БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар Москвад айлчилж байна. Ши Жиньпин БНХАУ-ын даргаар улиран сонгогдсоныхоо дараах анхны гадаад айлчлалаас ОХУ-аас эхэллээ. Тэрбээр 2013 оноос хойш Хятад улсыг удирдаж байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Айлчлалын эхний өдөр В.Путин, Ши Жиньпин нар хаалттай уулзаж, албан бус үдийн зоог барина. Төлөөлөгчдийн уулзалтад Ерөнхийлөгчийн олон улсын асуудал хариуцсан туслах Юрий Ушаков, Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Шадар сайд Дмитрий Чернышенко, Төв банкны Ерөнхийлөгч Эльвира Набиуллина, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Роскосмосын тэргүүн Юрий Борисов, Цэрэг-техникийн хамтын ажиллагааны албаны дарга Дмитрий Шугаев нар оролцоно” гэсэн.
Уулзалтын бүрэлдэхүүнээс харвал цэрэг, техник, эрчим хүчний хамтын ажиллагаа, улс орнуудын харилцан ойлголцол, итгэлцлийг улам бэхжүүлэх найрамдлын айлчлал болж байна. Ши Жиньпин цэрэг-улс төрийн эвслийн талаар хэлэлцэхийг хүсэхгүй ч Москватай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь дамжиггүй. Ши Жиньпинийг ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа Зеленскийтэй хэлэлцээр хийж магадгүй гэж барууны ажиглагчид таамаглалаа. Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михайло Подоляк энэ талаар мэдээлэл өгөөгүй. Учир нь Украины асуудлаар зөвхөн Москватай яриа хэлэлцээр хийгээд өнгөрвөл Бээжин дэлхийн тоглогчийн хувьд оноо авахгүй.
Эдийн засаг, худалдаа гурван өдрийн айлчлалын нэгэн гол сэдэв.ОХУ БНХАУ-тай худалдаа, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаа. Худалдааны эргэлт жилд 190 тэрбум ам.доллар даваад байна. 2024 он гэхэд 200 тэрбум ам.долларт хүрнэ. Өөрөөр хэлбэл сүүлийн арван жилийн хугацаанд бараа эргэлт 116 хувиар өссөнийг БНХАУ-ын дарга онцлон тэмдэглэсэн. Түүний хэлснээр, Хятад улс Оросын хамгийн том худалдааны түнш юм. Ши Жиньпин, В.Путин нарын уулзалтыг хоёр улсын хэвлэлүүд түүхэн гэж онцолсон. Талууд стратегийн итгэлцлээ нэмэгдүүлэх нь гарцаагүй.
Х.ЗАЯА
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна