Дональд Трамп гадаад айлчлалаа Ойрхи Дорнодоос эхлүүллээ

unen
2 цагийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Араб, Катар, АНЭУ-д айлчилж байна. Түүний бүрэн эрхийн хугацаан дахь анхны төлөвлөгөөт гадаад айлчлал импортын татварын бодлоготой давхацлаа. АНУ-ын Ерөнхийлөгч нар анхны гадаад айлчлалаа Канад, Мексик зэрэг гол холбоотон орноос эхлүүлдэг тэргүүн жишгийг зөрчсөн. Иймд ажиглагчид айлчлалыг АНУ-ын бизнесийн ашиг сонирхолтой холбон тайлбарлаж байна. 

Дональд Трампын гол зорилго бол Персийн булангийн чинээлэг орнуудын хөрөнгө оруулалтыг АНУ руу татах явдал. Айлчлалын бүрэлдэхүүнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Ойрхи Дорнодын асуудал хариуцсан тусгай элч Стив Виткофф, Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет нар багтсан.  АНУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал Ойрхи Дорнодын бүс нутагт өрнөж хүнд цаг үед болж байгааг  дурдах нь зүйтэй. Арабын удирдагчид Израилыг Газын зурваст гал зогсооход түлхэц өгөхийн тулд Цагаан ордонд шахалт үзүүлэх төлөвтэй байна. 

Дональд Трамп ч дайн дуусгахыг олон удаа илэрхийлсэн. Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяху Вашингтой ойр дотно харилцаатай. Түүний хэлснээр Газын зурвас дахь Израилын цэргийн ажиллагааны гол зорилго нь “Хамас” бүлэглэлийг ялах. Одоо бүс нутгийн оршин суугчид, ялангуяа палестинчууд Цагаан ордны шийдвэрийг хүлээж байна.

 142 тэрбум ам.долларын гэрээ

 Цагаан ордны тэргүүний Ойрхи Дорнодын айлчлал Эр-Риядын эрх баригчидтай батлан хамгаалахын түүхэн гэрээнд гарын үсэг зурснаар эхэллээ.  Саудын Араб улс АНУ-ын батлан хамгаалахын арав орчим компаниас 142 тэрбум ам.долларын өртөгтэй цэргийн дэвшилтэт техник хэрэгсэл нийлүүлэх юм. Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар гэрээг таван багцаар байгуулжээ. Тодруулбал, нисэх хүчний хөгжил ба сансрын чадавх, агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах, далайн болон эргийн аюулгүй байдал, хилийн хамгаалалт, хуурай замын цэргийн шинэчлэл, мэдээлэл, харилцаа холбооны системийг шинэчлэх гэсэн ангилалтай. 

Мөн Саудын Арабын цэргийн академи, цэргийн эмнэлгийн үйлчилгээг бэхжүүлэхэд чиглэсэн өргөн хүрээтэй сургалт, дэмжлэг багтсан байна. Ерөнхийлөгч Дональд Трамп угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман тэргүүтэй Засгийн газрын дээд албан тушаалтнуудтай уулзсан. Вашингтоны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Элон Маск, “OpenAI” компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтман, компьютерийн чип үйлдвэрлэгч “Nivdia” компанийн тэргүүн Женсен Хуанг нар багтжээ. Саудын Араб АНУ-д 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээсэн. Хөрөнгө оруулалтын чухал талбар нь хиймэл оюун ухааны мэдээллийн төв боллоо. 

Харин АНУ 14.2 тэрбум ам.долларын өртөгтэй хийн хоолой, эрчим хүчний технологи, 4.8 тэрбум ам.долларын “Боинг 737-8” зорчигч тээврийн онгоц экспортлохоор тогтсон. Энэ нь талууд эрчим хүч, уул уурхайн салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх сонирхолтойг илтгэж байна. Хэлэлцээрийн дараа Саудын Араб-Америкийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, Персийн булангийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болжээ.  

Катартай харилцаагаа ахиуллаа 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрхи Дорнодод хийсэн албан ёсны айлчлалынхаа хоёр дахь өдөр Катарын Засгийн газартай хамтын ажиллагааны тунхаг бичиг, хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурлаа. Катарын Эмир Тамим бин Хамад Аль Тани хамтарсан мэдэгдэлдээ хэлэлцээрийн ач холбогдлыг чухалчилсан. Талууд Ойрхи Дорнодын нөхцөл байдал болон олон асуудлаар санал солилцсон байна. Хоёр улсын харилцаа шинэ түвшинд хүрнэ гэдэгт найдаж байгаагаа Катарын Эмир илэрхийлжээ. Гарын үсэг зурсан баримт бичгүүдээс батлан хамгаалах салбарын харилцан ойлголцлын санамж бичиг, хоёр улсын хамтын ажиллагааны тунхагийг онцолж болно. 

Нэмж дурдахад, “Катар Эйрвэйз” авиакомпани 200 гаруй тэрбум ам.долларын үнэ бүхий 160 ширхэг “Боинг” онгоц, MQ-9B дроны захиалга өгснийг Америкийн хэвлэлүүдэд бичсэн. Гарын үсэг зурах ёслолд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет, Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны сайд Ховард Лутник, Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт нар байлцжээ. Эдгээр гэрээ хэлэлцээрүүд нь улс хоорондын эдийн засгийн солилцоонд 1.2 их наяд ам.долларын ашигтай.  BBC агентлагийн тэмдэглэснээр хэлэлцээрийн нийт дүн 243 тэрбум ам.доллар давсан байна. Катар Ирантай ойр дотно харилцаатай.  Вашингтоны албан тушаалтнуудын хувьд энэ нь эмзэг шалтгаан төдийгүй Тегерантай албан бус яриа хэлэлцээр хийх боломж юм. 

Катарын Засгийн газар 2020 онд Трампын засаг захиргаа болон “Талибан” хөдөлгөөний хооронд Афганистанаас Америкийн цэргийг гаргахад хүргэсэн хэлэлцээр хийхэд тусалсан юм. АНУ-ын төрийн дээд албан тушаалтан 400 ам.доллароос үнэтэй бэлэг авахгүй гэж протоколд заасан ч Катарын тал Дональд Трампт  400 сая ам.долларын үнэтэй Ерөнхийлөгчийн онгоц бэлэглэсэн нь шүүмжлэл дагууллаа. АНУ-ын Хууль зүйн яам энэ баримтыг нийтэд ил болгоогүй байна. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт “Тансаг бэлгийг хувь Ерөнхийлөгчид бус Ерөнхийлөгчийн засаг захиргааныханд өгсөн” гэж мэдэгдсэн.  Энэхүү дээд зэрэглэлийн онгоцыг “нисдэг ордон” гэж нэрлэх нь бий.  

CBS News-ийн мэдээлснээр Трампын бүрэн эрхийн хугацаа дуусахад уг онгоцыг Ерөнхийлөгчийн номын санд бэлэглэх аж. АНУ-ын үе үеийн төрийн тэргүүнүүд хувийн хандиваар номын сан байгуулдаг уламжлалтай. Номын санд Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үеийн дурсгалын зүйлсийг хадгалдаг.

Х.Эрдэнэзаяа

 Эх сурвалж: Монголын үнэн сонины №018/24645/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зуслангийн ЯРГУЙ 1 цагийн өмнө
Дональд Трамп гадаад айлчлалаа Ойрхи Дорнодоос эхлүүллээ 2 цагийн өмнө
ОХУ, Украины төлөөлөгчид Истанбулд уулзжээ 2 цагийн өмнө
Мерц эдийн засгаа сэргээхээ амлав 3 цагийн өмнө
Ч.Батцэцэг: Хөгжлийн хамгийн чухал хөшүүрэг бол хүний хөгжил, иргэний … 3 цагийн өмнө
Г.Төртогтох: Би сониныхоо эгзэгтэй үеүдэд ажиллаж байсан хүн 3 цагийн өмнө
Мэсгүйгээр нүүрний арьсаа залуужуулах сонголт -“Boogie Boogie” 4 цагийн өмнө
"Нийслэлийн орон сууцны корпорац" ХК-ийн хийж хэрэгжүүлж буй төсөл хө… 4 цагийн өмнө
Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт 5 цагийн өмнө
Урьдчилгаагүй, түрээслээд өмчлөх зарчмаар орон сууцтай болно гэдэг том… 5 цагийн өмнө
М.Говьсайхан: НОСК орон сууцны олон талт хөтөлбөр хэрэгжүүлдэг үндэсн… 5 цагийн өмнө
Хэлэх үгтэй, хийсэн ажилтай 10 жил 5 цагийн өмнө
Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 6 цагийн өмнө
Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна 6 цагийн өмнө
Улаанбаатарт 25 хэм дулаан байна 6 цагийн өмнө
Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дул… Өчигдөр
Үндэсний номын баяр болж байна 2025/05/16
Э.Бямбасүрэн: Оршин буй цаг хугацаандаа үнэ цэнтэй байя гэвэл хүн өөрт… 2025/05/16
“Ногоон” амьдрал бүтээгчид 2025/05/16
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 2025/05/16