М.Говьсайхан: НОСК орон сууцны олон талт хөтөлбөр хэрэгжүүлдэг үндэсний хэмжээний байгууллага болохыг зорьж байна

unen
7 цагийн өмнө

Нийслэлийн орон сууцны корпорац /НОСК/-ын гүйцэтгэх захирал М. Говьсайхантай ярилцлаа. 

-Иргэд, олон нийтэд НОСК-ын чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэлийн талаар танилцуулахаас ярилцлагаа эхэлье? 
-НОСК бол орон сууц барьдаг барилгын компани биш, харин Компанийн тухай хуулийн хүрээнд хувьцаат компанийн хэлбэрээр төр, иргэн, хувийн хэвшил гээд талуудын оролцоог хангаж, зохион байгуулалт, менежмент хийдэг, нийслэл Улаанбаатар хотод орон сууцны бодлого хэрэгжүүлэгч байгууллага гэдгийг юуны түрүүнд тодотгож хэлмээр байна. Тухайлбал, бид агаар, хөрсний бохирдлыг бууруулах, автомашины түгжрэл, төвлөрлийг сааруулах зорилгоор гэр хорооллыг, мөн шинэ суурьшлын бүсийг орон сууцжуулах ажлыг зохион байгуулж байна. 

Түүнчлэн олон улсад хэрэгжүүлж буй байгаль орчинд ээлтэй, ногоон орон сууцны технологийг Монголд нэвтрүүлж, нутагшуулах чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах ажлыг зохион байгуулахдаа түрээслээд өмчлөх, түрээсийн энгийн хэлбэр гэсэн хоёр чиглэлээр хамруулдаг.  Мөн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас буюу бонд босгох ажлыг хариуцахаас гадна Улаанбаатар хотын газрын менежмент, газар чөлөөлөлтийн үйл ажиллагааг сайжруулах, хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгоход гар бие оролцдог.  

-Эдгээрээс хууль эрх зүйн орчны асуудлыг тодруулж асуумаар байна. Танай байгууллагын хувьд энэ талд ямар ахиц дэвшил бий болж байна вэ?  
-Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг батлахад, мөн үүнийг дагалдах 26 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад бид хамтарч ажилласан. Ингэснээр газар чөлөөлөлтийг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх боломжтой болсон. Мөн Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталсантай холбоотойгоор гадаад, дотоодын зах зээл дээрээс бие даасан хөрөнгийн эх үүсвэр, бонд босгох боломж бүрдсэн. Ер нь бол хууль эрх зүйн орчин өмнөхөөсөө илүү сайжирч, ажил саадгүй урагшлах боломж бүрдэж байгаа. 
-Та бүхэн өнгөрсөн хугацаанд зорилтот бүлгийн хэчнээн иргэн, айл өрхийг орон сууцад хамруулаад байна вэ?  
-Түрээслээд өмчлөх болон энгийн түрээсийн хэлбэрээр 3800 орчим иргэнийг орон сууцад хамруулсан байдаг. Үүнээс хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас буюу бонд гаргах хэлбэрээр санхүүжилтийн эх үүсвэрийг нь шийдэж, төрийн 1577 албан хаагч, хувийн хэвшлийн ажилтнуудыг түрээслээд өмчлөх буюу урьдчилгаа төлбөргүй, 15 хүртэлх жилийн хугацаатай 6-8 хувийн хүүтэй зээлээр орон сууцад хамруулах ажлыг зохион байгуулсан.  

-Иргэд, олон нийт түрээслээд өмчлөх болон ипотекийн зээлийг андуурч ойлгох тохиолдол гардаг. НОСК-ын зүгээс хэрэгжүүлж буй түрээслээд өмчлөх хөтөлбөр ямар онцлог, давуу талтай вэ?
-Түрээслээд өмчлөх хөтөлбөр бол ипотекийн зээлийн нэг хэлбэр. НОСК бол түрээсийн хөрөнгөөр баталгаажсан бонд гаргадаг бол МИК ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргадаг. Өөрөөр хэлбэл, иргэний түрээсийн эргэн  төлөлт, хөрөнгийн багцыг барьцаалж Засгийн газар болон нийслэлээс тодорхой зорилтот бүлэгт чиглэсэн ипотекийн нэг хэлбэр болох түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Ингэхдээ тодорхой татаасыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэж урьдчилгаа төлбөргүй,  бага, дунд орлоготой зорилтот бүлгийн иргэдэд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлдгээрээ онцлогтой. 

Судалгаанаас харахад, эх үүсвэрээсээ шалтгаалаад ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн дараалал, хүлээх хугацаа дунджаар хоёр жил орчим байхаас гадна тухайн зээлд гэр хорооллын иргэд төдийлөн хамрагдаж чадахгүй байна. 

Яагаад гэхээр, өрхийн орлогын хэмжээ нь урьдчилгаа 30 хувийн хуримтлал үүсгэж чаддаггүйгээс ипотекийн зээлийн шаардлагыг хангадаггүй. Тийм учраас НОСК зорилтот бүлэг рүү чиглэсэн түрээслээд өмчлөх зэрэг тусгайлсан хөтөлбөр  хэрэгжүүлэхийг зорьдог. Харин энгийн түрээсийн хэлбэр гэдэг нь газар чөлөөлөлтийн нөлөөлөл, байгалийн гамшиг, эрсдэлд өртсөн иргэдийг түр орон сууцаар хангах зорилгоор хамруулдаг хөтөлбөр юм.

 Ер нь бол НОСК халамжийн байгууллага биш гэдгийг иргэд төдийгүй төрийн байгууллагынхан маань ч гэсэн ойлгох хэрэгтэй. Бүх газрууд л орон сууцад хамрагдах хүсэлтэй иргэдийнхээ өргөдлийг НОСК руу цохдог. Бид хэдий зорилтот бүлгийн иргэд рүү чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үүрэгтэй ч тодорхой хэмжээний орлоготой иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцад хамруулдаг. 

-Урьдчилгаа төлбөргүй гэдэг утгаараа иргэд түрээслээд өмчлөх орон сууцад хамрагдах хүсэл сонирхолтой ч нөгөө талд нийлүүлэлт хязгаарлагдмал байдаг. Тэгэхээр цаашид эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх, хөтөлбөрийн хүртээмжийг яаж нэмэгдүүлэх ёстой вэ? 
-Нийслэл болон улсын төсвөөс тодорхой хэмжээний татаас шаарддаг. Яагаад гэвэл, бид Монголбанкнаас бодлогын хүүгээр зээл авч, түүнийгээ иргэдэд бага хүүтэй зээлүүлдэг. Тэгэхээр зээлийн хүүгийн зөрүүгийн татаасыг ямар нэгэн байдлаар шийдвэрлэх шаардлага бий болж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд улсын болон нийслэлийн төсвөөс 150 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас буюу бонд гаргах байдлаар зээлийн хүүгийн татаасыг хоёр удаа шийдэж өгсөн. Цаашид НОСК газар чөлөөлөлт болон өөрсдийн хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрөөс Газар чөлөөлөлтийн санд төвлөрүүлж, тэрхүү орлогоосоо тухайн татаасыг шийдэх хувилбарыг бид дэвшүүлж байгаа. Ийм байдлаар шийдвэрлэж чадвал энэхүү хөтөлбөрийг өргөжүүлж, хүртээмжтэй болох боломж бий. 

-Ер нь өнгөрсөн хугацаанд гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөлтийн ажил нэлээд удаашралтай, үр дүн багатай байсан гэж дүгнэж болох байх. Шалтгаан нь юу байв? 
-Өнгөрсөн арван жилийн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэрэгжилт 12-13 хувьтай явж ирсэн. Нийтдээ 148000 айлын орон сууц барих зорилго дэвшүүлснээс 3200 нэгж талбарыг чөлөөлж, 17000-18000 айлын орон сууц барьсан байдалтай байна. Газар чөлөөлөх, гэр хорооллыг орон сууцжуулах зэрэг бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд нийслэл, хувийн хэвшил, иргэн гээд бүх талын оролцоо чухал үүрэгтэй байдаг. 

Эдгээр тал нэг ашиг сонирхол, нэгдмэл ойлголттой байснаар төслийг төлөвлөсөн хугацаанд нь хэрэгжүүлж дуусгах боломжтой. Гэтэл өнгөрсөн хугацаанд энэ ажлыг иргэн, хувийн хэвшил хоёрт даатгаж, орхисон учраас үнэлгээний асуудлаас үүдэж тэдний дунд үл ойлголцол үүсэж, цаг хугацаа алдсан. 
-Тэгвэл та бүхэн газар чөлөөлөх ажлыг одоо яг ямар зарчмаар зохион байгуулж байна вэ?
-Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн гэр хорооллын дунд газар чөлөөлөлтийг нөхөн олговортойгоор жишиг үнээр албадан чөлөөлж болох заалт бий. 

Нийгмийн зайлшгүй хэрэгцээг тодотгосон 18 нэр төрлийн жагсаалтад гэр хорооллыг орон сууцжуулах гэдэг заалт багтсан. Тиймээс Засгийн газраар Гэр хорооллын газар чөлөөлөлтийн тухай журмыг батлуулсан. Ингэснээр бэлэн мөнгөөр, газрыг орон сууцаар, тухайн төслийг хэрэгжүүлж дуусах хүртэлх хугацаанд түрээсийн төлбөр олгох гэсэн хувилбараар газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна. Энэхүү хууль, журмын хүрээнд Сэлбэ дэд төв дээр хөрөнгийн маргаантай холбоотой нэг ч иргэний гомдол саналгүйгээр 1800 нэгж талбарыг анх удаа жил зургаан сарын хугацаанд чөлөөлж чадсан. 

Иргэдийн хөрөнгийг үнэлэх ажлыг зохион байгуулахдаа хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Иргэд газар болон үл хөдлөх хөрөнгөө үнэлэхээс гадна орон сууцтай болсноор амьдралын чанар нь давхар сайжирдаг. Тухайлбал, аюулгүй амьдрах орчин нөхцөл сайжрах, хүчирхийлэл, гэмт хэргийн гаралт багасах, агаар, хөрсний бохирдол буурах, эрүүл мэнддээ зарцуулах санхүүжилтээ хэмнэх зэрэг нийгмийн олон давуу талыг хүртэж эхэлдэг.

-Сэлбэ дэд төв дээр газар чөлөөлөх ажлыг шинэ түвшинд зохион байгуулахаас гадна төлөвлөлтийг мөн жишиг байдлаар хийсэн гэж харж байгаа? 
-Тэгсэн шүү. “20 минутын хот” концепцын хүрээнд сургууль, цэцэрлэг зэрэг бүх төрлийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн зураг төсөл, төлөвлөлтийг хийснээрээ онцлог, давуу талтай болсон. Санхүүжилтийг нийслэлээс гадаад зах зээлээс бонд босгох байдлаар 500 сая ам.долларын хөрөнгийг шийдвэрлэж, төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ жишгээр цаашид Улаанбаатар хотод зургаан дэд төвийн хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэх бөгөөд ингэхдээ газар чөлөөлөлтийг төлөвлөлтийн зураг төсөлтэйгөөр төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарч гүйцэтгэхээр ажиллаж байна. 

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл удаашралтай явж ирсэн бас нэг шалтгааныг хэрэгжүүлэгч компани гэж харж байгаа. Та бүхэн төслийн хэрэгжүүлэгч компанийг ямар шаардлага, шалгуурт үндэслэж сонгон шалгаруулж байгаа вэ? 
-Хувийн хэвшлийнхэнд тодорхой шаардлага тавьж ажиллах ёстой. Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэгч компаниудыг сонгох шалгаруулахдаа зөвхөн барилгын тусгай зөвшөөрлийг нь л үндэслэдэг байсан. Тэгвэл бид одоо хамгийн түрүүнд барилгын тусгай зөвшөөрөл бус тухайн компанийн санхүүгийн чадавхыг голлож хардаг болсон. Яагаад гэвэл, тухайн компани газар чөлөөлөлтийг зохион байгуулах үндсэн хөрөнгийн чадавхтай байх  ёстой. Энэ нь газраа чөлөөлсөн иргэдийг удаан хугацаанд хүлээлгэж хохироохгүй, түрээсийн төлбөр өгөхгүй байх зэрэг эрсдэлээс хамгаалж буй явдал юм. 

Түүнчлэн газар чөлөөлөх ажлаа хэрхэн яаж зохион байгуулах вэ, иргэдэд орон сууц, бэлэн мөнгө, түрээсийн төлбөр алийг нь санал болгож байна вэ гэдэг нь бас чухал. Мөн төлөвлөлтөө “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-тэй уялдуулсан эсэх, ялангуяа төсөл хэрэгжүүлэх талбайнхаа 40 хувьд барилга, 60 хувьд нь ногоон байгууламж төлөвлөсөн эсэх, байгаль орчинд ээлтэй ногоон технологийг нэвтрүүлэх санал шийдэл тусгасан үгүйг харгалзан үздэг.

Мөн түүнчлэн нийслэл өөрөө дэд бүтцийн асуудлыг нь шийдвэрлэж өгөх, үүрэг хариуцлага хүлээх ёстой. Тиймээс тухайн төслийг батламжилсны дараа дэд бүтцийг нь шийдэх бус эхлээд дэд бүтцээ шийдсэн газруудад төслөө зарладаг байх зарчмын өөрчлөлтийг оруулсан. Өнгөрсөн 10 жилд гарсан алдаа дутагдлыг дахиж давтахгүй байх үүднээс эдгээр бодлогын өөрчлөлтүүдийг хийсэн. 

-Одоогоор аль байршилд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрөөс эхний ээлжийн орон сууцыг ашиглалтад оруулах гэж байна вэ? 
-Засгийн газраас энэ оныг "Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласантай холбоотойгоор нийслэлийн хэмжээнд 24 мега төслийг хэрэгжүүлж байгаа. Үүнд Баянхошуу дэд төвийн хүрээнд барих 8000 айлын, Ханын материалд барих 3000 айлын орон сууцны төсөл багтсан. Баянхошуу дэд төвийн хүрээнд эхний ээлжид 800 айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнээс 110 айлын орон сууцыг ирэх сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

Харин Ханын материалд хэрэгжүүлж буй төслийн тухайд, эхний ээлжид 1800 айлыг орон сууцжуулахаар одоогоор 12.6 га газрыг чөлөөлөх ажил 70 гаруй хувьтай явагдаж  байна.  Газар чөлөөлтийн ажил бүрэн дууссаны дараа төр,  хувийн түншлэлийн хүрээнд гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулна. 

-Сүүлийн асуултаараа НОСК-ын дараагийн арван жилийн зорилго зорилтоос хуваалцана уу? 
-Бид цаашид Улаанбаатар хотод орон сууцны түрээсийн олон талт төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг үндэсний хэмжээний байгууллага болох зорилго дор үйл ажиллагаагаа төлөвлөж байгаа. Компанийн засаглалын хувьд олон нийтэд нээлттэй, нээлттэй хувьцаат компани болж хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хувьд илүү өргөн хүрээнд ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэснээр гадаад, дотоодын зах зээлээс өөрсдөө санхүүжилт босгох боломжтой болно. Мөн бид цаашид жилээс жилд өсөн нэмэгдэж буй орон сууцны үнийг тогтвортой хэмжээнд барихад анхаарч, төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлнэ. 

Бид хэдий хувьцаат компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг ч гэлээ нийгмийн сайн сайхны төлөө, иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, гэр хорооллын яндангийн тоог багасгах, зорилтот бүлэг рүү чиглэсэн орон сууцжуулах төсөл, хөтөлбөрийг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөж байна. 

Мөн автозамын түгжрэл, төвлөрлийг сааруулах зорилгын хүрээнд шинэ суурьшлын бүс тэлэх зорилгоор хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ эрчимтэй үргэлжлүүлнэ. Ингэхдээ ипотекийн зээлийн олон талын хэлбэрийг нэвтрүүлж, нутагшуулах, мөн ашиглалтын зардал багатай, орчин үеийн техник технологийг нэвтрүүлсэн, байгаль орчинд ээлтэй ногоон орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг түлхүү хэрэгжүүлэх зорилго тавин ажиллаж байна.

С.Юмсүрэн

 Эх сурвалж: Монголын үнэн сонины №018/24645/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зуслангийн ЯРГУЙ 3 цагийн өмнө
Дональд Трамп гадаад айлчлалаа Ойрхи Дорнодоос эхлүүллээ 4 цагийн өмнө
ОХУ, Украины төлөөлөгчид Истанбулд уулзжээ 5 цагийн өмнө
Мерц эдийн засгаа сэргээхээ амлав 5 цагийн өмнө
Ч.Батцэцэг: Хөгжлийн хамгийн чухал хөшүүрэг бол хүний хөгжил, иргэний … 5 цагийн өмнө
Г.Төртогтох: Би сониныхоо эгзэгтэй үеүдэд ажиллаж байсан хүн 5 цагийн өмнө
Мэсгүйгээр нүүрний арьсаа залуужуулах сонголт -“Boogie Boogie” 6 цагийн өмнө
"Нийслэлийн орон сууцны корпорац" ХК-ийн хийж хэрэгжүүлж буй төсөл хө… 6 цагийн өмнө
Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт 7 цагийн өмнө
Урьдчилгаагүй, түрээслээд өмчлөх зарчмаар орон сууцтай болно гэдэг том… 7 цагийн өмнө
М.Говьсайхан: НОСК орон сууцны олон талт хөтөлбөр хэрэгжүүлдэг үндэсн… 7 цагийн өмнө
Хэлэх үгтэй, хийсэн ажилтай 10 жил 7 цагийн өмнө
Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 8 цагийн өмнө
Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна 8 цагийн өмнө
Улаанбаатарт 25 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дул… Өчигдөр
Үндэсний номын баяр болж байна 2025/05/16
Э.Бямбасүрэн: Оршин буй цаг хугацаандаа үнэ цэнтэй байя гэвэл хүн өөрт… 2025/05/16
“Ногоон” амьдрал бүтээгчид 2025/05/16
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 2025/05/16