Эрх чөлөө хаана байгааг мэдэрсэн хойно л бид жинхэнэ “Хүн” болдог



Урин цаг наашилж усны шувууд ганганаад, ургамал навч нь үндэслээд, уулын цэцэгс нь дэлгэрээд ирлээ. Ийнхүү энгэрийн яргуй цухуйгаад, энх улирал ханхлаад ирэхийн цагт монгол хүмүүний нүүдэлчин зөн өөрийн эрхгүй л сэрж орхидог. Сэрсэн зөн нь амаа авч давхидаг ардаг тарган хүлэг шиг алдуурч чавхдаж давхиад сэтгэлийн мухраас нуугдан байсан аяллын талаарх адал явдалт дурсамжуудыг чирж ирээд болохгүй. Дурсамждаа хөглөгдөөд, дуугаа исгэрэн хөтлөгдөөд, сэлүүхэн дэнжийг саравчилж, сэрүүхэн горхийг мөрөөдөн, гүүргийн дуутай хөдөө тийш, гүүний айрагтай зун тийш яарч эхлэхийг яана. Ингээд л суурин газар амьдралын эрхээр суурьшин суусан Монголчууд ээлжийн амралтаа бушуухан авч, бургас модны ёроолд боодог, хорхогоо дэлгэн тааваар суух мөрөөдөлд автаж эхэлнэ дээ. Энэ бол эрх чөлөөний монгол хэлбэр. Эрх чөлөөний ийм хэлбэрийг бид өвөг дээдсээсээ өвлөн авсан. Дэлхийн талыг эзэлсэн их гүрний хэлтэрхий, дээд тэнгэрээс өгөгдсөн оюун санааны үргэлжлэл болсон бидэнд эрх чөлөөний талаарх ойлголт ийм энгийн. Тийм ч учраас тааваар эдлэх говь тал хангай, горхи нь цуучсан алтай, хөх нүдэн нуурууд, хөр цаст оргилуудтай агуу эх орны эзэн болон төрсөн юм.

Аялал жуулчлалын улирал ирлээ. Монгол улс аялал жуулчлалын салбараас ардаа арван тэгтэй ногоон мөнгө олно гээд байгаа. Ардаа арван тэгтэй арвин их мөнгө олохын тулд хуучин арга барилаа халж, хулгай ихтэй салбараа цэгцлээд л явна. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ. Олон горхи нийлж мөрөн болдог ёсоор олон санаа уралдуулж олигтой бодлого төрдөг юм хойно, бодож явдаг үгээ богинохон бичвэрээр сийрүүлэн буулгая. 

Агаар нь цэнгэг, тэнгэр нь цэнхэр, атар онгон байгальдаа ард түмэн нь найрсаг гэдэг нэгэн хэвийн урилга үг үнэ цэнээ алдаж эхлээд байна уу гэж бодогдоод болох биш. “Аялал бол эрх чөлөө” гэдэг сурталчилгааны үг аялал жуулчлалын салбарт маш хүчтэй. Хүмүүсийн дотоод зөнг сэрээдэг үгнүүдийн нийлбэр болохоор далд ухамсарт хандсан хүчтэй дуу хоолой болж чадаад, нөлөөлөөд байгаа юм. Тэгвэл яагаад хүмүүс энэ үгэнд дуртай юм бол гэдэг асуулт урган гарах нь зайлшгүй.  Эхлээд  улс орны иргэд яагаад өөр улсын нутгийг зорин очих хүслээр дүрэлзэж байдгийг өөрийнхөө ойлголтоор өгүүлэх гээд үзье л дээ. Бидний мэддэг, биеэр эдэлдэг эрх чөлөө суурин газрын, хотын соёлтой ард түмний хувьд өөр хэлбэртэй гэдгийг хамгийн эхэнд ойлгох нь зүйн хэрэг.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хүн ам саяас дээш гарч дэлхийн мегаполисуудтай зэрэгцэж ирсэн. Жуулчдын хувьд хаа сайгүй байдаг бетон хийцийн овоолго болсон л нэг хот. Тэд дэлхийн аль ч ус оронд байдаг бетонон ширэнгээр дүүрсэн байдаг л нэг хотыг үзэх гэж ирэхгүй. Харин тэд бусад жижиг хотууд руу, аймаг сумдын төв рүү хамгийн захын хашаа өнгөрөхөд л зэрлэг байгаль мэндэлдэг газрууд руу явна. Жуулчдад ард түмэн, үндэстэн, ястнуудын соёлын ялгаатай байдал нь олон янз байх тусмаа сонирхолтой. Тэд хэн хэнийхээ мэдэхгүй хэлээр ярьж, идэж үзээгүй хоолоор дайлж, өөрөөр мэндэлж, өөрөөр хүндэлж байгаа нь сонин. Дэлхий даяар хотжилт эрчимтэй явагдаж 1975 онд 10 сая давсан оршин суугчтай хотоор Токио, Нью-Йорк болоод Мехико нэрлэгдэж байлаа. Харин найман оронтой тоогоор илэрхийлэгдэх хүн амтай хотуудын тоо 31 болсон бөгөөд тэдгээр хотод дэлхийн нийт хүн амын долоон хувь  аж төрдөг тухай НҮБ-ын мэдээнд дурджээ. Энэ мэдээ эдийн засгаа солонгоруулж аялал жуулчлалыг хөгжүүлэх сонирхолтой байгаа бидний хувьд тун таатай баймаар санагдана. Хүн амын нягтаршил хамгийн бага гэдгээрээ дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж, онгон зэрлэг байгаль газар нутгийнх нь дийлэнх хэсгийг эзэлдэг манай орон хувь хүн эрх чөлөөгөө мэдрэх хамгийн таатай орчин гэж бодогдоод байгаа юм. Соёл иргэншлийн хэт их хурдаас хүн төрөлхтөн  залхаж эхлээд байна. Нэг үгээр хэлбэл хүн төрөлхтөн тансаглаж ханалаа, эргээд байгаль руугаа зугтахаар шийдсэн. Баруун европын өндөр хөгжилтэй орны нэг болох Норвеги улсын ард иргэдийн өдөр тутмын амьдралыг өгүүлсэн ном уншиж байлаа. Норвеги залуус дунд сургуулиа дүүргээд монгол залуус шиг ямар нэг их дээд сургуульд орох гэж яардаггүй гэнэ. Норвеги, монгол залуусын амьдралын боломж нөөц, ирээдүйн баталгаа зэрэг нь тэнгэр газар шиг ялгаатай л даа. Гэхдээ л хоёулаа нүүдэлчид. Нэг нь далай тэнгисийн нүүдэлчин дайчид бол нөгөөх нь эх газрын нүүдэлчин дайчдын удам.

Хадуураад явчихлаа. Норвеги залуус их, дээд боловсрол олох гэж тэгтлээ яардаггүй бөгөөд шууд л үүргэвчээ үүрээд уул хад, ой тайгаар хэсүүчлэн аялж эхэлдэг. Тэд эх орноо гүйцэд үзэж дуусаад дэлхийн улс орнууд руу аяллаа хийж эхэлнэ. Залуус 25 нас хүртлээ аялж амьдралын хатуу ширүүн, байгаль ертөнцийн сонин хачин, гайхалтай уран тансаг зохилдлогоотой танилцаж, нэг үгээр хэлбэл, өөрийгөө энэ ертөнцийн нэг хэсэг гэдгийг мэдэрсэн хойно сая нийгэмд хөл тавьдаг. Ганцхан Норвеги залуус ч амьдралынхаа эхний алхмыг ингэж хийдэггүй. Би зүгээр л жишээ татаж байгаа юм. Израйлын залуус эр, эмгүй цэрэгт дайчлагддаг. Тэд цэргийн албаа хааж дуусаад л дэлхийн аль ч хамаагүй улс оронд аялахаар үүргэвчээ үүрээд л алхчихна. Дансандаа мөнгөтэй, данхандаа цайтай эсэх нь хамаагүй. Гол нь гэрээс холдож хээрээс хооллож сурахад зорилго нь оршдог гэж сонссон юм даг. Эрх чөлөө гэдэг хаана байгааг мэдэрсэн хойно л жинхэнэ “Хүн” болдог.

Бид өнгөрсөн зуунд баялаг, эд хөрөнгө, өндөр том байшинтай болохын тулд шинжлэх ухаанчид нь ясаа цайтал зүтгэж  хөгжлийн оргилд хүргэсэн улс орнуудтай нэг ертөнцөд амьдарч байна. Тэдний өндрөөс өндөр, томоос том байшин барих хүсэл нь бусдаас илүү гарах гэсэн хүний эрмэлзэл, хүчирхэг бардам байдал, бахархал эсвэл капитализмын бэлгэ тэмдэг гэхээс илүү орон зай, эрх чөлөөнд хүрэх тэмүүллийг илэрхийлдэг юм. Харин бидэнд өндрөөс өндөр томоос том байшингийн жинхэнэ эх хувилбар буюу онгон дагшин байгаль байна. Хөгжлөөр хол хоцорсон, хөлд нь тээглэх ч бяр дутсан гэж гаслах биш хоцрогдол  бидний хувьд хол түрүүлсэн хожил байж ч болохыг зарим талаас нь олж харвал шүү дээ. Шинжлэх ухаанчид, байгаль эх хоёрын чимээгүй тулаан хэдэн зууныг дамнан үргэлжилсээр л байгаа. Хойшид ч энэ тулаан байж л таарна. Харин бид аль талд нь гарахаа л шийдэх хэрэгтэй. Мэдээж огт хөгжихгүй байя гэсэн үг биш.

Дэлхийн улс орнуудаас аялагч жуулчдын очиж үзэхэд сонирхолтой улсын эхэнд Куба улс байдаг. Энэ улс яагаад дэлхийн аялагчдын сонирхлыг тэгтлээ татаж, эдийн засгаа аялал жуулчлалынхаа орлогоор өөд нь татаж чадаад байгаа вэ. Гайхалтай байгалийн зүй тогтцоос гадна өнгөрсөн зууны загварын автомашинууд тосгоны хэв маягтай худалдааны гудамжууд, бэлэг дурсгал, гар урлал, уламжлалт навчин тамхины үйлдвэрлэл гэх мэт хөгжлийн хоцрогдол гэж хэлж болох зүйлсээ брэнд болгосон байдаг л даа. Түүн шиг л бид нүүдэлчдийн амьдрал, бэлчээрийн мал аж ахуй, түүнийг дагасан гар урлал, урлагаа брэнд болгосон. Нэмээд социалист нийгмийн үеийн суурингуудаа бүтээгдэхүүн болгоод эргэлтэд оруулчихвал тийм үү. Нэг үгээр хэлбэл, өнгөрсөн цаг үеийг харуулсан өнгөт музейг өргөн дэлгэцээр харуулна л гэсэн үг. Автомашингүй, цахилгаангүй, хөгжлийн шинж тэмдэггүй сууринг эх орны өнцөг булан бүрд босгоход бидэнд амархан биш үү. Босгож бүтээх биш бэлэн байгаа л даа бараг.

Хөгжиж цэцэглэсэн орны ард иргэд амьтны хүрээлэнгүүдийг татан буулгаж амьтдыг нь байгальд нь тавихыг шаардан ажил болгож байгаа тохиолдол олон  сонсогдох болсон. Тэднийг байгальд эрх чөлөөтэй явааг нь харах үзэсгэлэнтэй болохоос торонд харах тийм ч таатай биш санагдана. Африкийн Саванна, Серенгет, Хойд Америкийн Шар чулуутын үндэсний парк гэх мэт аялагч, жуулчдыг соронздон татдаг байгалийн гоо үзэсгэлэн бүрдсэн газрууд байдаг. Жуулчид эдгээр газруудад ан амьтдыг онгон зэрлэгээрээ, эрх дураараа явахыг нь харах гэж очдог тухайгаа сэтгэл хөдлөн өгүүлэх нь олонтаа. Бидэнд золоор нураагаад байх амьтны хүрээлэн байхгүй ч ирсэн жуулчин дуу алдам заяанаасаа эрх чөлөөт амьтдын сүрэг багширсан байгаль байна.

Аялагч жуулчин та дуртай газраа майхнаа босгоод, дуугаа дуулаад түүдгээ асаагаад суу. Бид та бүхэнд ийм сайхан нутгийнхаа эрх чөлөөг түрээслүүлье. Бид орчил хязгаар үгүй одод тэнгэрийг таашаан суух, онгон зэрлэг байгальд зүрх шимшрэн алхах, айх айдас үгүй нам гүм шөнийг хором мөч бүрийн эрх чөлөөтэй нь хамт түр түрээсэлнэ.

Мэдээж бидний түрээслэх эрх чөлөө хязгаартай. Үүнийг эрх чөлөө түрээслэгч жуулчин таны даруулсан визийн хоногоор хэмжинэ.  

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24639/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаар сайдын мэдээллийг сонслоо 13 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Иргэдээ сонсъё” уулзалтад оролцлоо 15 цагийн өмнө
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 23 цагийн өмнө
Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажил… Өчигдөр
Дуурийн хатан хаан Өчигдөр
Доктор Л.Түдэвийн долоон үг... Өчигдөр
Түүхэн хожлын эзэн “Бишрэлт Металл” Өчигдөр
​ Ким Жэ Бумаар удирдуулсан БНСУ-ын шигшээ багийн тамирчид Монголд ир… Өчигдөр
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ… Өчигдөр
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Г.Тэмүүлэн нар Ерөнхий сайдад асуулга тавила… Өчигдөр
"Амьдрахуй" постдрамын жүжгийн хаалтын 4-хөн тоглолт үлдлээ Өчигдөр
Эрх чөлөө хаана байгааг мэдэрсэн хойно л бид жинхэнэ “Хүн” болдог Өчигдөр
М.Өлзийчимэг: “Өнөр бүл” асрамжийн газарт ирээдүй байх ёсгүй Өчигдөр
Арена: Серена Уильямс Өчигдөр
Есөн-Эрдэнийн аялгуу Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засги… 2025/03/28
Цэцийн шийдвэр бүдэрч, түүхэн гэрээ батлагдав 2025/03/28
​ Н.Эрдэнэ: Дэлхийн циркийн №1 алиалагчаас эхлээд гимнастик, акробат… 2025/03/28