Ж.Чинбүрэн: Эмч, өвчтөн хоёрын итгэлцэлд том ан цав үүсгэлээ


УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.

-Донорын асуудал ил хөндөгдөж буй энэ цаг хугацаанд хууль тогтоогч эмчийн байр суурийг сонсъё.  П.Батчулуун эмчийн асуудал хууль эрх зүйн хувьд алдаа байсан уу, эсвэл тухайн процесс дээр илүү нарийвчлах шаардлагатай байсан юм уу. Ер нь энэ асуудлын цаана үүсэж буй эрсдэлийг та хэрхэн харж байна вэ?
-Нэгдүгээрт, Монголын эрүүл мэндийн салбарт иргэд итгэхгүй болно. Хоёрдугаарт, дахиад л гадагшаа явж эмчлүүлдэг байдал үргэжилнэ. Бид үүнийг болиулах гэж өчнөөн жил зүдэрч, зүтгэж ирсэн байтал буцаагаад “хөлдөж унагаад” байж болохгүй. Эрүүл мэндийн салбарын итгэлцлийн эмзэг сэдэвт дэндүү хайнга, гоомой хандаж байгаа нь их л том зорилго агуулсан байж магадгүй гэж би айж байна. Тийм битгий байгаасай гэж бодож байна. Манай эрүүл мэндийн салбарын энэ олон эмч мэргэжилтнүүдийн зүтгэл талаар болох вий гэдгээс айж байна. Энэ асуудал үүдсэнээс хойш нэг ч амьгүй донор алга. Энэ бол том эрсдэл. Эрүүл мэндийн салбарын итгэлийг сэргээж, дахиж иргэдийнхээ итгэлийг олж авах гэж бид олон жил зарцуулна. Үүний ард иргэд маань хохирч байгаа. Бөөр, элэг нь ажиллахгүй болсон хүмүүсийг аврах боломж алдагдаж байна. Ганцхан алхам урагшлаад бид зүрх шилжүүлэн суулгадаг болох байсан. Энэ боломжууд хэдэн жилээр хойшилж байгааг хэлж мэдэхгүй байна. 
Энэ бол эмчээ аваръя гээд байгаа асуудал биш, иргэдээ аврах гэсэн эрүүл мэндийн салбарын том бодлого. Өвчтөн эмчдээ итгэх, эмч нь өвчтөнөө аврахын төлөө зүтгэх чин эрмэлзэл хоёр нарийн торгон үзүүр дээр тогтдог. Энэ торгон үзүүрийг битгий нугал л даа, битгий гэмтээ л дээ. Ийм эмзэг сэдвээр битгий наргиж тоглооч. Энэ бол Монголын хүн амын аюулгүй байдлын том асуудал. Битгий үүгээр наадаасай гэж хүсэж байна. Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах технологи өөрөө асар том дэвшилттэй болоод Монгол Улсад эмчилгээний нэг томоохон технологи болж нутагшаад байна. Өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэгт энэ төрлийн эмчилгээг хийж чаддаг болсон нь том амжилт.

Энэ үйл ажиллагаа эхлэхэд хууль эрх зүйн орчин шинэчлэгдсэн буюу 2018 оны Донорын тухай хуульд орсон өөрчлөлт том дэвшил авчирсан юм. Тэр нь эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах агентлагтай болсон явдал. Энэ албыг ахалж явсан, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг эхлүүлсэн П.Батчулуун гэдэг хүний асудал олон нийтийн анхааралд ороод байна. Энэ бол зөвхөн П.Батчулуун гэдэг хүнтэй холбоотой асуудал биш. Монголын эрүүл мэндийн салбарын цаашдын хөгжлийн асуудал байгаа юм. Энэ төрлийн эмчилгээг эхлүүлээд, нутагшуулаад, хөгжүүлэх үйлсэд гар, бие оролцож яваа хүний хувьд  “татаад унагачихна” гэж даанч санасангүй. Энэ асуудал гарсантай холбоотойгоор амьгүй донорын мэс ажилбарыг ч хийлгэхгүй байна шүү дээ. Үүний цаана аврал хайж хүлээж байгаа олон хүний хувьд хэцүү асуудал үүсээд байна.  Одоо үйлчилж байгаа хуульд 2022 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар амьд донорын насыг буулгаж, 25 байсныг 22 болгосон. Дээрээс нь ЭМЯ-нд эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд ёс зүйн хяналтыг тавьдаг хороо байгуулах хүртэл хуульд өөрчлөлт оруулж эхэлсэн. Энэ хэмжээнд хүрэхийн тулд асар их хүч хөдөлмөр зарцуулсан. Олон эмнэлэг, олон эмч, мэргэжилтнүүд өдөр, шөнөгүй ажилласан. Гэтэл  “нуухыг нь авах гээд  нүдийг нь сохолно” гэдэг шиг зүйл болчих вий. Донорын хуульд тодорхой заалт бий. Тухайн үйлдэл нь эрүүгийн шинж чанартай бол Эрүүгийн хуулийн дагуу, тийм шинж чанаргүй бол Зөрчлийн хуулиар шийдэх боломжтой. Үндсэн эрхтэн болох элэг, бөөр авахыг ар гэр нь зөвшөөрсөн. Дагалдах шөрмөс, судас авах асуудлыг ар гэрт нь хэлсэн ч харамсалтай нь тэмдэглэгээн дээр оруулаагүй л асуудал. Энэ бол процессын алдаа болохоос гэмт хэргийн шинж чанартай зүйл гэж би харахгүй байгаа.

-Нэг талаас эмчийг ялласан нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын асуудал болоод хувирчихлаа. Нөгөө талдаа  эд эрхтэний наймаа явсан байх вий гэдэг хардлага, болгоомжлол ч гарч байна?

-П.Батчулуун эмчийн алба өөрөө эрхтэн сольдог юм биш, олдож байгаа эрхтэнийг хэрэгтэй, зөв хүмүүст цаг хугацаанд нь олгож өгч, хүний амь насыг аврах л зорилготой. Гол санаа нь энэ алба байснаараа өнөөдөр эрхтэн шилжүүлж суулгах үйл ажиллагаа нэлээд урагшилсан. Энэ хүн өөрөө ашиг сонирхлын зөрчилтэйгөөр тэр эрхтэнийг авч, хүнд сулгаж байгаа хэрэг биш шүү дээ. Энэ хүн хагалгаа хийж байгаа хэрэг ч биш. Зөвхөн тэр эрхтэнийг авах боломжийг эрхтэн шилжүүлэн суулгадаг эмнэлгүүдэд гаргаж өгөх, ар гэрээс нь зөвшөөрөл авах үйл ажиллагаа явуулдаг. Хэнд суулгахыг мэдэхгүй. Харин үйл ажиллагаа зөв байна уу, ямар нэг ёс зүйн зөрчил, эд, эрхтэний наймаа болсон эсэхийг тогтоох алба шүү дээ. Тэгэхээр ашиг сонирхлын зөрчил энэ хүнд байхгүй байна. Тиймээс олон нийтийн төдийгүй эмнэлгийн ажилчдын дургүйцээд байгаа зүйл бол ортой. Энэ хүн өөртөө аваагүй, хэн нэгнийг хохироогоогүй. Сүүлдээ явж явж бүхэл бүтэн эрүүл мэндийн салбарын тогтолцооны асуудал болчихоод байна. Тэгэхээр хууль эрх зүйн хувьд  зохицуулалт байхгүйгээс болоод энэ хүрчихсэн асуудал биш. Хууль эрх зүйн зохицуулалт боломжийн түвшинд бүрдсэн.

Дээрээс нь Монгол Улс  эрхтэн, эд, эс наймаалцахгүй байх Станбулын конвенцод нэгдсэн. Одоо байгаа хуулиудад ч эд, эс, эрхтэн наймаалцах явдлыг хаасан. Түүнээс эд, эс, эрхтэнийг худалдаад ашиг олоод байдаг явдал Монгол Улсад байхгүй гэдгийг би хариуцлагатайгаар хэлье. Би эмч хүний байр сууринаас хэлэхэд заавал гянданд хорих гээд байгаа санаа зорилго юу юм бэ гэдгийг гайхаад байна. Зөвшөөрөөгүй байхад нь гол эрхтэнүүдийг авсан зүйл байхгүй. Оршуулгын дараа дахин шалгахад зүрх, уушги, гэдэс зэрэг бусад эрхтэн нь байрандаа байсан.  Энгийн хүн сонсоход төмөр утсаар оёчихсон мэт  яриад байгаа ч эрхтэн сольсны дараа ч шархыг төмөр үдээсээр оёдог юм. Энэ бол шарх идээлэхгүй байх, хурдан эдгээх л арга шүү дээ. 

-Манай улсад донорын хэрэгцээ шаардлага хэр их байдаг вэ. Хүн амын өсөлтөөс хамаарч цаашдаа нэмэгдэх байх. Тэгэхээр ирээдүйд үүсэж байгаа эрсдэлийг та эмч хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотойгоор хүлээлт асар их. Тухайлбал, бөөрний дутагдалтай хүмүүсийн нэг давуу тал нь диализ аппаратад долоо хоногт 2-3 удаа ороод хүлээгээд байж чаддаг. Гэхдээ хүлээх нь мэдээж хугацаатай. Амьгүй донор олдохгүй байгаатай холбоотойгоор ар гэрт нь амьд донор байхгүй хүмүүс энэ үйлчилгээг авч чадахгүй жил болж байна. Элэгний хатуурал, элэгний хорт хавдрын өвчлөлийн эмчилгээний гол заалт нь элэг шилжүүлэн суулгах. Элэгний өвчлөл Монголд өндөр шүү дээ. Элэг шилжүүлэн суулгах шаардлагатай хүлээж байгаа хүмүүсийн дараалал их. Амьд донор олдохгүй байгаагаас болоод үхэхээс өөр аргагүй болж байгаа тохиолдол зөндөө байна. Элэг бол бөөр шиг хүлээгээд, орлуулаад яваад байдаг эрхтэн биш. Элэг ажиллагаагүй боллоо л бол дуусна. Дээрээс нь бидний хөгжүүлэх гэж байгаа нэг том эмчилгээ бол зүрх шилжүүлэн суулгах ажил. Зүрхэнд амьд донор байж болохгүй. Амьгүй донороос зүрх шилжүүлэн суулгахаас өөр аргагүй. Ийм шалтгаануудаар амь насаа алдаж байгаа хүн олон байна. Энэ бүгдийг ярих юм бол замбараагүй их тоо гарна. Нөгөө талаас харахад анагаахын шинжлэх ухаан асар том хөгжил авчирлаа. Эрхтэн суулгуулсны дараа амьдралын чанар бүрэн хангагдаж чадаж байна. Бүр хүүхэд төрүүлж байгаа тохиолдол ч зөндөө бий. Анагаах ухааны энэ том ололтыг монголчууд эх орондоо санхүүгийн дарамтгүй авах том тогтолцоо овоо урагштай, овоо үр дүнтэй явж байгаа. Энэ ажил замдаа битгий гацаасай гэдэг санааг энэ ярилцлагаараа дамжуулан хэлэхийг хүсэж байна.

-Ийм асуудал үүсэж болох юм байна гэдгийг энэ удаагийн кейс харууллаа. Хууль тогтоох дээд байгууллагад эрүүл мэндийн салбарыг төлөөлж байгаагийн хувьд цаашид энэ төрлийн асуудалд таны оруулах хувь нэмэр юу байх вэ. Цаашид энэ талаар ямар боломжит ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Би өнгөрсөн парламентын үед  Донорын тухай хуулийг хоёр хувааж салгах хуулийг төслийг  өргөн барьсан юм. Ингэснээр  цусны донор болон эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах асуудлыг тус бүрт нь бие даасан хуулиар зохицуулах боломж бүрдэх юм. Харамсалтай нь чуулганаар хэлэлцэж амжилгүй өндөрлөсөн. Одоо дахин өргөн барихаар Засгийн газрын саналыг авахаар өгчихөөд байгаа. Цусны донор болон эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах хоёрын зорилго өөр.  “Та цусаа өгснөөрөө гурван хүний амь аварна” гэдгийг бид тайлбарлаж, уриалж, гуйж болдог. Гэтэл  эд, эс, эрхтэний донорыг цусны донортой адилтгаж болохгүй. “Та эрхтэнээ өгөөрэй” гэж уриалж, ятгаж болохгүй шүү дээ. Харин эсрэгээрээ, тэр ёс зүйгүй үйлдлийг хориглох, эрхтэний наймаанаас сэргийлэх том бодлого энэ хуулиар явах ёстой юм. Шинэчилсэн төсөлд энэ агуулгын заалт, зохицуулалтыг түлхүү оруулж байгаа. Эрхтэний наймаа Монгол Улсад байж болохгүй. Ямар ч боломж, сиймхий байж болохгүй гэдэг талаасаа хуулийн төсөл бичигдсэн. Нөгөө талаас ард иргэддээ зөв ухуулан таниулж, ойлгуулах явдал чухал. П.Батчулуун эмчийн асуудал нэг талдаа амьгүй донороор хэчнээн хүн аврагдаж болдог юм гэдгийг нийтэд ойлгуулсан.  Амьд сэрүүн байхдаа юмыг яаж мэдэх вэ, муу зүйл боллоо гэхэд би зүгээр шороонд булагдаад өнгөрөх үү эсвэл хэдийгээр тэнгэрт хальсан ч хүний амь нас авраасай гэж бодох ёстой юу гэдэг хүнд сэдэв. Тэгэхээр энэ сэдвийг яриад байх хэцүү.  П.Батчулуун эмч маань ийм л хэцүү хэлэлцээрт орж,  ар гэртэй нь уулздаг байх нь байна шүү дээ. Нөгөө талаас тархины үхлийг шинжлэх ухаан алдаатай тогтоохоо больсон.

Сэргэх боломжтой хүнийг тархины үхэл гэж тогтоох тохиолдол дэлхий дахинд байхгүй гэдгийг эмч хүний хувьд батлан хэлье.  Энэ бол эрүүл мэндийн салбарын том индикатор.  Үүнийг ганц хүн хийчихгүй. Ийм болохын тулд тухайн эмнэлэг бүх дэд бүтцээ ашиглаж, ажиллуулж байж хийдэг ажил. Ийм эмчилгээ хийдэг эмнэлэг гэдэг хөгжлийн өндөр түвшинд хүрсэн гэсэн үг. Тиймээс бид энэ хуулийг Засгийн газраар шүүлгэж байгаад саналаа ирүүлэхээр нь УИХ-д дахин өргөн барина. Цаашдаа Монгол Улс аль болохоор эрүүл хүний тал эрхтэнийг авах биш аль болох амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах чиглэл рүү хандах ёстой юм. Аль болохоор л бүх зүйл хяналтад, зөв явж олон хүний амь насыг авардаг тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Гол нь цусны донорт цусаа өгөхийг уриалдаг бол эрхтэний донорт ингэж уриалж болохгүй. Тиймээс нэг хуульд байж болохгүй учраас хоёр тусад нь гаргаж байгаа юм.

  М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24639/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажил… 13 цагийн өмнө
Дуурийн хатан хаан 17 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг... 17 цагийн өмнө
Түүхэн хожлын эзэн “Бишрэлт Металл” 17 цагийн өмнө
​ Ким Жэ Бумаар удирдуулсан БНСУ-ын шигшээ багийн тамирчид Монголд ир… 17 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ… 17 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Г.Тэмүүлэн нар Ерөнхий сайдад асуулга тавила… 17 цагийн өмнө
"Амьдрахуй" постдрамын жүжгийн хаалтын 4-хөн тоглолт үлдлээ 17 цагийн өмнө
Эрх чөлөө хаана байгааг мэдэрсэн хойно л бид жинхэнэ “Хүн” болдог 19 цагийн өмнө
М.Өлзийчимэг: “Өнөр бүл” асрамжийн газарт ирээдүй байх ёсгүй 19 цагийн өмнө
Арена: Серена Уильямс 19 цагийн өмнө
Есөн-Эрдэнийн аялгуу 19 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 19 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засги… 2025/03/28
Цэцийн шийдвэр бүдэрч, түүхэн гэрээ батлагдав 2025/03/28
​ Н.Эрдэнэ: Дэлхийн циркийн №1 алиалагчаас эхлээд гимнастик, акробат… 2025/03/28
Ж.Чинбүрэн: Эмч, өвчтөн хоёрын итгэлцэлд том ан цав үүсгэлээ 2025/03/28
Д.Мөнхтөр: “ХӨГЖИЛ” телевиз Монголын бизнес эрхлэгчдийн найдвартай тү… 2025/03/28
Зүрх, тархи гижигдсэн амтлаг ховс “Самсара” 2025/03/28