Эх орон -Эх дуудаж байна

unen
9 цагийн өмнө


 
Х.Хангайсайхан 
/МҮЧЗХ, МЗЭ-ийн болон Н. Рубцовын нэрэмжит Бүх Оросын утга зохиолын “Звезда полей” шагналт  зохиолч, орчуулагч/ 

Манай гаргийн энэрэнгүй үзэлт хүн бүхний хувьд, ялангуяа хуучин ЗХУ-ын ард түмэн, түүний дотор Оросын ард түмний хувьд энэ ой нэн гунигтай авч бас хамгийн гэгээн бахархалт баяр юм. 
Хорьдугаар зуунд манай гаргийн хүн төрөлхтөнд хамгийн их гамшиг, сүйрэл, уй гашуу учруулсан хар үйл явдал бол дэлхийн хоёрдугаар дайн буюу түүний хор хөнөөлийг нуруун дээрээ үүрч, фашизмын хар тахлыг зайлуулсан ЗСБНХУ-ын ард түмнүүдийн нэрлэдгээр Аугаа их эх орны дайн гэдгийг монголчууд бид сайн мэддэг билээ. 1941 оны зургадугаар сарын 22-нд фашистын Герман, ЗХУ-д итгэл эвдэн халдан довтолсноор Аугаа их эх орны дайн эхэлсэн түүхтэй.
Дэлхийн II дайн үндсэндээ 1939-1945 онд болсон гэдэг бөгөөд энэ дайнд 61 улс, дэлхийн хүн амын 80 гаруй хувь нь татагдан орж, дайны үйл ажиллагаа 40 улсын нутаг дэвсгэр, далай тэнгисийн хэсэгт болж, 50 сая гаруй, түүний дотор сүүлийн үеийн нэг мэдээгээр ЗСБНХУ-ын 26.6 сая хүний алтан амь авч одсон билээ. 1418  хоног үргэлжилсэн энэ гамшигт дайны хамаг харгислал, сүйрлийг ЗХУ үүрч гарахад Дэлхийн хоёр дахь социалист орон-Монгол Улс, Монголын ард түмэн эд материалын болон хамгийн гол нь сэтгэл санааны аугаа их дэмжлэг үзүүлснийг түүх гэрчилнэ. Дайны гал дүрэлзсэн эхний өдрөөс талын Монголын малчин ардууд Оросын баатарлаг ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамгийн ойр байж, фронтоос ирсэн нааштай мэдээ бүхнийг чих тавин чагнаж, “Бүхнийг фронтод” уриан дор үстэй дээл, дулаан бээлийнээс авахуулаад шилдэг сайн агт морьдоо түм түмээр нь илгээж байсан юм. Монголын ард түмний хөрөнгөөр бүтээгдсэн “Хувьсгалт монгол танк”-ийн цуваа, “Монгол ард” нисэх онгоцны эскадрель Берлинийг чөлөөлөхөд оролцсон билээ. 
Фашизмын түрэмгийлэгчид ЗСБНХУ-ын 1710 хот суурин, 70000 гаруй гацаа тосгоныг балгас болтол эвдлэн нурааж, шатааж, 25 сая орчим хүн орох оронгүй болж, олон арван мянган үйлдвэр, хөдөө аж ахуйн газруудыг сүйтгэж, дайны галд тус улсын үндэсний баялгийн бараг гуравны нэг нь устгагдсан гэдэг. Эд материалын хохирлыг нөхөж болдог ч эрдэнэт хүний алтан амийг хэзээ ч, юугаар ч нөхөх аргагүй юм. Дайнд эцэг, эр нөхөр, хүү, ах, дүүгээ алдсан хүн бүхний үеийн үед мартагдахгүй, элэг эмтэлсэн гамшиг энэ их уй гашуу юм. Тиймээс ч энэ хамгийн харгис түрэмгий дайны тухайд Зөвлөлтийн нэрт яруу найрагч, дайнд оролцсон хүмүүс зүрхнийхээ халуун цусаар хүн төрөлхтөнд мөнхөд уншигдах шүлэг найраг, зохиол, дурсамж үй олныг бичиж үлдээсэн билээ. 
Их ялалтын түүхт ойг тохиолдуулан Зөвлөлтийн яруу найрагчдын Аугаа их эх орны дайны тухай шүлгүүдээс түүвэрлэн орчуулснаа дайны гамшгийг зүрх сэтгэл, мөн биеэрээ амсаж, алтан амь ч дайны талбарт өгч явсан монгол дайчдынхаа хойч үе- өнөөгийн уншигчдадаа өргөн барьж байна.  


ВАСИЛИЙ ЛЕБЕДЕВ-КУМАЧ  
ЗСБНХУ-ын Төрийн шагналт.
Аугаа их Эх орны дайнд оролцсон.  

АРИУН ДАЙН

Аугаа их эх орон минь,
Ариун дайд эрслэн бос,
Араатан фашизмын эсрэг
Амь өрсөх тулалдаанд бос!

Уур хилэн маань
Давлагаа мэт буцалж байна.
Улс түмний маань
Ариун дайн болж байна!

Хамаг сайн сайхны төлөө
Атаатанд үхлийн цохилт өгнө.
Хүн ардыг тарчлаагчид,
Харгис дээрэмчийг бид ялна!

Эх орны тэнгэрт
Хар хэрээ нисэх учиргүй.
Энгүй уудам талд
Дайсны хөл гишгэх ёсгүй!

Духанд нь сум зоож
Харгис фашизмыг даръя.
Хүн бүхний хилэнгээр
Хар авс хийж булшилъя!

Уур хилэн маань
Давлагаа мэт буцалж байна.
Улс түмний маань
Ариун дайн болж байна!
1941

СТЕПАН ШИПАЧЕВ
Зөвлөлт Оросын нэрт яруу найрагч. Аугаа их эх орны дайнд оролцсон. ЗСБНХУ-ын Төрийн шагналт.

1941 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 22

Шөнө буусан шүүдэрт цохиулсан
Цэцгүүд бээрч хоносон мэт байлаа.
Шинэ өдрийн үүрийн өвс, бут бүрийг
Германы дуран нэгжин харж байлаа. 

Шүүдрийн дусалд норсон цэцгийг
Хилийн харуулын гар илбэж байлаа.
Германчууд тэр үед кофе уугаад
Танканд орж, нээлхий хааж байлаа.

Орчлон ертөнц дуг нойрондоо мэт
Онцгой тийм агшин нөмөрч байлаа.
Тайван цаг, дайны хооронд тэгтэл
Тавхан хором л үлдэж байлаа!

Цэцэлж би өөр юуны ч тухай биш,
Харин өөрийн туулсан замаа дуулнаа.
Цэргийн даруухан бүрээчсэн бол
Таван хоромд түгшүүр зарлах байлаа.
1943

АЛЕКСЕЙ РЕШЕТОВ
*  *  *
Ор сураггүй алга бологчдыг эрэгтүн,
Оросын төлөө тулалдаанд ялаад,
Одоо болтол эргэж ирээгүй,
Тэднийг эрэгтүн!, Тэднийг эрэгтүн!
Шоронгийн харанхуй өрөөний нурангаас,
Шарлаж хуучирсан түүхийн хуудаснаас,
Өдөр ч бай, шөнө ч бай ялгаагүй,
Тэдний ариун нэрийг эрэгтүн!
Үхсэн ч байсан, амьд ч гэсэн,
Тэднийг орчлон даяар эрэгтүн!
"Хаана ч байхгүй!" гэж хэлбэл,
Харин тэднийг өөрсдөөсөө ологтун!

ВЛАДИМИР ТУРКИН 

НУУВЧИНД

Нүүр минь нил элс. Хүрз. Би,
Надаас өөр амьд хүнгүй.
Шанаанаас минь цус дусалж,
Шоргоолжны үүрэн дээр унана.

Цэрэг ялах ёстой. Би цэрэг,
Цэрэг би амьсгал хураатлаа
Тэмцэх тангарагтай. Би чадна.
Тэр бүхнийг үхэгсэд харж байгаа.
1944

МАРК  МАКСИМОВ 

ЭХ

Эхнэрүүдээ даваан дээр дурсаж,
найз нөхдөө тулаан дунд үгүйлж,
Эхчүүдээ харин яагаад ч юм бэ,
үнэнээсээ мартсан ч юмуу,
эсвэл санахдаа нэрлэхсэн үү?
Ширүүн тулаан олныг үзсэн цэрэг эр,
Сүүлчийн давшилтад эрсдэхдээ:
- Ээж ээ!.. гэж нэгэнтээ хашхиран
Элгээрээ газар тэврэн ойчив...
1942. Германы ар тал.

ИВАН ОЗЕРОВ

ДЭСЛЭГЧ

Дэлбэрэлтэнд газар доргин чичирч,
Дээрээс нуувчны элс нурж байлаа.
Дэслэгчийн шанаанд сум зоогдож,
Дэндүү эрт амьдрал дуусч байлаа.
Хаврын сайхан өдөр ирснийг хэлэх үү,
Хайран залуу нас бөхөх харамсалтай!
Тэр, аньсгаа харин ганцхан нээхэд,
Тэнгэрийн цэнхэр өнгө нэмэгдсэн юм!

ИВАН БАУКОВ 
Финийн болон Аугаа их эх орны дайнд оролцсон. 

ДАЙН

Дайн.
Салхинд навчис ч сэрчигнэхгүй,
Шувууд ч жиргэхгүй болов.
Зөвхөн,
Замаар цувах цэргүүдийн
Гутлын улын чимээ сонсогдоно.
Тэртээ алсад манай их бууны
Аянга мэт нүргэлэх дуу цуурайлна.
Тэр зүг, сүйрсэн суурин руу, бид
Алхам алхмаар газар хороон дөхнө.
Дайн.
Автомат буугаа барьсан биднийг
Суурин биш, сэрийсэн шон баганууд тосно.
Алжаангуй алхах хөлийн дор 
Замын чулуун шүднүүд гаслантай хавирна.
1942, Москва орчимд

ВИКТОР БОКОВ 

Зөвлөлт Оросын уянгын нэрт яруу найрагч. 
Аугаа их эх орны дайнд оролцсон. 

ХАТЫНЬ

Хатыний харангын дуу намдахгүй байна,
Харгис фашистуудын галдан шатаасан
Амгалан тосгоны үнэт  бүхэнд харуусан
Харанга дэлдэнэ, хонхны дуу үл тасарна.

Түгшүүрт мэдээ, гунигт харууслын дуу,
Түмэн зовлон үзсэн эх газрын шаналан,
Дайны бүхий л хүндийг нуруундаа үүрсэн
Дархан ганц Зөвлөлт орны уй гашуу энэ.

Өндөр яндангууд дүрвэгсэд адил цувран
Өнгөрсөн цагийн гаслант мэдээ авчирч
-Энд амьдрал байсан юмаа!.. гэж
                    өдөр шөнөгүй хүнгэнэнэ.
Харанга дэлдэнэ, хонхны дуу үл тасарна!
1970

АНАТОЛИЙ ЗЕМЛЯНСКИЙ 

МӨР

Элэг зүрхэнд
Эгнэт тод үлдсэн
Энэрэх сэтгэлд баяр нэмсэн
Энэ нэгэн мөр
Ард түмэнд минь
Аугаа их ялалт авчирсан!..
Хүн төрөлхтнөөс харин
Хөнөөлт дайны аюул зайлуулсан!

ВАЛЕНТИНА ЛИДЖИЕВА

НЭР НЬ ТОДРООГҮЙ ЦЭРЭГ

Тэр байсан цэргийг,
Тэр бас байгаагүй цэргийг,
Өнгөрсөн бүхнийг санаж байна,
Өнөө дайныг хэн ч мартаагүй...
Энэ тэнгэрт
Дайны утаа хөшиглөж,
Түймрийн гал оволзож байсныг
Эдүгээ санахад аймшигтай.
Энэ газарт
Хүний цус урсаж
Хагацлын нулимс үерлэж байсныг
Эдүгээ санахад бүр аймшигтай...
Нэгэн үед амьдарч явсан ч
Нэр нь тодроогүй үлдсэн ч
Өнөө, тэр цэргийг
Өргөн олны нүд харж л байгаа.

ВЛАДИМИР ХАРИТОНОВ
ЗСБНХУ-ын Төрийн шагналт. 
Аугаа их эх орны дайнд оролцсон.  

ЯЛАЛТЫН ӨДӨР

Яг л унтарч буй түүдгийн бүдэг цучил шиг,
Ялалтын өдөр биднээс ямар хол байсан гэх вэ...
Түймэрт хуйхлагдсан зам харгуйг туулан байж
Тэр өдрийг бид чадахын хэрээр наашлуулсан юм.
Ялалтын энэ өдөр-
Дарь хүхрээр ханхалсан.
Ялгуулсан энэ баяр-
Үс бууралтуулж ирсэн.
Ягдсан сэтгэлийн
Баярын нулимстай угтсан,-
Ялалтын өдөр! Ялалтын өдөр!
Мартиновын уурын зуухны дэргэд өдөр, шөнөгүй
Манай эх орон нүд чавчилгүй ажилласаан...
Тэнцвэргүй тулалдааныг өдөр, шөнөгүй хийж
Тэр өдрийг бид чадахын хэрээр наашлуулсан юм.
Ялалтын энэ өдөр-
Дарь хүхрээр ханхалсан.
Ялгуулсан энэ баяр-
Үс бууралтуулж ирсэн.
Ягдсан сэтгэлийн
Баярын нулимстай угтсан,-
Ялалтын өдөр! Ялалтын өдөр!
Сайн байна уу, ээж ээ, бид бүгдээрээ эгсэнгүй ээ...
Шүүдрийн усыг хөл нүцгэн туучин гүймээр ээ...
Тэнүүн орчлонгийн тал, Европын хагасыг туулан
Тэр өдрийг бид чадахын хэрээр наашлуулсан юм.
Ялалтын энэ өдөр-
Дарь хүхрээр ханхалсан.
Ялгуулсан энэ баяр-
Үс бууралтуулж ирсэн.
Ягдсан сэтгэлийн
Баярын нулимстай угтсан,-
Ялалтын өдөр! Ялалтын өдөр!

 Эх сурвалж: Монголын үнэн сонины №017/24644/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 6 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 6 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … 6 цагийн өмнө
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… 6 цагийн өмнө
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 8 цагийн өмнө
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 8 цагийн өмнө
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 8 цагийн өмнө
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 8 цагийн өмнө
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 8 цагийн өмнө
Ази, Европыг холбосон алтан коридор 8 цагийн өмнө
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна 8 цагийн өмнө
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… 9 цагийн өмнө
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… 9 цагийн өмнө
М.Мандхай: Хүнсний аюулгүй байдалд бие даасан агентлаг хяналт тавьдаг … 9 цагийн өмнө
Эх орон -Эх дуудаж байна 9 цагийн өмнө
​ Мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээг хэвшүүлье 9 цагийн өмнө
Мөнгөн тэмдэгтийн аппликэйшныг хэрэглээнд шинээр нэвтрүүллээ 9 цагийн өмнө
Төгрөгийн тухай зарим тоо 9 цагийн өмнө
​ Монгол Улсын 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэртэд олон улсын шагнал о… 9 цагийн өмнө
Монгол төрийн цаасан мөнгөн тэмдэгтийн хэрэглээ 9 цагийн өмнө