“Хүнсний хангамж”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилго дор Хүнсний тухай хууль болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, мөн Хөдөө аж ахуйн тухай хуулийн анхдагч төслийг боловсруулж эхэлжээ. Эдгээр хуулийн төслийг санаачлан боловсруулж буй УИХ-ын гишүүн М.Мандхайтай ярилцлаа.
-Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо” гэсэн гурван хөдөлгөөнийг эрчимжүүлэх ажлын хэсгийнхний сүүлийн үеийн ажлын явцын мэдээллээс хуваалцъя?
-Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын хүрээнд “Хүнсний хувьсгал”, УИХ-ын 63 дугаар тогтоолоор “Цагаан алт”, Засгийн газрын 166 дугаар тогтоолоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байна. Энэхүү үндэсний гурван том хөдөлгөөнийг эрчимжүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах, хэрэгжилтэд хяналт тавих, хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгож бүрдүүлэх чиг үүрэг бүхий Хөдөө аж ахуйн үйлдвэржилтийг дэмжих ажлын хэсэг УИХ-ын даргын 42 дугаар захирамжаар байгуулагдан ажиллаж байна.
Бид хөдөлгөөнүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх тухайд холбогдох байгууллага, талуудын уялдаа холбоог хангах зэргээр нэлээд идэвхтэй ажиллаж байгаа. Харин хяналтын тухайд албан ёсны зөвшөөрөл дор холбогдох байгууллагуудын хэрэгжилтийн тайлан мэдээллийг авч, тулгамдаж буй асуудлыг хэрхэн, яаж шийдвэрлэхэд голлон анхаарч ажиллаж байна.
-Тухайн хөдөлгөөнүүдийг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох чиглэлд томоохон гурван хуулийн төслийг санаачлан боловсруулж байна. Хуулийн төсөл одоогоор ямар шатандаа явж байна вэ?
-Хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа. “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнийг эрчимжүүлэхэд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход суурь хоёр том хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн. Тодруулбал, Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж байгаа. Харин “Цагаан алт” болон “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эрчимжүүлэх хүрээнд Хөдөө аж ахуйн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, өргөн барихаар ажиллаж байна.
-Эдгээрээс юуны түрүүнд Хүнсний тухай хуулийг онцолж асуумаар байна. Тухайн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагыг хэрхэн тодорхойлж байгаа вэ?
-Хүнсний тухай хуулийг баталж, хэрэгжүүлснээс хойш 13 жилийн дараа нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. Цаг үеэ дагаж хүнсний салбар, тэр дундаа техник технологийн хувьд өөрчлөгдөн шинэчлэгдсээр байна. Үүнийг дагаад хууль эрх зүйн орчныг нь ч мөн өөрчлөх ёстой шүү дээ. Ялангуяа хүнсний сүлжээний оролцогч талууд тасралтгүй тогтвортой үйл ажиллагаа явуулахад хууль эрх зүйн таатай орчинтой байх ёстой. Тиймээс Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэлийг дөрвөн чиглэлд авч үзсэн. Нэгдүгээрт, хүн амыг зохистой хоол хүнсээр хангах олон улсын хэм хэмжээнд нийцүүлэх. Хоёрдугаарт, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлэх. Гуравдугаарт, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан зорилтод нийцүүлэх. Дөрөвдүгээрт, Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолд нийцүүлэхийг зорьж байна.
-Тухайн дөрвөн үндэслэлийг илүү нарийвчилбал, ялангуяа хүнсний хангамж, аюулгүй байдлын тухайд?
-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлнэ гэдэг нь хүнсний хангамжийн баталгаат байдал, мөн хүн амыг эрүүл хүнсээр тогтвортой хангах буюу хүртээмжийн асуудал юм. Статистик мэдээллээс харвал, манай улс нийт хүнсний хангамжийн 46 хувийг импортоор авч, 54 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Энэ нь хүнсний хангамж гаднаас хараат буйн илэрхийлэл. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний эрсдэлтэй байгааг харуулж байна. Тиймээс цаашид манай улс стратегийн 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болох шаардлагатай. Мөн хүнсний хүртээмж харилцан адилгүй байгаа. Томоохон үйлдвэрүүд Улаанбаатар хотод төвлөрдөг учраас орон нутагт нийлүүлж буй хүнсний нэр төрөл, хүртээмж хангалтгүй байна.
Ер нь хүнсний хангамж, хүртээмж, шимт байдал гэсэн гурван зүйл бол хүнсний аюулгүй байдлын гол цөм, тулгуур. Хэрэв эдгээр гурван хүчин зүйлийн аль нэгийнх нь тэнцвэр алдагдвал хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө.
-Таны ярьж буй хүнсний аюулгүй байдлын гурван тулгуур манай улсад алдагдчихсан гэж бодож байна?
-Тийм ээ, алдагдаад байгаа. Үр дагаварын үнэлгээгээр одоо мөрдөж буй хуулийн хэрэгжилт 32.5 хувьтай гарсан. Мөн 2017, 2023 онд хийсэн хүн амын хоол тэжээлийн байдлын үндэсний тав, зургадугаар судалгааны дүнгээр хүн амын дундах хоол тэжээлийн дутал буураагүй, зохистой хооллох мэдлэг дутмаг гэж гарсан. ХСҮТ-өөс хавдар өвчин үүсгэгсч шалтааны 35 хувь нь зохисгүй хоол хүнсний хэрэглээтэй холбоотой гэж гарсан байна. Манай улс элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг байсан бол харин одоо нэмээд ходоодны хавдраар тэргүүлдэг боллоо. Энэ нь баталгаат хүнс хэрэглэж чадахгүй байгаагийн илэрхийлэл бөгөөд үүний цаад шалтгаан нь хүнсний хяналтын тогтолцоо алдагдсантай холбоотой.
-Хүнсний хяналтын тогтолцоо алдагдсан нь юутай холбоотой байна вэ?
-Монгол Улсад хүнсний аюулгүй байдлыг хангах хяналтын тогтолцоо бүрэн төгс биш, олон түвшинд доголдолтой байгааг анхаарах шаардлагатай байна. Тухайлбал, өнөөдрийн байдлаар манай улс 160 гаруй төрлийн пестицидийн үлдэгдлийг шалгах ёстой атал зөвхөн 12 төрлийг л шалгаж байна. Мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд бол бүтцийн шинжилгээ огт хийдэггүй, лабораторийн тоног төхөөрөмжийг бүтээгдэхүүний инновац хөгжүүлэлттэй уялдуулдаггүй байна.
Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори /ХАБҮЛЛ/ нь одоогоор хүнсний шинжилгээнийй стандартыг боловсруулах, түүхий эд, бүтээгдэхүүнд стандарт шаардлагад нийцэж буй эсэхт шинжилгээ хийж, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг ХХААХҮЯ гүйцэтгэж байгаа нь олон улсын жишигт нийцэхгүй, институцийн хариуцлагын зааг алдагдсан байна. Олон улсын туршлагаас харахад хяналт шалгалт гүйцэтгэх байгууллага, лабораторийн байгууллага хоёр нь харилцан хамааралгүй, бие даасан статустай байх ёстой. Энэ нь хөндлөнгийн хараат бус үнэлгээ хийх, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх суурь зарчим юм.
Харамсалтай нь, өмнө нь хүнсний хяналтын чиг үүргийг төрөлжүүлэн хэрэгжүүлж байсан Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгаснаар энэхүү тогтолцооны уялдаа холбоо алдагдсан. Үүний улмаас хяналтын чиг үүргийн нэг хэсэг нь ХАБҮЛЛ-д, нөгөө хэсэг нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-нд шилжсэн бөгөөд ингэснээр бодлого тодорхойлогч болон хяналт гүйцэтгэгч институцүүдийн үүрэг давхардсан, хяналт тавих бүтэц нь хараат бус байдлаа алдсан байдал үүсээд байна.
-Тэгвэл хяналтын тогтоолцооны асуудлыг хуулийн төсөлд ямар байдлаар тусгаж байгаа вэ?
-Төрийн бодлого боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, шинжилгээний үнэлгээ өгөх байгууллагуудын чиг үүргийн ялгаа, хариуцлагын зааг нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хүнсний тухай хууль зэрэгт ч тодорхой заагдсан байдаг. Иймд хүнсний аюулгүй байдлын хяналтын тогтолцоог дахин хянаж, шинжилгээний байгууллага болон хяналтын байгууллагын институцийн бие даасан, хараат бус байдалд тулгуурлан зохион байгуулах шаардлагатай байна. Импортын битгий хэл дотооддоо баталгаат хүнс үйлдвэрлэж чадаж байна уу гэдэгт ч хяналт тавьж чадахгүй байна шүү дээ. Тиймээс энэхүү нэмэлт өөрчлөлтөөр хүнсний баталгаат, аюулгүй байдлыг хангаж, үүнд бие даасан агентлаг хяналт тавьдаг байх тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байгаа. Ингэж хууль эрх зүйн орчныг нь сайжруулах замаар хоол хүнснээс үүдэлтэй өвчлөл, хавдрыг ч бууруулах боломж бий. Бид эмээр биш баталгаат хүнсээр хооллодог байх ёстой. Тиймээс хүнсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо, түүнтэй холбогдох иж бүрэн зохицуулалтыг хуулийн төсөлд тусгаж байгаа. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүдийг төөрөгдүүлсэн зарим нэр томьёог өөрчилж байгаа. Хүнсний чиглэлийн 20 гаруй судлаач зургаан жилийн хугацаанд ажиллаж, хүнсний чиглэлийн нэр томьёог журамласан толь гарган дагаж мөрдөж байна. Тиймээс энэхүү хуулийн шинэчлэлээр ойлголтын зөрүүтэй нэр томьёог жигдэлж, ойлголтыг нэг мөр болгохын зэрэгцээ хүнсний сүлжээний үe шатанд зохицуулалтгүй орхигдсон зарим үйлчилгээний тухай тодорхойлж, оруулж ирж байгаа.
-Тодруулбал?
-Хүнсний тухай хуульд хүнсний сүлжээ болон хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай зохицуулалт байдаггүй. Тиймээс Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд хүнсний сүлжээ гэж юу вэ гэдэг нэр томьёог тодорхойлж, түүнийг зохицуулсан харилцааг тусгаж өгч байгаа. Бид нэг бол хүнс үйлдвэрлэлээр дамжуулан үйлдвэрлэгчээс гарсан бүтээгдэхүүнийг худалдан авч иддэг. Харин нөгөө талд хүнсний түүхий эдээ татаж, хоол үйлдвэрлэл явуулж буй зоогийн газраар үйлчлүүлдэг. Гэтэл хүнсний үйлдвэрлэлийг нь хуульд тусгаж зохицуулалт хийдэг хэрнээ хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарыг орхигдуулсан. Тэгэхээр нэг талыг нь хуульчлаад зохицуулсан ч нөгөө талаараа буюу орхигдуулсан хэсгээр хүнсний аюулгүй, баталгаат байдал алдагдах эрсдэлтэй.
-Хуулийн төсөлд тусгаж буй зарим онцлох зохицуулалтаас хуваалцаж болох уу?
-Олон улсад хүнсний салбарын бодлого чиглэл, үйлдвэрлэл үйлчилгээ нь Эрдэм шинжилгээний байгууллагаас гаргасан тооцоо, судалгаа шинжилгээнд үндэслэж явдаг. Тухайн байгууллагын гаргасан шинэ технологи, шинэ инновац, мэдээлэл өгөгдөлд суурилж хүнсний чиглэлийн бодлогоо тодорхойлж боловсруулдаг байх жишээтэй. Тиймээс бид олон улсын энэхүү жишигт нийцүүлж, эрдэм шинжилгээний байгууллагын чиг үүргийг хуулийн төсөлд тусгаснаараа онцлогтой. Мөн салбарын хүний нөөцийг чадавхжуулж, мэргэшүүлэх чиглэлийн зохицуулалтуудыг багтааж байгаа. Яагаад гэвэл, хүнс, хөдөө аж ахуйн салбарын чиглэлээр суралцаж буй оюутны тоо, элсэлт жилээс жилд буурч байна. Тиймээс тухайн салбарт ажиллах сонирхолтой оюутан залуусыг сэдэлжүүлж, идэвхжүүлэх зорилгоор мэргэшүүлэх зэргийг тодорхойлж, мэргэшсэн зэргээрээ үнэлэгдэж, цалин урамшууллын систем нь явдаг байх нөхцөлийг бүрдүүлэхээр хуулийн төсөлд тусгасан.
-Сүүлийн асуултаараа хүнсний аюулгүй байдлын гурван тулгуурын нэг шимт байдлын талаар, мөн Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар гарах үр дүнг товчхон тодорхойлно уу?
-Хуулийн төсөлд шимт байдлыг нарийвчлан оруулж ирж байгаа. Учир нь, хүнийг эрүүл чийрэг байлгадаг, бүтээмжид нь нөлөөлдөг гол зүйл бол хүнсний шимт байдал юм. Хүнс эрүүл бол хүн эрүүл гэдэг үг бий. Тиймээс хүн, мал, амьтан ургамал, байгаль орчны тэнцвэрт байдлын харилцан шүтэлцээг хангах ёстой. Хүнс үйлдвэрлэх гэж байгаа бол байгал орчин буюу хөрснөөс нь эхлэх ёстой. Хөрс, ургамал эрүүл бол мал эрүүл, мал эрүүл бол мах, сүү нь эрүүл гээд энэ бүхэн хоорондоо салшгүй уялдаа холбоотой эргэх учраас ийм нөхцөлийг хуулиар бүрдүүлэхийг хичээж байна. Товчхондоо, Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хүнсний баталгаат, аюулгүй байдал хангагдахын зэрэгцээ хүнсний хангамж, хүртээмж нэмэгдэж, улмаар шимт байдал сайжирна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонины №017/24644/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна