Монгол төрийн цаасан мөнгөн тэмдэгтийн хэрэглээ

unen
8 цагийн өмнө


Монгол Улс үндэсний мөнгөн тэмдэгт – төгрөгийнхөө 100 жилийн ойг 2025 онд тэмдэглэн өнгөрүүлж буй ч монголчуудын цаасан мөнгөний хэрэглээ 100 жилээр тогтохгүй их түүх, өв уламжлалтай билээ. Монголын эзэнт гүрний хаанчлалын үед 100 гаруй удаа алт, мөнгөн болон металл зоос, цаасан тэмдэгтүүдийг гүйлгээнд гарган хэрэглэж байв. Тэр дундаа Хубилай хааны үед дэлхийд анхны цаасан мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гарган хэрэглэж байсан нь монголчууд бидний бахархах түүх мөн юм. Монголчуудын цаасан мөнгөн тэмдэгтийн түүхийг энд сийрүүлье.  

Монгол туургатан 1236 онд төрөл бүрийн хэлбэр, хэмжээ, жинтэй зоосон мөнгийг нэгтгэн ижил хэмжээ, жинтэй зоос цутган гаргах "Мөнгөний шинэтгэл" хийж байжээ. Цаасан тэмдэгт, зоосон мөнгө их хэмжээгээр гүйлгээнд гарган 1253 онд "Мөнгөний хэрэг эрхлэх хэлтэс" нэртэй мөнгөн гүйлгээ эрхэлсэн байгууллага буюу одоогийнхоор банк байгуулан ажиллуулж байлаа. Тэр үеийн зоосон мөнгө нь эхэн үедээ тодорхой тоо хэмжээ заагаагүй, төдтийн дэвсгэрт гэж ялгадаггүй байснаа 1241 онд "Их Монгол улсын мөнгө" нэртэй зоосыг анх удаа "Нэг" гэсэн тоотой гаргасан байна. Хубилай хааны үед 1260 онд Монголын эзэнт гүрний нийслэл Хар хоринд "Мөнгө тушаах банк" байгуулж, улмаар аравт, хорьт, зуут, мянгатын дэвсгэрт бүхий чао мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулан 1282 онд олон замд (худалдааны төв газруудад) тэгшитгэх банк нэртэй салбаруудыг байгуулан ажиллуулж байжээ. Мөнгөний гүйлгээ эрчимтэй хөгжиж 1280-аад онд цаасан мөнгөний шинэтгэл хийж, 1327 онд хуучирсан цаасан мөнгийг шатааж устгах газартай болгон устгалын ажилд мужийн түшмэл гэрчээр оролцдог журам тогтоож байсан гэдэг. Үүнээс хойших хугацаанд монголчуудын байгуулсан төрт улсууд тус тусдаа өөр өөрсдийн гэсэн зоос болон цаасан мөнгөн тэмдэгтийг өргөн хүрээнд хэрэглэж байсан ч Монгол орон Манжийн эрхшээлд орсон 200 гаруй жилийн хугацаанд үндэсний эдийн засаг, соёл, шинжлэх ухааны ололт бүтээлээ мэдрэхгүй болтлоо доройтжээ.
1911 онд Монгол Улс Манжийн дарлалаас гарч, Үндэсний хувьсгалт хөдөлгөөн өрнөж байх үед Монгол орон Үндэсний банк, санхүү, мөнгө, зээлийн системгүй, зах зээлд Манж, Хятадын ембүү, Англи, Америк, Мексикийн алт, мөнгөн зооснууд голцуу төлбөрийн хэрэгслийн үүргийг гүйцэтгэж байв. 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа монголчууд бие даан өөрийн орны мөнгөн дэвсгэртээ гаргах оролдлогууд хийж байв.  Тухайлбал, 1921 онд Богд хааны зарлигаар зөвшөөрөгдсөн “Бага болзоот” нэртэй улсын зээллэгээг зургаан сарын хугацаатай гаргасан нь мөнгөн тэмдэгтийн үүргийг 1923 он хүртэл гүйцэтгэсэн байдаг. Мөн 1921 онд Ардын Засгийн газраас Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улс /ЗСБНХОУ/-д захиалан хийлгэсэн Монгол долларын дэвсгэрт нь Монгол улсын Сангийн яамны сайд Солийн Данзангийн гарын үсэгтэй байсан учир “Данзангийн доллар” гэх болжээ. Данзангийн доллар 1921, 1922 онд хэвлэгдсэн боловч тухайн үед шинэ хэтийн төлөв бий болж, санхүүгийн төлөвлөгөө өөрчлөгдсөнтэй холбоотой хойшилсоор 1924 онд хэрэглэх гэсэн боловч С.Данзан хэлмэгдэн эсэргүү хэмээгдэх болсноор уг мөнгөн тэмдэгт гүйлгээнд гараагүй юм.
Ардын Засгийн газраас үндэсний банк, санхүүгийн системийг буй болгох, үндэсний мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд нэвтрүүлэх чиглэлд үе шаттай арга хэмжээнүүдийг авч, хэрэгжүүлснээр 1924 онд “Монгол-Зөвлөлтийн Худалдаа ба Аж үйлдвэрийн банк” (Монголбанк)-ийг байгуулсан бол 1925 онд үндэсний мөнгөн тэмдэгтийг Төгрөг нэртэйгээр гүйлгээнд гаргах онцгой эрхийг Монголбанканд олгосон байдаг. Ингэснээр Монгол Улсын орчин цагийн мөнгөн тэмдэгт төгрөгийн түүх эхэлжээ. 1925 оны анхны мөнгөн тэмдэгт нь 1, 2, 5, 10, 25, 50, 100-тийн дэвсгэрээр гарч, мөнгөн тэмдэгтийн 25-аас доошгүй хувь нь үнэт металлаар, 75 хувь нь түргэн борлогдох бараа материалаар баталгаажиж байв. Ийнхүү 1925 оны 12 дугаар сарын 9-нд анх 200,100 төгрөгийг гүйлгээнд гаргасан. Цаасан дэвсгэртүүдээс гадна Монголын үндэсний шинэ мөнгөн тэмдэгтээр 900 сорьцын 18 граммын жин бүхий цагаан мөнгөн зоосыг батлан гаргаж төгрөг гэж гүйлгээнд гаргасан байдаг. Төгрөгийг эхлээд гүйлгээнд гаргахдаа цалингаар дамжуулан гаргаж дараа нь улсын хэмжээний бүх албан газруудын төсөвт зардлуудыг төгрөгөөр тооцох болсноор Монголын зах зээл дээр бүрэн байр сууриа эзэлсэн юм. Ингэж үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг улс ардын аж ахуйн хөгжлийн бүхий л үе шатанд амжилттай үйлчилж, мөнгөн гүйлгээ, төлбөрийн хэрэгсэл, өртгийн хэмжүүр, хадгаламжийн үндсэн нэгж, Олон улсын мөнгөний үүргийг бүрэн чанартай гүйцэтгэж иржээ. 

 Эх сурвалж: Монголын үнэн сонины №017/24644/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 4 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 4 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … 4 цагийн өмнө
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… 4 цагийн өмнө
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 6 цагийн өмнө
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 6 цагийн өмнө
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 6 цагийн өмнө
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 6 цагийн өмнө
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 6 цагийн өмнө
Ази, Европыг холбосон алтан коридор 7 цагийн өмнө
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна 7 цагийн өмнө
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… 7 цагийн өмнө
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… 7 цагийн өмнө
М.Мандхай: Хүнсний аюулгүй байдалд бие даасан агентлаг хяналт тавьдаг … 7 цагийн өмнө
Эх орон -Эх дуудаж байна 7 цагийн өмнө
​ Мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээг хэвшүүлье 7 цагийн өмнө
Мөнгөн тэмдэгтийн аппликэйшныг хэрэглээнд шинээр нэвтрүүллээ 7 цагийн өмнө
Төгрөгийн тухай зарим тоо 7 цагийн өмнө
​ Монгол Улсын 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэртэд олон улсын шагнал о… 7 цагийн өмнө
Монгол төрийн цаасан мөнгөн тэмдэгтийн хэрэглээ 8 цагийн өмнө