Финланд улс өнгөрсөн мягмар гарагт Умард Атлантын эвслийн 31 дэх гишүүн боллоо. Гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын баталсан эх хувийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд гардуулах ёслол Брюссель дэх эвслийн төв байранд болсон. НАТО-гийн бүх баримт бичгийг Вашингтонд хадгалдаг. Ёслолын дараа Финландын төрийн далбааг мандуулж, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хүндэтгэлийн үг хэлжээ. Тэрбээр “Энэ бол түүхэн долоо хоног. Дөрөвдүгээр сарын 4 бол НАТО-гийн төрсөн өдөр. Бид Финланд улсыг НАТО-гийн 31 дэх гишүүнээр хүлээн авч, эвслээ хүчирхэгжүүлж байна. Финланд улсыг хүлээн зөвшөөрснөөр ОХУ-ын эсрэг газар нутгийн сөргөлдөөнд бид ялсны баталгаа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин НАТО-гийн тэлэлтийг эсэргүүцдэг. Биднийг багасгахыг хүсдэг. Одоо Ерөнхийлөгч Путин улсынхаа хилд НАТО-г улам бүр ойртууллаа. Хүсэлт гаргасан Шведийг “ганцааранг нь үлдээхгүй”. Швед улсыг эвслийн цэргийн бүтцэд бодитоор нэгтгэх үйл явц 2022 онд Мадрид хотод болсон дээд хэмжээний уулзалтаар яригдсан” гэжээ. Финландтай хамтран хүсэлт гаргасан Швед улсын гишүүнчлэлийг Туркийн тал эсэргүүцсэн учир хойшлуулжээ. Күрд дүрвэгсдийг шилжүүлэх тухай Анкарагийн шаардлагыг Стокгольм биелүүлээгүй хэмээн Турк улс татгалзсан юм. Гэхдээ өнгөрсөн нэгдүгээр Стокгольм дахь Туркийн Элчин сайдын яамны гадаа “Коран” судар шатаасантай холбоотой дуулиан дэгдэж, хоёр улсын дипломат харилцаанд сөргөөр нөлөөлсөн. Коран судрыг Шведийн баруун жигүүрийн намын дарга Расмус Палудан шатааж, Эрдоганыг шүүмжилж, зөнч Мухаммедын шог зургийг олон нийтэд үзүүлжээ. Шведийн НАТО-д элсэх асуудал нээлттэй үлдсэн. Холбооны 30 орноос Турк, Унгараас бусад 28 нь өргөдлийг баталжээ. Турк Финландын гишүүнчлэлийг эсэргүүцэж байсныг дурдах хэрэгтэй. Анкара Скандинавын хоёр орныг террорист гэж үздэг. НАТО-г өргөжүүлэхийн тулд бүх гишүүн улсаас зөвшөөрөл авах ёстой. Хүйтэн дайнаас хойш АНУ-ын тэргүүлэх нэг тэнхлэгийн бодлогыг хэрэгжүүлэх зорилго бүхий цэргийн эвсэл НАТО-г 1949 онд байгуулжээ. Дүрэмд зааснаар гишүүн улсуудын эрх чөлөө, аюулгүй байдлыг улс төр, цэрэг зэвсгийн хүчээр хангах, Европт шударга бөгөөд бат бэх энх тайван тогтоож ардчилал хүний эрх, эрх чөлөөг бэхжүүлэх зорилготой.
Европын хамгийн том арми эвсэлд нэгдлээ
Финланд гишүүнээр элссэн нь Хойд Атлантын эвслийн түүхэн дэх хамгийн чухал мөчүүдийн нэг. Тус улс 1948 онд ЗХУ-тай найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах гэрээнд гарын үсэг зурснаар төвийг сахисан байр суурьтай байсан. 1990-ээд оны дунд үеэс Хельсинкийн эрх баригчид эвслийн бие даасан гишүүдтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлсэн ч НАТО бүрэн интеграцчлах бодолгүй байв. Финландуудын 28 хувь нь НАТО-д элсэхийг 2022 оны нэгдүгээр сард дэмжжээ. ОХУ, Украины асуудлаас хойш Финландын олон нийтийн санаа бодол эрс өөрчлөгдсөн. Хэдхэн сарын дотор НАТО-гийн гишүүнчлэлийг дэмжсэн иргэд 80 хувь болж нэмэгдсэн. Финланд улс 1994 онд НАТО-гийн албан ёсны түнш болсон. Эвслийн армитай нягт хамтран ажиллаж, техникийн болон зохион байгуулалтын бүхий л шаардлагыг хангаж байв. Тус улсын Ерөнхийлөгч Саули Ниинистё Умард Атлантын эвслийн статус, үндэсний төлөөлөгчид, олон улсын боловсон хүчний тухай хэлэлцээр гэсэн хоёр хуульд гарын үсэг зурсан. Энэ бол бүгд найрамдах улсыг НАТО-д элсэхийг зөвшөөрсөн баримт бичиг юм. Цэргийн үүднээс авч үзвэл Швед, Финланд НАТО-той нягт хамтран ажилладаг, хамтарсан сургуулилалт хийдэг, цэрэг, аж үйлдвэрийн чадавхитай улс юм. НАТО Финланд дахь оролцоогоо яаран нэмэгдүүлэх бодолгүй байгаа. Финландын зэвсэгт хүчин НАТО-гийн цэргийн бүтцэд 2025 оноос бүрэн нэгдэнэ. Тус улсын чадавхийг Европ дахь НАТО-гийн зэвсэгт хүчний дээд командлагч асан Филип Бридлов "Балтийн хоёр улсын армийн байлдааны бэлэн байдал нь НАТО-гийн гишүүн орнуудын зэвсэгт хүчний атаархлыг төрүүлдэг байлаа. Одоо бид хүчирхэгжиж, байлдааны бэлэн байдалд орох болно” гэжээ. Европт хамгийн томд тооцогдох Финландын арми 280 мянган байнгын цэрэг, сайтар бэлтгэгдсэн нэг сая нөөц хүчинтэй. Батлан хамгаалах хүчний байнгын бэлэн байдал нь хүйтэн дайны үеэс улбаатай. Батлан хамгаалахын сайд Антти Кайкконен хэлснээр их бууны анги нь Европын түншүүдийн дунд хамгийн хүчирхэг бөгөөд агаарын цэргийн хүчин “F35” ангилалын сөнөөгч, бөмбөгдөгч 64 онгоцтой аж. Харин Шведийн арми орчин үеийн нисэх хүчин, пуужингийн эсрэг “Patriot” систем, шумбагч онгоц, түүнчлэн эрс тэс нөхцөлд, бага температурт байлдааны ажиллагааны туршлагатай. Тус улс 2028 он гэхэд ДНБ-ий гурав хүртэлх хувийг батлан хамгаалахад зарцуулна.
Кремль бодож байна
Финланд эвсэлд элссэнээр Балтийн тэнгис НАТО-д харьяалагдаж, ОХУ-тай залгаа хил 1300 километрээр нэмэгдлээ. Үүнээс хойш НАТО Балтийн тэнгисээс гарах гарцыг хянаж, Оросын флотын чадавхийг хязгаарлах нь дамжиггүй. Түүгээр ч зогсохгүй Финландтай хиллэдэг бүс нутагт Оросын тив хоорондын баллистик пуужингийн стратегийн баазууд болон Умард флот төвлөрч байна. Шинжээчид Москва хариу арга хэмжээ авч, Балти орчимд нэмэлт дивиз, агаарын довтолгооноос хамгаалах систем байрлуулна гэж таамаглаж байна. В.Путин хөрш Беларусь улсад тактикийн цөмийн зэвсгээ байршуулах төлөвлөгөөгөө зарласан. Финланд НАТО-гийн дээвэр дор нэгдсэнээр эвслийн хил Хойд туйлд хүрч байна. Нэгэн цагт Москвагийн хяналтад байсан Зүүн болон Өмнөд Европын орнууд НАТО-гийн тэлэлтэд өртсөн нь Кремль Вашингтоны харилцааг хурцатгана. Москва НАТО-г зүүн зүгт тэлэхийг эсэргүүцэн, 1997 оны гишүүнчлэлээрээ байхыг шаардсан. Ингэхдээ ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд, тэр дундаа Украиныг элсүүлэхгүй байх, цэргийн хамтын ажиллагаа явуулахаас татгалзсан юм. Үүнд Төв болон Зүүн Европын улсууд, Балтийн орнууд хамаарна. Гэвч ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээр 1949 онд Зөвлөлтийн аюулаас хамгаалах зорилгоор байгуулсан Умар Атлантын эвсэлд түлхэц өгсөн юм. Швед улс ч мөн НАТО-д элсэх хүсэлтээ гарган, төвийг сахих олон жилийн амлалтаасаа няцжээ. Украины холбоотнууд Оросын түрэмгийллийг таслан зогсоохын тулд 70 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлсэн. Энэ удаад Брюссельд хуралдаж буй НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар Украинд үзүүлэх дэмжлэг, зэвсэгт хүчээ хэрхэн бэхжүүлэх талаар хэлэлцлээ. Финландын гишүүнчлэлийг Кремль гайхмаар тайван хүлээж авсан. В.Путинд НАТО-гийн асуудал үргэлж цэрэг-стратегийн бус харин геополитик, түүхэн шинж чанартай байсаар ирсэн. Кремлийн тэргүүн “Швед, Финланд бол ОХУ-ын хувьд Украинаас өөр улс. Манай улс Финланд, Шведтэй газар нутгийн маргаангүй. Гишүүнээр элсэхэд ямар ч асуудал байхгүй. Украин улстай нутаг дэвсгэрийн маргаантай байгаа бөгөөд НАТО-гийн гишүүн болбол Европ тивд асар том эрсдэл дагуулна. НАТО баруундаа л орших хэрэгтэй. Бидэнтэй хамт биш. Харин Украин, Гүрж, Молдав бол түүхийн турш Оростой хамт байсан” гэж мэдэгдсэн. Барууны холбоотнууд харилцаагаа бэхжүүлж эхэлсэн цаг үед ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ярилцлага өгч “Барууныхан Киев дэх "эрүүгийн дэглэм"-ийг зэвсэг, зааварлагчаар хангаж байна.Манай улс шаардлагатай гэж үзвэл дайсагнагч Европын холбоотой "хатуу" байр суурь баримтална. Тэд эхэлсэн. Бид стратегийн ялалтад хүрнэ” гэжээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24544/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна