Д.Мөнхтөр: “ХӨГЖИЛ” телевиз Монголын бизнес эрхлэгчдийн найдвартай түнш, хөгжлийн гүүр нь байхыг зорьж байна


Та бид  өдөр бүр цэнхэр дэлгэцийнхээ өмнө суугаад өөр өөрсдийн сувгаа тааруулж, сонирхсон нэвтрүүлгээ үздэг.  Өглөө бүрийг  Хөгжлийн өглөө”-гөөр эхлүүлж, бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг “Хөгжил” телевизийг үзэгч та андахгүй байх. “Хамтдаа хөгжье” уриатай “Хөгжил” телевизийн хамт олон  “Гранд авардс”  наадмын “2024 оны бизнес эрхлэгчдийг дэмжигч” шилдэг байгууллагаар шалгарсан юм. Ингээд “Хөгжил” телевизийн захирал, сэтгүүлч Д.МӨНХТӨР-тэй ярилцлаа.

 

-Танай телевизийн үзэгчдийн өглөө “Хөгжлийн өглөө”-гөөр  ажил хэрэгч эхэлдэг. Нийгмийн хариуцлагын хүрээнд бизнес эрхлэгчдээ бодитоор дэмжиж байгаа энэ нэвтрүүлэг үзэгчдийг “Хөгжил” телевизэд сувгаа тааруулж, цэнхэр дэлгэцийнхээ өмнө тулахад хүргэдэг. Шилдэг бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг “Гранд авардс” наадмаас танай хамт олон   “Оны онцлох бизнес эрхлэгчдийг дэмжигч телевиз”-ээр шалгарсан нь ч үүнтэй холбоотой болов уу. Ярилцлагаа эндээс эхэлье.

-Манай телевиз “Хамтдаа хөгжье” уриатай.  Бид өглөөний хөтөлбөртөө бизнес эрхлэгчдийг урьж оролцуулдаг. Яагаад гэвэл Монголд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмждэг хэвлэл мэдээллийн байгууллага байдаггүй. Мэдээж, аливаа байгууллага ашгийн төлөө ажилладаг. Үүнийг буруутгаж болохгүй. Гэхдээ бид хэвлэл мэдээллээрээ дамжуулан бизнес эрхлэгчдээ дэмжиж, “Хөгжлийн өглөө” нэвтрүүлэгтээ үнэ төлбөргүй, урьж оролцуулж байна. Нэг хүнд нэг худалдан авагч илүүдэхгүй учраас тэднийг дэмжин ажиллахыг зорьсон.


Бид бусад телевизийн цагаас өглөөний нэвтрүүлгийн цагаа зөрүүлсөн. Бусадтайгаа өрсөлдөх санаа агуулаагүй. “Хөгжлийн өглөө”-г бизнес эрхлэгчдэдээ зориулсан. Бизнес эрхлэгчид өглөө  ажилдаа 09:00 цагт ирээд, хурлаа хийж, өдрийн ажилтайгаа танилцан, товлодог. Ингээд ихэнх тохиолдолд  10:30-11:30 цагийн хооронд хэвлэлийн мэдээлэлтэй танилцдаг.Тиймээс бид тухайн үед нь зохицуулж, 09:30-11:30 цагийн хооронд  “Хөгжлийн өглөө” хөтөлбөрөө шууд нэвтрүүлгээр хүргэдэг.

-Танайх телевизийн салбартаа отгон байгууллагын нэг. Гэхдээ өөрсдийн   бэлтгэдэг нэвтрүүлэг, контентоороо онцгойрч, үзэгчдийг татжээ. Өнгөрсөн хугацаанд хэчнээн нэвтрүүлэг бэлтгэсэн байна вэ?

-Манай телевиз байгуулагдаад гурван жил болж байна. Өнгөрсөн хугацаанд  үзэгчдэдээ өөрсдийн бэлтгэдэг контентоо хүргэж ирлээ.  “Хөгжил” телевиз өдөрт найман удаа шууд дамжуулалтын нэвтрүүлгийг цацаж, үзэгчдэдээ хүргэдэг.  Бид өдөрт хамгийн олон удаа шууд нэвтрүүлэг түгээдэг судалгаа гарсан. Энэ нь бидний   арилжааны бусад телевизээс  ялгарах онцлог.

Телевизийн уран бүтээл бол хамт олны бүтээл байдаг. Зураг авалт, монтаж, боловсруулалт гээд шат шатны дамжлагатайгаар  долоо хоногийн дараа үзэгчдэдээ хүрдэг. Гэтэл мэдээлэл, технологийн хурдацтай хөгжил телевизийн салбарыг  цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, хурдтай байхыг шаардаж байна.  Учир нь өнөөдөр үзэгчид сошиал мэдээнд анхаарч байна. Тухайн үйл явдлыг  үзэгчдэд ямар нэг боловсруулалтгүй, шууд хүрдгээрээ сошиал нэвтрүүлэг давуу талтай. Тиймээс бид телевиз-сошиалын хосолсон системийг хэрэгжүүлэхээр зорьж ажилласан. Энэ утгаараа манайх бүх контентоо телевизээрээ нэвтрүүлэхээс гадна сошиал дээр лайваар шууд хүргэдэг.

Телевиз-сошиал хосолсон энэ системээрээ бид бусад арилжааны телевизээсээ онцгойрдог. Өнөөдрийн байдлаар “Хөгжил” телевиз өөрсдийн бүтээдэг 10 орчим контенттой. Тухайлбал, манайх “Хөгжлийн өглөө” контеноороо бизнес эрхлэгчдийг урьж оролцуулдаг. Дотоод болон гадаад мэдээний багт мэргэжлийн, туршлагатай боловсон хүчнүүд ажиллаж байна. “Шийдэл” нэвтрүүлгээрээ нийгмийг бухимдуулж байгаа асуудлыг хөндөн  гарц, гаргалгаануудыг хэлэлцдэг.  “Амттай яриа” нэвтрүүлгээр дэлхий дахинд өрнөсөн түүхэн,  сонирхолтой үйл явдлыг задлан ярьдаг. Энэ мэтчилэн эрэн сурвалжлах “Нууц материал” , мэтгэлцээний “Сошиал ринг”, өндөр настнууддаа зориулсан  “Ахмадын цаг” зэрэг контентыг манай телевизийн уран бүтээлчид  үзэгчдэдээ хүргэж байна. Уран бүтээлчдийнхээ хамтын хөдөлмөр, зүтгэлээр  бид телевизээ  богино хугацаанд хамгийн хурдан  хөгжүүлж байгаадаа баяртай байна. 

-Өдөрт  найман удаагийн шууд нэвтрүүлэг цацаж, бусад контентоо бэлтгэн боловсруулахад мэргэшсэн боловсон хүчин, өндөр хүчин чадалтай техник, технологи шаардагдана. “Хөгжил” телевиз хэчнээн баг хамт олонтой ажиллаж байна вэ?

-Манай телевиз өнгөрсөн 2024 онд техникүүдээ бүрэн шинэчилж, сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай тоног, төхөөрөмжийг суурилууллаа. 4к нягтралтай камер, програм хангамжийн техникүүдтэй учир өнгө, дүрс, дууны өндөр хүчин чадалтай контентуудыг бэлтгэж байна.

-Пэйж, телевизийн хосолсон системтэй үйл ажиллагаагаа явуулдаг танай телевизийн хувьд үзэгчдийн сонирхол, хандалт хэр байна вэ?

-Манайх сошиал орчинд 300 орчим мянган хэрэглэгчид  шууд нөлөөлдөг.Эфирийн зориулалттай  “Хөгжил продкаст” , телевизийн уран бүтээлийн  “Хөгжил студи” гэсэн хоёр пэйж ажиллуулж байна. Мөн “Хөгжлийн амттай яриа” групп хөтөлдөг. 

Энэ сошиал пэйж, группуудээр 14 хоногт давхардсан тоогоор 1.5 сая хүнд хүрсэн байна.  Судалгаагаар сошиал орчинд оргил цагуудад 35 насныхан илүү үзэлттэй байдаг.  Бидний өөрсдийн хийсэн судалгаагаар 40-өөс дээш насныхан телевиз үзэж байна.

 

Манай телевизийн  “Ая дууны мэндчилгээ”, “Азтай үзэгч” контентыг 50-60 насныхан давуу  сонирхож байна. Энэ үзэгчид маань кино контентыг хүлээн авч үздэг. Учир нь манай телевиз өдөрт үзэгчдэдээ дөрвөн удаа уран сайхны кино  хүргэдэг. Бид гаднын сайн кинонуудыг албан ёсны оюуны өмчийн эрхтэйгээр худалдан авч үзэгчдийн хүртээл болгож байна. Кино сонголтуудаа үзэгчид өөрсдөө хийж болно. Монголоос гадна  орос, хятад, солонгос гэсэн гурван орны киног үзэгчдэдээ хүргэж байна.

 Монголчууд бид  гаднын орны соёл, уламжлалыг даган дуурайж  шүтэх бус тэднээс хандлага харилцаа, хүмүүжил талаас нь суралцах хэрэгтэй.  Манай сэтгүүлч С.Бүдрагчаагийн бэлтгэдэг  улс төр, бизнесийн салбарынхны булхайг  баримтад үндэслэн илчилдэг “Нууц материалууд” эрэн сурвалжлах цуврал нэвтрүүлгийг дунд насныхан ихэвчлэн үздэг. Бид өглөө бүр  бяцхан үзэгчдэдээ зориулан хоёр цаг  хүүхдийн нэвтрүүлэг хүргэж байна. Мөн орой 18:00 цагаас “Зуузуугийн найзууд” хүүхэлдэйн кинотой. Харин 00:00-03:00 цаг хүртэл хойш насанд хүрэгчдэдээ зориулсан кино гаргадаг. Мөн сонсголын бэрхшээлтэй хүмүүст  зориулсан нэвтрүүлэг бэлтгэдэг.

“Хөгжил” телевиз бүх насныханд зориулан эфирийн цагаа хуваарилан энтертаймент, өргөн цогц үйл ажиллагаа явуулж байна.  Үүнтэй холбоотой манай кино үзэгдчийн тоо эрс нэмэгдэж байна. Энэ нь “Хөгжил” телевизийн нэвтрүүлэг, контентууд өөр өөрсдийн байнгын үзэгчидтэй болсон гэсэн үг.

-Арилжааны телевиз бүр дэргэдээ Реклам, сурталчилгааны хэлтэстэй. Харилцагчдадаа ямар боломжийг санал болгодог вэ?

-Манай телевиз бизнес эрхлэгчдийг дэмжиж, “Хамтдаа хөгжье” уриагаа хэрэгжүүлж,  нэг харилцагчийн реклам, сурталчилгааг өдөр 10-15 удаа цацаж өгдөг. Сард нэг рекламыг 300-450 удаа цацдаг телевиз Монголд байхгүй. 

Манай телевизтэй нэг жилийн тогтвортой байдлын гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүддээ  90 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнийг  санал болгодог.  Хамгийн хямд үнэ, өргөн боломжийг санал болгож байгаа нь бизнес эрхлэгчдийг дэмжих бидний зорилго юм.

-Хэвлэл мэдээллийн байгууллагад сэтгүүлчээр ажиллах, хэвлэл мэдээллийн байгууллага байгуулан  хамт олныг удирдан авч явахын ялгаа хэр байна вэ?

-Би сэтгүүлч, эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй. “Ийгл” телевизэд мэдээний сэтгүүлчээс ажлын гараагаа эхэлж байлаа. Ажилтан байх, ажил олгогч байх хоёрын хооронд тэнгэр, газар шиг ялгаатай юм байна.  Ажилтан байхдаа өдрийн нормоо биелүүлээд гэр бүл рүүгээ яардаг байлаа.  Гэтэл ажил олгогч болоод бодох, сэтгэх, санаа зовох зүйл их.

 Ажлын орчноо эмхэлж, санхүүдээ анхаарч, ажилчдынхаа цалинг цагт нь тавих, тайлан балансаа хуулийн хугацаанд зөв гаргаж өгөх, ажилчдадаа ээлтэй байх, компаниа хөгжүүлэх гээд ажил дээрээ ихэнх цагийг өнгөрүүлж,  илүүтэй бодож бясалган, зүтгэх шаардлага гардаг. Ажил олгогчид шантрахгүй зүтгэхээс өөр зам үгүй. Өнгөрсөн хугацаанд өөрийн чадах бүхий л зүйлээ телевиздээ зориулан ажиллаж ирлээ. Телевиз  “чанга” салбар хэдий ч хүсэл зорилгоосоо няцахгүй гэж боддог.

Цаг хугацааг хөгжилд, тэвчээрт зориулж тодорхой амжилтад хүрсэн. Тиймээс ч хамт олноо бүрдүүлэхдээ чадвартай гэхээсээ  сэтгэлтэй хүнтэй хамтарч, хамтдаа зүтгэх хүн л чухал гэдэг зарчим барьсан. Мэдээж хамтран ажиллаж байгаа хүмүүсээ сургах, хөгжүүлэх, итгэлийг нь алдахгүй ээлтэй байхад анхаарч ажиллаж байна.

Өмнө нь хоёр ч бизнес эрхэлж байсан туршлага дээрээ үндэслэн телевизээ хөгжүүлж байна. Цаашид ч зорилгынхоо төлөө зүтгэсээр байх болно. 

-Хөгжил” телевиз цаашид ямар зорилт тавин ажиллаж байна вэ?

-Бид энэ онд  “Хөгжил” телевизийнхээ дэргэд “Хөгжил ньюс” сайт, “Хөгжил FM” радиог ажиллуулахаар төлөвлөж байна. Ингэснээр энэ оны аравдугаар сард “Хөгжил медиа” группын нээлтийг хийж, үйл ажиллагаагаа тэлэхээр  зорьж байна.

“Хөгжил” телевиз бизнес эрхлэгчдээ дэмждэг. Тиймээс ч Монголын бизнес эрхлэгчдийн найдвартай түнш, ээлтэй цэг нь  байхыг хүсэж байна. Мөн гаднын соёлыг даган дуурайхгүйгээр үндэсний хэв соёлыг агуулсан реалити нэвтрүүлгийг үйлдвэрлэхийг зорьж байна.

Н.Энхлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24639/


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажил… 13 цагийн өмнө
Дуурийн хатан хаан 17 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг... 17 цагийн өмнө
Түүхэн хожлын эзэн “Бишрэлт Металл” 17 цагийн өмнө
​ Ким Жэ Бумаар удирдуулсан БНСУ-ын шигшээ багийн тамирчид Монголд ир… 17 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ… 17 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Г.Тэмүүлэн нар Ерөнхий сайдад асуулга тавила… 17 цагийн өмнө
"Амьдрахуй" постдрамын жүжгийн хаалтын 4-хөн тоглолт үлдлээ 17 цагийн өмнө
Эрх чөлөө хаана байгааг мэдэрсэн хойно л бид жинхэнэ “Хүн” болдог 19 цагийн өмнө
М.Өлзийчимэг: “Өнөр бүл” асрамжийн газарт ирээдүй байх ёсгүй 19 цагийн өмнө
Арена: Серена Уильямс 19 цагийн өмнө
Есөн-Эрдэнийн аялгуу 19 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 19 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засги… 2025/03/28
Цэцийн шийдвэр бүдэрч, түүхэн гэрээ батлагдав 2025/03/28
​ Н.Эрдэнэ: Дэлхийн циркийн №1 алиалагчаас эхлээд гимнастик, акробат… 2025/03/28
Ж.Чинбүрэн: Эмч, өвчтөн хоёрын итгэлцэлд том ан цав үүсгэлээ 2025/03/28
Д.Мөнхтөр: “ХӨГЖИЛ” телевиз Монголын бизнес эрхлэгчдийн найдвартай тү… 2025/03/28
Зүрх, тархи гижигдсэн амтлаг ховс “Самсара” 2025/03/28