“Хөдөлмөрийн хүн”

unen
9 цагийн өмнө

Тэр хүнийг анх хараад л миний бодолд “Хөдөлмөрийн хүн” гэдэг үг бууж ирэв. Урлагийн хүн, спортын хүн гэдэг шиг л хөдөлмөрийн хүн. Бодлоо цааш хөвөрдвөл ямар хүнийг хөдөлмөрийн хүн гэж тодорхойлох юм бэ гэдэг асуулт урган гарч ирэх байх. Урлагийн аль нэгэн салбарт харьяалагдаж уран бүтээл туурвих нэгнийг урлагийн хүн гэдэг шүү дээ. Тэгвэл түүн лугаа л хөдөлмөр бүтээлийн нүргээн дунд нэгэн хөг эгшиг нэмж залуу, халуун насаа зориулсан нэгнийг хөдөлмөрийн хүн гэж хэлэхээс өөр яах вэ. 

Хөдөлмөрийн хүнтэй анх уулзахад эвэршиж хатуурсан арьстай, парлигар бахим гараар миний гарыг бүхлээр нь  атган мэндлэв. Тостой, бахим гарны атгалт чанга ажээ. 60 нэлээд гарчихсан хөдөлмөрийн хүн маань надаас 10 гаруй насаар ахмад нэгэн гэхэд итгэмгүй. Уулзаад л “Найман хайрхныхаа дунд насны нар хэвийлгэж явна даа” хэмээн цоглог нь аргагүй өгүүлээд “Намайг дагаад яв” гэсэн янзтай урд гаран тоос босгон давхив. Төгсгөл нь үл харагдах урт хөндийд их үдийн нарыг долгиондоо гялбалзуулан наадах Хараа гол. Ард дүнхийсэн арсгар барсгар хадтай хүглэгэр хайрхнууд мянга, мянган жилийг хүүрнэн өгүүлэх өвгөд мэт агаад Хараа гол өвгөдийн өвөр дээр эрхлэн жаргах хөвүүн мэт санагдах нь хачин. Урд замчлан давхих хөдөлмөрийн хүний босгосон улбар шаргал тоосон доогуур хэдэн үхэр мал голын зүг цувах ба морь унасан ганц малчин шилбүүр далайн бусдынх нь араас шавдуулах аж. 

Би өөртөө “Хөдөлмөрийн хүн” хэмээн нэрлэчихээд буй энэ хүнийг Д.Цэрэн гэнэ. Ховд аймгийн Чандмань сумын уугуул энэ эр амьдралынхаа 45 жилийг трактор, газар тариалантай холбосон нэгэн. Нутгийн айлаас Д.Цэрэнгийнх гэдэг айлыг сураглавал “Өө танилгүй яах вэ. Хараа голын хөндийд нүүж ирсэн цагаасаа хойш л хадлан, тариалан, хашаа хороо, өвөлжөө бууцны ажил хийж яваа ааштай ч, амьжиргаатай ч эр дээ” хэмээгээд гар утас руу нь залган холбож өгсөн сөн.

Би Д.Цэрэн гуайн араас барааг нь алдчихалгүй явсаар гэрээс өндөргүй намхан сэртэнгийн урд ирж зогсов. Тэнд нэгэн хот айл байх бөгөөд зүүн талд монгол гэр, баруун хойд чигт нь дунд зэргийн хэмжээтэй өвлийн сууц байна. Өдий таван сар гарчихаад байхад өвөлжөө бууцаа сахиж суудаг айл бас байх аа хэмээн гайхан бодсон ч цаанаа ямар нэг учир бий биз ээ хэмээн таамаглав. Өвөлжөөний гадуур өчүүхэн ясны хэлтэрхий бүү хэл чимх хонины унгас ч үгүй цэмцийх аж. Хөдөлмөрийн аварга хүний хашаа хороо ийм байлгүй л яав гэж дээ.

Ховд аймаг газар тариалан эрхэлж ирсэн түүхэн уламж­лалтай. Ховд аймгийн тариа­ланчид газар тариалан эрхэлж ирсэн түүхэн уламжлал, турш­лагадаа тулгуурлан тариалангийн талбайгаа өргөтгөн мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл явуулах техник, технологид суралцан дадлагажиж байв. Атрын II аяны хүрээнд Ховд аймгийн Буянт суманд томоохон услалтын системтэй аж ахуй байгуулсан байлаа. Тухайн үед Монгол Улс үсрэнгүй хөгжлийн замд нэгэнт орж Хөдөө аж ахуйн орноос үйлдвэржсэн, механикжсан шинэ Монгол Улсыг бүтээхээр идэр залуус ханцуй шамлан хөдөлмөрлөж байсан юм. 

Одоогоос 45 жилийн тэртээ 1980 он. Увс аймгийн трактор комбайнчны сургуулийг III зэргийн трактор механикжуулагчаар төгсөж, социалист бүтээн байгуулалтын төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулахаар шийд­сэн шижигнэсэн залуу Ховд аймгийн Буянт сумын эрчимжсэн тэжээлийн аж ахуйд хуваарилагдан ирэв. Д.Цэрэн гэх энэ залууг аж ахуйд хуваарилагдан ирэхэд хуучивтар трактор өгөхдөө ганцхан төлөвлөгөөт таван жилийн хугацаанд аймгийн аварга тариаланчийн болзол хангачихаад зогсож байна гэж хэн санах вэ дээ. Залуу хүү ажлаас үл шантрах нэгэн байлаа. Хаврын тариалалт, намрын хураалтаас гадна тээвэр хийж жил бүрийн тонн километрийг давуулан биелүүлж, шинэ санал санаачилга гарган ажиллав. 

Цамбагарав хайрхны мөнх цасны ёроолд байх малчдын зусланд очих замыг мөн л мөнөөхөн залуу хархүү гаргалаа. Түүнийг зусланд очоод хоноход зүг бүрээс өвгөд, хөгшид түүнийг “Амиа хайрласангүй” гэж загнахаар цуглаж л дээ. Өвгөдийн өөдөөс мань эрийн буянаар зусландаа буусан партизан Зана гуай “Тайван байцгаа. Энэ зам оргил өөд дөтөлсөн шинэ зам болж байгааг харахгүй байна уу” гээд сууж байсан гэдэг. Тухайн үед хүн бүр дор бүрнээ хариуцлагатай, албан хаагч бүр ажилдаа үнэнч байсан хэрэг. 

Сумын цагдаа Цамбагаравын тагтад трактор гарсан тухай сонсчихоод жолоочийнх нь эрхийг хасах тухай яриа гаргаж дарга дээр ороход сумын дарга урдаас нь “Эрхийг нь хасах биш харин ч шагнах ёстой юм биш үү” гэж амыг нь таглаад гаргаж. Сумыг сууриар нь хөдөлгөж аймгийг ангайтал шуугиулж явсан залуу нас аа гэж. Залуу нас гэснээс мань эр цагаан үнээний фермд саальчин Ш.Цэцэгмаа бүсгүйг харж явдаг болов. Ээж нь Ховдын Чандмань сумынх гэдгийг нь сонссоноос хойш урт хархан үс нь усгал харц нь шөнийн зүүд, өдрийн бодолд нь үзэгдээд болох биш. Нутаг нуга ярьсаар бүсгүйн ээж тал өгсөөр тээвэрт давхих, ирж буцах тоолондоо орж гарсаар тоонот гэрт толгой холбож тостой шөлөнд хошуу холбоод амжив. Аймгийн аварга болсныхоо хойтон жил өрхийн тэргүүн болж тун ч удалгүй ууган хүүгийнхээ зу­лайг үнэрлэв. Социалист бүтээн бай­гуулалт эрчим­жин хөгжил хүрээ тэлсээр л байлаа. 

Эрдэнэбүрэн суманд эрчимжсэн тэжээлийн аж ахуй шинээр байгуу­лагдаж мань эр тийш томилогдов. Эхнэрээ яслид ажилд оруулж өөрөө хэсэг ахлан улсын аваргын бариа өөд зүтгэж эхлэв. Шинэ аж ахуй түүнд цоо шинэ трактор өгөхөөр болж Улаанбаатар хотын Амгалан өртөөнөөс явж авчир гэдэг даал­га­вар өглөө. Мянганы зам сураггүй үед Улаан­баатар хотоос 40 жилийнх нь анд болсон шинэхэн унаа­гаа авчрахаар хөдлөв. Энэ тухайгаа мань эр хожим “Зам зуур дөрвөн наадам үзчихээд л нутагтаа ирсэн дээ” хэмээн инээмсэглэн ярьдаг гэнэ лээ.  Д.Цэрэн гуай хоймрын авдраа уудлан зургийн цомог гаргаж ирэв. Хуучны хар, цагаан зургууд он цагийг гэрчлэн нүдний өмнө эргэнэ. “За энэ манай бригадынхан. Урд сууж байгаа нь манай дарга. Энэ нь миний багш” хэмээн хүн нэг бүрийг нэрлэн 40 гаран жилийн тэртээх өөрийнхөө амьдарч, ажиллаж, бүтээн босгож явсан он цаг руугаа аялна. Дурсамж, дуртгалаа ийн хөврүүлж суугааг нь хараад түүний “Амьдрал гэдэг аз жаргалтай хором бүрийн нийлбэр” хэмээн өгүүлсэн нь бодогдоно.

Зах зээлийн нийгэмд улс орон шилжихэд дээр дооргүй л хөл алдаж, хэрхэн яаж амьдрахаа мэдэхээ байсан хүмүүс л холхиж байлаа. Д.Цэрэн хувьчилж авсан ганц трактортоо л найдаж байв. Ажилгүй болсон хүмүүс захаасаа гэрээ ачаалан хөдөлж их хотыг зорих нь зорьж, идээ ундаанд толгойгоо мэдүүлэх нь мэдүүлж байв. Мань эр хэд хоног гайхширч суугаад трактороо асаагаад л хөдөлсөн гэдэг. Эхнэртэйгээ нийлж Буянт голын эргээр хөглөрч байдаг үхрийн баасыг хуурай нойтон гэхгүй түүн цуглуулж, нойтныг нь уурын зуухны хаягдал нүүрстэй холин хатааж эхлэв. Тухайн үед нэг чиргүүл хатаасан шахмалыг 15 төгрөгөөр худалдана гэдэг амьдралд нь нэлээд том нэмэр болж байсан гэдэг.

Мань эр нэг л өдөр улаан трактортоо гэрээ ачаалаад улс орноо хөндлөн туулахаар гарчээ. Зах зээлдээ ч ойртъё, хийж дадсан газар тариалангийн бүс нутгийг ч бараадъя, хүүхэд том болж сургууль соёлд ч орох болно гэдэг эцэг хүний алсын хараа гаргаж Хараагийн уудам бэлчирт хүрэхээр зориг шулууджээ. Хараагийн хөндийд ирээд “Өгөөмөр мандал” компанид ажилд оров. Эхнэрээ ч тэнд оруулж аваад ажиллаж эхлэв. Нийгмийн даатгалаа төлүүлж таван жил ажиллаад тэтгэвэрт гарах болтол түүний нийгмийн даатгалыг таван жил төлж байна гэсэн боловч үгүй болж таарав. Багадаа мориноос унаж бэртсэн хөл нь нас ахих тусам өвчин орж групп тогтоолгоод байсан тул асрамжийн гэдэг тодотголоор тэтгэвэр тогтоолгохоос өөр аргагүй байлаа.

Ингээд л Хараагийн цэнхэр хөндийг өгсөж уруудан газар хагалж, өвс хадаж, тариа хурааж амьдралаа босгохоор зүтгэж эхлэх нь тэр. Ховд аймагт байхдаа өмч хувьчлалаар авсан арван бог нь өсөж үржсээр нэг л мэдэхэд хагас мянга давсан байлаа. Түүнээс би “Амьдрал гэж юу юм бэ” гэж асуухад тамхи шившин алсыг харж сууснаа “Залуу байхад ажил хөдөлмөрийг л би амьдрал гэж боддог байлаа. Үр хүүхэд гараад тэднийхээ сайн сайхан ирээдүйн төлөө зүтгэхийгээ би амьдарч байна гэж боддог байв. Хоёр хүү нэг охинтой хүн л дээ би. Тэд маань аль хэдийн ажил амьдралын замд гарч хөгшин бид хоёр аанай л хоёулахнаа хоцорчээ. Төгсгөл эхлэл хоёр үүгээрээ адилхан юм байна” хэмээн өгүүлээд  “Амьдрал гэдэг аз жаргалтай хором бүрийн нийлбэр юм даа” хэмээн шүүрс алдан инээмсэглэж билээ.

Ховд нутгийн уугуул, Хараа голын суугуул Д.Цэрэн гэж хөдөлмөрийн хүний амьдралын зах зухаас өгүүлэхэд ийм. Далай мэт баялаг амьдралын намтар түүхийг хором мөч бүрээр нь биш юмаа гэхэд сар жилүүдээр өгүүлэхэд ч сонины хуудас багадах нь ойлгомжтой. Өнгөрсөн үеийн бүтээж, бий болгосон бат бөх суурин дээр энэ нийгэм тулан өндийсөн. Тэр суурийг хөдөлшгүй бат цутгасан олон, олон “Хөдөлмөрийн хүн” нам гүм, чимээ шуугиангүй амьдарсаар орчлонгийн мөнх бусыг үзүүлсээр л байна. Тэдний хөдөлмөрлөж, амьдарч, бүтээж явсныг нь гэрчлэх зүйл юу гээч. Хөрөнгө, мөнгө шүтсэн үзлээр хүмүүжсэн өнөөгийн залуусын огт ойлгохгүй тэр зүйл. Монгол ардын нэг сайхан үг байдаг сан. “Урмыг нь хугалахаар, ууцыг нь хугал”-аа гэж. Хүнд төрсөн урмыг хугалах ямар хэцүү гэдгийг өгүүлээд байгаа хэрэг л дээ. “Хөдөлмөрийн хүмүүс” өчүүхэн зүйлд баярлаж, урам авч өөдрөг ирээдүйн төлөө зүтгэдэг юм. Төр тийм хүмүүсээ олж очоод  “Алтан гадас” энгэрт нь гялалзуулчихвал таван жилийн ажлыг ганцхан жилд ч хийчихэж мэдэх л хүмүүс байдаг юм даа.

Д.Цэрэн гуай намайг үдэж өгөхдөө “Би өөрийгөө хэзээ ч, хэнд ч утга учиргүй амьдарсан гэж хэлэхгүй. Үр хүүхдийнхээ сайн сайхныг харлаа. Одоо тэд маань эцэг эхийнхээ буянд цайны сүү, хоолны маханд мөнгө зарлагадахгүй. Миний 40 жил нөхөрлөсөн улаан трактор, багаж сэлт байхад би хэдэн хүүхдээ хүний гар харахгүй амьдруулж чадна” гэж өгүүлээд “Би чинь хадлангийн бригадтай хүн шүү” хэмээн хошигнож билээ. “Хөдөлмөрийн хүн”-ийг эхнэртэйгээ гэрлэхэд аж ахуйн дарга нь барьж өгсөн таван ханатынхаа гадаа 40 жилийнхээ анд болсон улаан тракторынхоо дэргэд тэр гар далласаар хоцров. Эргэн уулзахад энгэртээ “Алтан гадас” гялалзуулаад зогсож байгаарай, ах аа.

Трамп Төмөрөө

 Эх сурвалж: Монголын үнэн сонины №018/24645/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хаврын анхны шан татагдлаа 9 цагийн өмнө
“Хөдөлмөрийн хүн” 9 цагийн өмнө
“Менторшип-2025” хөтөлбөрийн шилдгүүд тодорлоо 9 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг....... 9 цагийн өмнө
Азийн дрифтийн аваргын цомыг БНХАУ-ын тамирчин гардлаа 9 цагийн өмнө
Я.Содбаатар тэргүүтэй МАН-ын төлөөлөгчид БНХАУ-д айлчиллаа 9 цагийн өмнө
Зуслангийн ЯРГУЙ Өчигдөр
Дональд Трамп гадаад айлчлалаа Ойрхи Дорнодоос эхлүүллээ Өчигдөр
ОХУ, Украины төлөөлөгчид Истанбулд уулзжээ Өчигдөр
Мерц эдийн засгаа сэргээхээ амлав Өчигдөр
Ч.Батцэцэг: Хөгжлийн хамгийн чухал хөшүүрэг бол хүний хөгжил, иргэний … Өчигдөр
Г.Төртогтох: Би сониныхоо эгзэгтэй үеүдэд ажиллаж байсан хүн Өчигдөр
Мэсгүйгээр нүүрний арьсаа залуужуулах сонголт -“Boogie Boogie” Өчигдөр
"Нийслэлийн орон сууцны корпорац" ХК-ийн хийж хэрэгжүүлж буй төсөл хө… Өчигдөр
Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт Өчигдөр
Урьдчилгаагүй, түрээслээд өмчлөх зарчмаар орон сууцтай болно гэдэг том… Өчигдөр
М.Говьсайхан: НОСК орон сууцны олон талт хөтөлбөр хэрэгжүүлдэг үндэсн… Өчигдөр
Хэлэх үгтэй, хийсэн ажилтай 10 жил Өчигдөр
Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна Өчигдөр