Монголын урлагт нэр, мөр, дүрээ тод үлдээсэн хоёр Арслан бий. Хэн хэн нь дэлгэцэнд бүтээсэн дүрээрээ ард олонд хайрлагдан, түүгээрээ овоглон мөнхөрсөн уран бүтээлчид. Гэхдээ тэд эзэмшсэн мэргэжил, мэргэшил хийгээд урлагийн ертөнцөд эзэгнэсэн орон зай, цаг хугацааны хувьд ч жинхэнэ тайзны бурхад байв. “Цогт тайж” киноны Арслан тайж буюу Монгол Улсын Гавьяат жүжигчин Аюурын Цэрэндэндэв, “Говийн зэрэглээ” киноны гол дүр Арслан буюу нэрт найруулагч Гүрсэдийн Доржсамбуу. Хоорондоо 35 жилийн зайтай бүтээгдсэн хоёр киноны Арслангууд. Өөр өөр цаг үеийн баатрууд. Тэднийг нэгэн бичвэрт “уулзуулж”, нэгээхэн агшинд хамтад нь дурсахыг хүслээ.
Анхны Юндэнд дуулсан Арслан тайж
“Учиртай гурван толгой” жүжгийг 1942 онд хөгжимт жүжиг болгон УДБЭТ-ын тайзнаа тавихад анхны Юндэн нь БНМАУ-ыг Гавьяат жүжигчин Аюурын Цэрэндэндэв байв. Анхны Нансалмаа нь Ардын жүжигчин Д.Ичинхорлоо. Халхын сайхан эр Юндэнгийн дүрийг тайзнаа бүтээснээс хойш А.Цэрэндэндэвийн уран бүтээлийн онгод нь гийн, од нь гялалзжээ. 1947 онд Чехословак улсад болсон Дэлхийн залуучуудын анхдугаар фестивальд А.Цэрэндэндэв, Л.Цогзолмаа нар “Учиртай гурван толгой” дуурийн хэсгээс дуулсан нь Монголын дуурь гадаадад эгшиглэсэн анхны тохиолдол байв. Түүний алтан хамтрагч Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Л.Цогзолмаа “Бид Юндэн, Нансалмаад олон жил хамт дуулсан. А.Цэрэндэндэв гуай маань хамт дуулахад их түшигтэй хүн байж билээ.
Дэлхийн залуучууд, оюутны анхдугаар наадамд оролцож байхад бидний урд урдаасаа гүйдэг хэсэгт монгол, орос эмэгтэйн гүйлт өөр байдаг юм гээд намайг зэмлэж билээ. Өөрөө жинхэнэ монгол эр хүний шинжийг хадгалсан морь их сайхан унадаг, адуунд эрэмгий хүн байсан. Халхын сайхан Юндэн гэвэл Цэрэндэндэв гуайг л хэлнэ” хэмээн дурссан байдаг.
Намтрын хуудсыг нь сөхвөөс, 1912 онд хуучнаар Богд хан уулын аймаг Наваан гүний хошуу, одоогийн Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Ар Гандан хэмээх газар төржээ. Эрийн цээнд хүртлээ мал хариулж, аян жинд явж, эр хүний хатуужил тэвчээр суужээ. 1933 онд цэргийн албанд татагдан Хэнтий аймаг дахь VII дивизийн их бууны хороонд алба хаасан байна. Улмаар цэргийн бага даргын сургуульд элсэн суралцаж төгсөөд I дивизийн пулемёт сумангийн жагсаалын дарга болжээ. 1934 оны эцсээр Цэргийн төв клубийн дуучин, бага дарга, 1935 оноос дуучин жүжигчин, жагсаалын даргаар дэвшин ажиллажээ. Энэ үедээ “Их жанжны уран ялалт” жүжгийн жанжин Сүхбаатар, “Партизан Батхүү” жүжгийн Батхүү, “Тэнэг засаг, сохор чавганц” жүжгийн хүү зэрэг арваад жүжгийн гол дүрд тоглосон аж.
1936 оны аравдугаар сард гачигдлаар цэргээс халагдан орон нутагтаа буцаж очоод сонгуулиар Төв аймгийн Бор-Өндөр суманд багийн дарга, 1938 оны тавдугаар сард Төв аймгийн захиргааны шийдвэрээр аймгийн Улаан гэрийн эрхлэгчээр ажиллаж байв. А.Цэрэндэндэв гуай 1938 оны есдүгээр сард Амгаланбаатар хотын Сүхбаатарын нэрэмжит Ардын үлгэр жишээ клубт сайн дураар ирж ажиллахдаа “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн Юндэнгийн дүрийг бүтээсний зэрэгцээ “Цэнд комиссар”, “Хэрмэл”, “Ардын зориг” зэрэг 20 гаруй жүжиг болон баярын концертод оролцон тоглосон гэдэг. Ингээд 1942 онд “Учиртай гурван толгой” аялгуут жүжгийн Юндэнд тоглохдоо сайхан монгол эрийн намба төрх, шинжийг дүрслэн үзүүлж, жүжгийн эхэнд дуулдаг бэсрэг уртын дууг гайхалтай сайхан дуулсан аж.
Сайхан хоолойтой, ардын уртын болон богино дууг сайхан дуулдаг байсныг нь Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Гавьяат жүжигчин В.Сүрэнхорлоо зэрэг олон хүн дурссан нь бий. Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор болсон дуучдын уралдаанд оролцож Улсын гуравдугаар зэргийн дуучин цол тэмдгээр шагнагдаж байсан хүн сайхан дуулдаг байхаас аргагүй. А.Цэрэндэндэвийн бүтээсэн Юндэн дахин давтагдашгүй шилдэг дүр болсныг ч судлаачид хэлдэг. Театрын үе үеийн судлаачид, уран бүтээлчид хүлээн зөвшөөрдөг.
А.Цэрэндэндэв гуай 1940-өөд оны дунд үед “Мандухай цэцэн хатан” жүжгийн Баянмөнх жонон, “Хонины булаг” жүжгийн Ван Родриго, “Талын баатар” жүжгийн жанжин Сүхбаатар гээд тайзнаа олон дүр бүтээжээ. Харин дэлгэцийн уран бүтээлийн хувьд нийт таван бүтээлд ажилласан байдаг аж. 1941 онд “Улсын 20 жил” хэмээх баримтат кинонд жанжин Сүхбаатарын дүрийг бүтээсэн бол 1942 онд “Монгол кино үйлдвэр”-ийн бүтээл “Хил дээр гарсан хэрэг“ кинонд байлдагч Болд, 1942 онд “Сүхбаатар” кинонд жанжны дүрийг бүтээсэн Л.Свердлиний орлон тоглогчоор ажилласан аж. Сүхбаатар жанжин морьтой давхиж буудалцдаг, хашаан дээгүүр давхидаг хэсгүүдэд тэрбээр тоглосон байна. Тус кинонд онц зүтгэлтэй оролцсоны учир 1942 онд Улсын гавьяат жүжигчин цолоор шагнагджээ.
1945 онд “Цогт тайж” кигноны Арслан тайж, 1965 онд “Хүний мөр” киноны офицер, 1983 онд “Ингэх гээд байсан юм” киноны ойн цагдаагийн дүрийг тус тус бүтээсэн байна. “Цогт тайж” кинонд Арслан тайжийн дүрийг бүтээхдээ “хувиа бодогч, цэргийн албан тушаал булаацалдагч болохыг хэдхэн хэсэгт маш тодорхой дүрслэн харуулж чадсан” хэмээн урлаг судлаачид өндрөөр үнэлсэн байдаг. Тэрбээр цэнхэр дэлгэцнээ бүтээсэн идэр залуугийн ааг омог, цог хийморь төгс Арслан тайжийн дүрээрээ ард түмний дунд хайрлагдан мөнхөрсөн юм. А.Цэрэндэндэв гуай 1940-1960 онд Улсын төв театрт жүжигчин, 1960-1961 онд Улаанбаатар хотын Төв клубт жүжигчин, 1961-1964 онд Үйлдвэр хоршооллын клубт найруулагч, 1964-1972 онд Улсын хүүхэд, залуучуудын театрт жүжигчнээр ажиллаж байжээ.
Говийн эр Арслан, тайз эзэгнэсэн найруулагч
1969 он. Цэргийн албанаас дөнгөж халагдаж ирсэн 20-хон настай залуу Улсын драмын театрт дагалдан жүжигчнээр орсноор Монголын тайз, дэлгэцийн урлагт насан туршдаа үнэнч цэрэг нь явж, өөрийн гэсэн өндөр дээд эрэмбэ, өргөн уужим орон зайг бий болгож, бүтээн туурвиж үлдээсэн билээ. Г.Доржсамбуу найруулагч Норвегийн зохиолч Г.Ибсений “Хүүхэлдэй байшин” буюу “Нора” жүжгийг 1984 онд найруулан тавьснаараа өөрийгөө найруулагчийн хувьд сорьж, Монголын театрын урлагт “шинэ драм” оруулж ирсэн төдийгүй сонгодог жүжиг тавих өвөрмөц арга барил, дэг жаягийг бий болгосон гавьяатай. Монголын театр урлагийн тайзнаа тэрбээр 39 жилийн өмнө ийнхүү цоо шинэ үзэгдэл болсон “Нора”-г хөтөлж ирсэн шигээ шинэ залуу олон арван авьяастныг мөн хөтөлж, түшиж, уран бүтээлийн их замд хөл тавиулсан багш хүн.
Г.Доржсамбуу найруулагчийн тайзнаа бүтээсэн анхны дүрүүд нь Л.Ванганы “Эзэд” жүжгийн Гант, П.Хорлоогийн “Алтан үст охин”-ы сахиул баатар, Ч.Чимэдийн “Арын албаныхан” жүжгийн Балдорж байв. Тэр дундаа Б.Брехтийн “Эхийн сэтгэл буюу Кавказын цэрдэн дугуй” жүжгийн Давидын дүр нь судлаачдын анхаарлыг ихэд татаж байжээ. Ганцхан үзэгдэлд гардаг дүрийг тэрбээр гол дүрийн хэмжээнд гаргаж чадсан нь жүжигчний авьяас, мэдрэмжийнх нь илрэл байв. А.Папаяны “Цаг өөр болжээ” жүжгийн Эдуард, М.Горькийн “Егор Булычевийнхан” жүжгийн Достигаев лам зэрэг дүрүүдийг Г.Доржсамбуу тайзнаа чадварлаг амьдруулжээ.
Бас нэг онцлох дүр нь Ч.Чимидийн “Маш нууц” жүжгийн Жамъяндоогийн дүр. Эсрэг дүр Жамъяндоогийн биеийн гадаад төрх байдал, дүрдээ тохирсны дээр урвагчийн зан чанар, шинж байдлыг зөв гаргаж чадсаныг нь тухайн үед театрын судлаачид шүүмждээ онцолж байв. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан О.Норолхоо “Маш нууц”-ын Жамъяндоо гээд Богд гэгээний өргөмөл хүүд тоглосон. Эсэргүү гээд Япон руу гараад явчихдаг. Тэр жүжгийг санах бүр самсаа шархирдаг. Г.Доржсамбуугийн тэр үг үнэхээр агуу. Монгол нутгаа санаад хэлдэг үг бий л дээ. “Би нутагтаа очоод, Монголдоо очоод сайхан махаа идээд, тэр сайхан хээр тал нутаг дундуур морьтойгоо давхих юм сан. Уул талаар давхих юмсан” гэж хэлдэг. Одоо хүртэл тэрийг нь ингээд хэлэхэд л би уйлах гээд байна. Ямар гоё хэлдэг гээч. Зритель уйлж байгаа юм ш тээ. Тэр дүрийг дайсан гэж бодохгүй байна шүү дээ. Г.Доржсамбуу тийм л дүр бүтээдэг, тийм л үг хэлдэг. Тэгээд л тэр нь шигтгээ болно. Бүтээсэн дүр болгон нь тийм” хэмээн өгүүлсэн юм. Залуу жүжигчин Г.Доржсамбууг уран бүтээлчийнх нь хувьд нээж өгсөн “Маш нууц” жүжиг Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдоржийн дипломын ажил байв. Монголын театрын нэгэн үеийн ачааг нуруундаа үүрч явах үүрэг хүлээсэн хоёр найруулагч ийнхүү “Маш нууц” жүжгээр анх бие биеэ олж нээсэн ажээ. Б.Мөнхдорж найруулагч Г.Доржсамбуу найздаа “Маш нууц” жүжгийн хамгийн сайхан дүрийг чи гаргаж өглөө хэмээн чин сэтгэлээсээ хэлж байжээ.
Г.Доржсамбуу найруулагчийг олонд таниулсан дэлгэцийн дүр нь “Говийн зэрэглээ” киноны Арслан. Энэ бол анхнаасаа Г.Доржсамбуу найруулагчид зориулсан дүр. Б.Балжинням найруулагч 1980 онд киноныхоо зохиолыг бичиж, батлуулчихаад Арслангийн дүрд Г.Доржсамбуу найруулагчийг л тоглуулна гэж шийджээ. Г.Доржсамбуу найруулагч Киевийн театр урлагийн их сургуулиа дүүргэчихээд байсан үе. Мань эр сургуулиа төгсчихөөд гурван сар гаруй хугацааг хойно найз нөхөдтэйгөө аялж, зугаалж өнгөрүүлжээ. Энэ хооронд Б.Балжинням найруулагч киноныхоо гол дүрийг хүлээсээр тэвчээр алдах шахаж байсан гэдэг. Арсланд өөр хүн тоглуулъя гэхээр тэрбээр огт зөвшөөрдөггүй байж. “Доржсамбууг ирэх л юм бол хэлээрэй” хэмээн гэргийд нь захичихсан. Түүнгүйгээр “Говийн зэрэглээ” киноны зураг авалт эхлэхгүй гэдэг нь тодорхой байв. Ингээд Г.Доржсамбуу найруулагчийг Киевээс ирэнгүүт бараг маргааш нь Дундговь руу зураг авалтад гарч байсан гэдэг.
“Арслангаа удтал хүлээсэн минь үнэхээр оносон шүү” гэж Б.Балжинням найруулагч сүүлд олонтаа дурссан байдаг.
Г.Доржсамбуу найруулагчийн хувьд дэлгэцэнд бүтээсэн анхны дүр нь “Тунгалаг Тамир” кинонд үзэгдээд өнгөрдөг танхай лам бандийн жижигхэн дүр байв. Б.Балжинням, И.Нямгаваа нарын найруулсан “Гарын таван хуруу” киноны хөрш айлын эр, Р.Доржпаламын найруулсан “Саруул талын ерөөл”-ийн Балбар, “Мөнгөн буйл”-ын Содов, Х.Дамдингийн найруулсан “Загийн алим”-ын геологич, Ж.Сэлэнгэсүрэнгийн найруулсан “Ирэх хаврын цэцэг”-ийн хартай эр, “Их замын тоос”-ын Хөнхөр гээд дэлгэцнээ бүтээсэн дүрүүд нь ард түмний сэтгэлд мөнхөрч, эдүгээ ч амьдарсаар байгаа билээ.
Харин тайзнаа дүр бүтээх тухайд тэрбээр “Би яг Гантөмөр гуай шиг жүжигчин болох сон гэж мөрөөддөг” гэж хэлж байжээ. Тэр мөрөөдөлдөө ч хүрч чадсан юм. Г.Доржсамбуу найруулагч тухайн үеийн ЗХУ-ын Украины нийслэл Киев хотын Театр урлагийн дээд сургуулийн анхны монгол оюутан. Киев хотын Театр урлагийн дээд сургуульд Украины Ардын жүжигчин Тарас Шевченкогийн нэрэмжит шагналт С.К.Смиян, Украины Ардын жүжигчин, найруулагч В.Н.Судец, Украины Гавьяат жүжигчин, найруулагч А.Н.Сгибенко нарын шавь болж, сургуулиа гялалзсан амжилттай төгсөж ирснээр Монголын театрын урлагийн нэгэн үеийг эзэгнэсэн найруулагч болох замналаа эхэлжээ.
Энэ тухай Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж “Б.Мөнхдорж, И.Нямгаваа гэж нэрд гарч, дархлагдсан хоёр том найруулагчийн дунд мань эр орж ирээд асар богино хугацаанд “Хүний санаа”-гаар шуугиан тарьж, “Болд хэрхэн хатаагдсан нь”, “Найрын ширээний ууц”-аар өөрийгөө зарлаж, алдарт, сонгодог “Нора”-гаар байр сууриа эзэлсэн. Ингэж Доржсамбуу том найруулагч гэдгээ баталсан юм. Тэр найруулга, тавилтын өөрийн гэсэн шинэлэг арга барилтай, жүжигчнийг төрүүлэх асар их нөөцтэй найруулагч. Тэрбээр Станиславскийн дэг буюу үйл хөдлөлөөр дүрийг судлахад онцгойлон анхаарч, бүх жүжигчнийг суулгаж байгаад өөрөө тайлбарлаж лекц ордог байлаа” хэмээн дурсчээ.
Г.Доржсамбуу найруулагч Киевт сургуулиа төгсч ирээд 1980-1990 онд УБДС-д багшлан, жүжигчин сонгох элсэлтэд ажиллаж, олон арван авьяастныг урлагийн замд хөтлөн оруулсан юм. Өнөөдөр тайз, дэлгэцийн урлагт амжилттай яваа жүжчигчдийн гурван үе түүнтэй багш, шавийн холбоотой. Түүний гардан төгсгөсөн ангийнхнаас эдүгээгийн УДЭТ-ын дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу, Төв аймгийн “Монгол туургатан” театрын дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг агсан, Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Пүрэвдорж, Дундговь аймгийн театрын дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн Доржсүрэн, Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг, С.Лхагвасүрэн нарын гавьяатууд төрөн гарчээ. Зөвхөн даасан ангиас гадна 1980-1990 оны хооронд УБДС, СУИС-ийг төгссөн жүжигчид Г.Доржсамбуу найруулагчийн шавь нар юм.
1990-ээд онд нийгэм бүхлээрээ уналтад ороод байсан тэр үед театрын гал голомтыг сахиж үлдсэн хүн бол Г.Доржсамбуу найруулагч. Гэрийнхээ зурагтыг зарж байгаад жүжигчид, уран бүтээлчдийнхээ цалинг тавьж байсан үе түүнд бий. Шилжилтийн тэр хэцүү хүнд үед Г.Доржсамбуу найруулагч Энэтхэгийн Р.Таагүрийн “Цусан тахилга”, Испанийн Гарсиа Лоркагийн “Цуст хурим” жүжгийг найруулж, Эстонийн найруулагчийг “Макбет” жүжгийг тавиулж байв. Мөн хөрш ОХУ-ын Буриадаас найруулагч урьж жүжиг тавиулж, монгол жүжигчдээ Буриадын театрт тоглуулж, харилцан солилцоо хийж байлаа.
Ийнхүү дэлхийн сонгодог жүжгүүдийг үзэгчдэдээ хүргэж, маш олон шинэлэг оролдлого хийж, олон төрөл жанрыг Монголынхоо театрт оруулж ирснийг нь театрынхан нь, театрт хайртай үзэгчид нь өнөө ч дурсан санасаар байна.
Г.СОНИНБАЯР
Эх сурвалж: Монголын үнэн сонин №010/24541/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна