БРИКС-ийн орнууд барууны дэг журмаас ондоо олон улсын санхүү, улс төр, дипломат хувилбар санал болгож байна. Бүлэгт Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Африк улс багтдаг. БРИКС гэсэн товчлолыг Жим О'Нил 2001 онд үндэстэн дамнасан хөрөнгө оруулалтын “Голдман Сакс” банкны ахлах эдийн засагч байхдаа гаргажээ. Тухайн үед дөрвөн улс эдийн засгийн өндөр өсөлттэй байсан. Энэхүү бүлгийг “Голдман Сакс”-ын маркетингийн арга байсан гэж эсэргүүцэгчид нь шүүмжилдэг. Гэхдээ хөрөнгө оруулагчдыг урамшуулах маркетингийн аргаас эхэлсэн БРИКС өнөөдөр “Их 7”-той адил Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны платформ болон өргөжжээ. ХБНГУ-ын Олон улсын болон аюулгүй байдлын хүрээлэнгийн дэд захирал Гюнтер Майхольд “Хөгжиж буй эдийн засгийг үүсгэн байгуулсан домог бүдгэрсэн. БРИКС-ийн орнууд геополитикийн цаг үеэ туулж байна. Гэхдээ “Их 7”-гийн өөр загвар болохоо харуулахыг хичээдэг” гэжээ. “Их 7” бол 1975 онд байгуулагдсан дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын төрийн тэргүүнүүдийн албан бус форум. Герман, Франц, Их Британи, Итали, Япон, Канад, АНУ гэсэн бүрэлдэхүүнтэй. БРИКС-ийн орнууд 2014 онд 50 тэрбум ам.доллароор Дэлхийн банк болон Олон улсын валютын санг орлох хувилбар болгон Шинэ хөгжлийн банкийг байгуулсан. Төлбөрийн чадавх тааруу орнуудыг дэмжих зорилгоор Болзошгүй нөөцийн зохицуулалт хэмээх хөрвөх чадварын механизмыг бий болгожээ. Энэ нь шинээр хөгжиж буй орнуудын анхаарлыг татаж, БРИКС-ийн бүлэгт элсэх сонирхлыг өдөөсөн. 2021 онд Египет, Арабын Нэгдсэн Эмират, Уругвай, Бангладеш нэгдсэн юм. БРИКС-ийн гишүүн орнуудаас Хятад улс л тогтвортой, өргөн цар хүрээтэй өсөлтөд хүрсэн. БНХАУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 онд 18 их наяд ам.доллар болж өсөхөд Бразил, Өмнөд Африк, ОХУ-ын эдийн засаг зогсонги байдалд оржээ. Энэтхэгийн ДНБ 3.1 их наяд ам.доллар болж өссөн байна.
Ам.долларын нөлөөг бууруулах амбиц
БРИКС-ийн бүлэгт арав гаруй улс нэгдэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Сонирхогч орнуудын нэрийг дурдаагүй ч Алжир, Аргентин, Иран улс элсэх хүсэлтээ ирүүлснийг зарласан. Афганистан, Египет, Индонези, Саудын Араб, Турк зэрэг улс гишүүнээр элсэх сонирхолтой байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан. Казахстан, Никарагуа, Нигери, Сенегал, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсын Сангийн сайд нар БРИКС-ийн өргөтгөлийн яриа хэлэлцээрт оролцсон байдаг. АНУ, БНХАУ-ын хоорондох системчилсэн өрсөлдөөний улс орнууд эвсэж, стратегийн ашиг сонирхлоо баталгаажуулахыг эрмэлзэж байна. БРИКС-ийн боломжит өргөтгөл их гүрний өрсөлдөөнөөс болж удааширна. Түүнчлэн өргөтгөлөөс үүдэж гео эдийн засаг, геостратегийн нөлөөллийн тухай маргаан өрнүүлж эхэлсэн. Одоогоор БРИКС-ийн таван гишүүн улс дэлхийн нийт хуурай газрын 30 хувь, хүн амын 41 хувийг эзэлдэг. Тэд олон улсын худалдаанд 16 хувь, дэлхийн ДНБ-ий 24 орчим хувийг бүрдүүлж байна. БРИКС-ийн гишүүн орнууд дэлхийн санхүүгийн системд сайн төлөөлөлгүй. Гэхдээ 2030 он гэхэд дэлхийн ДНБ-ий тал хувийг бүрдүүлнэ. БРИКС-ийн өргөтгөл одоогийн болон ирээдүйн гишүүдийн хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэх боломжтой. ОПЕК-тэй төстэй бүлэг байгуулах хүсэл эрмэлзэл нь БРИКС-ийг газрын ховор ашигт малтмалын томоохон хамтын ажиллагааны нэг хэсэг болгож магадгүй. Тийм ашигт малтмалтай улс БРИКС-ийн гишүүн болбол эдийн засгийн блок, үндэстэн дамнасан байгууллагуудын хоорондын тээвэр, эрчим хүчний хангамж, худалдааг бэхжүүлнэ. Мөн одоогийн болон боломжит гишүүдийн зарим нь тогтворгүй эдийн засаг, дипломат тусгаарлалт, эдийн засгийн хөгжлийн янз бүрийн түвшин, геополитикийн өрсөлдөөн зэрэг дотоод асуудалтай тулгарч байна. Эдгээр шаардлага нь Засгийн газруудыг дотооддоо эрх мэдлээ хадгалах, блок дотор эв нэгдлийг бий болгоход саад болж магадгүй юм. Гэсэн хэдий ч БРИКС-ийн гишүүд олон туйлт дэг журам, ам.долларын нөлөөг бууруулах ашиг сонирхлоороо нэгддэг. Одоогийн таван гишүүн орон БРИКС-ийн нэгдсэн валютаар ам.доллартай өрсөлдөхөөр хэлэлцэж байна. Улмаар дэлхийн санхүүгийн системд нөлөөгөө бэхжүүлж, өргөжүүлэх боломжтой юм. Ялангуяа БНХАУ, ОХУ энэхүү амбицыг дэмждэг. Хоёр улс АНУ-тай хийж буй геополитик, гео эдийн засгийн өрсөлдөөнөөс ашиг сонирхлоо хамгаалж, цаашид хориг арга хэмжээ авахаас зайлсхийхийг эрмэлзэж байна. БРИКС-ийн хаалгыг идэвхтэй тогшиж буй улс бол Саудын Араб. Тус улс Хятадад өдөрт 690 мянган баррель газрын тос нийлүүлэх шинэ хэлэлцээрийг эхлүүлсэн. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Саудын Арабтай хөгжиж буй харилцаагаа албан ёсны болгох зорилгоор Эр-Риядад төрийн айлчлал хийсэн билээ. “Уолл стрийт журнал” сонинд бичсэнээр Саудын Арабын эрх баригчид газрын тосны борлуулалтынхаа зарим хэсгийг юаниар хийх валютын хэлэлцээрийг Бээжинтэй хийж байсан. Ийм алхам нь 1973 оноос хойш олон улсын газрын тосны худалдаанд гарч буй том өөрчлөлт. Дэлхийн зах зээлд нефтийг АНУ-ын доллароор арилжаалж ирсэн. Давост болсон Дэлхийн эдийн засгийн энэ жилийн форумын үеэр Саудын Арабын Сангийн сайд Мохаммед Аль-Жадаан “Манай улс ам.доллароос өөр валют арилжаалахад нээлттэй хандана” гэсэн юм. Тус улс Хятадтай олон салбарт харилцаагаа бэхжүүлж байна. Эртний өрсөлдөгч Ирантай Бээжингийн зуучлалаар дипломат тохиролцоонд хүрчээ. Энэ алхам нь Ойрхи Дорнодын бүс нутагт Хятад улсын нөлөө улам бүр нэмэгдэж байгааг илтгэнэ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын төлөөлөгч Жон Кирби Вашингтоны нөлөө хумигдаж байгаа гэсэн шинжээчдийн дүгнэлтийг үгүйсгэн “Бид Ойрхи Дорнодод ухралт хийгээгүй. Саудын Арабын тал болж буй үйл явдлын талаар бидэнд мэдээлж байсан” гэжээ.
Оросын эсрэг хоригт автсангүй
ОХУ-ын Украинд эхлүүлсэн цэргийн тусгай ажиллагаанаас хойш БРИКС барууны орнуудаас зай барьсан. Энэтхэг, Бразил, Өмнөд Африк, Хятад улс Москвагийн эсрэг хориг арга хэмжээнд нэгдээгүй юм. Урал зэрэглэлийн түүхий нефтийн хамгийн том худалдан авагч нь Энэтхэг болсон. Нийт экспортын бараг 50 хувийг бүрдүүлж байна. ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак “ОХУ-аас Энэтхэгт хийсэн борлуулалт сүүлийн нэг жилийн хугацаанд 22 дахин өссөн. Түүхий нефтийн импортын хэмжээ гуравдугаар сард түүхэн дээд хэмжээндээ хүрсэн” гэж онцоллоо. Мөн БНХАУ энэ сард 43 сая баррель түүхий нефть нийлүүлжээ. Энэ бол БРИКС-ийн орнууд Оросын түүхий нефтийн худалдааг дэмжсэн үйлдэл. Шеффилдийн их сургуулийн улс төр судлаач Мэттью “Дипломат талаасаа Украины асуудал дэлхийн бөмбөрцгийн зүүн жигүүрийн дэмжлэгийг олсон ОХУ ба барууны хооронд хагарал үүсгэсэн. Тиймээс Европ, АНУ-ын зарим бодлого тодорхойлогч БРИКС-ийг дэлхийн өсөлт, хөгжилд нөлөөлөх хүчирхэг бүлэг биш гэдэг. БРИКС-ийн эвсэл нь барууны үзэлтэй сөргөлдөөн биш, харин тусгаар тогтнол, бие даасан үзэл бодлыг нэмэгдүүлэх талбар юм. Хоёр туйлт ертөнцөд Өмнөд Африк, Энэтхэг, Бразил улс зүгээр л илүү сайн нөхцөлийн төлөө өрсөлдөж байна” гэжээ. Нөгөөтэйгүүр, БНХАУ энэ платформыг дэлхийн улс төрийн амбицдаа ашиглаж байна гэж зарим ажиглагч болгоомжилдог. Ингэхдээ Украины асуудалд зуучлагчийн үүрэг гүйцэтгэх гэсэн Бээжингийн эрмэлзэл, Өмнөд Африкт ОХУ-тай хийсэн хамтарсан цэргийн сургуулилалтыг онцлон тэмдэглэдэг. Барууны орнууд энэхүү арга барилын өөрчлөлтийг анзаарсан бөгөөд эсэргүүцэх нь тодорхой. Германд 2022 онд болсон "Их 7"-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр БРИКС-ийн эсрэг зогсохын тулд Өмнөд Африк, Энэтхэгийн төрийн тэргүүнийг урьсан байдаг.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24543/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна