Танилц, К.Станиславский болон В.Немировича-Данченкогийн нэрэмжит хөгжимт театрын гоцлооч О.Энхмөнх. Тэр бол Монголын балетын түүхийг бичилцэж буй бүжигчин, шинэ үеийн төлөөлөл. Сүрлэг их найрлын аялгуунд уян хатан хөдөлгөөн, бүжгийн ур чадвараар тайзыг эзэгнэж, үзэгчдийг эзэмдэх авьяас балетын бүжигчдэд л заяажээ. Үг яриа, дуу авиагаар бус биеэр илэрхийлэх амаргүй. Таван наснаасаа балетаар хичээллэсэн охины мөрөөдөл биелж, дэлхийн балетын нийслэл гэгддэг Москвагийн театрт бүжиглэж байна.
Мөрөөдлөөр жигүүрлэсэн хүүхэд нас
Энхмөнхийн амжилт аав, ээжтэй нь салшгүй холбоотой. Охиныхоо авьяасыг таван настайд нь анзаарч “Роял” балетын сургуульд явуулж эхлэв. Багш нь “Танай охин ер бусын авьяастай юм. Балетаар тууштай хичээллүүлэх хэрэгтэй” гэж зөвлөснөөр “UB ballet school”-ийн Б.Энхтуул багшид охиноо шавь оруулжээ. Сурагчийнхаа ирээдүйтэй бүжигчин болох замналыг олж харсан Б.Энхтуул багш Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлооч, Монгол Улсын Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэгтэй уулзсан байдаг. Х.Гэрэлчимэг багш ч хичээл заахаар зөвшөөрчээ. Ингээд О.Энхмөнх Дуурь, бүжгийн эрдмийн театрын балет ангид хичээл заалгадаг дөрвөн охины нэг болов. Бяцхан бүжигчдэд хичээл зааж байсан балетчдын нэг бол Ц.Жаргалан. Мөн л Пермийн хореографын сургуулийн 1989 оны төгсөгч. Өдгөө “Монголын үндэсний балет” сургуульд багшилж байна. Театрын том бүжигчдээр хичээл заалгуулсан охид ур чадвараараа ялгарч байлаа. Ээж нь охиноо өдөр бүр бэлтгэлд нь хүргэж, театрын гадаа өнждөг байв. 2010 онд Оросоос багш нар шалгаруулалт хийхээр Монголд иржээ. 300 гаруй хүүхдээс зургаан хүү, зургаан охиныг сонгож, хоёр улсын гэрээгээр Пермийн хореографын сургуульд сургахаар болов. Тэдний дунд О.Энхмөнх, Р.Булган, Ө.Мөнхжин гэсэн энэ цаг үеийн шилдэг бүжигчид байлаа. Аравхан насандаа гэрээсээ хол, ярих нь байтугай сонсоогүй хэл, соёлтой орныг бүжигчин болохоор зорьсон охиныхоо тухай ээж А.Сүрэнчимэг “Миний охин багын адтай, хэрсүү хүүхэд байсан. Гэрээ санаж байна гэж нэг ч удаа хэлээгүй. Жаахан хүүхэд дотроо санаж, бэтгэрдэг л байсан биз. Стипендээ үрэлгүй хадгалж байгаад дүү нартаа амттан авчирч өгнө. Зуны амралтаар гэртээ харина гэж их догдолдог байсан. Миний явуулсан мөнгийг хувийнхаа хэрэгцээнд зарцуулахгүй. Аав ээждээ бэлэг аваад ирнэ. Багаасаа том зорилго тавьсан. “Охин нь оргилд нь хүрнэ” гэдэг. Бүжигчин болоход аав нь дэмжиж, бэлтгэл, сургуульд нь тогтмол зөөнө. Охиноо мөрөн дээрээ суулгаад явдаг, эрхлүүлж өсгөсөн. Дуурь, бүжгийн эрдмийн театрт сурч байхдаа шинэ жилээр "Цөмөөхэй" балетад гоцлож байсныг мартдаггүй юм. Сургуулиа төгсөхөд нь Пермьд 2018 онд очиж, төгсөлтийн тоглолтыг нь үзээд, хамт Москва хүртэл аялсан. Миний охин төгсөлтийн тоглолтондоо гоцолж байсан. Европ төрхтэй учраас ОХУ-д карьер нь амжилттай өсөж байгаа болов уу” гэж дурсамж дэлгэсэн бол эмээ А.Нарангэрэл нь “Ууган ач охиноо санаж, уйлсан өдөр олон. Гэрэл зургийг нь байнга л харна. Хүүхэд насных нь зургуудыг нандигнаж хадгалдаг. О.Энхмөнх багаасаа л балетын бүжигчин болох хүсэл сонирхолтой байсан. Дайчин эршүүд, туйлбартай зангаараа амжилтад хүрсэн гэж боддог. Хөлд орохдоо л өлмий дээрээ явдаг. Юунаас ч айдаггүй зоригтой, харанхуйд ганцаараа дуулаад явдаг охин байлаа. Жижиг зүйл барьчихаад юу гээд байгаа нь мэдэгдэхгүй шулганаад хүн бүрээс ярилцлага авна. Сэтгүүлч болж байгаа нь тэр. Тэгээд хана түшээд ярьж өгнө. Би өвөл Москвад очиж охиноо эргээд ирсэн. Сургуулилалтаа хийж байхад нь хоёр ч удаа орсон. Хүний хайр татсан охиноороо бахархдаг. Тайзнаас харахад нэг л өд шиг, амархан бүжиглээд байгаа мэт боловч арай хэцүү хүч чадал, авьяас шаардсан бэлтгэл хийдэг юм билээ. Бүх дүр нь гоё санагдсан. Театрын хамт олон, захирал нь ам сайтай байсан шүү” хэмээлээ.
Москвагийн театрт гоцлооч байх хэцүү
Хореографын сурагч мэргэжлийн балетад тунаж үлдэхийн тулд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй байдаг. Нина Костерова багшийн удирдлагад 2018 онд сургуулиа төгсөв. Хүүхэд насаа өнгөрүүлсэн Орос орондоо мэргэжлийн карьераа үргэлжлүүлэх сонирхолтой байсан залуухан бүжигчин охинд Екатеринбургийн (хуучны Свердловск хот) “Урал Опера” театраас урилга иржээ. Балетын бүжигчний хүрч болох хамгийн өндөр оргилд гарах мөрөөдөлтэй түүнд энэ бол туршлага хуримтлуулах, зорилгодоо хүрэх алхам байлаа. Энэ театрт ажиллаж байхдаа Оросын соёлын өдрүүдийн хүрээнд Израил, Вьетнам, Тайландын аялан тоглолтын бүрэлдэхүүнд багтжээ. Уралын театрт гурван жил бүжиглээд Москвагийн алдартай театрын гоцлооч болж карьераа ахиулав. Москвагийн театрууд XX зуунаас л дэлхийн хэмээн нэрлэгдэж эхэлсэн.
К.Станиславский болон В.Немировича-Данченкогийн нэрэмжит хөгжимт театрын нээлт 1918 он арванхоёрдугаар сарын 30-нд болжээ. Өдгөө 430 уран бүтээлч харьяалагддаг их өргөө юм. Энэхүү театрт тавьж буй “Хунт нуур”, “Эсмеральда”, “Каменный цветок”, “Ромео, Жульетта”, “Дон Кихот”, “Жизель” балетад О.Энхмөнх бүжиглэж байна. Түүний тухай Москвагийн Их театрын тэргүүн гоцлооч байсан Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, өдгөө АНУ-д багшилдаг У.Бат-Эрдэнээс тодруулахад “Манай Энхмөнх бол байгалийн өгөгдөл сайтай бүжигчин. Тайзан дээр маш тод гялалздаг. Бүжиглэж байгаа балетынхаа стиль, манераа олж чаддаг нь надад таалагдсан. Ялангуяа олон үндэстний бүжгийн техникийг Энхмөнх шиг мэдэрч хийдэг балетчин дэлхийд ховордоод байна. К.Станиславский болон В.Немировича-Данченкогийн нэрэмжит хөгжимт театр бол балетын төрлөөр алдартай. Москвагийн нэр хүндтэй театрт гоцлоочоор ажилладаг монгол бүжигчин гэж бодохоор эрхгүй бахархдаг. Дэлхийн балетын төв гэж нэрлэгддэг Москва хотын театрт гоцлооч байх хэцүү. Энэ бол Монголын балетын урлагийн нэгэн түүх шүү дээ. Даруухан, төлөв охин болохоор монгол үзэгчид сайн мэдэхгүй болов уу. Тиймээс би Энхмөнхийн уран бүтээлийг танилцуулах зорилгоор фэйсбүүктээ бичдэг. Энхмөнх Пермь хотын хореографын сургуулийг Нина Петровна Костерова багшийн удирлагад төгссөн бүжигчин. Биднийг сурч байхад Нина Петровна түүхэн бүжгийн хичээл заадаг байсан юм” хэмээлээ.
Тэд Пермийн балетын сургуулиас төрсөн бүжигчид. Угаас Монголын балетын сор болсон бүжигчид Пермиэс төрсөн байдаг. Энэ сургуулийг орчин үеийн Оросын балетын хөгжлийн нэгэн суурь гэдэг. Алдартай чадварлаг бүжигчдийг бэлтгэсэн хореографын сургуульд тэнцэнэ гэдэг балетаар хичээллэдэг охидын мөрөөдөл билээ. Элсэж чадсан бол сураад төгсөнө гэдэг хэцүү даваа. Пермь хотын балетын сургуульд суралцахаар зорьсон 12 хүүхдийг Д.Алтантуяа багш хариуцсан. Хүний нутагт очоод багш гэхээсээ илүү эхийн сэтгэлээр хүүхдүүдээ халамжилж, Монголын балетын гурван үеийг бэлтгэжээ. Шавь нарынхаа амжилтаар бахархсан сэтгэлээ хуваалцахдаа Д.Алтантуяа багш “Пермьд гурван анги төгсгөсөн. Анхны ангид У.Бат-Эрдэнэ, Ц.Наранханд, Б.Сэргэлэн, Ч.Батгэрэл нарын бүжигчин байлаа. Хоёр дахь ээлжинд Энхбат, Норовбат, Энхтуул, Алтаннамар нар маань байсан. О.Энхмөнхийн анги миний төгсгөсөн сүүлчийн ээлж. 2010 онд яваад найман жил сурсан. 12 хүүхэд байсан. Тэдний нэг Хишигээгийн ээж Энхтуул миний хариуцсан ангийн сурагч. Ер нь Монголын балетын урлагт ээж, охин уран бүтээлч олон бий. Эцэг, эх нь надад л итгэж бяцхан үрсээ өгч явуулж байгаа учраас хүүхдүүддээ гэр бүл, асрагч, халамжлагч, эмч нь болно шүү дээ. Өвдөхөд нь дагаж шанална. Гэр бүлдээ захиа бичнэ. Самбар дээр “Сайн байна уу, би сайн” гэж миний бичсэнийг хуулаад уйлцгаана. Пермьд намар аравдугаар сараас хавар дөрөвдүгээр сар хүртэл цас ордог. Манай хүүхдүүд дотуур байрныхаа гадаа цэцэрлэгт нэвсийтэл орсон цасыг ухаж дотор нь орж тоглодогсон. Хааяа тэдэнтэйгээ адил хүүхэд болоод хамт тоглоно. Гарахгүй, тоглохгүй гэхээр гомдоно. Манай хүүхдүүд хүмүүжилтэй, нөхөрсөг, хоорондоо эвтэй найртай. Дотуур байрандаа үлгэр жишээ цэвэр суудаг байсан. Бид нэгнийхээ төрсөн өдрийг заавал тэмдэглэнэ. Пермь хот Улаанбаатар-Москва чиглэлийн галт тэрэгний зам дагуу учраас долоо хоног бүр гэрээсээ ирэх илгээмжийг тосоод бөөн баяр болдогсон. Саяхан “Мөнгөн мод” шагналын эзэн болсон Ө.Мөнхжингийн өвөө нь вагон дарга байлаа. Надад “Манай Мөнхжин хөдөлгөөнтэй шүү, гараасаа битгий салгаарай” гэж аминчлан захисан. Гадаа тоглохоор Мөнхжин модон дээр авираад гарчихсан байдаг. Хүүхдүүд гуравдугаар анги хүртлээ нэгнээсээ ялгарахгүй. Дөрөвдүгээр ангиасаа мэргэжлийн хувьд ялгардаг. Балетын сургуульд франц хэлийг хоёр дахь хэл болгон заадаг. Сонгодог бүжгийн нэр томьёо францаар байдаг учраас тэр. Франц хэлний Галя багш “Монгол хүүхдүүдийн үс нь хар ч толгой нь гэгээлэг, эрдэмтэй” гэж магтана. Галя багш монгол сурагчдыг “миний хүүхдүүд” гэж дотночилж дууддаг, бахархдаг байсан. Пермийн хореографын сургууль Оростоо гуравт ордог, алдартай. Монгол хүүхдүүд энэ сургуулийг нэр төртэйгөөр төгсөж ирсэн. Тийм учраас багш нар нь манай оронд, монголчуудад тун ч элэгтэй. Сургуулиас монгол хүүхдүүд зориулж тусад нь анги гаргаж өгдөг. Бид нар эх орныхоо зураг, сувинерээр ангиа тохижуулна. Манай Энхмөнх хүний хэлснийг маш хурдан тусгаж авдаг, сайн сурдаг байлаа. Царайлаг охин учраас орос багш нар “Красавица моя” гэж өхөөрдөнө. Анги даасан багш нь Галина Налепова байсан. Монголд ирж, шавь нарынхаа эцэг эхтэй нь уулзсан. Энхмөнх хар багын л хүний төлөө гэсэн сэтгэлтэй. Монгол хүүхдүүд загас идэж чадахгүй шүү дээ. Бид дотуур байрныхаа тогоочоос үхрийн махаар котлет хийж өгөөхийг гуйна. Хөвгүүд маань хоолондоо цадахгүй. Энхмөнх л “Багш аа би цадчихсан” гээд тэдэнд хоолоо өгдөг байсан. Оросуудын хэлдгээр сүүлчийн зүсэм талхаа бусдад өгөх нинжин сэтгэлтэй охин доо” хэмээн дурссан юм.
Түүний бүтээсэн “Хунт нуур” балетын испани бүжгийн хэсэг урлаг сонирхогчид, мэргэжлийн уран бүтээлчдээс өндөр үнэлгээ авсан. Хан хүүгийн сэтгэлийг урвуулах гэж хичээх испани бүсгүйн дүр шигээ балетын тайзнаа эрч хүчтэй улам тод гялалзаарай. Браво, Энхмөнх.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24543/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна