Хаврын тариалалт эхэллээ. Салбарын сайдын мэдээлснээр энэ хавар улсын хэмжээнд нийт 655.5 мянган га талбайд тариалалт хийхээс үр тариа 360.7 мянган га, төмс 20.1 мянган га, хүнсний ногоо 18.8 мянган га, тэжээл 141.1 мянган га, тосны ургамал 103.7 мянган га, жимс жимсгэнэ 7.9 мянган га талбайд тариалахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа ажээ. Мөн малын тэжээлийн тогтвортой хангамжийг бүрдүүлэх, сэлгээний таримлын нэр төрөл, экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор атар газрыг тариалангийн эргэлтэд оруулах тухай тус мэдээлэлд дурдагдаж байлаа. Манай улс өнөөдрийн байдлаар зоориндоо нийт 45.4 мянган тонн үрийн улаанбуудайн нөөцтэй байгаа аж. Үүнээс тариалан бүхий аж ахуйн нэгжүүдэд 35 мянган тонн, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д 3.5 мянган тонн, үр үржүүлгийн аж ахуйн нэгжүүдэд арилжааны зориулалттай 7.0 мянган тонн үр хадгалж байгаа гэнэ. Үүнээс гадна тариалангийн долоон аж ахуйн нэгж 4.3 мянган тонн үрийн улаанбуудай импортоор авах зөвшөөрөл авсан гэдэг тоо баримт байна. “Монголын үнэн” сонин тус мэдээллийн дараа газар тариалангийн компаниудын хаврын тариалалтын бэлтгэл ажлыг сурвалжлахаар тариалангийн бүс нутгийг зорьсон юм.
Найман Хайрхны дундах налгар хөндийд
Салхи босож, шар шороо бужигнуулсан хуй дэгдэн ойрхон саахалтын газар эргэлдэн явсаар намсаж аажмаар сарнина. Хэдийгээр бороо орох тухай цаг агаарын урьдчилсан мэдээ сонсогдовч дусал хаялгүй байсаар тавдугаар сар гарчээ. Чийг багатай хэрнээ шөнөдөө хүйтэн хаврын өдрүүд ийн үргэлжилнэ. Энэ бол Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр Хараа голын үржил шимт хөндийн нэг өдрийн зураглал. Монгол орны газар тариалангийн бүс нутгийн цөм байсаар ирсэн Мандал сумын нутаг өвөлдөө цас ихтэй, намрын чийг сайн байсан ч хаврын сарууд гарч хуурай хүйтэн хавсарга газрын чийгийг хатааж орхижээ. Зүүнхараа буюу Мандал сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг газар тариалангийн компаниуд тэнгэр харсан байдалтай хаврын тариалалтаа эхлээгүй л байлаа. “Монголын үнэн” сонины сурвалжлах баг давхисаар эхний таарсан тариа бригадын даргатай уулзаж яриа дэлгэх гэсэн боловч газар хагалалтын ажил эхлээгүй, хөрснийхөө чийгийг ч хэр байгааг баримжаалаагүй учир ярих юм ч алга гээд “Их Улс” ХХК өнөөдөр тариалалтдаа гарсан гэж сонсогдсон та бүхэн тийш явах нь зөв” гэснээр бид Ширхэнцэг хайрхны ард байх “Их Улс” ХХК-ийн тариа бригадын зүг хүлгийн жолоо сунгав. Сэлэнгэ аймгийн Мандал сум Баянсуудал, Дууш, Ширхэнцэг, Их Бага Мандал, Хэрх, Ноён уул гэх найман хайрхны дунд айлын ганц эрх хүү шиг л байдаг санж. Хүн амынх нь тоо 25 мянга даваад явчихсан энэ сумыг сум гэхэд хэцүү л юм байна. Хуучин Зүүнхараа хот гэдэг байсан яагаад сум болгосон юм бол гэж гайхсаар бид дэргэдүүр нь гарч Ширхэнцэг хайрхны ар хөндийд хүрч очлоо. Алсаас тоос босон харагдах бөгөөд их ажлын нүргээн сонсогдоно. Ширхэнцэг хайрхнаас барагцаалбал километр орчмын зайд уудам хөндий өгсүүлэн зах нь харагдахгүй талбайг хагалж бэлтгэжээ. Энэ том газрыг тойруулан хашаа хатгасан байх ба бид явсаар хаалганых нь өмнө очив. Биднийг анхаарах сөхөөтэй хүн тэр хавьд алга. Ёстой өөрөө өөртөө үйлчлэн хаалга дэлгэж бригадын төв байх байрны зүг явлаа. Миний очсон газар гал тогоо байв. Тогоо дүүрэн цуйван дөнгөж бэлэн болсон уур савсуулан гаргаж байна. Тариаланчдын үдийн хоол биз. Тогооч бүсгүйгээс бригадын даргыг сураглавал “Та ногоо бригадын даргатай уулзах уу, тариа бригадын даргатай уулзах уу” гэж асуугаад тариа бригадын даргатай уулзах ёстойг минь дуулсны дараа хойш зааж”Тэр том сомсвоолын дэргэд тариа бригадын дарга байгаа. Манайх ногоо бригад нь” гэж байна. Бид тариа бригадын даргатай уулзахаар хөдлөв. Замд урт, нүсэр техник чирсэн давхар дугуйтай аварга том тракторууд зогсох бөгөөд газар хавах ган хошуу шинэхнээрээ гялалзан харагдах нь буудай тариалах агрегат мөн бололтой.
Анхны шан татагдлаа
Бригадын гишүүд болох залуус тоног төхөөрөмжөө тойрон зогссон байх ба ямар нэг баяр ёслолын шинжтэй зүйл болох янзгүй. Анхны шан татах нь жилийн хамгийн том үйл явдал тул ямар нэг тууз хайчлах ч юм уу галт буудлага хийх байх гэсэн хотжуу маягийн баяр ёслол төсөөлж явсан минь эндүүрэл байв.
Хаврын сүүл сарын дунд хэрд орсон хур тунадас баруун аймаг, Архангай, Өвөрхангай аймгийн нутгаар ахиухан орсон боловч тариалангийн бүс нутагт огт орсонгүй. “Их Улс” ХХК-ийн тариалалт энэ жилийн хувьд хэд хоногоор оройтсон тал бий гэвч газрын чийг, тэнгэрийн хураас болоогүй гэнэ. Тэд тариалалтаа жил бүр нь тавдугаар сарын 5-нд эхэлдэг. Харин энэ жил зургаан сарын сүүл, долоон сарын эхээр нэлээд халах тухай тариаланчид ярьж байгаа тул цаг хугацаагаа ингэж тохируулан эхэлж байгаа ажээ. “Их Улс” ХХК-ийн захирал Ц.Амарцэнгэл тариалалт эхлэхийн өмнө “Манайх энэ жил мянган га талбайд бордоотой үрслэгээ хийх юм. Бид “Омичко” нэртэй үрлэгч техник ашиглаж байгаа тул цаг хугацааны хувьд долоо хоногоор хоцрох гээд байдаг талтайг урд жилүүдийн туршлагаас харсан. Тэгэхээр бусад компаниас арай жаахан түрүүлж орохгүй бол болохгүй байгаа юм” хэмээн өгүүлж байна. “Их Улс” ХХК гурав дахь жилдээ бордоотой үрсэлгээ хийж байгаа арвин туршлагатай ажээ. Хөдөө аж ахуйн салбарт туршлага ямар их хэрэгтэйг бид мэдэлгүй дээ.
Тариан талбайн захаас YTO-2204 маркын давхар дугуйтай хүчирхэг техник “Омичко” нэртэй үрлэгчээ чирэн урагшлав. “Омичко” үрлэгчийг нэг га талбайд 160-170 килограмм улаан буудай, 60-80 килограмм бордоотой тариалахаар тохируулсан гэнэ. Ган хошуу газар хаван орж, хүчирхэг хөдөлгүүрийн чимээ нүргэлэн ийнхүү газар тариалангийн цөм болсон Зүүнхараа нутгийн анхны шан татагдлаа. Бидний ирэх жил задлах үүц хэр арвин байхыг тэдний хөдөлмөр, бүтээл, хичээл зүтгэлээс шалтгаална. “Их Улс” ХХК 1054 га талбайн ихэнх хэсэгт “Дархан 144” үлдсэн талбайдаа “Бурятский Остстой” сортын улаан буудай мөн 220 га-д тосны ургамал, 40 га-д төмс тариална. Тэд өнгөрсөн жил 2025 онд тариалах талбайнхаа зэрлэг хог ургамлыг хор цацан устгаж, 18-25 сантиметр хагалж уриншаа бэлджээ. Тариалангийн талбай нийт арав гаруй гүний худагтай бөгөөд ус хуримтлуулах нэг усан сантай. Миний ойлголтоор цэнэг усалгааг тариалалт эхлэхээс өмнө хийсэн гэнэ. Энэ усалгааг тариан талбайг хөндлөн чагтлах хэмжээний урттай хоёр услагааны төхөөрөмжөөр хийжээ. Энэ төхөөрөмж өөр дээрээ мотортой бөгөөд ус шахахдаа л цахилгаан хэрэглэнэ. Усалгааны төхөөрөмж тойрох ба чигээр урагшлах хоёр хөдөлгөөн хийдэг. Ц.Амарцэнгэл захирал энэ төхөөрөмжөө зөвхөн төмсний талбайдаа хэрэглэдэг боловч энэ жилийн хувьд буудайн талбайдаа ч хэрэглэж магадгүй гэдгээ хэлж байв. Орчин үеийн тариаланчид тэнгэр царайчлахаа больсон тухай ярьж байна. Техник технологийн хөгжил Хөдөө аж ахуйд хурдацтай нэвтэрч хүний хүчээр хийдэг байсан ажлууд хялбаршжээ. Нэг тариаланчийн ажлын бүтээмж дээр үеийн 10 тариаланчтай тэнцэхүйц болсныг дуулаад сэтгэлээр унах уу, урамшин догдлох уу гэдгээ мэдсэнгүй. Ажиллах хүчний хомсдол хотод бүү хэл хөдөө ч нүүрлэх болсон. Ингээд бодвол олон хүний ажлыг нэг хүн гүйцэтгэх нь зөв.
Хаврын тариалалт долоо хоног хойшлоход намрын нэг сартай тэнцдэг
Газар тариалангийн бүсэд улаанбуудай тариалалтын ажил төр засгийн шийдвэрийг харзнасан байдалтай байна. Төр засаг нэн яаралтай импортын улаанбуудайн асуудлаа шийдэхгүй бол тариалалт оройтох тийшээ хандаж байгааг зарим тариаланч ярьж байлаа. Тэд газар тариалангийн компаниуд дотоодын гурилын үйлдвэрүүдээ түүхий эдээр бүрэн хангахуйц ажиллаж ард иргэдийнхээ хоолыг таслахгүй байх бүрэн боломжтой тухай өгүүлээд “Хаврын тариалалт долоо хоног хойшлоход намрын ургац хураалт нэг сараар хойшлох болно” хэмээн харамсан ярьж байлаа. Зарим компани энэ жил улаан буудай тариалахаа больж тосны ургамал тарих шийдвэр гаргасан тухай яриа ч Хараа голын хөндийд сонсогдож л байлаа.
Хэдийгээр хүн төрөлхтөн сансар огторгуйг эзэмших бус өөр гараг эрхэс дээр амьдрах төлөвлөгөө боловсруулан таамаглахын аргагүй ирээдүйн зүг хурдалж байгаа ч 12 мянган жилийн өмнө гаршуулсан улаанбуудайгаар хүж дэлхийтэйгээ хүйн холбоотой байсаар л байна. Улс орнуудын стратегийн гол хүнсээр улаанбуудай хэдэн зууны турш өрсөлдөгчгүйгээр нэрлэгдэж байгаа нь үүнийг нотолно. Тийм ч учраас улаан буудайн тариалалт хүний сонирхлын гол цөм байсаар л байна. За энэ ч яах вэ. Хаврын тариалалт ийнхүү эхэлдгээрээ эхэлж хөдөлмөр бүтээлийн нүргээн цуурайтдагаараа цуурайтав. “Их Улс” ХХК-ийн тариан талбайд хөдлөөгүй үлдсэн ганц хүн нь би болж хоцорлоо. Намайг тоох ч хүн алга учир нь тэд бидний ирэх өвлийн хүнсийг бэлдэх их ажилдаа ханцуй шамлан орлоо. Ийнхүү бид Хараа голын хөндийгөөс нутгийн зүг хүлгийн жолоо залав.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонины №018/24645/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна