“Нүдэн тур” компанийн трэнд аялалд нэгдэцгээе


Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулаад нэгэн трэнд аяллыг уншигч танд танилцуулья. Тус салбарт олон жил үйл ажиллагаа эрхэлж, туршлагажсан чадварлаг хамт олон бол “Нүдэн тур” компанийнхан юм. Эдний Эрээн-Жининь-Хөх хотын аялал олон давуу талтай. Зургаан шөнө долоон өдрийн аялал учир цаг хугацааны хувьд ч тун боломжийн. Долоо хоногийн пүрэв гаригт замд гарах ба Улаанбаатар хотын төв вокзалаас галт тэргэнд сууснаар аялал эхэлнэ.  Галт тэрэгнээс л ганц нэгээр, хамт олон, найз нөхдөөрөө ханьсаж буй аялагчид танилцан, цаашдын зугаалга хэрхэн өнгөрөх бол гэсэн өөр зуурын таамаглалаа ярилцана. Басхүү цар тахлын улмаас хаалттай байсан Хятад улсыг зорьж байгаа тул баяр хөөртэй.  

Замын-Үүдийн шинэ боомт сэтгэл сэргээв

Зорчигчдын галт тэрэг Замын-Үүдэд ирснээр аяллын анхны өдөр эхлэв. Энд аялагчид автобусандаа суудлаа эзэлцгээж, үүнээс өмнө “Нүдэн тур” компанийн хөтөч зөвлөмж өгч байна. Өмнөх жилүүдээс ялгаатай нь хил дээр гар утсандаа асуумж бөглөж байгаа, хил гарахаас өмнө бөглөхгүй бол цаг алдах магадлалтайг давхар сануулав. Жолооч асуумжаа бөглөж чадахгүй байгаа хүмүүст сурамгай нь аргагүй тусалж харагдана. Замын-Үүдээс автобус хөдөлж боомт дээр ирэхэд гурван жилийн өмнөхөөс эрс ялгаатай дүр зураг угтлаа. Улсын хилээр нэвтэрч буй ачаа тээврийн 70 орчим хувь, зорчигч тээврийн 30 хувийг дангаар нэвтрүүлж, гаалийн орлогын 15 хувийг дангаар бүрдүүлдэг ложистикийн гол боомтын шинэ бүтээн байгуулалт цогцлоожээ. Өнөөх задгай дээвэртэй УАЗ-469 машинууд ор сураггүй. Зөвхөн нийтийн тээврийн автобусууд зорчигчдод үйлчилдэг болсон нь юутай сайхан. Монголын хилээс гарахад элдэв хүндрэл алга. Шинэ тохилог орчинд ажил үүргээ гүйцэтгэж яваа манай шалганыхан өнгө орчихсон ч юм шиг.  Замын-Үүд боомтын дэд бүтцийн шинэчлэлийн ажлыг БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцож, 2019 онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжиж буй “Хилийн Замын-Үүд боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажил” төслийн хүрээнд:    

·         Зорчигч, тээврийн хэсэгт 30 барилга байгууламжийн бүтээн байгуулалт,

·         Ачаа тээврийн хэсэгт 28 барилга байгууламжийн бүтээн байгуулалт,

·         Хүнд даацын авто замын барилгын ажил,

·         Иж бүрэн инженерийн шугам сүлжээний ажил,

·         Гадна цахилгаан хангамжийн эх үүсвэрийн шугамын ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд нийт ажлын гүйцэтгэл 91 хувьтай байна.

Юутай ч Замын-Үүдийн боомт олон жилийн дараа ийнхүү нүүр улайхааргүй болсон нь догь санагдав.

Хятадын хил дээр зургаан автобус дугаарлачихсан, автобусны жолооч  “Шинэ залуу ажилтнууд байгаа. Их удна шүү” л гэж байна. Нээрэн дугаарласаар 9 цаг хагасын үед хил дээр очсон автобус 13 цагт Эрээнд ирэв. Сурагчдын амралт таарсан тул зорчигчдын гуравны нэг орчим нь хүүхдүүд байлаа. Эрээн хотын угтах хаалганы танил дотно солонгын зургийг хараад баяртайгаар гар даллацгаана.

Эрээн хотод хооллоцгоогоод Хятадын зорчигч тээврийн автобусаар Жининь рүү хөдлөв. Эрээн өмнөхийг бодвол эл хуль болжээ. Дамжин өнгөрөх бааз шиг. Монголчууд Эрээнээр дамжаад ихэвчлэн өмнөдийг зорих болсон гэнэ. Хөтөч Жининь хүртэл 4 цаг явахыг анхаарууллаа.


Улаан цавын “Water world” бол шилдэг, тохилог бүтээн байгуулалт

Улаан цав буюу Жининь хот Эрээнээс 350 км зайтай оршдог. Өвөр Монголдоо хамгийн том таван одны зэрэглэлтэй, есөн давхар “Water world” ресортын барилга байгууламж сонирхол татахуйц өвөрмөц дизайнтай. Тус обьект нь зочид буудал, саун, бассейн, гэр бүлийн кино театр, хүүхдийн, том хүний усан парк, электрон тоглоомын өрөө, шатар даамны өрөө болон 33 төрлийн эмчилгээний халуун, хүйтэн рашаан, алжаал тайлах үйлчилгээтэй. “Water world” руу дөрвөн автобус дүүрэн монголчууд хөтчийн заавраар эмх замбараатай нь аргагүй явж орвой. Ресепшнд бүртгүүлэнгээ тус тусын дугаар буюу чип авна. Аяллын хөтөлбөрт багтсанаас нэмэлт худалдан авалтыг тухайн чипээрээ уншуулж явсаар сүүлийн өдөр тооцоо хийнэ. Тус аялалд том хүн 750, хүүхэд 450 мянган төгрөгөөр хамрагддаг. 12-оос дээш насны хүүхдүүд том хүний зардал төлдөг аж. Үүнд нийтийн амрах байрны төлбөр багтжээ.

Хэрэв зочид буудалд байрлах бол хоногийн 200 юаний төлбөртэй. Өндөр настнууд, хүүхэдтэй яваа хүмүүс зочид буудал сонгох нь элбэг. Ресортоос олгосон нэг удаагийн амралтын хувцастай эндээ “амьдрах” дүрэмтэй. Уг байгууламжийг бүтээн байгуулах ажлыг цар тахлын өмнөхөн дуусгажээ. Хил нээгдсэн тул монголчууд, шинэхэн соньхон дээрээ байгаа тул уугуул оршин суугчид ойр хотуудаас ч нутгийн иргэд амралтын өдрөөр зорьж ирэх нь элбэгшсэн гэв. Аяллын үнэд багтсан буфет хоолонд амрагчид сэтгэл хангалуун байлаа. Уух зүйлс, амттаны төрлийг тоолж баршгүй өргөн сонголттой. Вино, шар айргийг хүссэнээрээ хүртэж байв. Буфет хоолонд 22 цаг хүртэл үйлчлүүлж болно. Бидэнтэй таарсан жүжигчин бүсгүй “Манайд нэг ийм томхон “юм” барьчихаж болдоггүй юм байх даа” хэмээн шогширно. Үнэхээр болдоггүй юм байх даа. Аялал жуулчлалын цогцолбор бүтээн байгуулахад Хятад улсаас зээлийг уриалгахан өгдөг тухай сонсов. “Water world ” төвийн эзэн салбар бүрт бизнес эрхэлдэг “том гар” гэнэлээ.              


Шинэ Жининь зургаахан жилд сая хүн төвлөрүүлжээ

Хятад хүний ажлын цаг үүрээр эхэлдгийг бид юу эс андах билээ. Хар нүд хуу татаад цайнд ороход, амьдрал жинхэнэ өрнөж буйг цонхоор харна. Ойрд амсаагүй шар будаа, улаан лооль, өргөст хэмхийн зутан шөлний үнэр, амт нэн таатай. Өглөөний цай, хоолны сонголт ч жирийн буудлуудаас хавьгүй өргөн. Энэ өдөр “Хүслийн хийд” үзэхээр явав. “Хүслийн хийд”-д нутгийн иргэд ирж хүслээ шивнэдэг, хэрэв сүсэглэвээс биелдэг хэмээх домтой. Эндээс шинэ, хуучин Жининь алган дээр мэт харагдах юм. Жининь буюу БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав аймгийг 2003 онд хотын статустай болгожээ. Өвөрмонгол иргэдийн уугуул нутаг атал өвөрмонгол хүнтэй цөөн таардаг болж. Аргагүй дээ. Тэмээн жингийн цуваагаар холбож ирсэн боомт хот учир шинэ Жининийг сүүлийн 5-6 жилд сүндэрлүүлэн нэг сая иргэнийг суурьшуулж чадсан байна. 

Жининийг босгосон жинхэнэ бүтээлч дарга авлигын хэргээр саатуулагдаж, сүүлийн үед бүтээн байгуулалт жаахан удааширч, сунжрах болсон тухай чих дэлсэв. Тэр хүн овоо бүтээлч сэтгэхүйтэй ч ов мэхтэй нэгэн байсан бололтой. 54.5 хавтгай дөрвөлжин км газар нутагт нийт 2.8 сая хүн амьдардаг аж. Зам харилцаа, дэд бүтцийн гол зангилаа учраас Жининьд Бээжингээс Яабаолу захыг нүүлгэн суурьшуулж, аялагч, зочдод заавал үзүүлдэг уламжлал тогтоожээ.  “Хүслийн хийд“ үзчихээд бид Яабаолу захаар орсон. Нэг монгол залуу арьсан хүрэм худалдаж авсан байна. Наймаачин мөр хавьцаанаа жаахан халцархайтайг өгчихөж. Захаас буудал руугаа хөдөлж явтал хөтөч гэнэт утсаараа хашгичаад эхлэв. Тэгснээ биднээс асуух нь “Манай автобусанд арьсан куртка авсан хүн байна уу”. Хэн ч дуугарсангүй. “Аан, тэгвэл Тэмүүлэн рүү ярья”. /Нөгөө автобусны өвөлмонгол хөтөч/. Хэрэгт дурлатал бусад хөтчүүдийн утсыг олж аваад, халцархайтай хүрэм худалдаж авсан залууг олоод барааг сольж өгсөн гэв.  

Хөх хот Улаанцавыг холбосон 126 км хурдны төмөр зам ашиглалтанд орсноор 40 минутын дотор зорчих боломжийг нээсэн байна. Улаанцавыг зорих жуулчны тоо жилдээ 20 сая руу дөхсөн гэлээ. Аялал жуулчлалаас гадна Биг дата төвд хөрөнгө оруулахад хамгийн тохиромжтой хот гэж үздэг байна. Тус улсын технологийн хаан “Huawei” дата төвөө байгуулжээ.  Гоёлын чулуу, Ийвү, Гуанжоу хотууд руу бараа нийлүүлдэг үйлдвэрүүдийг сонирхуулж, хамтын ажиллагаа зуучилдаг бизнес аяллын суваг нээвэл тохиромжтой санагдсан. Бидэнд тийм боломж олдсонгүй. “Нүдэн тур” компанийн монгол, өвөрмонгол хөтөч нар хариуцлагатай, харилцааны соёлтой элэгсэг хүмүүс юм. Гэхдээ Жининь хотын үүх түүхийн тухай, цаашилбал сүүлийн хоёр, гурван жил Хөх хотод хийгдсэн бүтээн байгуулалтын тухай аялагчдадаа тайлбар бэлтгэмээр санагдсаныг нуух юун. Амарч яваа ч тархиа мэдээллээр цэнэглэхээс цааргалах хүн гарахгүй биз ээ. “Хүслийн хийд”-ийг үзэж, Яабаолу, Wanda худалдааны төвөөр шоппинг хийсэн явдал ойрд урд хөршөөс худалдан авалт хийгээгүй аялагчдын нүдийг илт сэргээжээ. Орой нь “Water world”  буюу гэртээ эргэн ирж, уламжлалын дагуу амарцгаалаа. Эхний өдөр учраа олохгүй мунгинаж явсан хүмүүс хоёр дахь өдрөө бушуухан хувцсаа солиод, тал талд жаргавай. Монгол хүний дасан зохицох чадвар айхтар шүү.


Хөх хотын амьтны хүрээлэнтэй танилцсан нь

Жининээс Хөх хот руу автобусаар хоёр цагийн дотор хүрч байна. Өвөрмонголын нийслэл Хөх хотод үзэж харах зүйл мэдээж их бий. Өвөрмонголын музей, шинжлэх ухааны ордон, уран зургийн ордон, Далан хар уулын хормойд байрладаг тал хээр, уул дов бүхий газрын өвөрмөц тогтцыг ашиглан байгуулсан амьтны хүрээлэн гээд. Сурагчдын амралт тохиож, хүүхэд багачууд их яваа учир “Нүдэн тур” компанийнхан амьтны хүрээлэнг бидэнд үзүүлэв. Тус хүрээлэнд бар, хар ирвэс, арслан, панда, алаг тахь, сармагчин, анааш, тогос, хонь, ямаа хүртэл бий. Хүүхдүүдийн цовоо цолгиун дуу хадаж, зарим нь байцаа, лууван амьтад руу шидлэн хооллоно. Хэдэн жилийн өмнө 3000 хүний суудалтай морин тойруулгад морин спортынхонд зориулсан дэлхийн тэмцээн үзэн, бооцоо тавьж суусан дурсамж сэргэв. 450-иад жилийн түүхтэй Хөх хотод Азийн таван суварга, Улаанхүүгийн музей, Их зуу, Бага зуу хийд, Жаожюнь хатны музейн цогцолбор бий. Томчуудад эдгээрээс үзүүлж, аяллын хөтөлбөртөө оруулбал илүү сонирхолтой ч юм шиг. Хил хаалттай хоёр жил болсон учир хүмүүст шоппинг хийх нь илүү сонирхолтой байх шиг ээ. 

Аяллын компани ч энэ хүсэл сонирхлыг хүндэтгэж жуулчдыг дэлгүүр хэсээд 16 цагт товлосон газраа цуглаж, Жининь рүүгээ буцацгаая гэв. Хөх хотоос буцахад хүмүүсийн ачааны овор хэмжээ ихэсчээ. Уйгагүй хүн уул нүхэлнэ гэж зарим нь маш хямд бараатай бөөний төвийг олж үйлчлүүлсэн бол зарим нь захын дэлгүүрээс ойр зуурын өмсөх хувцас шүүрснээ ярилцсаар Жининьд ирцгээв. Өдөржин хэсч ядарсан улс “Water world”-д алжаал ядаргаагаа утгаар нь тайлах нь тэр. Энд гурав хонох хөтөлбөртэй тул сүүлийн өдрөө томчууд хаа сайгүй хэсэг хэсгээрээ вино шимэнгээ хууч хөөрцгөөнө. Хэдий ойр ч хүний л нутаг хойно нэрээ бодоцгоож, “Мөнгөөрөө шар айраг авахаар уусан болж байх чинь вэ” гэж дуу дуугаа авалцаад буфет хоолны заалны дэргэдэх чипээ уншуулж, өөрсдөө төлбөр хийдэг танхимд үйлчлүүлж байв. Уг нь буфет хоолны  танхимын үйлчилгээ аяллын үнэд орсон. Тэнд хүссэнээрээ ууж идэх эрх байгаа ч ихэнх нь мөнгөөрөө үйлчлүүлж байв.

Эрээн ба эртний дотно хот

“Water world”-д хоносон сүүлийн өдрийн өглөөний цай. Аялагчид ирснээ бодоход бие биеэ зүс таньж, инээмсэглэн мэндэлцгээнэ. Хүүхдүүд бие биедээ ээнэгшин дасчээ. Аялал нь завгүй орших энэ амьдралд хүүхэдтэйгээ ярилцах, зан харьцаанд гарсан өөрчлөлтийг анзаарах, авьяас чадвар, нийгэмшилтэнд нөлөөлөх боломж юм байна. Энэ аялалд гэхэд бидний найз нөхөд гурван гэр бүлээр нэгдэж явсан. Долдугаар ангийн хүүтэйгээ хамт аялсан миний бие түүнийг ямар нэгэн спортод дурлуулах гээд төвдөөгүй ч усанд сэлэлтэнд шунан дурлахыг нь хараад жигтэйхэн баярлав. Томчууд өрөө рүүгээ яарахгүй амралтын зааланд ярьж суугааг хараад хүүхдүүд бассейн рүү гүйлдэж байв. Аврагчтай, тэд нь хүүхдүүдэд сайн зааварлаж яваа тул санаа зовох зүйлгүй. 

Нөгөөтэйгүүр миний хүүгээс нэг насаар дүү Хангай хүү усанд гарамгай сэлэх нь бахархал төрүүлж, түүнээс суралцахаар шийдсэн нь дамжиггүй. Жининээс Эрээн хот руу хөдөлж, тэндхийн Кай Юу буудалд бууцгаалаа. Ихэнх нь буудалдаа төвхнөөд “Эрээний зээл орохгүй бол алдас болно” гээд л хүүхдүүдээ дагуулаад жирийх нь тэр. Эрээний наймаачдын ааш зан сайжирчээ. “Найз аа, юу авах вэ л” гээд байна. Ямартаа ч өнгөрсөн хоёр жилд барааны чанар арай сайжирсан юм шиг харагдлаа. Маргааш нь 12 цагт Хятадын хилээс гарч Замын-Үүдэд ирснээр бидний аялал өндөрлөв. Цөөн хоногт бөөн дурсамж бүтээж чадлаа. Холын аялалд явахаар зутарчихдаг хүмүүс байдаг шүү дээ. Зургаан шөнө, долоон өдрийн аялал хангалттай сайхан юм. “Хил давсан уу, давсан. Амарсан уу, амарсан. Шоппинг хийсэн үү хийсэн” гээд хөхрөлдөцгөөнө. “Нүдэн тур” компанийнхан аялагчдад мэргэжлийн түвшинд үйлчилдэг юм байна. Аяллын салбараас олж авсан арвин туршлагатай эл хамт олон БНХАУ, Турк, Япон, Орос гээд дэлхийн олон улс руу контент үйлдвэрлэдэг тухай нь хөтөч нар ярьж байлаа.

Эрээн-Жининь-Хөх хот-Эрээн.   2023.03.21-2023.03.27

Н.Энхцэцэг

Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24544/

 

 


0
angry
1
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.113
2023/04/10
0
0
Saihan aylal bsan shuu. Bayrlalaa
Хариулах
Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22