Холливудыг “эвдсэн” суутан


Өвөрмөц хэв маяг, хошин егөөдлөөрөө алдартай Квентин Тарантино бол бүх цаг үеийн хамгийн алдартай найруулагчдын нэг. "Rolling Stone" сэтгүүлд 2004 онд өгсөн ярилцлагадаа  “Цаг хугацаа өнгөрөх тусам миний дүрүүд хөгширч байна" гэсэн байдаг.  Тарантино кино хийх  дүрэм, арга барилыг тэр чигээр нь эвдэж, 29 насандаа Холливудыг байлдан дагуулсан. “Reservoir Dogs”киногоороо 1992 онд үзэгчдийн төдийгүй уран бүтээлчдийн дунд шуугиан тарив.  Кино түрээсийн ажилтан Квентин Тарантино найруулах  туршлага байтугай сургалтад ч сууж үзээгүй нэгэн байлаа. Тэр зүгээр л кинонд хайртай, бас кино бүтээхийг хүсдэг байв.

 

Нэр төрийн баталгаа

 

Түүнийг  Холливудын хүч чадлын бэлгэдэл гэдэг. Гадаадын залуу найруулагчид "Квентин Тарантинод киногоо танилцуулсан" гэж сайрхдаг, зиндаархдаг.  Тарантино 1995 онд “Мирамакс”-тай хамтран “Rolling Thunder Pictures”-ийг үүсгэн байгуулж, гадаадын киног гаргах эрх авчээ. Гэвч хөрөнгө оруулагчид борлуулалт хангалтгүй гэсэн шалтгаанаар 1997 онд компанийг   хаасан юм. Тарантино “Rolling Thunder Pictures”-ийг тэргүүлэх үедээ Хятадын найруулагч Вонг Кар-вайн “Чунчины буухиа галт тэрэг”, Жак Хиллийн “Switchblade Sisters”,  Такеши Китаногийн “Sonatine”, Брюс МакДональдын “Hard Core Logo”,  Хо Мэн Хуагийн “Бээжин хүн” зэрэг алдартай бүтээлүүдийг Америкийн үзэгчдэд танилцуулсан юм. Компаниа хаалгасан ч Азийн кино урлагийг сурталчлах ажлаа зогсоогоогүй. Хонконгийн тулааны урлагийн "Төмөр сармагчин" киног АНУ-ын зах зээлд  2001 онд гаргаж, 14 сая ам.долларын ашиг олжээ. Мөн   2004 онд  Жан Имоугийн  "Баатар" киног АНУ-ын театруудад байршуулав.  Энэ бүтээл Хойд Америк төдийгүй дэлхийн кино бокс оффсуудыг тэргүүлж,  53.5 сая ам.долларын ашиг олжээ. Хятадын тулааны урлагийг уран бүтээлдээ ашиглахыг эрмэлздэг тэрбээр Вонг Кар-вай, Жан Имоу нарыг Холливудад танилцуулсан гавьяатай.  Түүнчлэн Люси Люг  “Биллийг устга” кинондоо өндөр цалинтай гэрээ хийж урьснаар ази жүжигчдийн үнэлэмжийг өсгөсөн юм.  Тарантино  2006 онд "Quentin Tarantino presents" продакшнаа байгуулж, Лос-Анжелес дахь “Нью-Беверли” кино театрыг худалдаж авав. Аналогоос дижитал руу шилжиж байгаа киноны салбарыг шүүмжилдэг  агаад “Намайг амьд, мөнгөтэй байгаа цагт “Нью-Беверли” 35 мм-ийн кинонуудыг үзүүлнэ”  гэсэн байдаг.  Тарантино Лос-Анжелесын  “Vista” театрыг 2021 онд худалдан авч, зөвхөн 35 мм-ийн хальсан дээр л бичсэн кино үзүүлэхээ мэдэгджээ. Найруулагчийн замналаа дуусгаад түүнийг кино шүүмжлэгчийн карьераа идэвхжүүлнэ гэж фэнүүд нь хүлээж байна. Цар тахлын хөл хориог үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор подкаст гаргасан нь бас л амжилттай төсөл болов. Подкастаа  уран бүтээлийн хамтрагч, найруулагч Рожер Аваритай хамтран хөтөлдөг. Тэд  киноны карьераа эхлэхээс өмнө ажиллаж байсан “Video Archives” түрээсийн дэлгүүрээр подкастаа нэрлэжээ. Хоёр найруулагч ямар кино үзэхийг зөвлөж, тухайн бүтээлтэй холбоотой сонирхолтой яриа өрнүүлдэг байна.

 

Арав дахь кино

 

Тарантино бол Холливудын адтай найруулагчдын нэг. Кино зохиолоо бичихийн тулд  2020 онд “HarperCollins” хэвлэлийн компанитай хоёр номын гэрээ байгуулсан. Түүний анхны зохиол   “Холливуудад нэг удаа" роман “Нью-Йорк таймс”, “The Guardian”-ы шилдэг борлуулалттай номоор нэрлэжээ. Тарантино хоёр дахь зохиолоо кино шүүмжлэгч Паулин Каелын дурсгалд зориулжээ. Тэрбээр энэхүү романаараа хамгийн сүүлчийн киногоо найруулах юм. 1970-аад оны үед шүүмжлэлээрээ Холливуудын оргилд явсан  Паулин Каэлийг Тарантино уран бүтээлч, хувь хүнийхээ зүгээс ихэд хүндэтгэдэг. "Кино шүүмжлэгч" киноны зураг авалт ирэх намар эхэлнэ. Сүүлчийн гэж тодотгосон учир нь  2009 онд тэрбээр “60 нас хүрээд найруулагчийн замналаа дуусгана. Тэр үед би  арав дахь киногоо найруулна. Энэ бол шинэ карьераа эхлүүлэх сайхан арга” гэж  зарласантай холбоотой. Тэр хэлсэндээ хүрсэн. Тарантино 2020 онд  кино урлагаар дагнан бичдэг хамгийн алдартай сайт “Rotten Tomatoes”-ийн албан ёсны шүүмжлэгч болов. Түүний тоймууд “Rotten Tomatoes”-ийн хандалт, үнэлэмжийг өсгөжээ. Тарантино шинэ кинонуудаас илүү хуучны бүтээлүүдийг үнэлснээрээ онцлог байсан юм.  Жишээлбэл, 1983 онд гарсан “Психо II” киног 1960 оны анхны хувилбараасаа илүү болсон гэж магтсан анхны шүүмжлэгч болжээ. Мөн тухайн цаг үедээ тааруу үнэлгээ авсан  Мел Гибсоны "Апокалипто"-г “2006 оны хамгийн шилдэг кино байсан”, Кинжи Фүкасакүгийн “Battle Royale”-ыг заавал үзэх киногоор нэрлэсэн.  Хамгийн сүүлд бичсэн шүүмждээ Стивен Спилбергийг магтаж, "Индиан Жонс” бол бүх цаг үеийн хамгийн шилдэг франчайз гэсэн байдаг.

 

Холливудын романтик эр

 

Квентин Жероми Тарантино 1963 оны гуравдугаар сарын 27-нд Теннесси мужийн Ноксвилл хотод мэндэлжээ. Түүний ээж Конни МакХью ирланд, аав Тони Тарантино нь итали гаралтай.   Тэрбээр 15 настайдаа сургуулиа орхин “Жеймс бест театр” компанид хоёр жил ажиллаад кино түрээсийн дэлгүүрт худалдагчаар ажиллажээ. Насаа нэмж ажилд орсон ч киноны тухай мэдлэг, зөвлөгөөнүүдээрээ Манхэттэн даяар алдаршсан худалдагч хархүүгээс  үйлчлүүлэгчид нь урлагийн  сургуульд сурсан эсэхийг тодруулдаг байв. Тэр бүрд Тарантино "Үгүй ээ, би кинонд тоглосон" гэж хариулна. Өдгөө Квентин Тарантино гэдэг суу алдар Холливудын “хүндэт самбар”-т заларчээ. Тэрбээр домгуудтай эн зэрэгцэхийн тулд тэднээс урам зориг авч, бүтээлээс нь суралцаж ирсэн. Кино түрээсийн газарт ажиллаж байхдаа бүх цаг үеийн, дотоод гадаад шилдэг  кинонуудыг үздэг байжээ. Ингээд мөрөөдлөө биелүүлэхээр 1986 онд Холливудад ирэв.  Энэ үедээ  Скотт Мэгиллтэй хамтран "Love Birds In Bondage" зохиолоо бичжээ.  Мэгилл 1987 онд амиа хорлосон юм. Залуудаа Тарантино “Евангелийн сүмд залбирдаг. Баптисм хүртсэн, дахин төрсөн" гэж өөрийгөө тодорхойлдог байв. Үнэндээ энэ нь католик шашинтай ээжийнхээ эсрэг “бослого гаргасан”  жүжиг байлаа. Учир нь  Тарантино 14 настайдаа анхны кино зохиолоо бичихэд ээж нь шоолж инээн, дахин бичихгүй байхыг зөвлөсөнд өсвөр насны хүүгийн урам хугарчээ. Тарантино үүнийг хэзээ ч мартаагүй, гоморхлоо комик ном цуглуулах, аймшгийн кинонд дурлах зэрэг этгээд үйлдлээр тайлдаг байв.  Хожим нь тэрбээр "Цаг хугацаа өнгөрч, би эр хүн болсон. Насанд хүрсэн хойноо өөртөө эргэлзсэн. Бурханд итгэдэг эсэхээ мэдэхгүй байна. Энэ бүх хугацаанд би шашингүй үзэлтэн байсан” гэжээ. Тарантиногийн хувийн амьдрал олны өмнө ил байсаар ирсэн. Жүжигчин Маргарет Чо, Кэти Гриффин, Мира Сорвино нартай 1990-ээд онд болзож байжээ.  Мира Сорвино  1996 онд “Оскар”-ын шилдэг эмэгтэй дүрийн шагналыг хүртсэн юм. Тэд 1998 оны гуравдугаар  сард  салжээ. Тарантино 2000-аад оны эхэн үед Холливудын хамгийн романтик гоонь эр байлаа.  Кино найруулагч София Копполатай хэсэг хугацаанд хамтран амьдарсан ч салж, уран бүтээлийн найзууд хэвээр үлджээ. Тарантино 2009 онд  зураг авалтын үеэр Израилийн жүжигчин  Даниелла Пиктэй танилцжээ.  Тэд 2017 онд сүй тавьснаа албан ёсоор мэдэгдсэн. Жилийн дараа  Беверли Хиллс дэх гэртээ еврей заншлаар гэрлэсэн юм. Квентин Тарантино ууган хүүгээ  2020 оны хоёрдугаар сарын 22-нд, охиноо 2022 онд өлгийдөн авчээ.

Тарантиногийн шидээврүүд

 

Квентин Тарантино бол кино урлагийн хамгийн содон дүрүүдийн нэг. Түүний бүтээлүүд сюрреалист хүчирхийлэл, хөгжилтэй яриа, мартагдашгүй дүрүүдээрээ ялгардаг. Өөрийгөө тодорхойлох арван кино найруулаад замналаа дуусгахаа мэдэгдсэн юм. График зохиолч Фрэнк Миллер, Роберт Родригес нарын "Нүглийн хот" кинонд Тарантино зочин найруулагчаар ажилласан.  Ингэхдээ нэг ам.долларын бэлгэдлийн үнээр найруулсан гэдэг.  Тарантино зураг авалтын үеэр брэнд сурталчлах дургүй. Гэхдээ киногоо хэн нэгэнд зориулсан байдаг. Тухайлбал, домогт Альфред Хичкокт хүндэтгэл үзүүлж 1995 онд “Дөрвөн өрөө” киногоо найруулжээ. Энэ бол Тарантиногийн анхны цалинтай кино байлаа. Зөвхөн “Red apple” брэндийн тамхийг кинондоо гаргасан байдаг. Квентин Тарантино "Би бүх цаг үеийн киноноос хулгайлдаг" гэж зүгээр ч хэлсэнгүй. Кино бүтээхэд заавал шинэ байх албагүй. Харин бүтээлч хандвал өмнөх үеийн кинонуудыг нийлүүлж шинэ хольц үүсгэж болно. Тарантиногийн кинонууд цоо шинэ зүйл шиг санагддаг. Гэхдээ сайн анзаарах юм бол эдгээр кинонууд түүний үзсэн самурайтай япон кино, уншсан дитектив зохиолууд, зэрлэг өрнөдийн соёл зэрэг олон зүйлээс бүрдэнэ. Түүний найруулсан шидээвэр бүтээлүүдийг онцолж байна.

 

“Жеки Браун”

 

Элмор Леонардын романаас сэдэвлэн 1992 онд найруулжээ.  Тарантино 1970-аад оны “Blaxploitation”  буюу афро америкчуудын тухай кинонуудад дуртайг энэ бүтээлээс харж болно.  Тэрбээр жүжигчин Пам Гриертэй хамтран ажиллахын тулд Жеки Берк гэх цагаан арьст бүсгүйн дүрийг Жеки Браун хэмээх өнгөт арьст эмэгтэй болгон өөрчилжээ. Тарантиногийн хайртай жүжигчин Самуэль Л.Жексон “Жеки Браун” кинонд дүр бүтээхдээ 37 удаа новш гэж  хэлдэг. Энэ зохиолынхоо төлөө “Квентин Тарантино арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч” гэж шүүмжлүүлсэн. Найруулагч Спайк Ли "Тарантино афро америкчууд хараалын үгээр гангардаг гэж эндүүрлээ” хэмээн зэмлэжээ.

 

“Биллийг устга”

 

 Тарантино энэхүү алдарт бүтээлийнхээ санааг “Pulp Fiction” киноны зураг авалтын үеэр гаргажээ.  Киноны гол дүрийг бүтээхийн өмнө Жек Хиллийн  “Коффи” (1973 он), Жон Вугийн "Алуурчин" (1989 он), Сержио Леонегийн "Доллар" (1964 он) киног заавал үзэхийг Ума Турманд зөвлөжээ. 1970-аад оны үеийн кун-фу кино хийх нь Брюс Ли болон Хятадын  туульсаас санаа авсан Тарантиногийн хүсэл тэмүүлэл байв. Тухайлбал, Брюс Лигийн сүүлчийн бүтээл  "Үхлийн тоглоом" (1978 он) кинонд хүндэтгэл үзүүлж, гол дүрийн бүсгүйг шар хувцастай дүрсэлжээ.  Тэрбээр  Хятадын тулааны урлаг,  Японы жүжиг, Италийн аймшгийн киноны уламжлалыг загварлаг ашиглажээ. Тарантино Хятад маягийн  дүр төрхийг дуурайхын тулд тусгай эффектээс татгалзсан байдаг. “Биллийг устга” кинондоо 450 галлон хуурамч цус ашигласан.

 

"Үхлийн баталгаа"

 

Тарантино 2007 онд бүтээсэн  энэхүү кинондоо 1970-аад оны Нью-Йоркийн 42-р гудамжны түүхийг өгүүлдэг. Төдийлөн ашиг орлого олоогүй ч шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ сонссон.  "The Hollywood Reporter" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Миний карьерын хамгийн муу бүтээл “Үхлийн баталгаа”  боллоо” гэжээ.

 

"Жанго эрх чөлөөгөө олсон нь"

 

Тарантино эл киногоороо 2012 онд “Оскар”-ын хоёр дахь шагналаа хүртсэн юм.  "Жанго эрх чөлөөгөө олсон нь" киноны Калвин Кэндигийн (Леонардо Ди Каприо) дүрийг Тарантино үзэн яддаг аж.  "Би Кандиг үзэн яддаг байсан.  Урьд нь би ингэж өөрийнхөө бичсэн дүрийг үзэн ядаж байгаагүй. Ди Каприо энэ дүртэйгээ тэмцэлдэж байсан.  Арьс өнгөөр доромжилсон хэсгийн зураг авалтууд түүнд хэцүү байсан. Сэмюэл Л.Жексон түүнийг зоригжуулсан” гэжээ.

 

“Pulp Fiction”

 

Цаг хугацааны дарааллыг алдагдуулсан гурван өөр түүхийг өгүүлэмж хэлбэрээр дүрсэлсэн “Pulp Fiction” кинонд нийт долоон үзэгдэл гардаг. Гэрээт алуурчин Винсент Вега эхний түүхийн гол баатар бол бооцоот тэмцээнд тулалддаг боксчин Бутч Күүлиж хоёр дахь хэсгийн, Винсентийн хамтрагч Жюльс Уиннфилд гуравдахь түүхийн гол баатар юм. Түүхүүд хоорондоо янз бүрийн хэлбэрээр холбогдоно. Түүх хоолны газар дээрэмдэх гэж байгаа хосын түүхээр эхэлж, Винсент, Жюльс, дараа нь Бучийн түүхээр үргэлжилнэ. Бүх цаг үеийн хамгийн шилдэг найруулагчдын нэг Квентин Тарантиногийн шидээвэрт  тооцогддог энэ кино 8.5 сая ам.доллароор бүтэж, Бокс оффисоос 213.9 сая ам.долларын ашиг олжээ. Поп-соёлын сонгодог бүтээл “Pup Fiction” 1994 оны Канны кино наадмын “Алтан дал мод”-ыг хүртсэн. Мөн зохиолыг бичсэн Тарантино, Рожер Авари нар Америкийн кино академийн “Оскар”, Британийн БАФТА,  “Алтан бөмбөрцөг”  наадмаас “Шилдэг кино зохиол”-ын шагналыг хүртсэн билээ.

 

“Холливудад нэг удаа”

 

 Лос-Анжелес дахь 1969 оны үеийн үйл явдлыг дүрсэлсэн уг кинонд телевизийн од байсан Рик Далтон, түүний орлон тоглогч Клифф Бут нарын тухай өгүүлдэг. Цуврал алуурчин Чарльз Мэнсонтой холбоотой үйл явдал болон найруулагч Роман Поланскийн гэргий Шэрон Тейтийн амийг хөнөөсөн хэрэг гарах үед үйл явдал өрнөдөг байна. Тус кинонд Леонардо Ди Каприо, Брэд Питт, Марго Робби, Аль Пачино, Курт Рассел, Тимоти Олифант, Дакота Фаннинг, Люк Перри зэрэг алдартай жүжигчид дүр бүтээжээ.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №011/24542/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… Өчигдөр
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” Өчигдөр
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй Өчигдөр
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ Өчигдөр
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” Өчигдөр
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай Өчигдөр
SDY Calling you... Өчигдөр
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… Өчигдөр
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой Өчигдөр
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22