Есөн-Эрдэнийн аялгуу


“Монгол бахархал” буландаа Германд ажиллаж, амьдардаг уран бүтээлч  Б.Есөн-Эрдэнийг онцлон танилцуулж байна. Монгол дээлээрээ гоёж, морин хуураа эгшиглүүлэн, хөөмийн түрлэг, цуурын аялгуугаар үзэгчдийг ховсдоно. Өв соёлоо дэлгэрүүлэх чин сэтгэл, уйгагүй хичээнгүй зүтгэл, эв нэгдэл энэ хамтлагийг дэлхий даяар уран бүтээлээ туурвих хөдөлгүүр болжээ. Уран бүтээлийг нь интернэтээс сонсож, үндэсний урлагаа Европт гаргаж яваа мэргэжлийн артист түүний тухай олонтаа сонссон юм.  Анхны гадаад аялан тоглолтоо 2011-2013 онд БНСУ-ын Намянжу дахь Монголын соёлын төвөөс эхлүүлсэн байна. Ингэхдээ морин хуурч, хөөмийчөөр ажиллажээ. Европыг зорьсон намтар нь 2013 оноос эхлэлтэй.  UNESCO-д хөөмийг Монголын өв хэмээн дахин бүртгүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан “Хосоо-Трансмонголиа” хамтлагтай хамтран олон ч тоглолтод оролцжээ.  Мөн “Седа”, “Sound Affinities Ensemble”, “Ephyra”, “Эгшиглэн”, “Хөх Монгол” хамтлагт зочин хөгжимчин, хөөмийчөөр ажилладаг байна. Тэрбээр Узбекистан улсад 2023 онд зохион байгуулсан олон улсын “Бахши” урлагийн наадамд амжилттай оролцон III байрт шалгарчээ. Наадамд 40 гаруй улсын уран бүтээлчид оролцсон байна.


Соёлын дипломатч

Зөөлөн хүчний бодлогын нэг гол арга хэрэгсэл нь соёл болдог бөгөөд соёлын зөөлөн хүч, соёлын гадаад бодлого зэргээр нэрлэдэг. Соёлын гадаад бодлогын зорилго нь олон улсын түвшинд улс орны цаашлаад ард иргэд, улс төр, эдийн засгийн бодлогынх нь талаар эерэг дүр төрхийг бүрдүүлэх, түнш орнуудтай тогтоосон харилцаагаа бэхжүүлэх, болзошгүй зөрчил мөргөлдөөнөөс зайлсхийх зэргээр тодорхойлогдох бөгөөд урлаг, олон улсын үзэсгэлэн, солилцооны хөтөлбөр зэргээр дамжин хэрэгждэг. Морин хуур хөгжмийг ЮНЕСКО-гийн биет соёлын өвд бүртгүүлсэн явдал манай улсын соёлын дипломат бодлогын өв соёлоо хадгалах, түгээх чиглэлд хийсэн нэгээхэн амжилттай алхам болсон. Тиймдээ ч морин хуурчид монгол гэрийн хоймроос дэлхийн хойморт заларч байна. Морин хуур, уртын дуу эгшиглээгүй тайз үлдээгүй биз.  Европын сонгодогтой эн зэрэгцэн морин хуураа гайхамшиг болгох нь монгол уран бүтээлчдийн  мөрөөдөл байсан. НҮБ-ын танхим, хаадын ордон, алдартай театруудын тайзнаа эгшиглүүлж чадсан бахдам түүх бүтээгчдийн нэг бол Б.Есөн-Эрдэнэ. Тэрбээр  Соёл урлагийн их сургуулийг төгссөнийхөө дараа ерөнхий боловсролын дунд сургуульд хөгжмийн багшаар ажилласан байна. Мөн  МУИС-д 2005-2009 онд суралцаж, урлаг судлалын бакалавр зэрэгтэй төгсжээ. Түүний гэргий Н.Хулан  Монголын цөөхөн мэргэжлийн эмэгтэй морин хуурчдын нэг. Тэд  соёл урлагаа сурталчлихаас гадна герман, монгол хүүхдүүдэд хөгжмийн хичээл заадаг хөдөлмөрч залуу гэр бүл. Язгуур урлагаараа эх орноо сурталчилж, Монгол хэмээх нэрийг дэлхийд таниулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн уран бүтээлчид бол яах аргагүй соёлын  дипломатчид. Хэдий өөрөө бие даан тоглолтоо хийж, уран бүтээлээ туурвидаг ч хаа газар Монголоороо овоглодог учир эх орноо төлөөлөх үүргийг давхар хүлээжээ. Боломж бололцоогоороо монголчуудынхаа арга хэмжээнд тоглож өгч дэмжих нь гарцаагүй. Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн уулзалтын үеэр эх орноо сурталчилсан “Монголын үдэш” урлагийн хөтөлбөрт багтжээ. Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаа сурталчлан таниулах арга хэмжээг Брюссель хотноо 2024 оныд зохион байгуулахад оролцжээ. Этник хамтлагуудын түүх бол Монголын соёл урлагийн гадаад харилцаан дээр түшиглэж хөгжсөн ардын урлагийн хөгжил дэвшил. Орчин үеийн ухагдахуунаар тайлбарлавал,  өв уламжлалд суурилсан инновац.  Тэдний уран бүтээлээс нийгмийн соён гэгээрлийг тольдож болно.   Урт хугацааны туршид далд байж, үндэсний хөгжмөөр өрнөдийн хөнгөн хөгжмийн урсгал төрлийг эрэлхийлж байсан үе үеийн хөгжимчдийн ирээдүйн хүсэл зорилгын илэрхийлэл өнөөдөр биелэлээ олсон нь Монголын этник хөгжмийн урсгал юм.


 “Тэнгэрийн өнгө”-өөр дуурьсна

Б.Есөн-Эрдэнэ үндэсний урлагийг баруунд түгээсэн анхдагч, домогт “Эгшиглэн” чуулгатай хамтран  Герман,  Франц, Португал, Грек зэрэг Европын улсад айлчлан тогложээ. “Эгшиглэн” чуулгын он цагийн хүрд  1992 онд МҮЭСТО-ны дэргэдэх  морин хуурын дөрвөлөөс эхлэлтэй.  “Битлз”-ийн бүтээлүүдээс найруулж тоглосноор тухайн нийгмийн сэтгэхүйн хязгаарыг давжээ.  Хожим Монголын этник хамтлагуудын ургийн модны үндэс болсон юм. Энэ чуулгаас “Бөртэ”, “Хосоо-Трансмонголиа”, “Хөх Монгол”, “Домог”, “Седа”, “Хөсөгтөн”, “UB Drums”, “EB production”, “Хатан”, “Алтай” тэргүүтэй олон хамтлаг урган төлжиж, салаалсан. Монголын язгуур урлагийн уран бүтээлчдийн хөгжлийн холбоос гэлтэй. Тэр жишгээр “Тэнгэртон” дөрвөлөө 2023 онд үүсгэн байгуулжээ. “Тэнгэртон” гэдэг тэнгэрийн өнгө, дуу гэсэн хос утгыг илэрхийлнэ.  Ардын  хэв маягийг жазз хөгжимтэй хослуулж шинэ төрлийг гарган үзэгчдийн хүртээл болгож байна. Ингэхдээ хөөмий, хархираан сэтгэл татам өнгө аяс, морин хуурын эгшиглэнт аялгуу гэсэн талын нүүдэлчдийн хөгжмийн ертөнцийн хоёр бэлгэдэлд тулгуурлажээ. Дөрвөн үеийн хөгжимчдөөс бүрдсэн тус хамтлаг нь ардын дууны арвин баялаг урын санг орчин үеийн хөгжмийн хэлээр найруулан баяжуулсан. Тэдний хөгжмөөс цаст Алтай, Хангайн уулсын дундуур урсах тунгалаг гол мөрний шуугиан сонсогдог. “Тэнгэртон”-ы Д.Далайжаргал, Г.Насанжаргал, Ц.Ууганбаатар, Б.Есөн-Эрдэнэ нарын уран бүтээлээс эцэс төгсгөлгүй хязгаар нь үл харагдах уудам  нутаг дуурьсах нь сонсголонтой. Аливаа улс орны газар нутаг, ард түмний амьдралын хэв маягаас хөгжим бүрддэг. Азийн цээжинд орших Монгол Улс Германаас тав дахин том уудам нутагтай.  Сүрлэг уулсаас элсэн говь хүртэл эцэс төгсгөлгүй талын орон. Үзэгчид ийм сайхан дуу авиаг хайж, дурсамжаар аялна. Европчууд манай ардын урлагийг хэдийнэ хүлээн зөвшөөрчээ. Хорин жилийн өмнө тоглолт хийхээр өөрсдөө хүсэлт гаргадаг байсан бол одоо үзэгчид асууж сураглаж, эхэлж санал тавьдаг болжээ. Маркетинг, менежмэнт бүх зүйлс хамтлагийн гишүүдийн өөрсдийн нуруун дээр, үүний хамтаар чанартай уран бүтээл туурвихгүйгээр барууны зах зээлд тэсэж үлдэх амаргүй. Хөдөлмөр, хөлс, бодол ухаанаа шавхах хэрэгтэй болдог.  Тоглолтынхоо үеэр  монгол хөгжмийн тухай, хөөмий хэрхэн үүссэн тухай үзэгчдэд ерөнхий ойлголт өгөхөөс гадна дуу бүрийн өмнө богино тайлбар хийнэ. Хөөмий бол монгол ардын язгуур урлаг, нүүдэлчин соёлын үнэт өв мөнөөсөө мөн. Ашиг шимийг нь хүртдэг байгаль дэлхий, мал амьтантайгаа харилцан холбогдох монголчуудын нүүдэлчин ахуйн хэрэгцээнээс хөөмий үүсжээ. Хүн бүр хөөмийлөх төрөлхийн чадвартай. Гагцхүү  монголчуудад ашиглах нь хэрэгцээ байснаас өдгөө урлаг болтол нь хөгжүүлж чадсан юм.


Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24639/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаар сайдын мэдээллийг сонслоо 13 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Иргэдээ сонсъё” уулзалтад оролцлоо 15 цагийн өмнө
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 23 цагийн өмнө
Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажил… Өчигдөр
Дуурийн хатан хаан Өчигдөр
Доктор Л.Түдэвийн долоон үг... Өчигдөр
Түүхэн хожлын эзэн “Бишрэлт Металл” Өчигдөр
​ Ким Жэ Бумаар удирдуулсан БНСУ-ын шигшээ багийн тамирчид Монголд ир… Өчигдөр
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ… Өчигдөр
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Г.Тэмүүлэн нар Ерөнхий сайдад асуулга тавила… Өчигдөр
"Амьдрахуй" постдрамын жүжгийн хаалтын 4-хөн тоглолт үлдлээ Өчигдөр
Эрх чөлөө хаана байгааг мэдэрсэн хойно л бид жинхэнэ “Хүн” болдог Өчигдөр
М.Өлзийчимэг: “Өнөр бүл” асрамжийн газарт ирээдүй байх ёсгүй Өчигдөр
Арена: Серена Уильямс Өчигдөр
Есөн-Эрдэнийн аялгуу Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засги… 2025/03/28
Цэцийн шийдвэр бүдэрч, түүхэн гэрээ батлагдав 2025/03/28
​ Н.Эрдэнэ: Дэлхийн циркийн №1 алиалагчаас эхлээд гимнастик, акробат… 2025/03/28