П.Энхтайван: Хөмсөг шивэхэд хөгжим тоглохтой адил мэдрэмж шаарддаг



Бодолд хургасан жаврыг үргээх шиг хуучрын хөг аялгуу эгшиглэлээ. Зөөлөн, дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн орчинд Монголын үндэсний хөгжмийн төлөөлөгчдийн нэг хуучир хөгжимчин П.Энхтайвантай уулзаж, ярилцлаа. Олон улсад эх орныхоо нэрийг цуурайтуулж, хуучир хөгжмөө эгшиглүүлж яваа түүнтэй ярилцаад хоббигоо урлагийн бүтээл болтол нь хөгжүүлснийг сонсоод бахархах сэтгэл төрсөн юм. Урлагийн хүний торгон мэдрэмжээр сэтгэл ханамж, гоо сайхныг бүтээж яваа тэрбээр их ажлынхаа хажуугаар Өвөрмонголын сургуульд багшилж байгаа ажээ.

 

-Ярилцах саналыг маань хүлээн авсанд баярлалаа.

-Танай сонины уншигчидтай энэ ярилцлагаар дамжуулан уулзах болсондоо баяртай байна.

-Та олон жил гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн. Чухам юу таныг эх оронд чинь урин дуудсан бэ? 

-Би их нутаг амьтай хүн. Гадаадад ажиллаж, амьдарч байсан ч эх орондоо, аав, ээж дээрээ ирж уулздаг байсан. “Жилээс жилд жижгэрсэн аав, ээж минь” гэж дуунд дурддаг даа. Яг л тэр мэдрэмж надад нэг удаа төрсөн юм. Аавын маань нас сүүдэр 80-ыг давж, ээжийн минь нас ч 70 нэлээд хол гарсан болохоор тэдэнтэйгээ хамт байхыг хүссэн. Тэднийхээ ачийг одоо л хариулахгүй бол хэзээ гэж. Хүний амьдралд үлдэх юм нь чухал болохоос мөнгө чухал биш. Тиймээс эх орондоо ирсэн. Бас бага хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийн тулд эх орондоо ирж суурьшлаа. Ер нь бид чинь насны эцэст Монголынхоо газар шороонд шингэнэ шүү дээ. 

-Биет бус өв соёлоо уламжлан түгээн дэлгэрүүлж яваа таныг хуучир хөгжимгүйгээр төсөөлөхөд бэрх. Тиймээс хуучир та хоёрын нөхөрлөл хэзээ эхэлснийг асууя?

-Аав маань сумын кино механикчаар 46 жил ажилласан. Намайг хүүхэд байхад киногоо авах гэж хотод ирдэг байлаа. Аавтайгаа хамт хот явж үзэхийг битүүхэндээ боддог. Аав маань намайг онц дүн авбал Улаанбаатар руу дагуулж явна гэсэн юм. Тухайн үед хичээлээ сайн давтаж байгаад онц дүн авч аавтайгаа хотод ирсэн. Яг л тэр үед алдарт хуучирч Л.Балдан багшийнд аав маань намайг үлдээгээд ажлаа бүтээхээр явсан. Л.Балдан багш Дорноговь аймгийн Хөвсгөл сумын хүн шүү дээ. Энэ хүн хуучир хөгжим тоглохдоо нясалж тоглодог. Ноот мэдэхгүй ч төрөлхийн авьяастай гарамгай хөгжимчин байсан юм. Хөгжим бүжгийн сургуулийн ард байдаг агуулахыг тохижуулж тэнд амьдардаг байхад нь би тэнд үлдэж таарсан юм. Тэр хүн хоолыг голдуу савхаар иддэг. Намайг савхаараа тогшуулж үзээд сонсголыг минь шалгаж, боломжийн санагдсан юм байлгүй, Хөгжим бүжгийн сургуульд шалгуулахад сонсгол сайн ч ерөнхий эрдмийн хичээлээрээ тэнцээгүй. Аавтайгаа хамт нутаг руугаа буцсан. 

-Авьяастай мөртлөө сургуульд нь сурч чадаагүй болохоор харамсалтай санагдаж байсан байх?

-Нутагт очсоны дараа манай гэр бүлийн хувьд гэнэтийн үйл явдал болсон. “Тэнцэхгүй” гэсэн хариу авсан сургуулиас “Есдүгээр сарын 1-нд хүүхдээ авчирч сургаарай” гэсэн албан бичиг манайд ирдэг юм байна. Бөөн баяр болж би ч хотын сургуульд сурахаар болсон.

-Багадаа малын дэргэд өссөн болохоор чих соргог, хараа хурц байсан нь хөгжимчин болоход нөлөөлсөн үү?

-Тийм шүү. Миний хуучир хөгжимчин болсон нь хөдөө өссөнтэй салшгүй холбоотой. Яагаад гэвэл чиний хэлснээр малчид чинь их соргог хүмүүс шүү дээ. Гэрт байхдаа малын хашаанд мал төллөж байгааг мэдчихдэг. Ер нь сонор соргог. Энэ байдал надад их нөлөөлсөн байх. Бас аав, ээжийн маань хүүхдээ хүн шиг хүн болгож хүмүүжүүлэх, ямар ч ажилд дөртэй байлгах ухаан миний амьдралд их ач тусаа өгсөн.

-Хөгжимчид га­раа маш их гамна­даг. Хүнд хүчир ажил хий­дэг­гүй. Харин таны гар өөр юм аа?

-Би хөгжимчин гээд ажлаас хойш сууж байгаагүй. Аав, ээж маань ч намайг тэгж хүмүүжүүлээгүй. Хүн ажлыг биш, ажил хүнийг голдог гэдэг ухааныг ойлгуулсан. Тэглээ гээд би муудаагүй. Мэргэжлээрээ ч гологдоогүй. Харин ч олон орны тайзан дээр хуучраа тоглож, эх орныхоо нэрийг дуудуулж явсан юм. Тийм учраас би хүүхдүүдийн багын хүмүүжил их чухал гэж боддог. “Хүн болох багаасаа” гэдэг дээ. Эцэг, эхчүүдийг хүүхдүүдээ зөв хүмүүжүүлээч, тэднийг ажил хийлгэж сургаач гэж хэлэх дуртай. 

-Тиймээс та одоо хүүхдүүдэд хичээл зааж байна уу?

-Би Өвөрмонголын хүүхдүүдэд онлайнаар монгол өв соёл, ёс заншлын талаар хичээл ордог. Өвөрмонголчуудтай хамтран ажиллахад амар байдаг. Яагаад гэвэл, тэд өглөө эрт хичээлээ авдаг юм. Онлайнаар хичээл заахаар цалин багатай. Гэхдээ миний хувьд болж л байна. 

-Ярилцах зуураа таныг яаж ийм олон ажлыг амжуулаад байна гэж өөрийн эрхгүй бодлоо. Та бас хүмүүст сэтгэл ханамж, гоо сайхныг бэлэглэж байна?

-Миний хоббиг хэлж байна уу.

-Тийм ээ. 

-Хөмсөг шивэх ч гэсэн урлаг. Би 13 дахь жилдээ хөмсөг шивж байна. Хаа очсон газраа энэ ажлаа хийдэг. Урлагийн хүн арай өөрөөр хөмсөг шивэх болов уу гэдэг. Арай мэдрэмжтэй гэдэг. Үүнтэй би санал нийлдэг. Яагаад гэвэл хүний хөмсгийг шивэхийн тулд бүх зүйлийг харж ажиглах шаардлагатай болдог. Дух нь хавчиг, хамар нь сархагар байна уу, нүд хоорондын зай хол эсвэл ойр байна уу гэдгээс ихээхэн шалтгаалдаг. Тийм учраас би хөмсөг шивэхийг тоо бодож тооцоолохтой зүйрлэдэг. Ингэж бодож зөв аргаар шивсэн хөмсгийн тогтоц нь илүү удаан байна. Тэгэлгүй сарын дараа байхгүй болчихдог, өнгө нь хувирдаг хөмсөг шивбэл хүний эд эрхтнээр тоглож байгаагаас ялгаагүй биз дээ. Тийм учраас хөмсөг шивж байгаа хүн хариуцлагатай байх ёстой. 

-Таны хөмсөг зурахыг харлаа. Хэлбэрийг нь их нарийн гаргах юм аа?

-Хуучир ямар ч хөгжмөөс илүү хөгжимчнөөс нарийн мэдрэмж шаарддаг. Тиймээс би хөгжмийнхөө ачаар өөрийгөө нэлээд мэдрэмжтэй болсон гэж боддог. Дээр нь би хөдөө өссөн хүүхэд гэж хэлсэн дээ. Малчин хүний таван мэдрэхүй төгс хөгжсөн байдаг юм гэнэ билээ. 

-Захын байшингийн буланд хэн дуртай нь хөмсөг шивж байна шүү дээ. Таны арга ажиллагаа тэднээс юугаараа ялгарах вэ?

-Би хүмүүсийн хөмсгийг хариуцлагатайгаар шивдэг гэж боддог. Одоо хүмүүс 3D, 6D хөмсөг шивж байна. Хөмсөгний эдгээр шивээс хийсний дараа их гоё харагдана. Харамсалтай нь, энэ хамгийн хор хөнөөлтэй, яг л хятад бараа шиг чанар муутай. Надад өдөр болгон тийм шивээс хийлгэсэн хүмүүс ирж өмнө нь хийлгэсэн шивээсээ засуулж байна. Энэ нь угтаа хүний хөмсөгний үсний булцууг нь хагалаад, дунд нь будаг хавчуулаад хатаачихдаг. Гэтэл булцуу нь гэмтсэн үс амархан унадаг. Үүнээс болж хөмсөг шивүүлсэн өнгө нь улаан, хөх өнгөтэй болно. Хөмсөг орчмын арьсыг маш гүнзгий хагалж өгсөн учраас арьсны гүнд өнгө хувиралт явагдаж, тийм харагдана. Бас нэг зүйл нь одоо хөмсөг шивээсчдийн олонх нь хятад будаг хэрэглэж байна. Хятад будаг зуурах чадвар ихтэй учраас хүмүүс сонгодог. Тэр будаг нэлээд хавчуулаатай байж байгаад унахдаа үсээ авч унадаг. Үүний дараа сорви үлддэг. Тэр үлдээд байгаа улаан нь сорви. Улаан хөмсгийг янзалж болно. Гэхдээ ахин дахин дардайтал шивүүлсээр байгаад арьсыг нь мөсөн гулгуурын талбай шиг болгоод хаячихдаг. Тэгэхээр муу шивээсийг ахин дахин хийлгэх нь маш аюултай. 

-Тэгвэл та хөмсгийг яаж шивдэг юм бэ?

-Эхлээд хэлбэр дүрсийг нь гаргаж засна. Нэг ёсондоо хуучин хувцсыг ханзалж, угааж индүүдээд дахин хувцас хийх гэж байна гэсэн үг юм. Тиймээс хөмсөг шивүүлэхэд эхэн үедээ тод харагдана. Харин давтан шивэхдээ бүдэг болгодог. Хоёр, гурав зассаны дараа өөрийн юм шиг харагдтал хийсэн. Тэгэхээр ингэж хөмсөг шивүүлсэн нь мэдэгдэхгүй натурал харагдахыг л гоё гэж хэлээд байгаа юм. Гэхдээ ингэж хийлгэсэн хүмүүс хөмсөг шивүүлснээ хэлдэггүй. Бусдад миний өөрийн хөмсөг гэнэ. Би ч гэсэн хүний хөмсгийг гоё шивсэн гэж зураг аваад олон нийтийн сүлжээнд тавьдаггүй. Энэ нь ёс зүйгүй үйлдэл болно. 

-Таны сурталчилгаа амнаас ам дамжих байдлаар түгдэг байх нь?

-Тийм. Өөрөө гоё хөмсөгтэй болсон хүн ах дүүдээ дуулгана. Ах дүү нь найзыгаа дагуулаад ирнэ. Ийм болохоор надад хөмсгийг нь шивж өгөх хүнгүй болчихлоо гэж санаа зовох зүйл тулгардаггүй. Би ч гэсэн нэг дор олон хүний хөмсгийг шивэхийг хүсдэггүй. Өдөрт хоёр, зарим үед нэг л хүний хөмсгийг шивдэг. Энэ нь ч миний онцлог юм. Яагаад гэвэл тухайн хүний хөмсөгний хэлбэрийг гаргах гэж удаан зурдаг. 

-Та хөмсөг шивэхдээ ямар будаг ашигладаг вэ?

-Япон технологиор хийсэн Америкийн шороон будгийг хөмсөг шивэхдээ ашиглаж байна. Хүн бүр өөрийн гэсэн хөмсөг шивдэг аргатайн адил будгийн жортой. Би жороо гаргахдаа үндсэн будган дээрээ багахан хятад будаг дусаадаг. Ингэснээр будагны зуурах чанарт дэмжлэг үзүүлдэг юм. Яагаад гэвэл миний ашигладаг шороон будаг тогтоц муутай. Гэхдээ доторх агууламж нь хөмсөгний үсийг ургуулах пигмент ихтэй байдаг. Тийм учраас би хөмсөг шивэхдээ шороон будаг ашигладаг. 

-Хэдэн ч удаа хөмсгөө шивүүлээд тогтдоггүй хүмүүс гэж байдаг. Танд тийм хүмүүс ханддаг уу?

-Олон ирнэ. Цаасны хутга шиг иртэй зүйлээр арьсыг ахин дахин зүсээд байхаар ямар болох вэ. Би тийм л зүйлийг засдаг. Ийм хүмүүст давтан шивээсийг ганцхан удаа хийж болдоггүй. Тухайн хүний онцлогт нь тохируулаад тогтоодог. Хуурай арьсан дээр шивээс тогтоц сайтай. Тослог арьсан дээр тогтоц муутай учраас арай тод хийнэ. Тиймээс гарын болон арьсны мэдрэмж чухал гээд байгаа юм. Лазердахад хүртэл мэдрэмж шаардагдана. Ганцхан зураасаар хүний нүүрний хэлбэр засагддаг юм шүү дээ.

-Хөмсгөө шивүүлсний дараа тос түрхэх нь ямар ач холбогдолтой байдаг юм бэ?

-Би хөмсгөө шивүүлчихээд 3-5 хоног тос түрхэхийг зөвлөдөг. Үс ургуулах пигменттэй будгаа дэмжих гээд тэр л дээ. Цэцэгтэй зүйрлэвэл шалба норгочихгүй, хатаагаад хагдруулахгүй байхын тулд бага зэрэг усалж байна гэсэн үг. Үүний үр дүнд хөмсөгний үс сэргэж, ургана. Багадаа хөмсөгтэй байсан хүн олон дахин хөмсөг шивүүлснээс болоод үсгүй болчихдог. Тэдгээр хүмүүс манай будгаар шивүүлснээр хөмсөг нь сэргэж ургах боломжтой гэсэн үг юм. Би хүнийг төгс гоё болгоод явуулчих юмсан гэж бодоод их удаан “ноцолддог” төрлийн хүн. Бас ажлын эцсийн үр дүн нь сайн байх ёстой. Энэ надад их чухал. Ер нь хүн ёс зүйтэй байж хүний нүүрэнд хүрэх ёстой гэж боддог.

 

Ийн бидний ярилцлага өндөр­лөлөө. Ажлаа хариуцлагатайгаар бүрэн гүйцэтгэдэг нь үйлчлүүлэгч­дийнх яриа, сэтгэгдлээс илт мэдрэгдэж байсан юм. Хөмсгөө шивүүлэх нь хэсэгхэн агшны дурын үйлдэл бус хүний гоо сайхан байдлыг тодорхойлох ажил гэдгийг түүнтэй уулзсаны дүнд ойлгож хоцорлоо.

 Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24544/


0
angry
4
care
0
haha
7
liked
10
love
0
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22