр зуучийн том цэг болох зорилт тавьжээ. Зочилсон байгууллага, компаниуд дэлхийн топ 500, Үндэсний шилдэг болохыг зорино. Ер нь бол автомашин, тоног төхөөрөмж, барилгын шинэ материал үйлдвэрлэл, орчин үеийн логистик үйлчилгээг түлхүү хөгжүүлж, нүүрсний хими, мэдээллийн инженеринг, био анагаах ухаан, шинэ материалын үйлдвэрлэлийг цоо шинээр хөгжүүлж байна. Ийнхүү техник эдийн засгийн бүсийг хөгжүүлжээ. Өөрөөр хэлбэл, Хятад улс холыг харж, Өрөмч хотыг Ази, Европыг холбосон Торгоны зам дээрх эдийн засгийн онцгой үүрэг бүхий чухал цэг болгох ажлаа нэгэнт эхэлжээ. Хөгжил зөнгөөрөө бий болдоггүй, хөгжлийг төлөвлөж удирдаж бий болгодгийн сонгодог жишээ энэ юм.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонины №017/24644/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна