Төрийн Соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Балжирын ДОГМИДТОЙ ярилцлаа.
-Таны бичсэн “Залуу нас зуны шөнө шиг богино” таталбарыг уншаад гүйгээд ирлээ. “Үнэн” сонин, Л.Түдэв даргын тухай хууч хөөрье гэж бодоод?
-Л.Түдэв дарга, “Үнэн” сонин хоёр миний амьдралд маш их тус хүргэсэн. Л.Түдэв даргын их нарийн ширийнийг Н.Бөхдамбий шиг мэдэхгүй ч өөрийнхөө хэмжээнд мэдэхээ л ярья. Л.Түдэв дарга бол цагийг маш нарийн барьдаг хүн байлаа. Өглөө бүр яг 7:30-д ажилдаа ирээд өглөөний шуурхайгаа хийнэ. Өдөр цайны цагаар гэртээ харьж, бэлдсэн хоолоо хийж идчихээд 20 минут дугхийгээд ажилдаа 13 цагт л гозойж байдаг. Өглөө бүр сонины нэгдүгээр нүүрэнд тавигдах тэргүүн өгүүлэл бичнэ.
Нэг сайд ч юм уу, нэг тэрүүлэгч тухайн цаг үеийн үйл явдалтай холбогдуулаад өгүүлэл захиалчихдаг. Өнөөх нь МОНЦАМЭ-гийн модон хэлтэй л юм бариад ирнэ шүү дээ, мэдээж. Ирсэн материалыг бичээчийн бичгийн машинаар бичсэнийх нь завсраар дахин найруулж, арай нэг амьд хэллэгтэй болгоно. Доторх утга санааг нь аваад бараг шинээр зохиож байгаа гэсэн үг л дээ. Энэ бүгдийг өглөөний шуурхай эхлэхээс өмнө 20-30 минутад л амжуулж байгаа юм. Энэ хооронд хүмүүс орж гараад сатааруулах юм зөндөө л байж таарна.
Шуурхай дуусгаад 2, 3-р нүүрэнд тавигддаг дагавар өгүүлэл, үргэлжлүүлээд “Хадаас” материалаа уншина гэх мэт сайн тохиргоотой швейцар цаг л гэсэн үг. Л.Түдэв даргын хажуунаас харах юм бол жигтэйхэн урт ширээтэй. Тэр ширээн дээр нь ном, сэтгүүл, сонин, уншигчдын захидал гээд овоолгоостой. Их замбараагүй. Модон ширээн нь ачаатай тэмээ хотолзож байгаа аятай юм харагдана. Хэдий завандаа тэр их юмыг уншиж бардаг юм бол гэж бодмоор. Л.Түдэв даргыг диагналдаж уншдаг гэдэг байсан.
Нэг нүүрийг зүүн дээрээс нь баруун доош нь ганц л хардаг. Тэгж ганц харахдаа алдаа мадаг, хэл найруулга гээд бүгдийг нь харчихна. Номын хуудсыг зүгээр сэтгүүл үзэж байгаа юм шиг л эргүүлээд явчихдаг. Ажлынхаа хажуугаар зохиолоо бичиж байгаа харагддаг. Тууж, өгүүллэг, романуудаа зэрэг эхлүүлчихсэн, эгнүүлээд тавьчихсан байгаа харагддаг сан. Арван толгойтой юм шиг хүн. Түдэв эрхлэгчийн гаргадаг байсан “Дал” сонинд гарсан материалаас санаа авч эрдмийн зэрэг цол авсан улс ч олон доо.
Одоо өөрийгөө соён гэгээрүүлэгч гэж цоллодог хүмүүс бий болж байгаа нь солиорол, “нялхсын өвчин”. Түдэв багш шиг М.Цэдэндорж, Чой.Лувсанжав, орос хэлний Галсан шиг хүмүүсийг соён гэгээрүүлэгч гэдэг юм. Энэ нэрийг ард түмэн хүртээдэг болохоос биш өөрөө өөрийгөө ийнхүү эрээ цээргүй өргөмжилдөг юм биш.
-Л.Түдэв гуайн нийтлэлүүд одоо ч үнэ цэнээ алдахгүй уншигчдын хүртээл болсоор л байх юм даа?
-Өөрийнх нь нийтлэлүүдээс гадна одоо ч үнэ цэнээ алдаагүй мундаг нийтлэлүүдийн гарчгийг Түдэв дарга өгч байсан. Жишээ нь, “Дэглэгчдэд дэг хэрэгтэй” гэх мэт. Одоо ч хүмүүс гарчгийг нь хэлэхэд л “Аан тийн...” гэх жишээний. Энд “Үнэн” сонины гал тогооны тухай өчүүхэн дурсамж төдий юм л би ярьж байна. Томчуудын сархад хийгээд яриаг нь зөөж гүйдэг байсан хүний хувьд сонсож дуулсан, мэдэх юмаа мэднэ. Харин Түдэв даргын үүднээс манай үе, үеийн мундаг зохиолчид төрөн гарсан даа.
Миний мэдэж байгаагаар хамгийн олон жил суусан хүн Төв аймгийн Шаравын Бадарч гэж зохиолч бий. Энэ хүн багшийн талаар яагаад юм бичихгүй байгааг би гайхаад л байна. С.Батмөнх, Б.Цэнддоо, “сум” Х.Дашзэвэг гэх мэт олон бий. Үүдэндээ суулгаж эдгээр “Түүхий жимс”-нүүдийг боловсруулж байсан байхгүй юу.
Ямар сайндаа орос хэлний С.Галсан гуай “Түдэв сурагч байхдаа сурагчдадаа багш, оюутан болоод оюутнууддаа багш, албан хаагч болоод академич, докторуудад багшилж байсан” гэж хэлэх вэ дээ. Мэдэхгүй бидний нүдэнд Түдэв даргын амьдрал “Үнэн” сонины байр, гэр, Засгийн газрын ордон гэсэн маршруттай гурвалжин дотор явагдаад байх шиг харагддаг байлаа.
Тэнд амралтанд хэвтэж байна, энд салхинд гараад зугаалаад явж байна гэсэн яриа би дуулаагүй. Гэхдээ уран бүтээлчдийн амьдрал ахуй, авдаг цалин, авгай хүүхэн гээд мэдэхгүй юм байгаагүй. Дорноговийн Догмид хэдэн шил архи ууж байна, ямар уран бүтээл гаргаж байна мэднэ. Ганц намайг биш л дээ.
Дорнодын Д.Нямсүрэн юу хийж байна. Долгорын Нямаа хаана явна. Бүгдийг нь мэднэ, телевизороор харж байгаа юм шиг. Түдэв бол урт гартай хүн л дээ. Урт гартай гэхээр ургуулж бодоод уургалдаг, ууталдаг аятай юм бодоод явчих вий дээ. Өрөөндөө сууж байхдаа л өргөн Монголынхоо өнцөг булан бүрт суугаа хэдэн муу зохиолчдоо харж ивээж байдаг. Зохиолчдын хороог тэргүүлж байхдаа ямар олон хүнийг гадаад явуулав. Олон хүн нэр ч байхгүй, сүр ч байхгүй, сураг ч байхгүй, зохиол бичих нь байтугай захиа ч бичихгүй алга болсон. Улсын хөрөнгөөр таван жил суугаад үрэн таран хийгээд. Горькийн утга зохиолын дээд сургуулийн хоёр жилийн курст маш олон хүн явсан. Ний нуугүй хэлэхэд Д.Нямсүрэн бид хоёроос бусад нь хөгшин хөвөөгүй, хүүхэн, хүүгүй л явсан.
-Таныг яагаад явуулаагүй юм бэ. Унаган авъяасаараа бичиж байг гэж бодсон юм болов уу?
-Намайг явуулах гэсэн Төв хороо архины хамааралтай гээд зөвшөөрөөгүй юм байхгүй юу. Би чинь их загартсан айлын найр тараадаг, авгай хүүхэн хөөдөг, айлын нохойд хүртэл агсан тавьж байдаг шахуу хүн. Зохиолоосоо илүү архи уудгаараа өндөр авчихсан хүн байлаа. Бид шил архийг архи гэж бодож явсангүй. Ямар сайндаа манай Ж.Лхагва хойно Шерметевийн буудал дээр орос хүнтэй мөрийцөөд долоон шил архи авч уугаад онгоцны билетээ авахуулчихаж байхав дээ. Согтдоггүй хүн байхгүй юу. Хоёр гурван шил архи бол цамцных нь цаагуур уу, наагуур уу бүү мэд ороод алга болно. Яг үнэндээ цуг уух дургуй байсан. Яагаад гэхээр би түрүүлээд согтчихно. Ж.Лхагва шил архийг хоёр хийгээд л хамаг архи дуусгачихна. Сархдын сав согтоно гэж байх биш гэдэг шиг. Ходоод, тархи хоёрынх нь холбоос тасарсан гээд би Ж.Лхагвад уурладаг байлаа. Одоо ч Ж.Лхагва шиг, Л.Түдэв шиг зохиолч хэзээ ч төрөхгүй биз дээ.
-Л.Түдэв гуай нэг л мэдэхэд нас барчихсан дуулдсан. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд юу хийж байсан юм бол?
-Миний нэг яруу найрагч найз “хар” Гантөмөр гэж байсан юм. Тэр уугаад агсан тавихдаа “Намайг байтугай Нацагдоржийгоо гомдоож үхүүлсэн заяагүй ард түмэн шүү дээ” гэж байж билээ. Л.Түдэв гуайг ч мөн адил гомдоож үхүүлсэн. Монголын сэтгүүл зүйг дэлхийд гаргасан агуу амьтан шүү дээ уг нь. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд ард түмнээ гэгээрүүлэх гэж ядаад “Өтгөн шингэнээ толгой дээрээс нь асгаад байхад юм хэлдэггүй ард түмэнтэй юугаа ч ярих вэ дээ” гэж хэлээд л өрөөндөө ороод хаалгаа хаачихсан даа. Нас барсныг нь чи байтугай Монголын ард түмэн долоо хоногийн дараа мэдсэн. Агуу хүмүүс сүүлчийн аянд дөрөөлөхдөө цуутай амьдарсан шигээ цуутай мордохыг хүсдэггүй.
Гүн Толстой хэдэн зуун зарцаа, хэмжээгүй баян тансаг амьдралаа орхиод араас дагасныг нь цаазал гэж тушаачихаад элэгдсэн хүрэм өмсөж, элдэв чихсэн үүргэвч үүрээд, хугархай модон саваа тулаад Ясная Полинагаас явж төмөр замын өртөөн дээр чимээгүйхэн, нам гүмээр өөрийгөө оршоосон байдаг. Эрнест Хэмингуэй өөрийгөө буудчихсан.
Хүмүүс дурлалаас болсон, ийм тийм юмнаас болсон гэж л байдаг. Яг үнэндээ бол өөрөө өөрийнхөө уран бүтээлийг давахаа байчихсандаа бачимдаад амиа тэвчсэн гэж би боддог. Анхандаа тэр хүн хоёр метр дээгүүр харайчихгүй юу. Сүүл рүүгээ метр 50 дээгүүр ч гарахаа байчихаар гутрана биз дээ.
Надаас илүү зохиолч байхгүй гэж бодож чадахгүй бол чамаас ямар уран бүтээл гарах юм бэ. Өөрөө өөрийгөө дотуураа хөглөж, түүндээ урамшиж, эрэмшиж явах хэр баргийн хүнд заяах бэлэг биш шүү.
-Юу ч гэхэв хэлэх үг ч олдохгүй юм байна. Би тэр ард түмнийх нь нэг эд эс юм чинь. Бага байхад “Үнэн” сонин мэдэхгүй, чадахгүй юм байдаггүй, зангиа зүүж, дипломат цүнх барьсан нүдний шилтэй хээнцэр ах нар шиг санагддаг байж билээ?
-Түдэв дарга тухайн үеийн “Үнэн” сонинд салбар салбараас хүн оруулж ирж ажиллуулдаг байлаа. Тийм болохоор бүх талын мэдээллийг бүрэн тайлбартайгаар оруулж чаддаг байсан. Цөмийн физик, төмсний тариалан хоёрыг яг адилхан судалгааны түвшинд бичиж чадна. “Сонин уншаад соён гэгээрдэггүй” гэж нэг золбин үг дэмий тэнэж явдаг. Тийм юм байхгүй.
“Үнэн” сонин тухайн цаг үеийнхээ түүчээ, нийгмийн чиглүүлэгч, оюун санааны том хөрөнгө оруулагч байсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Тэр ч бүү хэл нийгмийн нэлээд сэхээтэнлэг хэсэг монгол хэлний зөв бичгийн дүрмээ “Үнэн” сониноос хардаг байсан. “Үнэн” сонин дээр энэ үгийг яаж бичсэн байна гээд байнга харна. Зарим нэгний хувьд гарын авлага, ширээний ном, будаа идэх ангийн онц сурлагатан гэсэн үг. “Үнэн” сонинд очиж байж Догмид гэдэг хүн өдий хэмжээний цаас цоохорлоод байх болсон. Би чинь ерөөсөө юм уншдаггүй танхай нөхөр байлаа.
“Утга зохиол” сонин, “Цог”, “Экран”, “Фильм”, “Спутник” гэх мэт гадаад, дотоодын хэдэн сэтгүүл сонирхдог, “Үнэн” сонинг сөхөж хардаггүй, энэ бол миний сонирхдог эд биш, мань мэт “Үнэн” сонинд юм бичих эрх ч байхгүй гэж боддог байсан. Сүүлд шинэчлэн журамласан 700 хэдэн үг. Энэ ёстой аллаа. Тэрийг яах гэж журамласан гэж чи санана. Энэний цаана маш том бизнес явж байна. Монгол даяар албан газрын тамга тэмдэг, баланкаас эхлээд худлаа ярьсан хүнд машины дугаар хүртэл өөрчлөгдөнө. Тэр бүгдийг шинэчилнэ гэдэг хэдэн зуун тэрбум төгрөг яригдана гэж санаж байна.
Улс орныг мөхөөе гэвэл хэл, хил хоёроор нь л оролдоно. Зөв бичгийн дүрмийг Ц.Дамдинсүрэн гуайн журамласнаар л яв. Я.Цэвэлийн журамласан толиор яв. Эд хоорондоо зөрөхгүй.
-Та түрүүнд “Үнэн” сонин нийгмийг удирдан чиглүүлэгч, түүчээ байсан гэж хэллээ?
-Монголд ардчилсан хувьсгалыг “Үнэн” сонин эхлүүлсэн юм шүү. “Ардчилал”-ын анхны салхи “Үнэн” сониноос, тэр тусмаа Л.Түдэв даргын өрөөнөөс сэвэлзэж эхэлсэн. Үүнийг олон ч хүн мэднэ, бичиж ярьсан юмнууд ч бий байх. Юун ардчилалын “Алтан хараацай”, муу “Алцан хараацай”-нууд. Тухайн үед Л.Түдэв дарга өөрчлөлт шинэчлэл, ил тод байх, хүнээ сонсох, нийгмийн сэтгэл зүйг таньж мэддэг байх хэрэгтэй гэх мэтчилэн маш аядуухнаар бага багаар ахиулан хэлж байлаа. Ганц нэгхэн социалист лагерийн улсуудтай харилцан туслалцаж байсаар хоцрогдож дууслаа, гадаад руу залуусаа явуулж, эрдэм мэдлэгтэй болгож нүдийг нь нээж үндэсний мэргэжилтнүүдийг бэлдэх хэрэгтэй гэх мэтчилэн ярьж бичиж байсан юм.
Түүнээс талбай дээр жагсъя, орилж хашгиръя гэсэн үг тэнд нэг ч байхгүй. Улс төрийн боловсрол, сонгуулийн боловсролын талаар Л.Түдэв дарга ярьж эхэлсэн. Сонгуулийн боловсролгүйгээс болоод нутаг, нуга харсан сонголт хийгээд энэ улс орон чинь хөгжихгүй улдсан тэмээ шиг урагшлахаа больчихоод байна. Төрийн толгойд байгаа улсууд нь ямар ч шинэлэг сэтгэлгээгүй, бодол нь гадсаа тойрсон ботго шиг. Манай Дорноговьд Ш.Цэрэнпил гэдэг “Үнэн” сонины сурвалжлагч очлоо.
Сүүлд П.Жасрай гуайгаас эхлээд их олон ном бичсэн. Гэтэл тэр сурвалжлагч ирээд Ноён хутагтын талаар нутаг усанд нь өсч өндийсөн бидний урьд өмнө мэдээгүй дуулаагүй, газар дээр байтугай газар доорх бүх түүх, аман яриа, домог судлаад сурвалжлаад, тэндхийн дарга нар, аймаг орны ажлын алдаа дутагдлыг шүүмжилж бичээд эхэлдэг юм байна. Би аймгийн захиргааны нэг мэргэжилтэн байсан. Ийм юм бичиж болдог юм байх даа. “Үнэн” сонин дээр ийм юм бичиж болдог юм байх даа гэж бүр гайхаад, “Үнэн” сонин байтугай ханын сонин дээр гарахааргүй материалууд бэлдээд байдаг. Тэр хүн бол Дорноговьд урьд өмнө байсан сурвалжлагч нараас шал өөр бараг хувьсгал хийсэн хүн. Тэгээд бид Ш.Цэрэнпилийг дагаж шүүмжилж бичдэг болсон. Одоо ч дээ, сонин гэж сэтгүүл олширсон хэдий ч төлөв түвшин юм уншдаг хүн цөөрчээ. Улс төрийн хов жив, хүний хувийн амьдрал, ор хөнжил, тэр ч бүү хэл никролог түүж уншдаг хүн ч байдаг юм билээ.
-Уншигчдадаа дагуулж, урагш чирдэг сэтгүүлч ховордоод байх шиг...?
-Би шууд хэлчих үү? Сонин тухайн үед хатуу цензуртай, өндөр босготой байлаа. Хэр баргийн хүн давж орж ирдэггүй. Одоо л сонин, сэтгүүл учир тоймоо алдаж тэрүүгээр нь дүүрэн модон хэлтэй, мохоор ороочихсон юм шиг шодон гэзэгтэй хүүхнүүдээр дүүрчихэж. Хүүхэн хүн сэтгүүлч байхыг (нэлээн бодолхийлснээ) за мэдэхгүй юм.
“Засгийн газрын мэдээ” сонинд надтай хамт ажиллаж байсан Борхүүгийн Оюунцэцэг гэж овоо юм бичдэг хүүхэн байсан, саяхан нас барчихсан дуулдлаа. Намайг ажиллаж байх үед сонинд Байгальмаа, Нараа, Энхчимэг, Сувдаа гээд хөгшин, залуу хэдэн бичээч хүүхэн байлаа. Тэд нар бидний бичсэнийг засаад, редакторлоод биччихдэг. Найруулахыг нь найруулаад, нэр томъёог нь нэмээд хасаад. Бүр уран сайхнаар найруулаад биччихдэг тийм чадвартай бичээч нар байлаа. Зохиолчдыг редакторлоно, Л.Түдэв эрхлэгчийг редакторлодог аваргууд.
Тэдэнд мэдэхгүй сэдэв байхгүй, тийм өндөр боловсролтой. Сэтгүүлчид бичих гэж алаад өгнө. Дээрээс нь хүн хүний бичгийн хэлбэр өөр. Зарим нь бол зүгээр зүрхний бичлэг шиг юм бичээд өгчихнө. Тэгээд тэд нар чинь дан сэхээтэн улс монгол, казак, оросоор бичнэ. Хөгнөө чирээд давхисан ишигний мөр шиг татлаад хаячихна. Эргээд өөрөө ч гаргаж чадахгүй зарим нь эргэж бичээчээсээ “Миний энэ үг юу гэж байгаа юм бэ?” гэчихсэн асуугаад тууж явах жишээний.
Тэр үед сонин хөдөө орон нутгийн сурвалжлагч, сэтгүүлчидтэйгээ нийлээд 100 гаруй хүнтэй, тэр болгоны бичгийг түгдрэхгүй уншина. Орхиод биччихсэн үгийг нь хүртэл нөхөж уншаад биччихнэ.
-Одоо тийм сурвалжлагч байхгүй л дээ. Гэхдээ энэ цахим, интернэт гэдэг юм чинь хөгжчихөөд байсан байгаагүй ялгаагүй юм биш үү?
-Интернэт хөгжсөн байлаа гээд яадаг юм та нар. Хов, жив, ор дэрний асуудлаас илүү юм бичих биш. Сайн муу нь больё гэхэд хүнд хэрэгтэй юм биччихэж чадахгүй л байгаа биз дээ. Урлаг соёлыг хошин шог, солонгос киногоор төсөөлдөг бүхэл бүтэн үе бий болчихлоо. Эцэст нь захиж хэлэхэд “Үнэн” сонин ийм элдэв балай шуугиан хөөцөлдсөн мэдээ, сурвалжилга нийтлэхгүй байх ёс суртахуун, өндөр соёлтой Монголын хэвлэл мэдээллийн хойморт ихэмсэг заларч байх ёстой.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин 013/24544/
Сэтгэгдэл (1)