Гадуур өмсөөд гангарч алхах боломжгүй хувцасны зах зээл гэхээр этгээд сонсогдох ч хэдийнэ залуучуудад танил болжээ. Ялангуяа Z үеийн төлөөлөгчдөд өөрийгөө илэрхийлэх, мөн чанараа сонгох шинэ боломжийг тоон загвар олгодог. Үндэс угсаа, хүйс, шашин, соёлын гарлаас үл хамаарах мета ертөнцөд хүн мөн чанараа тодорхойлж чадна гэж Z үеийнхэн үздэг. Тоон загварыг ийм л санаанд тулгуурлан зохион бүтээж, хөгжүүлж байна. Хязгааргүй бүтээлч эрх чөлөөний орон зайд хүн өөрийгөө илэрхийлэхээс илүү хог хаягдалгүй амьдрах нь чухал. Хүн болон аватаруудад зориулсан тоон загварыг 3D графикаар ямар нэгэн материал ашиглалгүй зохион бүтээдэг. Дижитал загварууд уламжлалт хувцаснаас хамаагүй хямд бөгөөд шинж чанараа өөрчилдөггүй давуу талтай. Цорын ганц хязгаарлалт бол бидний төсөөлөл юм. Цахим орчинд бид бодит ертөнцийн хүмүүстэй адилхан байх шаардлагагүй.
Тоон загварын зах зээл 67.6 тэрбум ам.долларт хүрнэ
Тоон загварын тэргүүлэгч зах зээл бол “DressX”. Ван Гог, Ян Вермеер, Василий Кандинский тэргүүтэй алдартай уран бүтээл, загварын брэндүүдийн цуглуулгыг багтаасан хамгийн алдартай жижиглэн худалдааны вэбсайт юм. Калифорнид төвтэй тус компанийг байгаль орчинд ээлтэй хувцас загварыг таниулах зорилгоор 2020 оны наймдугаар сард байгуулжээ. Мөн тоглогчид болон метаверс хэрэглэгчдэд тоон загварыг сурталчилдаг. Уг сайтын мэргэжилтнүүд тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн 2009 онд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд өмссөн даашинзыг блокчэйн дээр үүрд мөнхөлсөн юм. Цахим худалдааны сайт шиг харагдах ч худалдан авахыг хүсч загвараа оёход зориулж 3D зургийг сонгоно. “DressX” сайтад уламжлалт загварын ордон болон дижитал брэндүүдийн 600 гаруй хувцсыг багтаажээ. Түүнчлэн хувцас эсвэл бүхэл бүтэн дүр төрхийг худалдаж авахаасаа өмнө виртуал AR тохируулагчийг ажиллуулдаг программ нэвтрүүлжээ. Crypto.com үйлчилгээ нь криптовалютын гүйлгээг хариуцдаг байна. Платформын NFT зах зээлийг нээсэн нь дижитал хувцас цуглуулагчдад бодит үйл явдал болсон юм. NFT зөвлөх Жексон Брижсийн хэлснээр тоон загвар нь хувь хүний илэрхийлэлд шинэ орчин бүрдүүлдэг. Тоон загварын зах зээл 2027 он гэхэд 500 дахин өснө гэж загварын экспертүүд баталж байна. Зах зээлийн өсөлтийн тайланд дурдсанаар, АНУ-ын дижитал загварын зах зээл 2022 онд 120 сая ам.доллароор үнэлэгдэж байв. Гэхдээ дөрөвхөн жилийн дараа 67.6 тэрбум ам.долларт хүрнэ. Тоон загвар нь метаверс болон PC тоглоомуудад эрэлттэй байдаг. Тоглогчид өөрсдийн аватараа сүүлийн үеийн загвараар хувцаслахад зориулж жилд хэдэн зуун сая ам.доллар зарцуулдаг. Хөгжингүй дижитал загварын зах зээлийн хамгийн алдартай жишээ бол “Roblox” онлайн платформ юм. Уг платформ нь тоглоом, нийгмийн сүлжээг нэгтгэж, хэрэглэгчдэд виртуал мөнгө олох, зарцуулах боломж олгодог. Компанийн мэдээлснээр 2022 онд 52 сая гаруй хэрэглэгч “Roblox”-ийг өдөр бүр онлайнаар тогложээ.
Өнөөдрийн соёл, эдийн засагт асар их нөлөө үзүүлдэг хүч бол Z үеийнхэн. 1995-2010 онд төрсөн Z үеийн хүмүүс худалдан авах сонголтоороо тодорхой чиг хандлагыг үүсгэдэг. Энэ бүлэг хэрэглэгчид дэлхийн хүн амын дөрөвний нэг хувийг эзэлдэг. Тэдний худалдан авах чадвар АНУ-д л гэхэд хэдэн зуун тэрбум ам.долларт хүрч, “Roblox” зэрэг олон нийтийн орон зайд илүү их цаг зарцуулдаг. Z үеийн тоглогчид аватар хувцас авахад сард 100 ам. доллар төлдөг юм. “Roblox”-т идэвхтэй байдаг Z үеийнхний дунд судалгаа явуулжээ. Тэд биет ертөнцийн нэгэн адил хүмүүс гадаад төрх, хувцаслалтаасаа хамаарч бусадтай харилцаж, хариу үйлдэл үзүүлдэг гэж үздэг. Энэ нь өөртөө итгэх итгэл, бусадтай харилцах харилцаанд ихээхэн нөлөөлдөг аж. Санал асуулгад оролцогчдын 58 хувь нь тоон дизайнерыг уламжлалт хувцас зохион бүтээгчээс илүү сонирхолтой хэмээн тодорхойлжээ. “Red DAO”-г үүсгэн байгуулагч Меган Каспар 2021 оны аравдугаар сард шууд нэвтрүүлэгт оролцохдоо тоон хувцас өмссөн анхны хүн болсон. Ярилцлагын туршид түүний хувцас хэд хэд солигджээ.
Парис метаверс рүү “нүүж” байна
Парис загварын нийслэл гэсэн эрхэм байр сууриа алдаж магадгүй. Гитлер хүчирхэг үедээ дэлхийн загварын төвийг Берлин рүү шилжүүлэхийг хүссэн ч бүтээгүй. Харин загварын нийслэл XXI зуунд метаверст буурь сэлгэх нь ээ. Гялгар сэтгүүлүүдээс анхлан Сингапурын “Vogue” метаверс загварын долоо хоногийг зохион байгуулахад хамтран ажиллаж байна. Анхны метаверс загварын долоо хоногийг 2021 онд зохион байгуулахад гурван сая гаруй хүн цахимаар үзэж сонирхжээ. Метаверс загварын долоо хоногийг олон талт байдал, хайр ба харилцан уялдаа холбоог илтгэсэн дараагийн түвшний тоон загварын талбар гэж тодорхойлж болно. Энэ сарын 28-31-нд болсон “Метаверс 2023” загварын долоо хоногийг “Ирээдүйн өв” сэдвийн хүрээнд хамгийн түгээмэл виртуал ертөнц “Decentraland”- д зохион байгуулжээ. Энэ үеэр Artisant, SHOWstudio зэрэг тоон загварын сайтууд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Загварын долоо хоногт оролцсон Морчен Лю, Яо Яо нарын Зүүн Азийн дизайнерууд олны анхаарлыг татаж байна. Сошиал медиа, инстаграмын эрин үед гэрэл зургаа цахим хуудастаа нийтлэхгүй байна гэдэг Z үеийнхэнд шийтгэлтэй адил. Ральф Лорен, Жей Зи нар алдар нэрээрээ үлгэр дуурайл үзүүлэхүйц домгууд билээ. Гэвч өнөөгийн залуус нийгэмд үл мэдэгдэх ертөнцийг сонирхдог болжээ. АНУ-аас гадна уламжлалыг дээдэлдэг Азийн залуус ч тоон ертөнц рүү “нүүж” байна. Хятадын “Өдрийн сонин”-д “Хаврын баярын амралтаар Жан Жин гэх залуу бүсгүй олон нийтийн сүлжээнээс Бээжин хотын Цяньмэнь гудамжинд байрлах ер бусын номын дэлгүүрийг олжээ. Үйлчлүүлэгч цай ууж, ном уншихаас гадна түүхэн хувцас өмсөж, түүхэн интерактив тоглолтод оролцох боломжтой. Жан Жин 22 настай бөгөөд одоо их сургуульд магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байна. Тэрбээр өөрийгөө эцэг эхтэйгээ харьцуулж хоёр үеийнхний дадал тэс өөр болохыг анзаарчээ. Өмнө нь хүмүүс аялахыг хүсвэл эхлээд очих газрынхаа мэдээллийг онлайн платформоос шалгаж, дараа нь нислэг, зочид буудлаа захиалдаг байсан. Орчин үеийн залуус цахим сүлжээгээр дамжуулан аялал жуулчлалын сонирхолтой газруудын видео бичлэгийг санамсаргүйгээр олж, медиа платформын аялал захиалж эхэлжээ. “Mafengwo” платформын 80 гаруй хувийг эзэлдэг залуучууд 2021 оноос ийм төрлийн аяллыг зохион байгуулж байна” гэжээ.
Загварын орднууд шинэ эргэлтийг тойрсонгүй дайрлаа
“Roblox Global Partnerships”-ийн дэд ерөнхийлөгч Кристина Вуттон тоон загварын чиг хандлагын тухай нийтлэлдээ “Хэт бодитой 3D хувцсыг бүтээдэг шинэ технологи “Layered Clothing”-ийн хөгжүүлэгчидтэй алдартай загварын брэндүүд хамтран ажиллаж эхэлсэн. “Gucci”, “Burberry”, “Carolina Herrera”, “Tommy Hilfiger”, NARS, “Alo Yoga”, “DressX” метаверс загварын компани дижитал хувцас үйлдвэрлэлд шилжиж байна” гэжээ. Тоон болон бодит ертөнцөд хүмүүс загвараар өөрийгөө илэрхийлдгээрээ адилхан. Дизайнерууд “Roblox”-д зориулж 62 сая гаруй виртуал хувцас, дагалдах хэрэгслийг зохион бүтээсэн. Түүнчлэн тус платформд бодит ертөнцөөс 200 дахин олон загвар зохион бүтээгч ажиллаж буй нь зах зээлийн тэлэлтийг илтгэнэ. Лондонд төвтэй “Auroboros” брэнд Викториягийн музейд 2021 онд дижитал загварын шоугаараа шуугиан тарьж, тансаг брэндүүд энэ салбарт өрсөлдөх эхлэлийг тавьсан. Данит Пелег бол 3D хэвлэх загварын анхдагч гэдгээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дизайнер. Пелег NFT-ээс санаа авсан шинэ загварын коллекцоо гаргажээ. Түүний цуглуулга CC0 төслийн шил зүүсэн этгээд баатруудтай тод өнгө зонхилсон байв. Уг үнэ төлбөргүй цуглуулга нь NFT эсвэл криптогийн мэдлэггүй хүмүүсийн метаверс дэх хүртээмжийг дэмжих, виртуал түрийвч үүсгэх боломжийг олгосон. Тансаг зэрэглэлийн брэндүүд технологийн мэдлэгтэй залуу худалдан авагчдыг татах зорилгоор тоон загварт нэвтэрч байна. Энэ бол загварын түүхэн мөч юм. Дэлхийн анхны дижитал загварын ордон “The Fabricant”-ыг 2018 онд үүсгэн байгуулжээ. Эл ордон хувцас загвар оршин тогтнохын тулд биет байх албагүйг харуулсан. “Прада” загварын ордон “Timecapsule” цуглуулгынхаа арав дахь хэсгийг зарлалаа. Энэхүү хязгаарлагдмал хэвлэлтийн цуглуулгыг худалдан авагчдад логотой цамц болон NFT бэлэглэх юм. Цамцан дээр 1960-1970-аад оны үеийн Энцо Рагаззинигийн зургуудыг хэвлэжээ. Гоо сайхны брэндүүд ч метаверст нэвтэрчээ. “YSL Beauty” компани Web3 кампанит ажлаа танилцуулсан. “Night Masters” цуглуулгадаа Доктор Айвона Тау, Лаура Силлс, Натали Амросси гэсэн дижитал уран бүтээлчдийг оролцуулаад байна.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24543/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна