Арена: Серена Уильямс


Бүх цаг үеийн шилдэг тамирчин Серена Уильямс спортын замналаа эцэслээд бизнесийн ертөнцөд цахиур хагалж байна. Зодог тайлсныхаа дараа буюу 2022 оноос хөрөнгө оруулалтаар мэргэшин, гайхалтай амжилт үзүүлсэн.  “Серена Венчерс” компани нь гарааны 85 бизнест хөрөнгө оруулсан нь  спорт, эрүүл мэнд, цахим худалдаа, гоо сайхан, кино үйлдвэрлэлд чиглэжээ. Серена “Хүмүүс миний аавыг үнэхээр гайхалтай, сайн хүн, мундаг дасгалжуулагч гэдэг. Харин ээжийн минь үүргийг хэн ч мэдэхгүй. Таван настайд минь хадгаламжийн данс нээхдээ мөнгөний хүч, ач холбогдлыг мэдрүүлэхийг хүссэн. Мэдээж, намайг төлөөлж ээж бүх баримт бичигт гарын үсэг зурсан.  Тэр 100 ам.доллароос хойш миний хадгаламж тогтмол өссөн юм” хэмээжээ. Түүний хувийн  хөрөнгө өдгөө 340 сая ам.доллароор үнэлэгдэж байна. 2019 онд өөрийн хүчээр хөрөнгөө босгосон хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтыг 2019 онд 37 насандаа тэргүүлжээ. Дэлхийн чансааны тэргүүнд бичигддэг бүсгүйг венчур сангаа өргөжүүлж,  бизнестээ төвлөрөх гэж шүтэн бишрэгчдээ гонсойлгон спортын замналаа орхисон гэдэг. Серена Уильямс зөвхөн теннисийн түүхэнд биш, нийт спортын ертөнцөд өөрийн нэрийг мөнхөлсөн домог. Тууштай зан, хүчирхэг сэтгэл зүй, амжилтад хүрэх хязгааргүй хүсэл нь түүнийг дэлхийн хамгийн агуу тамирчдын нэг болгосон. Түүхэнд тамгалсан амжилтаа бизнесийн карьертаа давтахыг зорьжээ.  “Амьдралд чиглэлээ өөрчлөх эсэхээ шийдэх цаг ирдэг. Миний үгийн санд идэвхгүй, тэтгэвэр гэдэг үг байхгүй. Тиймээс зодог тайлсны дараах амьдралыг хувьсал гэж нэрлэвэл зүйтэй. Хэрэв эрэгтэй байсан бол эхнэр маань гэр бүлдээ анхаарч би олон тэмцээнд оролцох байлаа” гэж “Форбс”-д ярьжээ. Карьерынхаа туршид нээлттэй тэмцээнүүдэд 72, “Их дуулга”-д 23 удаа түрүүлж, дөрвөн олимпоос алтан медаль хүртсэн. Серена Уильямс теннис бол цагаан арьстнуудын спорт гэсэн хэвшмэл ойлголтыг эвдэж, супер од болон гялалзсан тамирчин юм. Түүнийг талбайд гарч ирсэн цагаас  АНУ-ын нээлттэй тэмцээний үзэгчдийн тоо 101 хувиар нэмэгджээ.

Старт-апуудын хатан хаан

Серена “Би ялахын төлөө төрсөн. Эгчтэйгээ  шоунд оролцдог, ялахгүй бол уйлдаг. Үргэлж шилдэг нь байх  төрөлхийн хүсэлтэй. Харин Венус надаас тэс өөр” гэж 2022 онд АНУ-ын нээлттэй тэмцээнээр карьераа өндөрлөхдөө  ярьжээ. “Их дуулга”-д 23  түрүүлсэн тэрбээр уйгагүй, гайхалтай ажил хэрэгч, хэвлэл мэдээллийг зөв ашиглаж чаддаг бүсгүй.  Их спортод хөл тавиад удаагүй байхдаа Нью-Йоркийн драмын  студид хичээллэж,  дүрийн сонгон шалгаруулалтад оролцжээ. Америкийн теннисийн домог Крис Эверт ятгаагүй бол спортоос урлаг урвахад бэлэн байсан гэдэг. Гэхдээ кино урлагт тэмүүлэх сэтгэлээ хорилгүй өргөн дэлгэцийн бүтээл, цувралуудад дүр бүтээжээ. Түүний жүжиглэлт  төдийлөн үнэлгээ аваагүй учир продюсерын суудалд шилжсэн. Уилл Смит гол дүр бүтээсэн, “Оскар”-ын шагналт “Хаан Ричард”  киноны гүйцэтгэх продюсерээр ажиллажээ. Намтраараа сэдэвлэсэн тус киноноос   39.4 сая ам.долларын  ашиг олсон юм. Эл амжилтдаа урамшсан Серена 2023 онд “Nine Two Six Productions”  медиа компаниа байгуулж, эмэгтэйчүүдийг дэмжсэн контент бүтээж эхэлсэн. Анхны бүрэн хэмжээний төсөл нь 1971 оны хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулсан "Копа 71" баримтат кино байлаа. Мөн “Арена: Серена Уильямс” хэмээх найман ангит баримтат киногоо 2024 оны зун толилуулжээ.  

Тамирчин бүсгүй “JP Morgan” компани хөрөнгө оруулалтынхаа ердөө хоёр хувийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгосон тухай сонсоод чихэндээ ч итгэсэнгүй.   “Яагаад бүсгүйчүүдэд их мөнгөн дүнтэй чек бичиж болохгүй гэж” хэмээн эмэгтэйчүүд болон цөөнхийг дэмжихээр “Серена Венчурс” сангаа  2014 онд үүсгэн байгуулжээ. Үнэхээр ч, тус сангийн нийт хөрөнгө оруулалтын 53 хувь эмэгтэй үүсгэн байгуулагчид, 47 хувь нь өнгөт арьстай энтрепренеруудад, 12 хувь нь латин гаралтай хүмүүст хүрчээ. 

Өнгөт арьстай эсвэл латин гаралтай үүсгэн байгуулагч нийт хөрөнгө оруулалтын ердөө 1-2 хувийг хүртдэг байсан шударга бус байдлыг Серена зоригтой эвдэн шинэ жишиг тогтоож байна. Тиймдээ ч “Серена Венчурс” нь бусад сангийн анхаарлын гадна үлдэж хоцорсон, хүчирхэг, ирээдүйтэй бизнес эрхлэгчдэд боломж олгохыг зорьдог.  Уильямсын багцад 85 компани харьяалагддагаас 14 нь  тэрбум ам.доллар давсан ашигтай ажиллаж байна.  Эдгээр старт-апын удирдлагын багийг эмэгтэйчүүд,өнгөт арьснууд бүрдүүлдэг аж. Хэрэглээний бараа, үйлчилгээ, мэдээллийн технологи, эрүүл мэнд, цахим худалдаа, гоо сайхны салбарт хөрөнгө оруулалт хийдэг тус компанийн оффис Сан Франциско хотод байрладаг. Онцлох старт-апаас дурдвал,  Африк, Латин Америкийн орнуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “HUED”-ыг  2021 онд үүсгэн байгуулжээ. Мөн  Кэти Перритэй хамтран веган хүнсний “Impossible Foods” компанид хөрөнгө оруулсан. Энэхүү стартап нь олон удаагийн санхүүжилтээр  750 сая гаруй ам.долларын хөрөнгө босгожээ. Түүний нөхөр Алексис Оханиан мөн л хөрөнгө оруулагч. Тэрбээр олны танил бүсгүйтэй гэрлэхээсээ өмнө зөвлөгөө үйлчилгээний “OURS” компанитай,  АНУ-д таван их наяд ам.долларын үнэлгээтэй зах зээлд тэргүүлэгч болох том амбицтай байв. Серена Алексис нар 2017 онд гэрлэж охиноо төрүүлжээ. Тэр үеэс хойш тамирчин бүсгүй тэмцээнүүдэд өмнөх шигээ идэвхтэй оролцохоо больсон юм.

Бүсгүйчүүдийг байлдан дагуулагч

Энэ жилийн “Super Bowl” шоунд бүжиглэж, “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын дараа болдог уламжлалт  үдэшлэгийн хамгийн загварлаг зочдын нэгээр шалгарсан.  Шүтэн бишрэгчид нь түүнийг хүчирхэг тамирчнаар төсөөлж ирсэн. Тэрхүү дайчин төрхийн ард загвар зохион бүтээгч болох мөрөөдөл, комеди хошигнол,  шүлэг бичих, жүжиглэх авьяас нуугдаж байв. Серена загварын мөрөөдлөө биелүүлж  “S by Serena” брэндээ 2018 онд танилцуулан, үнэт эдлэлийн “KP Sanghvi” урлантай хамтран цуглуулга гаргасан. Алдартай бүсгүйчүүдийн жишгийг даган  2024 онд  гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хөл тавьжээ. Барааны тэмдгээ бүртгүүлэхдээ арьс арчилгаа, косметик, үнэртэн, шампунь, үсний гель, саван  үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байв.  “Wyn Beauty” зовхины будаг, сормуусны будаг, уруул өнгөлөгч, суурь кремийн цувралаа худалдаанд гаргасан нь борлуулалтаараа тэргүүлж байна. Селена Гомесийн бүтээгдэхүүнүүд латин гаралтай охидыг хуйлруулсан бол Серена афро бүсгүйчүүдийг байлдан дагуулах зорилгоо биелүүлсэн. Иймд 

 “Glamour” сэтгүүл Серена Уильямсыг 2024 оны шилдэг эмэгтэйгээр тодруулжээ.  Зодог тайлсан ч спортоос хөндийрөлгүй, эмэгтэй тамирчдын  үнэ цэн, чадавхыг харуулахаар  NFL-ийн “Майами Дельфинс” болон Үндэсний  хөлбөмбөгийн лигийн “Анжел Сити” багийн хувьцааг худалдан авчээ. Мөн Тайгер Вудс, Рори МакИлрой тэргүүтнийг нэгтгэдэг Лос Анжелесийн гольфын клуб, холимог тулааны UFC-д хувь эзэмшиж эхэлсэн. Хамгийн сүүлд буюу  2025 оны  эхээр Канадын эмэгтэйчүүдийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны анхны клуб “Торонто Темпо”-гийн  хамтран эзэмшигч болжээ. Тодруулбал, 2.5 тэрбум ам.долларын үнэлгээтэй хөрөнгө оруулагчдын бүлэгт багтсан нь нэр хүндийн илэрхийлэл юм.

 Тэрбээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ажилд идэвхтэй оролцдог, олон нийтийн сүлжээгээр ч үзэл бодлоо тогтмол илэрхийлдэг. Хөхний хорт хавдрын эсрэг аянд нэгдэн  олны анхаарлыг эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд хандуулах зорилгоор цээж нүцгэлэн, “Divinyls” рок хамтлагийн  “I Touch Myself” дууг дуулсан. Тус хамтлагийн гоцлол дуучин Кристина Ампфлетт 53 настайдаа хөхний хорт хавдраар ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.  Инстаграмдаа “Би дэлхийн бүх эмэгтэйчүүдийн төлөө энэ арга хэмжээнд нэгдсэн. Хэрэв хөхний хорт хавдрыг эрт үед нь илрүүлбэл эдгэрэх магадлалтай. Эмэгтэйчүүдээ эрүүл мэндээ бодоорой” гэж бичжээ. Серена бизнесийн ухаанаас илүү хэн бүхний анхаарлыг татах баялаг намтартай. Хүнд хүчир, олон сорилтыг даван туулж агуу тамирчин болсон. Амьдралын түүх, хандлага нь хэний ч хувьд урам зориг өгөхүйц. Тэрбээр 2023 онд “Penguin Random House”хэвлэлийн компанитай хоёр номын гэрээ байгуулсан. Эдгээр ном нь дурсамж, эмэгтэйчүүдийн эрх, хөрөнгө оруулалтын өгөөжийг өгүүлсэн бусдад урам зориг өгөх зорилготой аж. Улаан хивсний ёслол, загварын шоунуудын гялалзсан шигтгээнүүдийн нэг бол Серена.  Алдарт “Pirelli” хуанлийн гол дүрийн баатруудаар олон жилийн турш зөвхөн дотуур хувцастай эсвэл гэрэлтсэн даашинзтай үзэсгэлэнт бүсгүйчүүд тодордог байсан. Тэгвэл 2015 онд Серена тэс ондоо дүр төрх бүтээсэн. Бие галбир эсвэл царай зүсээрээ биш харин авьяас чадвар, гаргасан амжилтаараа алдарт хүрсэн орчин үеийн, бодит эмэгтэйг харуулжээ.  Серена Уильямс бол энгийн  биш, хүчирхэг сэтгэлгээ, манлайлал, тууштай байдлын илэрхийлэл. Өөртөө бүрэн итгэлтэй байж, үнэ цэнийг тодорхойлж чадсан нь түүнийг хүчирхэг харизмтайг харуулж байна. Мөн алхаа, хөдөлгөөн, царайны хувирлыг сэтгэлзүйчид ялалтын шинжтэй гэж тодорхойлдог.  Талбай дээр харуулдаг эрч хүчтэй, эрэмгий байдал нь түүнийг хамгийн шилдэг тамирчдын нэг болгосон. Энэ мэт давуу чанаруудаа брэнд хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт, бизнесийн салбарт гаргаж байна.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24639/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаар сайдын мэдээллийг сонслоо 13 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Иргэдээ сонсъё” уулзалтад оролцлоо 15 цагийн өмнө
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 23 цагийн өмнө
Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажил… Өчигдөр
Дуурийн хатан хаан Өчигдөр
Доктор Л.Түдэвийн долоон үг... Өчигдөр
Түүхэн хожлын эзэн “Бишрэлт Металл” Өчигдөр
​ Ким Жэ Бумаар удирдуулсан БНСУ-ын шигшээ багийн тамирчид Монголд ир… Өчигдөр
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ… Өчигдөр
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Г.Тэмүүлэн нар Ерөнхий сайдад асуулга тавила… Өчигдөр
"Амьдрахуй" постдрамын жүжгийн хаалтын 4-хөн тоглолт үлдлээ Өчигдөр
Эрх чөлөө хаана байгааг мэдэрсэн хойно л бид жинхэнэ “Хүн” болдог Өчигдөр
М.Өлзийчимэг: “Өнөр бүл” асрамжийн газарт ирээдүй байх ёсгүй Өчигдөр
Арена: Серена Уильямс Өчигдөр
Есөн-Эрдэнийн аялгуу Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засги… 2025/03/28
Цэцийн шийдвэр бүдэрч, түүхэн гэрээ батлагдав 2025/03/28
​ Н.Эрдэнэ: Дэлхийн циркийн №1 алиалагчаас эхлээд гимнастик, акробат… 2025/03/28