“Баялаг Хантай” хоршооны дарга Ч.Батцэцэгтэй ярилцлаа.
-Хойд бүсийн зөвлөлийн хуралдааны үеэр “Хантай цогцолбор” төслийг танилцуулж, тодорхой шийдэлд хүрлээ. Тухайлбал, ямар асуудлыг хэрхэн шийдүүлсэн бэ?
-Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг гардаж авсан гэдгээ юуны түрүүнд онцолж хэлмээр байна. Энэ сарын 7-ны өдрийн 81 дугаартай захирамжаар “Эгийн голын усан цахилгаан станц төсөл”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийг нүүлгэн шилжүүлж, жишиг багийн төв байгуулах ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдлаа. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ЗГХЭГ, холбогдох яамд, тусгай хамгаалалттай газар, орон нутгийн удирдлага болон иргэдийн төлөөллийг оролцуулсан 12 гишүүнтэй. Ажлын хэсгийн зорилго нь ЭГУЦС төслийг 34 жил эсэргүүцэлгүй, тэвчээртэй хүлээсэн нөлөөллийн бүсийн иргэдийн хүний эрхийг хангах явдал юм. Иргэд өөрсдийн санаачилгаар асуудлаа судалж, уйгагүй хөөцөлдөж, гарц гаргалгааг тодорхойлж, хойд бүсийн зөвлөлийн хуралдаанд саналаа дэвшүүлсэн нь төрийн шийдвэр гаргалтад иргэдийн оролцооны амжилттай бөгөөд эерэг жишээ боллоо гэж харж байна.
-Дээрх шийдвэр гарснаар Хантай багийн иргэдийн хувьд ямар боломж нээгдэж байна вэ?
-ЭГУЦС төслийг хэрэгжүүлэх анхны шийдвэр 1991 оноос эхлэлтэй. Тэр үеэс хойш удаа дараа төсөл хойшлогдож, Хантай багийн иргэдийн ирээдүй 34 жил тодорхойгүй, хөгжих эрх нь хязгаарлагдсан байдалтай амьдарсан. Хамгийн сүүлд 2016 онд Засгийн газрын 285 дугаар тогтоолоор 37 мянга орчим га газрыг улсын тусгай хэрэгцээнд авснаар Хантай багийн иргэдийн хувьд газрын харилцаа, орон нутгийн хөгжил таг зогссон юм. Тухайн үед төсөл амжилттай хэрэгжсэн бол багийн төвийг нүүлгэн шилжүүлэх байсан ч санхүүжилтгүйн улмаас иргэдийн амьжиргаа, эдийн засгийн баталгаа төсөлтэй хамт гацсан гэсэн үг л дээ. Тиймээс ЭГУЦС төсөл хэрэгжих эсэхээс үл хамааран нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг цаг алдалгүй шийдэж өгөхийг Засгийн газраас хүссэн. Ингэснээр иргэд тодорхойгүй хүлээлтээс ангижирч, газар өмчлөх, эзэмших, үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлэх, шаардлага хангасан орон байранд амьдрах, амьдрах орчноо сайжруулах, бизнес эрхлэх, эдийн засгийн харилцаанд оролцох боломжтой болох юм.
-Иргэдийн идэвх санаачилга, оролцоотойгоор эл асуудлыг энэ хүртэл явж ирсэн гэдэг нь?
-Иргэд энэ асуудлыг шийдүүлэхээр орон нутгийн удирдлагад, орон нутгийн удирдлагаас Засгийн газарт удаа дараа хандаж байсан ч ЭГУЦС төслийн тодорхойгүй байдлаас улбаалан хойшлуулсаар ирсэн юм билээ. Энэ нөхцөл байдал нь миний хувийн амьдрал болон манай хоршооны хөгжилд ч сөрөг нөлөө үзүүлж байсан тул миний бие хоёр жилийн өмнөөс иргэний хувиар асуудлыг гүнзгийрүүлэн судалж, байж болох гарц гаргалгааг тооцоолж эхэлсэн. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ХЭҮК-т гомдол гаргасны дагуу Хантай багийн иргэдийн эрх зөрчигдөх нөхцөл байдал үүссэн болохыг тогтоосон. Албан ёсны нотолгоотой болсон учраас үргэлжүүлэн хөөцөлдөх урам зориг, шийдүүлэх итгэл үнэмшил төрсөн гэх үү дээ. Энэ асуудлыг нутгийн иргэд, орон нутгийн удирдлагад танилцуулахад бүгд дэмжсэн. Иргэд олон удаагийн уулзалт хийж, санаа бодлоо нэг талдаа нэгтгэн, байж болох гарц гаргалгаа, хөөцөлдөх замын зураглалаа хамтдаа тодорхойлсон. Хамгийн ойрын боломж нь Хойд бүсийн зөвлөлийн хуралдаан, Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан гэдгийг мэдсэн даруйд бид бэлтгэл ажлаа базааж эхэлсэн. Сумын ИТХ-ын төлөөлөгч М.Гансолонго гар нийлж, баг болж ажилласан. Иргэд гарын үсгээ цуглуулж орон нутгийн удирдлагад хүсэлтээ өгөхөд Хутаг-Өндөр сумын Засаг дарга асан О.Далайцэрэн, ИТХ-ын төлөөлөгчид энэ асуудлыг маш нухацтай хүлээж авч, сумын ИТХ-аар хэлэлцүүлэн тогтоол гаргаж, аймгийн Засаг даргад уламжилж өгсөн. Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир хүний эрхийн ажлын хэсэг байгуулж асуудлыг даруй судлуулан, аймгаас эрэмбэлж Хойд бүсийн зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэхээр санал оруулж өгсөн.
Мөн ЭГУЦС ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Баттулга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин нар уг асуудалд хүний эрхийн мэдрэмжтэй, иргэдийн оролцоонд хүндэтгэлтэй хандсан нь Ерөнхий сайд болон Засгийн газрын бусад гишүүнд асуудлын нарийн ширийнийг ойлгуулахад маш их тус дэм болсон. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал манай иргэдэд хууль эрх зүйн болон хүний эрхийн талаас нь зөвлөж, арга зүйн хувьд дэмжлэг үзүүлсэн юм. Гаднаас нь харахад ганц өдрийн хуралдааны үйл явдал мэт боловч, олон хүний хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, итгэл үнэмшлээр бий болсон үр дүн юм. Тэр ч бүү хэл манай иргэд хандив цуглуулж жишиг багийн төв-ийн макет хүртэл хийлгэсэн. Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны хамт олноос төслийн танилцуулгын дижитал контент хийж өгч, дэмжсэн. Энд дурдсан хүмүүсээс гадна бидний асуудлыг хүний эрхийн мэдрэмжтэйгээр хүлээцтэй сонсож, шийдвэр гаргагчдад ойлгуулах, бодлогын өмгөөлөл хийхэд тусалж дэмжсэн маш олон хүн бий. Бид өнгөрсөн хугацаанд маш олон уналт босолт, ухралт давшилтыг туулж, их ч юм үзсэн бас сурсан. Эцэст нь иргэдийн оролцоог үнэлдэг, хүндэлдэг, олж хардаг төр засагтай гэдгээ мэдрэх маш сайхан байна.
-Тухайн төслийг үр дүнтэй, жишиг болохуйцаар хэрэгжүүлэх боломж бололцоо бий юү. Тухайлбал, газар нутгийн байршлын хувьд, мөн хүн хүчний хувьд ч гэдэг юм уу?
-Бид асуудал ярьж, зовлон тоочихоос илүүтэй гаргалгаа боловсруулж шийдэл санал болгохыг эрмэлзсэн. Монгол Улсад шийдэх шаардлагатай асуудал олон бий. Тэр дундаас иргэд санаа бодлоо нэгтгэж, олон нийтэд дуу хоолойгоо хүргэж, шийдвэр гаргалтад нөлөөлнө гэдэг бол арга зүй шаардсан зүйл. Тиймээс эсэргүүцлийн аргаар биш харилцан ойлголцлын зарчмаар иргэн төр хоёрын хамтын ажиллагааг бий болгох нь илүү чухал байсан. Иргэдэд тулгарч буй асуудлыг тэд өөрсдөө сайн мэдэх учраас хамгийн зөв шийдэл санал тэднээс л гарна. Бидний эрх зөрчигдөж байсан нь тодорхой бөгөөд энэ зөрчлийг хэрхэн арилгах төлөвлөгөөгөө өөрсдөө боловсруулсан. Тиймээс нийгмийн нөлөөллийн үнэлгээний олон улсын аргачлалаар “Хүсэмжит ирээдүйн хувилбар”-ыг гаргаж ирсэн нь “Хантай цогцолбор” төсөл юм. Хантай багийн төвийг хэзээ нэгэн цагт нүүлгэн шилжүүлэх, хөрөнгө оруулалт шаардах нь тодорхой. Гэвч зүгээр нүүх биш ирээдүйд өөрсдийгөө санхүүжүүлэх чадвартай, эдийн засгийн үр өгөөжтэй байдлаар орон нутгийн хөгжлөө төлөвлөх зорилгоор хойд бүсийн бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх чиглэл болох байгалийн аялал жуулчлалыг бид хөгжлийн хувилбараар сонгож төслөө бичсэн. Учир нь, Хантай багийн нутаг бол Зэд-Хантай-Бүтээлийн нурууны ДЦГ-тай давхцал бүхий, Эгийн голын хөндийд байрлалтай, биологийн олон янз байдлын нягтаршил өндөртэй, үзэсгэлэнт байгальтай, газрын ашиглалт бараг хийгдээгүй онгон дагшин нутаг. Ирээдүйд ЭГУЦС-ын усан сан бүхий нуур бий болох учраас аялал жуулчлалын нөөц боломж улам ч нэмэгдэнэ. Нуурын нөлөөгөөр малын бэлчээр хумигдаж уламжлалт мал аж ахуй эрхлэх боломж хязгаарлагдана. Тиймээс цаашдын эдийн засгийн баталгаа, амьжиргааны шинэ эх үүсвэрийг төлөвлөж, нийгмийн шилжилт, дасан зохицох хөтөлбөрийг эртнээс эхлүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Нэгэнт төр засгаас шинэ багийн төвийг байгуулахад зориулж хөрөнгө оруулалт хийгдэх учраас түүнийг хамгийн өндөр өгөөжтэй, зөв төлөвлөлттэй байлгах талаас нь иргэд саналаа оруулж байна гэж ойлгож болно. Энэ санал шийдвэр гаргагчдад үндэслэлтэй, бодитой бас иргэдийн хүсэлд тулгуурласан байсан учраас дэмжигдсэн гэж харж байгаа.
Хантайд нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхэлсэн, амжилттай хоршоолсон, сайн дурын үндсэн дээр байгалиа хамгаалсан, хог хаягдлын менежментээ сайржуулсан зэрэг олон сайн туршлага бий. Манай багийн иргэд хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилдаг. Төр шийдэж өгөхийг хүлээлгүй, өөрсдийн нөөц бололцоог ашиглан асуудлаа шийдвэрлэж ирсэн. Газар нь улсын тусгай хэрэгцээнд авагдсаны улмаас орон нутгийн хөрөнгө оруулалтгүй шахам олон жилийн нүүр үзсэн. Иймээс иргэд зам, даваа гүвээгээ өөрсдөө засаж, Эгийн голын бирваазны засвар үйлчилгээг хийж, амьдрах орчноо сайжруулж ирсэн.
Энэ байдлыг иргэдийн оролцооны сайн туршлага гэж төр засаг талархан хүлээн авсан учраас Хантай багийг үндэсний хэмжээнд үлгэр дуурайл болохуйц жишиг баг болж болно гэдгийг Ерөнхий сайд иргэдтэй уулзах үеэрээ ч онцолж хэлсэн. Бид ч цаашид төр засгийн итгэлийг дааж, иргэний оролцоот хөгжлийн эхлэлийг тавилцаж, засаг захиргааны хамгийн бага нэгжийн бие даасан байдлын сайн загвар, нутгийн өөрөө удирдах ёсны сайн туршлагыг бий болгохын төлөө хичээх болно.
-“Баялаг Хантай” хоршооны байгуулагдсан түүх, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар хуваалцъя. Та бүхэн ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Хантай багийн иргэд гурван жилийн өмнө Булган аймгийн хөдөө аж ахуйн МСҮТ-ийн Зөгийчин, зөгийн аж ахуй эрхлэгч мэргэжлийн курст 19-үүлээ суралцсан юм. Нэг ангийн 13 зөгийчин нэгдэн нийлүүлж “Баялаг Хантай” хоршоог үүсгэн байгуулсан. Олон нийтийн санхүүжилт, урьдчилсан захиалгаар 100 гаруй сая төгрөг босгож, Хантай зөгийн аж ахуй, Хантай өөртөө үйлчлэх зусланг байгуулаад гурав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Хоршооны гишүүд өөрсдийн илүү гэрээ нийлүүлж бариад, хоёр зуны хугацаанд 1000 гаруй амрагчийг хүлээж авсан. Аялал жуулчлалын бизнесийн тогтвортой байдал нь байгаль хамгаалал, хог хаягдлын менежментээс шууд хамааралтай учраас нийгмийн хариуцлагын хүрээнд хоршооны гишүүд болон нутгийн иргэд нэгдэж байгаль хамгаалах сайн дурын клубийг байгуулсан нь одоо идэвхтэн долоон байгаль хамгаалагчтай. Суурьшлын бүс болон байгаль дээрх хог хаягдлыг бууруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах, Эгийн голын сав газар, загас, усны амьтныг хамгаалах, усан замын тээврийн хяналтад дэмжлэг үзүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр иргэд сайн дураараа ажиллаж байна.
Манай хоршоо өөрийн эзэмшил газаргүй тул ямар ч бизнесийн зээлд хамрагдах боломжгүй байдаг. Өөрсдийн хүчээр, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ дэмжлэгээр өдий зэрэгтэй яваа. Олсон орлогоосоо байгаль хамгаалал, орон нутгийн хөгжил болон хүний хөгжлийг дэмжих нийгмийн хариуцлагаа санхүүжүүлж ажилладаг.
Цаашид биологийн олон янз байдлыг хамгаалах, нутгийн иргэдэд түшиглэсэн эко аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил олон бий. Хамгийн чухал хөгжлийн хөшүүрэг бол хүний хөгжил, иргэний оролцоо, нутгийн өөрөө удирдах ёс гэж бид хардаг.
-Таныг Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжин суурьшсан гэж ойлгосон. Ийм шийдвэр гаргахад их л зориг шаардсан байх даа?
-Би Улаанбаатар хотод төрж, өссөн. Агаар, орчны бохирдол, автомашины түгжрэл, дуу чимээний стрессээс дайжиж анх хөдөө амьдрах шийдвэр гаргаж, буурал өвөөгийнхөө уугуул нутаг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийг сонгож ирсэн. “Хөдөө амьдарцгаая” иргэдийн санаачилгыг 2018 оноос хойш өрнүүлсэн нь одоо фэйсбүүкийн 20000 гишүүнтэй групп болж өргөжсөн байна. Залуу, олон гэр бүл орон нутагт амьдрахаар шилжин суурьшиж байна. Тэдэнд урам зориг, үлгэр дуурайл болохыг хичээдэг. Бизнесийн салбарт 20 жил ажиллаж байгаа бөгөөд хоршоо, нөхөрлөл, кластер зэрэг түншлэлийн менежментээр ажиллах илүү сонирхолтой. Тиймээс иргэний оролцоо, нутгийн өөрөө удирдах ёс руу өөрийн эрхгүй хальж ороод байдаг юм. Сүүлийн дөрвөн жилийнхээ дийлэнх цаг хугацааг сайн дурын ажилд зориулж байна даа.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонины №018/24645/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна