Түрүүч нь №008 (24635), 009 (24636), 010 (24637), 011 (24638), 012 (24639), 013 (24640), 014 (24641), 016(24643) дугаарт
“Монголын үнэн” сонины эрхлэгч агсан Ц.Ганбат долоо хоногт ганц нэгхэн удаа сониноороо ирдэг Л.Түдэв эрхлэгчээс “Далан долоон үг дэлгэдэггүй юм аа гэхэд долоон үг хэлж өгч байгаач” хэмээн хүссэнээр “Доктор Л.Түдэвийн долоон үг” буланг нээсэн түүхтэй. Уг буланг 2007 оны нэгдүгээр сараас зургадугаар сарыг дуустал хөтлөхдөө Л.Түдэв эрхлэгч 24 өгүүллээ нийтлүүлсэн байдаг. Тэдгээр өгүүллийг эмхэтгэн ном болгон хэвлүүлсэн бөгөөд тухайн үеийн “Үнэн” сониныг захиалж байсан уншигчдад үнэгүй хүргэсэн юм. Эрхлэгч долоон үг, долоон агуулгад ямар их гүн гүнзгий агуулга багтааж байсныг эргэн нэг санацгаая.
Газарт гацсан ГАДАС
1. Монгол хүн морио аргамжихаар газарт шаасан гадсаа сугалж аваад явахдаа гадасны нүхийг бөглөн тэгшилж орхидог ёс журамтай байлаа. Учир нь, монгол хүн газрыг ээж минь гэж үзээд насны туйлыг үзэхийн цагтаа газар ээжийнхээ хэвлийд орж үүрд нойрсоно хэмээн итгэдгээс тэгдэг болой.
2. “Газарт ойчих юм бол газраа түшиж босмой” гэдэг монгол ардын мэргэн үг нь хүний үр хэн боловч хоёр хөл дээрээ босоо явахын цагт гагцхүү газар л тулгуур болж, хөл алдан ойчлоо ч гэсэн дороос минь газар л түшнэ гэсэн холч ухааны илрэл юм.
3. Газар байваас өвс ургамал, ус, гол байна. Өвс ургамал, гол ус байваас таван хошуу мал сүрэг өсөж, таван зүйлийн тариа ногоо ургана. Тариа ногоо, мал сүрэгтэй байваас амьдрахад хэрэгтэй бүх юм хангагдана гэж эрт дивангарын цагаас ухаарсан монголчууд хөрст газрыг дээдлэн, буянт малынхаа зөөлөн хошуугаар дамжуулан газрыг эдэлсээр иржээ. Тийнхүү газрын эзэн нь хүн биш хүний адгуулдаг мал сүрэг байсаар өнөөтэй золгосон билээ. “Газрыг бид нар биш, газар бид нарыг эзэгнэдэг” гэх Австралийн уугуул, суугуул эртний хүмүүсийн үг нь монгол гаралтай болой.
4. Дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай байсан болохоор Газрын тухай хууль гэсэн тусгай хууль зүйлийн бичиг хэрэглэхгүй он цагийг туулахдаа “Миний нутгийн газраас бурхан гуйсан ч битгий өг” гэдэг Модун Сайнхүү хааны үгээс уламжлан Галдан бошигтыг хүртэл эрин зууны уртад орхиогүй дээдсийн гэрээслэлд монголчууд үнэнч явсаар ирсэн билээ.
5. Өнөөгийн тоолол эхэлснээс хойших хорин зууны туршид Монгол эх орноо халх, дөрвөд, хасаг, урианхай гэж ялгалгүй, харц ядуус, хаад ноёд өөрцгүй цөм л минийх гэж үзэж хайрлан хамгаалсаар “Хаяа багтах газраа айл бууж, хушуу багтах газар малаа бэлчээрлүүлж” гаднын элдэв өнгөлзлөгөөс ташуураараа ч билээ хамгаалсаар ирсэн түүхтэй.
6. ХХ зууны босгон дээр хол ойр явж, газар эдлэгч орнуудыг үзэж “нүд тайлсан” гэх залуу монголчууд газрыг мал биш хүн эзэгнэх ёстой юм байна шүү дээ гэх сэхээрэл олж Газрын тухай хууль бичицгээн яаруу сандруу баталцгаахдаа Монгол Улсын нийт газар нутгийн 0.9 хувь буюу нэг хувь ч үл хүрэх хэсгийг хүмүүст хувьчлах журам тогтоов. Бусад 90.1 хувь нь хэнийх вэ гэсэн асуудал аяндаа гарахуйд “төрийнх” гэж ам таглацгааснаас хойш хүний насны нэгэн мөчлөг өнгөрч байна. Төр гэдэг маань ямар нэгэн үлэмж биет амьд амьтан биш хийсвэр ойлголт. Харин түмнийг төлөөлж сонгогдсон хэдэн арван хүн л “төрийн жолоо”-г барьцгаах учиртай тогтолцоо. Тэгэхээр Монголын газар нутгийн 90.1 хувь буюу хувьчлагдаагүй үлдэх хэсгийг тэд хэлэлцэн төрийн шийдэл гаргах эрхтэй болсон мэт.
7. Монгол Улсын шинэ Үндсэн хуульд заахдаа “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж тов тодорхой өгүүлсэн атал Монголын одоогийн нийгэмд энэ бүх долоон төрөл зүйлийн баялаг нь ард түмний мэдлээс аль хэдийнэ гарч, төрийн хамгаалалтгүй болжээ гэвэл нэг их дэгс үг биш бололтой. Үүнд Газрын тухай, Ашигт малтмалын тухай хуулийг өнөөх төрд алба хаахаар олноос сонгогдож тангараг өргөсөн хэдэн хүн нь дутуу дулимаг, түргэн түүхий, хуумгай хийсэн учраас одоо Монгол газар нутгийн тэн хагасаас илүү нь харийн болоод өөрийн хувь хүмүүсийн гарт лиценз гэдэг гадаад үгээр халхлагдсан эрээн цаасаар гэрчлэгдэн орж, ард түмний мэдлээс гарчихаад байна. Газрын хэвлий дэх баялгийг эрэн тэмтрэх зөвшөөрөл төдий юм гэж лицензийн панзчингууд ярьж, бас хуулийн дагуу хийгдэж буй гэцгээх боловч үнэн хэрэг дээрээ ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байх хуультай тэр баялаг эзнээ алдаж, эдүгээ 7000 гаруй лицензтэн-гүүдийн хувийн хэрэг болжээ. Их эзэн Чингис хааны төрсөн нутаг гээд байгаа Хэнтийнхэн гэхэд л газар нутаг, түүний дотор түүхнээ дархлагдан үлдсэн бүс нутгаа бүхэлд нь лиценз эзэмшигчдэд алдчихаад баахан хятадууд дурсгалт газарт хүрз, зээтүүгээ барин халдаж эхлээд байна. Тэр мэтээр гадаадын “Айванхоу Майнз” 129 лиценз, “Тефис Майнинг” 128, “Бату Майнинг Монгол” 129, “Къф Жи Экс Монгол лимитед” компани 141 лицензийн эзэн болчихоод “Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хуц минийх” гээд газрын маань гүнд гадсаа шаачихаад сууцгааж байна. Ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх хуультай газар болоод түүний баялагт цаасан бамбай бариад шунахайран халдах нь Монголын төрд, Монголын үндэсний аюулгүй байдалд халдсантай адил гэж үзэх үндэстэй юм. Алтыг нь аваад авдрыг нь хаядаг этгээдүүд баяжиж аваад хормойгоо сэгсрээд талийж өгөхөд ард нь үлдсэн гүн хар нүхийг ямар ч хуулиар нөхөн эдгээх боломжгүйг хэлүүлэлтгүй шүү дээ.
Нөгөөх ой мод, ус гол, ан амьтан, ургамлын тухайд ярих юм бол газарт биш тархинд төмөр гадас шаасантай адил сэтгэлийн зовлонг ард түмэнд үүрүүлсээр байна. Ой мод гэхэд л нутаг дэвсгэрийн маань 10 хувьтай тэнцдэг байсан ногоон алт сүүлийн 15 жилд нэг хэсэг нь хяргуулж урагшаа ачигдсаар, нөгөө хэсэг нь түймэрт хөнөөгдөж, үлдсэн нь хорхой шавжинд идүүлж одоо долоо орчим хувийн эзэлхүүнтэй болтлоо хужийхаар барахгүй дархан цаазтай Богдхан уулнаас ч мод хяргадаг, үе үе түймэр гардаг болов. Ойн нөөцийг хадгалах ёстой Сэлэнгэ аймаг гэхэд л хятад эзэнтэй зургаан үйлдвэр зулзган хус хяргаж савх болгон урагш нь зөөсөөр удлаа.
Ан амьтан, ус ургамлын тухайд бүүр ч нөхөшгүй хохирол учирч тарваганаас эхлээд загас жараахайг хүртэл, тэр байтугай чоныг ч жар, дал, зуугаар нь намнаж хөлдүүгээр нь урагшаа ачдаг болсон гээд ярих юм бол үнэмшихүйеэ бэрх баримт захаас аван хэвлэл сониноор ч дүүрэн байна. Гэлээ гэхэд “Уут уут мөнгөөр улсаа худалдсан лицензийн наймаачин” сайд, түшмэдүүд нь ч, “атга атга мөнгөөр аймгаа худалдсан” Засаг дарга нар нь ч төрийн байтугай засгийн зэмлэл хүлээсэн удаа үгүй тул аргаа барсан ардууд санаа зовохдоо иргэний хөдөлгөөн санаачлавч дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу хэвээрээ он жилүүд өнгөрсөөр байна.
Эх орноо гэсэн сэтгэл гаргаж геологич Ч.Хурц, С.Авирмэд зэрэг мэргэжлийн хүмүүс удаа дараа яриад бичээд байхад ч төрийн гурван өндөрлөг гэж өргөмжлөгдөгчид чихгүй мэт чимээгүй. Лиценз олгогчид бол бүүр ч нууц ноёнтон хэвээрээ! Тэд бол уг нь гэмт этгээдүүд бөгөөд тэдний шунал, тэдний балгаар Алтай Таван Богдоос Халх Нөмрөгийн гол хүртэл, Ингэнэ усны овооноос Монгол Шарын даваа хүртэл эх орны минь атар хөрснөө шунахайчуудын төмөр гадас хаа сайгүй шаалттай болоод байна. Гадсыг суга татаж, гадасны эздийг гадаслах цаг болжээ. Тэднийг аргамжихгүй дураар нь тавибал эх орон цөлжин сүйрэх нь ээ!
Эх сурвалж: Монголын үнэн сонины №018/24645/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна