Монголын нийгэм, улс төр, онцлох цаг үеийн агшнуудыг хэвлэн үлдээж буй “Үнэн” сонины 105 жилийн түүхийн нэгээхэн хугацаанд эрхлэгчээр ажилласан Г.Төртогтохыг "Дугаарын зочин"-оор урьж ярилцлаа.
Л.Түдэв дарга залуу хүнийг дэмждэг, ирээдүйд нь их анхаарал хандуулдаг байсан
-Монголын сэтгүүлзүйн оюуны их уурхай нь болж байсан “Үнэн” сонины босго өндөр, гэхдээ илүү сэтгэж, ажил мэргэжилдээ үнэнч байсан нь энэ их айлын хаалгаар орж ирдэг байсан. Нөгөө талаараа өөр салбарт харьяалагддаг ч бичих авьяастай бол сонинд дуудагддагийн нэг жишээ нь та?
-Би мэргэжлийн сургуулийг нь төгсөөгүй ч практикийн сэтгүүлч байсан. Мөрөнгийн арван жилийг төгсөөд эвлэлийн илгээлтээр Дархан хотод ирж үйлдвэрт ажиллан, дараа нь Дархан хотын эвлэлийн хороонд ажилтан болсон үедээ төвийн хэвлэлүүдэд, тэр дундаа “Залуучуудын үнэн” сонинд мэдээ, өгүүлэл, шүлэг, зохиол бичиж илгээдэг байсан юм.
Тэр үед ийм хүмүүсийг сонинууд идэвхтэн бичигтнээр бүртгэж үнэмлэх хүртэл олгодог байв. Одоогийнхоор бол орон нутаг дахь сурвалжлагч гэсэн үг юм уу даа. Тэднээс бичих авьяастайг нь сонгон авч төвдөө, сониндоо ажиллуулдаг байсан. Энэ нь сонины ажилтан бэлдэх сайн систем байсан юм. Би “Залуучуудын үнэн” сонин, “Залуу үе” сэтгүүлд юм бичдэг идэвхтэн нь. Тэгээд үнэлэгдсэн юм уу намайг “Залуучуудын үнэн” сонинд сурвалжлагч, утга зохиолын ажилтнаар дуудан авч ажиллуулсан нь 1975 он байв.
Тэнд 1979 он хүртэл ажиллаад байтал тэр үед Эвлэлийн төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Л.Түдэв гуай надтай уулзаж, хаанаас ирсэн, ямар боловсролтойг минь асууж танилцаад дээд сургууль төгсөөгүйг мэдэж Москвад Комсомолын дээд сургуульд суралцуулахаар явуулсан юм. Учир юу гэвэл, Л.Түдэв дарга өөрөө зохиолч, дээр нь туршлагатай сэтгүүлч хүн учир залуучуудын хэвлэлүүдээ ямагт уншдаг. Сайн, муу нийтлэлүүдийг ялгаж, улаан харандаагаар зурж тэмдэглэдэг байсан гэдэг. Сурвалжлагч нарын хэн нь ямар чадвартайг ч сайн мэддэг байсан.
Би овоо тоогдсон юм болов уу намайг цаашид сургуульд явж мэдлэг олж, нүд тайлаг гэж бодсон хэрэг биз. Ер нь Л.Түдэв дарга залуу хүнийг их дэмждэг, ирээдүйд нь анхаарал хандуулдаг байсан. Намайг сургууль төгсөж ирэх үед Л.Түдэв дарга “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч болчихсон байв. Төгсөж ирээд сониндоо ажиллах гэсэн боловч Эвлэлийн төв хорооны тэр үеийн нэгдүгээр нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл “Чи мэргэжлийн сургуулийг нь төгссөн учир эвлэлийн ажилтан болж Төв хороондоо ажил” гэснээр эвлэлийн ажилтан болсон.
-Эвлэлийн төв хорооны ажилтнаас намын ажилд шилжсэн хэрэг үү?
-Эвлэлийн төв хороонд ажиллаад хоёр жил орчим болж байтал МАН буюу тухайн үеийн МАХН-ын Төв хорооноос намайг Москва дахь Нийгмийн ухааны академийн аспирантурт явуулсан нь 1986 он байв. 1989 онд цол хамгаалж ирээд Намын төв хороонд Намын байгууллагын хэлтэст аймаг хариуцсан зохион байгуулагч, дараа нь Намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал хариуцсан зөвлөх болсон. Г.Очирбат даргын үед юм даа.
Өрсөлдөгчид маань намыг ч, хэвлэлийг нь ад үзэж, үгүй болгочих сонирхолтой байсан
-Та энэ үеэс “Үнэн” сонинд очсон байх аа?
-Тийм ээ, би “Үнэн” сонинд хоёр ч удаа ирж ажилласан хүн. Тэгэхдээ урдын бяр чадалтай үед нь биш нэлээд эгзэгтэй үеүдэд ажиллаж таарсан юм.
Эхний тохиолдолд “Үнэн” сонинд гэхээсээ намын хэвлэлүүдэд ажилласан гэвэл зохилтой. Учир нь, манай нам /МАХН/ 1990 оноос өмнө дэргэдээ хэд хэдэн сэтгүүл, сонинтой. Намын сэтгүүлүүдийн нэгдсэн редакцтай байсан. Үүнд “Намын амьдрал” сэтгүүл голлож “Эдийн засгийн боловсрол”, “Ухуулагч” зэрэг багтаж байлаа. Ерөнхий эрхлэгч нь тэр үеийн Намын төв хорооны хэлтсийн эрхлэгчийн зиндааны хүн байдаг байсан. 1990 онд улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээр огцорсны дараа МАХН-ын улс төрийн товчооны гишүүн Намын төв хорооны нарийн бичгийн дарга Ц.Намсрай гуай эрхлэгч нь болсон байв. “Үнэн” сонины редакц гэвэл бас “Үнэн” , “Шинэ хөдөө” сонин, “Тоншуул” сэтгүүл зэрэг хэд хэдэн хэвлэлүүдтэй. Ерөнхий эрхлэгч нь тухайн үеийн Намын төв хорооны гишүүн, алдарт зохиолч Л.Түдэв гуай байлаа.
Ц.Намсрай дарга их удалгүй насан өөд болов. Иймээс намайг сэтгүүлүүдийн нэгдсэн редакцын ерөнхий эрхлэгчээр томиллоо. Удалгүй Төв хорооноос намын сонин, сэтгүүлүүдийн редакцыг нэгтгэж намын хэвлэлүүдийн нэгдсэн редакц болгох шийдвэр гарч намайг “Намын амьдрал” сэтгүүлийн эрхлэгч бөгөөд “Үнэн” сонины нэгдүгээр орлогч эрхлэгчээр томилсон.
Энэ үе бол Монголын нийгэм, улс төрийн нөхцөл нэн төвөгтэй, ардчилсан хувьсгал гарч, хоёр нийгэм солигдон, шинэ нийгэм рүү шилжих шилжилт эхэлсэн үе байсан. МАН /МАХН/-д ч, түүний хэвлэлүүд ч хүнд нөхцөл байдал, бэрхшээл, сорилт тулгарсан үе байсан. Өөрөөр хэлбэл, урдын эрх дарх, давуу байдал үгүй болж нам маань олон намуудтай, хэвлэлүүд нь тэр үед борооны мөөг шиг олширсон хувийн болон нам, байгууллагын олон сонин хэвлэлтэй ижил зиндаанд очиж өрсөлдөн орших хэрэгтэй болсон билээ. Чөлөөт өрсөлдөөнд амьдарна гэсэн үг. Энэ чинь бидний урд өмнө үзэж хараагүй, амсаж туулаагүй цоо шинэ нөхцөл байдал шүү дээ.
Өрсөлдөгчид маань намыг ч, хэвлэлийг нь ад үзэж, элдвээр дайрч давшлаад л, болж өгвөл үгүй болгочих сонирхолтой байсан юмдаг.
-Үнэхээр амаргүй байсан байх, гол бэрхшээл нь юу байсан бэ?
-Бэрхшээл гэвэл олон зүйлийг тоочиж болно. Эдийн засаг, санхүү, хүний нөөц гэх мэт. Наад зах нь “Үнэн” сонины урдын эрх дарх алдагдаж хэвлэх үйлдвэрт нэн тэргүүнд хэвлэгдэж байсан бол олон сонин сэтгүүлийн дараалал хүлээдэг болсон. Бас хэвлэлийн цаасны хомсдол байна. 1990 оны үед Монгол даяар хэвлэлийн цаасгүй болж ямар ч сонин, ном, хэвлэл гарахгүй зогсох дээрээ тулав. Энэ үед МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Очирбат БНХАУ-д айлчлал хийсэн юм.
Энэ үеэр Хятадаас хэвлэлийн цаас гуйж Монгол 500 тонн цаастай болж билээ. Үүгээр бүх ном сонин хэвлэгдэнэ. Манай нам руу дайрдаг нөхөд бидний олж ирсэн цаасаар бас биднийг “гөвдөг” болсон. Инээдтэй байгаа биз. Хамгийн гол нь хэвлэлүүдийн чөлөөт өрсөлдөөний үед уншигчдаа яаж алдахгүй байх вэ. Уншигчид юу хүсэж байна. Тэдний хүсэл сонирхолд нийцүүлж нийтлэлийн бодлогоо яаж өөрчлөх вэ гэдэг асуудал чухал байв. 1990 он гэхэд намын хэвлэлүүдийн захиалга эрс буурсан юм. Нэгдүгээрт, хүмүүс унших олон хэвлэлтэй болсон. “Үнэн” сонин өөрчлөн байгуулалтын үеийн дуу хоолой болж, дайчин, асуудал дэвшүүлсэн сэдвүүд нийтэлж байсан учир захиалга нэлээд буурсан ч бас танагтай. Харин “Намын амьдрал” сэтгүүл захиалгагүй шахам болсон. Намын ажилтнууд, гишүүд албаны хуурай өгүүлэл нийтлэлүүдийг сонирхохоо больсон хэрэг. Тиймээс би сэтгүүлийн эрхлэгчийн хувиар нийтлэлийн бодлогыг цаг үеийн эрэлт шаардлагад нийцүүлэн өөрчлөх ажлыг эхлүүлсэн. Сэтгүүлээ онолын чиг баримжаатай болгох нь зүйтэй гэж бодлоо.
Нэгд, хүмүүс нийгэмд болж буй өөрчлөлт, ардчилал, зах зээлийн эдийн засаг, нам, төрийн байгуулалтын үүрэг, зорилго, соёл боловсрол зэрэг бүхий л асуудлаар хийгдэж байгаа өөрчлөлт, шинэчлэл, түүний цаад утга учир, онол, шинжлэх ухааны үндэс юу болохыг мэдэхийг хүсэж байлаа. Хоёрт, намын гишүүдэд шинжлэх ухааны онолын түвшинд мэдлэг олгох, онолын ухамсар, сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн сэтгүүл үгүйлэгдэж байв. Одоо ч гэсэн хэвээрээ л байна.
Тийнхүү бодож байгаад сэтгүүлээ онолын чиглэлтэй болгохоор бэлтгэл хийж “Бодрол, бясалгал” нэр өгч Л.Түдэв эрхлэгчид танилцуулсанд зөвшөөрсөн. Сэтгүүлийг онолын түвшинд хөтөлж явуулах хүн хэрэгтэй. Тиймээс бид Москвад Нийгмийн ухааны академийг философич мэргэжлээр төгсөж зэрэг цол хүртээд ирсэн Ц.Ганбатыг сэтгүүлийн нарийн бичгийн даргаар тавьсан юм. Ц.Ганбат маань хожим нь бас “Үнэн” сонины эрхлэгч болсон.
Нийгмийн өөрчлөлтийн үйл явцад өрнөж байгаа нөхцөл байдлыг шинжлэх ухааны онолын үүднээс харах, тайлбарлах чиглэлийн өгүүлэл, материал нийтлэх боллоо. Үүнийг манай намын сэхээтнүүд, их, дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэн мэргэдээс нэлээд нь олзуурхан сайшааж, талархлаа илэрхийлж үгээ хэлэх индэртэй боллоо хэмээн баярлаж байсан. Энэ сэтгүүлээ бид 1992 он хүртэл эрхлэн гаргаж байгаад УИХ-д сонгогдсон учир орхисон юм даа. Харамсалтай нь, сэтгүүл маань биднээс хойш их удалгүй гарахаа больсон байсан учрыг нь мэдэхгүй.
“Үнэн” сонины нийтлэлийн бодлогод ч өөрчлөлт хийх хэрэгтэй болсон. Олон нам, олон хэвлэл үүсэж нийгэмд болж буй өөрчлөлт ардчилал, зах зээлийн эдийн засаг болон нийгмийг бусад асуудлаар олон янз, зөрчилтэй, заримдаа гажуудуулсан, туйлширсан зүйл нийтлэгдэж олон түмнийг төөрөгдүүлж байлаа. Иймд “Үнэн” сонин бодит үнэн, зөв мэдээллээр уншигчдыг хангах, өөрийн намын үзэл баримтлал, байр суурийг ил тод ойлгомжтой илэрхийлэх, ардчилсан өөрчлөлтийг зөв зүг чиглэлд оруулахад туслах, МАХН руу чиглэсэн гүтгэлэг дайралтыг няцаах зэрэгт бодлогоо чиглүүлэх болсон.
Үүний тулд дэргэдээ чөлөөт сонин гаргахаар редакц шийдэж, санал гарган Л.Түдэв эрхлэгчид танилцуулсанд зөвшөөрсөн. Улмаар чөлөөт сониноо олон ургальч үзлийн талбар болгох зорилгоор “Бодлын солбицол” гэж нэрлэсэн. Сонины эрхлэгчээр Б.Ганболд томилогдож маш сайн ажилласан. Ганболд бол нэлээд чөлөөт сэтгэлгээтэй, сонины ажлын туршлагатай хүн. Бас Москвагийн Нийгмийн ухааны аспирантурыг төгсөж, мэргэжлээрээ цол хамгаалсан хүн. Чөлөөт сонин маань удалгүй олны талархал хүлээж уншигч, захиалагч нэмэгдсэн. Энэ нь “Үнэн” сонин хөтөлгөө морьтой болсон гэсэн үг.
“Үнэн” сонинд ч сөрөг хүчний хэвлэлийн байр сууринаас асуудалд хандах шаардлага үүссэн
-Бусад сонин хэвлэлтэй харьцуулахад “Үнэн” сонин намын байгууллага, түүнийг дэмжигч төдийгүй шүүмжлэгчийн байр сууринаас ханддаг төлөөллийн хараанд байдаг. Шуугиан дэгдээж, элдэв өнгө хайсан эх сурвалжаас холуур мөртлөө үргэлж олны анхаарлын төвд оршдог онцлогтой хэвлэл. Бас Монголын улс төрийн ууган хүчний унаж босох бүхий л үйл явц манай сонин, уншигчдын хандлагад шууд илэрдгээрээ сорил дагуулдаг. Та МАН /МАХН/ сөрөг хүчний байранд шилжсэн 1996 онд “Үнэн” сонины эрхлэгчээр ажиллахдаа нийгмийн амьдралаа мэдэрч нийтлэлийн бодлогодоо хэрхэн өөрчлөлт оруулж байв?
-1996 он бол МАН /МАХН/ түүхэндээ анх удаа сөрөг хүчин болсон үе. Нам сөрөг хүчин болсноор “Үнэн” сонин ч мөн ялгаагүй сөрөг хүчний хэвлэлийн байр сууринаас аливаа асуудалд хандах шаардлага үүссэн.
Өмнө нь нам, төрийн хэвлэл гэдэг байр сууринаас мэдээ мэдээллээ бэлдэж байсан бол сөрөг хүчний дуу хоолой болсноор нийтлэлийн бодлогоо хэрхэн өөрчлөх вэ гэдэг нь тухайн үед сонины редакцынханд сорил болж байв. Тиймээс бид нийтлэлийн бодлогоо УИХ-д цөөнх болсон сөрөг хүчнийхээ байр суурийг олон нийтэд хүргэх, тэдний баримталж байгаа бодлогыг олон түмэнд хүргэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Мөн эрх барьж байгаа улс төрийн хүчний алдаатай бодлогыг засаж залруулах чиглэлд санал сэдэл өгөх, шүүмжлэх байр сууринаас хандаж эхэлсэн юм. Тухайн үед олон ургальч үзэлтэй хэвлэлүүд бий болсноор нийгэм, улс төрийн бодит байдлыг янз бүрээр гуйвуулах, эсвэл аль нэг талыг дөвийлгөн туйлшрах хандлагууд илэрч байсан. Энэ үед “Үнэн” сониныхонд нийгэмд өрнөж байгаа үйл явдлыг үнэн бодитоор олон түмэнд хүргэх хэрэгцээ, шаардлага үүсэж байв.
-Өнөөдрийн сонины редакцад тулгарч байгаа санхүү, захиалгын асуудал 1996 оны “Үнэн” сонины хамт олны ч толгойны өвчин байсан байх. Тэр дундаа борооны дараах мөөг шиг хэвлэлүүд бий болсноор сонин уншигчдаа авч үлдэхэд тийм ч амар байгаагүй болов уу?
-Тиймээс олон хэвлэл дунд тарж бутарсан уншигчдаа эргүүлж татахад анхаарал хандуулсан. Бусад хэвлэл цаасны чанараар биднээс хол илүүгээс гадна өнгө засаад жигтэйхэн. Харин манай сонин хуучны үйлдвэртээ бордуухан цаасан дээр сониноо хэвлэдэг. Долоо хоногт нэг удаа дөрвөн нүүрээр уншигчдад хүрдэг байсан нь уншигчдаас шүүмж дагуулах болсон. Гэхдээ тэдгээрийг өөрчлөхөд хөрөнгө санхүү шаардлагатай. Гэтэл намайг эрхлэгчээр очиход хэдхэн дугаар гаргаад сонин хэвлэж чадахгүй болтлоо санхүүгийн байдал доройтсон байсан.
-Нам ялагдсан үед сониныг дэмжиж байсан хүмүүсийн заримынх нь сэтгэл хувирдаг, “нүүр буруулдаг”. Гэхдээ ажил авсан хүн зоригтой байхгүй бол болохгүй. Та тухайн үед ямар шийдвэр гаргаж байсан бэ?
-Сонины захиалга унасан үе байсан учраас танил талаараа зээл авч санхүүгийн хувьд яаралтай асуудлаа шийдсэн. “Үнэн” сониноо цагаан цаасан дээр, “Данида”-д хэвлүүлэхээр болж байлаа. Долоо хоногт нэг удаа хэвлэж байсныг гурав болгон өөрчилсөн нь уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн.
Мөн цаг үеэ дагаж редакцад шинэ боловсон хүчнүүдийг авчирсан. Үндсэндээ гэрэл зурагчнаас бусад нь бүгд шинэ хүмүүс болсон. “Үнэн” сонин, сэтгүүлд урьд нь ажиллаж байсан Ц.Ганбат /УИХ-ын гишүүн асан/, эрдэмтэн философич Д.Батмөнх, сайн нийтлэлч Х.Бүрэнтогтох гэх мэт чадварлаг хүмүүс сонинд ажиллах болсон нь үйл ажиллагаа сайжрахад нөлөөлсөн гэж хэлж болно. Бидний зоригтойгоор эхлүүлсэн өөрчлөлтөөр сонины өнгө зүс сайжирснаас гадна хэвлэлийн тоо ч нэмэгдсэн.
Сонинд хэвлэгдэх нийтлэлүүд сайжраад ирэх тусам уншигчдын анхааралд хүрч чамлахааргүй үр дүн гарч байлаа. 1998 оноос сонины захиалга нэлээд нэмэгдэж “Үнэн” сонин шокноосоо гарч байв. Намын гишүүд дэмжигчдийн хувьд ч сонгуулиар цөөнх болсон шокноосоо гарч, намаа дэмжих хүмүүсийн тоо ч нэмэгдэж эхэлсэн. Энэ үе бол “Үнэн” сонин төдийгүй намын хувьд дахин сэргэлтийн үе байсан юм.
Сэтгүүл зүйн салбарт намын хэвлэл гэсэн нэг категори байж, судлагдахуун болох ёстой
-Сонин хэвлэлийн өрсөлдөөнд байр сууриа хадгалах мэдээж амаргүй. Ялангуяа цаасан хэвлэлийн ач холбогдлын талаар ярих болсон үед бүр хэцүү ажил?
-Би үүний эсрэг байр суурьтай хүн. Өнөө цагт хүмүүс “Цаасан хэвлэлийн нөлөө буурсан” гэж ярих болж. Хэдийгээр мэдээллийн их урсгал бий болсон ч учир дутагдалтай тал олон. Телевиз, сайтын мэдээлэл тухайн цаг үедээ цацагдаад шинэ мэдээ мэдээлэлд дарагдана. Гэтэл сонин бол архив, тухайн цаг үеийн толь бичиг болдог учраас ач холбогдол ихтэй. Тэр дундаа “Монголын үнэн” сонин Монгол Улсын түүхийг тасралтгүй 105 жил бичиж байна. Үүгээрээ би өнөө цагт ч цаасан хэвлэлийн ач холбогдол хэвээрээ хэмээн хэлэх гээд байгаа хэрэг.
Намын удирдлага, УИХ-д байгаа намаас нэр дэвшсэн гишүүд “Үнэн” сониныхоо ач холбогдлыг сайн ойлгож байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Хэрвээ намын түүхийг цаашид хадгалахыг хүсвэл төв хэвлэлдээ анхаарал хандуулж, дэмжиж ажилламаар санагддаг юм. Сонин хэвлэлүүдийн захиалга буурснаас одоо ч гэсэн санхүүгийн хувьд амаргүй цаг хугацааг даван туулж байна. Ийм үед нам маань “Үнэн” сониноо дэмжиж, тусалж байгаасай гэж зовлонг нь мэдэх хүний хувьд хэлмээр байна.
“Үнэн” сониныг нам, төрийн өндөр албан тушаалтнууд, Намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаас эхлээд жирийн гишүүд хүртэл захиалан уншдаг байсан нь одоо ч хэвээрээ байх. Эрх баригч намын хувьд Ерөнхий сайд, УИХ-ын даргаас эхлээд УИХ-д сууж байгаа намаас сонгогдсон гишүүд “Монголын үнэн” сониноо захиалан уншиж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Сонины уншигчдын олонх нь намын ахмадууд. Эдгээр хүмүүс тухайн цаг үедээ бас л нам, төрийн өндөр албан тушаал хашиж байсан. Нийгмийн тэргүүлэх хүчнийг бүрдүүлж байсан хүмүүс энэ сониныг уншдаг. Тийм учраас бусад сонин шиг олон нийтийн анхаарлыг татах шалдар булдар юм нийтэлдэггүй. Энэ байр сууриа хадгалсаар ирсэн.
Өнөөдрийн “Монголын үнэн” сонины байр суурь ч энэ хэвээр үргэлжилж байна. Тиймээс би “Үнэн элит сонин юм” гэж бичсэн удаатай. Энэ байр суурь одоо ч хэвээр. Уг нь сэтгүүл зүйн салбарт намын хэвлэл гэсэн нэг категори байж, судлагдахуун болох ёстой юм. Үүнийг хийх судлаачид гарч ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
-Сониныхоо байрны асуудлыг хэрхэн шийдвэрлэж байсан бэ?
-Тэр үед төрд гарсан засаг маань /Ардчилсан намын/ улсын төсвөөр баригдсан олон нийтийн байгууллагын байруудыг хураах, хувийн өмчид шилжүүлэх асуудлыг тавьж эхэлсэн. Түүндээ “Үнэн” сонины байрыг оруулах гэж үзсэн.
Ер нь социализмын үед ч “Үнэн” сонин өөрийн байргүй байсан юм билээ. Цагдаагийн газрын мөрдөн байцаах газрын байранд байрлаж байсан байдаг. Сүүлдээ байрны эзэн байраа суллаж өгөхийг шаарддаг болсон гэж байгаа. Уг нь Намын төв хороо 1980-аад оны сүүлээр Намын түүхийн институт, архив, “Үнэн” сониныг оруулахаар гурван корпустай том барилга эхлүүлсэн боловч төр солигдож, улсаас төсөв өгөхгүй болсноор тухайн байгууллагууд өөрсдөө гүйцээж барих ёстой болсон гэдэг. Тэгээд “Үнэн” сонин өөрийн байрлах корпусыг нэгэн компанитай хамтарч гүйцээсэн нь одоогийн сонины энэ байр юм. Бид ямар ч байсан арга олж, энэ байраа авч үлдсэн. Өөрийн гэсэн байртай болсон нь Л.Түдэв эрхлэгчийн гавьяа шүү дээ. Байрны түүхийн нарийн ширийнийг би сайн мэдэхгүй. Дуулснаа л ярьж байгаа ухаантай. Одоо ч миний байсан үеийг бодоход “Үнэн” сонины маань байр гадна, дотроосоо сайхан тохижиж, ярих юмгүй гоё болжээ.
-Та 2000 онд дахин УИХ-д сонгогдож ажлаа өгсөн үү?
-Тийм ээ, би ажлаа Ц.Ганбатдаа үлдээгээд явсан. Ц.Ганбат маань хоёр жил хэртэй үүрэг гүйцэтгэгч байгаад ерөнхий эрхлэгчээр батлагдсан. Хэдэн жил сайн ажилласан. Үүний дараа Б.Ганболд маань”Үнэн” сонины ерөнхий эрхлэгч болж үйл ажиллагаагаа улам сайжруулж, бэхжүүлсэн. Үүнийг би яагаад хэлээд байна гэвэл бид бүгд “Үнэн” сонин, сэтгүүлд ажиллаж байгаад 1992 онд гурвуулаа УИХ-ын гишүүн болж байсан бөгөөд дараа нь гурвуулаа “Үнэн” сониндоо эргэн ирж ерөнхий эрхлэгч болцгоосон нь сонин тохиолдол юм.
“Үнэн” сонин маань 100 гаруй жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, шинэ Монголын зуу гаруй жилийн түүхийг бичилцэж иржээ. Цаашид ч бичсээр байх нь мэдээж. Тэгэхээр “Үнэн” сониныг би “Зууны сонин” гэж хэлмээр байна. Ярилцлагын төгсгөлд сонины хамт олондоо улам их амжилт хүсье.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонины №018/24645/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна