МУИС-ын номын санд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор Л.Норовсүрэнгийн “Монголын сэтгүүл зүйн нэвтэрхий толь” нэртэй бүтээл нээлтээ хийж, сэтгүүл зүйн салбар бас нэгэн шинэ хуудсаа нээлээ. Монголд сэтгүүл зүйн салбар үүсч хөгжөөд 110 гаруй жилийн нүүрийг үзэж буй. Энэ хугацаанд хэвлэл мэдээлийн асар том тогтолцоо бий болж, дэлхийн хэвлэл мэдээллийн салбарт ашиглагдаж байгаа сэтгүүл зүйн бүх төрлөөр мэргэжлийн сэтгүүлчдийн хэд, хэдэн үе бичиж туурвиж байна. Сэтгүүл зүйн онол, түүх арга зүйн чиглэлээр 400 гаруй ном бүтээл хэвлэгдэн гарч жар шахам эрдэмтэн судлаач төрөн гарчээ. Доктор Г.Дэлэгийн 1960-аад оны үед туурвисан Монголын хэвлэлийн түүхийн гурван боть номоос эхлэлтэй сэтгүүл зүйн судалгаа байдаг ч сэтгүүл зүйн талаар А-Я хүртэл судалж туурвисан нэвтэрхий толь байдаггүй. Ийм учраас Доктор Л.Норовсүрэнгийн нэвтэрхий толь анхных нь болж байна. Тус бүтээлийн нээлтэд сэтгүүл зүйн салбарын нэрт эрдэмтэн, докторууд хүрэлцэн ирсэн бөгөөд “Монголын сэтгүүл зүйн нэвтэрхий толь”-ийг салбарын анхдагч гэдгийг цохон тэмдэглээд ”Доктор Л.Норовсүрэн сэтгүүл зүйн нэвтэрхий толь гэдэг зүйлийн эцэг боллоо” хэмээн дүгнэсэн юм. Мөн тус номын нээлтэд ирсэн хэвлэл мэдээллийн салбарыхан “Сэтгүүлч болохоор бэлтгэгдэж байгаа оюутнууд, баклавр, магистр, аспирантурт суралцагчид болоод энэ салбарт ажиллаж байгаа бүх хүн ширээний ном, гарын авлагатай боллоо” хэмээн талархан ярьж байлаа.
Эх сурвалж: Монголын үнэн сонины №017/24644/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна