Социал демократ залуучуудын академиас “Менторшип-2025” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ удаагийн ментий нараас Орхон аймгийн төлөөлөл болон оролцсон сэтгэл судлалын магистрант Э.Бямбасүрэнг урьж ярилцлаа.
-Эзэмшсэн мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж байгаа танд “Менторшип-2025” хөтөлбөр шинэ мэдлэг мэдээлэл авах бас түр амсхийх боломж өгсөн болов уу?
-Тийм ээ, энэ хөтөлбөрт хамрагдахаас өмнөх гурван сарын хугацаа миний хувьд дотогшоо чимээлсэн үе байлаа. Аль болох үйл ажиллагаагаа багасган зорилго, хийж байгаа ажилдаа анхаарал хандуулж бодож, төлөвлөсөн гэхэд болно. Мөн нөгөө талаараа хувь хүний хувьд зогсонги байдалд орсон үе байсан юм. Тиймээс “Надад зөвлөгч, ментор хэрэгтэй юм байна” гэсэн бодол толгойноос салаагүй. Ийм үед Социал демократ залуучуудын академиас “Менторшип-2025” хөтөлбөр зарласан нь миний хувьд боломж болсон. Хөтөлбөрийн нэг хэсэг болсноор амьдралд минь олон өөрчлөлт гарч эхлээд байна.
Хувь хүний хувьд ч эргэлзээнээсээ салж, алсын хараа болон зорилгоо илүү өргөн хүрээтэйгээр харж байна. Менторуудын сургалтад сууж, хөдөө орон нутгаар явж багш нараас суралцсанаар өөртөө итгэх итгэл нэмэгдсэн. Илүү зоригтой, зорилготой болж, одоо томоохон хоёр төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.
-Багш бүрийн заах арга харилцан адилгүй байдаг. Таныг хариуцсан ментор хэрхэн чиглүүлж байв?
-Хамгийн түрүүнд намайг бүрэн ойлгохыг хичээсэн байх. Миний онцлог бас нөөц боломжид тулгуурлан хэрхэн хөгжүүлж болох талаар төлөвлөгөө гаргахад энэ зайлшгүй шаардлагатай. Үүнийгээ ч ментор маань зөв тодорхойлсон. Надад хэрэгтэй сургалтад хамруулахын зэрэгцээ орон нутагт хамтдаа ажилласан нь миний хувьд олон зүйл сурах нөхцөлийг бүрдүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд багш нартайгаа дөрвөн аймгаар, 5000 километрийг хамтдаа туулжээ. Мөн Улаанбаатар хотод долоо хоногийн вакумжуулсан сургалтад хамрагдсан гээд хөтөлбөрийн хүрээнд сурч мэдсэн зүйл олон. Эдгээрийн үр дүнд хувь хүний хувьд зогсонги байдалд ороод байснаасаа гарч чадсан. Бас надад илүү боломж байна гэдгийг ойлгосон.
-Социал демократ залуучуудын академи МАН-ын дэргэд үйл ажиллагаа явуулдаг. Менторшип хөтөлбөр, энэ хүрээнд зохион байгуулж байгаа уулзалт бүгд намын үйл ажиллагаа, хамрах хүрээнд өрнөсөн үү гэдгийг сонирхож асуумаар байна?
-Аймгуудад зохион байгуулсан сургалтууд хөгжих, боловсрох хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй. Тухайн газар орны иргэд аль намын үйл ажиллагааг дэмждэгээс үл хамаарч оролцох боломжтой байсан. Сургалт зохион байгуулж, орон нутагт хүрч ажиллаж байгаа залуучууд, сургагч багш нарын хувьд иргэдэд аль болох мэдлэг мэдээлэл олгох, залуучуудын хөгжилд чиглэсэн ажил өрнүүлэх зэрэг олон нийтийг хамарсан ажилд үйл ажиллагаа чиглэж байв.
-Саяхан менторшип хөтөлбөрийг хааж, үр дүнгээ хэлэлцлээ. Танд хөтөлбөрт хамрагдсанаар ямар өөрчлөлтүүд гарсан бэ?
-Би сэтгэлзүйчээр 10 жил ажилласны наймд нь сэтгэлзүйн сургалтууд зохион байгуулсан. Тухайн үед сургалтад хамрагдсан хүмүүст бодох орон зайг нь үлдээгээд орхидог байв. Харин одооны сургалтаа сэдэл өгөх, тодорхой шийдэл гаргахад нь дэмжихэд голлон төвлөрч байна. Ерөнхийдөө сургалт зохион байгуулах агуулга, бүтэц, зохион байгуулалтууд өмнөхөөсөө өөр болсон гэсэн үг юм.
“Менторшип-2025” сургалтад хамрагдсанаас хойших миний оролцож байгаа сургалтууд хүмүүст илүү хүрч байна. Өмнө нь би боловсруулалт хийж чаддаг мөртлөө илэрхийлэхдээ тааруухан байсан бол одоо харьцангуй нээлттэй болсон. Өөрийн санаж бодсоноо бусдад хүргэхэд суралцаж байна. Дээр нь бага хугацаанд олон ажлын ард гарч сурч байна. Энэ хэрээр сүүлийн үед завгүй яваа. Хамгийн гол нь өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж өмнөхөөсөө хэдэн түвшнээр ахисан. Одоо хэрэгжүүлж байгаа хоёр төсөл хөтөлбөрийн нэг болох аймгийн зорилтот өрхийн хүүхдүүдэд чиглэсэн урт хугацааны ажил амжилттай үргэлжилж байна.
Бүсийн хэмжээнд зохион байгуулж байгаа нь иргэд, олон нийт, залуучуудын оролцоо, манлайллыг нэмэгдүүлэхэд чиглэсэн урт хугацааны хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хүрээнд эхний сумдаар явсан. Ингэхдээ тухайн сумдад хоёр өдрийн дотор хөтөлбөрийнхөө зорилгыг биелүүлж, хүмүүст аливаа зүйлийг шинээр харах өнцгийг гаргаж ирж чадсан ажил болсон гэж дүгнэсэн. Хэрэгжүүлж байгаа ажил үр дүнгээ өгч байгааг харах урамтай байна аа.
-Сэтгэлзүйчийн хувьд залуучуудын дунд орж ажиллахад асуудал нь юу байгааг та анхаарч ажигласан байх?
-Хүний сэтгэцийн үйл явц төлөвшихөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Хамгийн эхэнд тухайн хүний онцлог ямар гэдгээс шалтгаална. Мөн өсөж төрсөн орон гэрийн нөхцөл байдал болон нийгмээс олон зүйл хамаардаг гэсэн үг. Эдгээр гурван зүйлийн нийлэмжид бид тархиндаа гаднаас ямар мэдээлэл авч байна вэ гэдгээс хамаарч тухайн хүн төлөвшөөд байгаа юм. Ер нь “Ийм байх ёстой” гэсэн ойлголтыг хүнд хамааруулах нь боломжгүй зүйл. Нийгмийн байдалд тулгуурлан олон талт, уян хатан байдлаар асуудалд хандах нь оновчтой. Залуучуудад тулгамдаж байгаа асуудал хаана ажиллаж, амьдарч байна вэ гэдгээс шалтгаалан харилцан адилгүй байдаг.
Миний ажигласнаар тэдэнд хамгийн их тулгамдаж байгаа асуудал нь гэр бүл салалт байна. Удаах нь архи, тамхи, мөрийтэй тоглоом гэх мэт донтолтоос үүдэлтэй. Мөн залуусын зарим нь карьерт хэт их төвлөрснөөр сэтгэлзүйн хувьд асуудалтай болгодог. Ажилдаа хэт их анхаарснаар хувийн амьдралаа хойш тавьж, хайртай хүмүүсээ халамжлахаа мартсан байдаг. Өөр нэг нь оршихуйн утга учиргүйдэл. Өөрөөр хэлбэл, зорилго, хүсэл тэмүүлэл багатай байх. Зөвхөн өөрийн тухтай бүсийг харж асуудалд хандах гээд байдаг зэрэг асуудал залуучуудын дунд зонхилж байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонины №018/24645/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Б.Сэлэнгэ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна