Аялгуу нь аргадаж, үг нь сургаал мэт сэтгэл зүрхэнд хүрдэг ардын дуугаараа хөглөгдөн яваа дуучин Б.Батцэцэглэнтэй ярилцлаа. Монгол эмэгтэйн зүүсгэл гоёл, донж төрхийг бүрэн илтгэх түүний үзэмж хараа булаах ажээ. Харин ааль авирын хувьд төсөөллийг эвдэж, тууштай, эршүүд зан чанартай гэдгийг ярилцах тусам мэдэрч байсан юм.
-Таны амьдрал, хүүхэд насны талаар ярьсан, бэлтгэсэн нийтлэл, ярилцлага цөөнгүй бий. Тиймээс бидний ярилцлага тэдгээрийг аль болох давтахгүй нь зүйтэй байх.
-Би ч гэсэн тэгж бодож байна.
-Улирлын энэ үед уран бүтээлчид идэвхждэг. Төлөвлөсөн ажлаа эхлүүлж, зарим нь тоглолтын товоо зарладаг. Таныг ч гэсэн их ажлынхаа ард гарах гээд завгүй яваа болов уу гэж бодож байна?
-Монгол оронд минь дэлгэр цаг ирэх гээд хаврын олон ааштай өдрүүд үргэлжилж байна. Өнөөдөр ч гэсэн тэдгээр өдрийн нэг нь байна. Хэдийгээр хавар олон аашаа харуулж, цас малгайлан орж байгаа ч удахгүй урин дулаан цаг ирнэ гэж бодохоор сайхан. Бас улирлын энэ үед малчны хотонд төлийн дуу цангинаж байдаг. Ингэж хүн бүр сайхан мэдрэмжийг өөрийнхөөрөө хүлээн авч, хөглөгдөж байдаг юм болов уу. Миний хувьд уран бүтээлийн олз омог ихтэй сар, жилүүд үргэлжилж байна. Тэдгээрээс ардын дууг шимтэн сонсдог сонсогчдодоо зориулан пянз гаргахаар зэхэж яваагаа дуулгахад таатай байна.
-Пянзаа хэвлүүлж байгаа дуучид цөөнгүй бий. Гэхдээ ардын дууны пянз гаргасныг сонсож байсангүй?
-Миний олж сонссон мэдээллээр 1940 оноос хойш ардын дууг пянзанд зориулан бичүүлээд сонсогчдын хүртээл болгосон тохиолдол байгаагүй. Харин пянз гаргахаар зорьж яваа уран бүтээлчид байдаг. Социализмын үед улсын бодлогоор ихэнхдээ ЗХУ-д пянз бичүүлээд авчирдаг байсан юм билээ. Ардын дууг соронзон хальсанд бичүүлнэ гэдэг нь хэдэн арван жилийн дараа сонсоход ч дуугаралтын чанараа алддаггүйгээрээ үнэ цэнтэй. Ийм үнэ цэнийг бүтээхийн тулд чанарын шаардлага хангасан байдлаар гүйцэтгэлээ хийх нь чухал. Тиймээс энэ ажлын ард гарахаар би хоёр жилийг зарцуулж байна.
-Пянзнаас гадна дуу бүтсэн түүхүүд их сонирхолтой байдаг. Та ч гэсэн сонсогчдодоо сонсож мэдсэнээсээ хуваалцдаг уран бүтээлчдийн нэг нь?
-Пянзаа дагалдах номтой болгохоор мэдээллүүдээ цуглуулж байна. Бидний сонгосон дуу хаана, хэрхэн үүссэн тухай номдоо багтаана. Бас ардын дууг төгөлдөр хууртай дуулахад харах ноот байдаггүй. Оркестртой дуулахад хэрэгтэй ноот шаардлагагүй байдаг учраас тэдгээрийг бэлтгүүлэн номдоо хавсаргасан. Үүнд би их олзуурхаж байгаа. Ардын дууны хөгжилд хэрэгтэй бүтээл болно гэж бодож байна.
-Та ирээдүйд өв болох бүтээлийн ард гарахаар ажлаа эхлүүлжээ. Тэгэхээр пянзанд багтсан ардын бүтээл, гар нийлэн ажиллах уран бүтээлчдээ сонгохдоо ч няхуур хандсан болов уу?
-Үндэсний урлагийн их театрын Их найрал, Морин хуурын чуулга, Улсын филармонийн симфони найрал хөгжим, Дуурь, бүжгийн эрдмийн театрын найрал дуучдаас гадна төгөлдөр хуур, гитар, хуучир, шанз, ятга гээд дуугаралтын хувьд сонирхол татах хөгжмийн зэмсгүүдийг нэг дор цуглуулахаар хичээсэн. Үүний тулд олон сайхан хөгжмийн зохиолчтой хамтран ажиллалаа. Тэдэнтэй ардын дуу, үндэсний болон европ хөгжимд шинэчилсэн найруулга хийж хамтран дуулснаараа онцлогтой боллоо. Би ардын урлаг орчин цагийнхтайгаа зэрэгцэн орших ёстой гэж боддог. Хөгжлийн энэ замд орчин үеийн урлаг ардынхаасаа авахаа авч, суралцдаг. Үүний тод жишээ бол “The Hu” хамтлаг. Энэ хамтлаг ардынхаа хөгжим рүү өнгийснөөрөө дэлхийд гарч ирж чадлаа. Түүнчлэн бид ардын дуугаа энэ цагийн залуусын сонорт хүргэхийн тулд тэдний сонсдог хөгжимтэй дуулах нь чухал. Тэгж байж Монгол орны хүн амын талаас илүү хувь нь ажиллаж, амьдарч байгаа их хотын залуус ардын дуугаа сонсож дадна.
-Ардын дуугаа энэ цагийн сонсогчдод хүргэхийн тулд тэдний ертөнцийг ч гэсэн танин мэдэх хэрэгтэй гэж боджээ, та?
-Тийм ээ. Монгол ахуйтай аргамжаатай байсан ардын урлаг энэ цаг үед ахуйгаасаа алсрахаар заавал ямар нэгэн зүйлээр хөрвүүлүүлж сонсогчдоо хүргэх болчихоод байгаа юм. Үүнийг илтгэх хамгийн ойрын жишээ би байна. Би хөдөө өссөн учраас монгол ахуйгаа сайн мэднэ. Гэтэл миний хүүхдүүд тийм биш. Тэдэнд ойрхноор бүтээлээ хийхийн тулд сонирхдог хөгжмийн зэмсэгтэй нь хослуулбал оновчтой гэж бодсон хэрэг.
-Ардын дууны үг нь сургаал шиг... Өнгөцөөр бус хүний сэтгэлд хүрэхээр гүн гүнзгий утга агуулгатай байдгийг ойлгуулах нь бас чухал?
-Ардын ихэнх дууг Манжийн дарлалын үед зохиосон шиг байгаа юм. Түрүү үеийн дуунууд байлаа гэхэд Манжийн дарлалын үед үг нь өөрчлөгдөөд ороод ирдэг байсан юм болов уу гэсэн сэдэл төрүүлээд байдаг талтай. Хүнд хэцүү үеийг даван туулахад нэг юм хэлэх гэж налчигнаад л байдаггүй. Энэ онцлогоор монгол ардын дууны үг, аялгуунд нь тухайн нийгмийн чиг хандлага тэр чигээрээ шингэж, хадгалагдсан байдаг. Ёс заншил, ёс суртахуун, тахин шүтэх байдал, яруу найраг, дууны аялгууны шинж байдал гээд бүгд орсон байдаг учраас ардын болон уртын дуу Монголын нийгмийг тодорхойлох хэрэгсэл болно. Нэг ардын дууны үүсэл гарал, түүхийн талаар ярихад тухайн үеийн Монголын нийгмийн тухай мэдэх боломжтой байдаг юм.
-Даяаршсан дэлхий дангааршиж байна. Энэ шилжилтийн үед тулах гол өгөгдөл нь бидний хувьд үндэсний урлаг. Үүнийг та ч гэсэн олон зүйлээс мэдэрсэн байх?
-Нэг хэсэг “Дэлхий даяаршиж байна. Бид үүнтэй хөл нийлүүлбэл болно” хэмээн ярьж, бодсон. Гэтэл одоо бол хэн өөр байна түүнийг сонирхдог, сайн гэж хардаг болчихож. Пянз сонсох нэг хэрэг. Харин ардын дууны пянз утга агуулгаараа өөр хаана ч давтагдахгүй.
-Уран бүтээлийн сэдвээ үүгээр өндөрлөөд таны талаар хэдэн асуулт асууя. Тухайлбал, кино найруулагчид танд санал тавьж байна уу?
-Киноны найруулагчид санал тавьдаг. Надад ч кинонд тоглоно гэсэн бодол байдаг юм. Гэхдээ надад хандсан дэлгэцийн бүтээл болгоныг би зөвшөөрөх боломжгүй. Мэргэжлийн жүжигчин ч биш шүү дээ. Хувийн бодлоосоо хуваалцахад түүхэн сэдэвтэй кинонд тоглох хүсэл бий. Өмнө нь “Марко Поло” киноны зураг авалтад оролцож, Холливудын кинонд дуулж байсан учраас ямар байдаг талаар төсөөлөлтэй болсон. Түүхэн кино хийхэд зардал өртөг ихтэй. Тиймээс кино хийж байгаа хүмүүс үүнд ханцуй шамлан орчихож чадахгүй байгаа юм болов уу гэж боддог.
-Та морь сайн унадаг, ярилцахаар эршүүд талдаа хүн юм. Өмнө нь таныг арай өөрөөр төсөөлж байлаа?
-Тийм үү. Би дөрвөн охинтой айлын хамгийн бага нь шүү дээ. Харахад намбатай, эмэгтэйлэг хүн шиг санагддаг байх. Гэхдээ би тийм зан чанартай биш. Дуугаа шингэлээд яривал надад зохихгүй. Өөрийнхөөрөө ч байж чадахгүй байх. Энэ нь нэг талдаа зөв, нөгөө талдаа буруу байх. Уг нь эмэгтэйлэг байвал гоё.
-Та залуусын нүд унагадаг бүсгүйчүүдийн нэг. Олны анхаарлын төвд байдаг?
-Би хүн бүрийн таньдаг нэгэн биш болохоор энэ талаар сайн мэдэхгүй юм. Тэгээд ч олны танил болох юмсан гэж уран бүтээл хийж байгаагүй. Хөөрхөн, сайхан гэхээсээ урьтаж намайг “Сайн дуучин шүү” гэсэн сэтгэлээр дуулуулдаг байгаасай хэмээн бодож уран бүтээлээ хийдэг. Аливаад цаг хугацаа их чухал. Тэгэхээр тэрнээс урьтаж адгаад байх шаардлагагүй. Жишээ нь, би “Хоёр сэтгэл” дууг зургаан жилийн өмнө дуулсан. Тухайн үед хүмүүс төдийлөн сонсдоггүй байсан бол энэ жилээс хандлага өөрчлөгдөж байна. Миний дууг хүмүүс сонсож байна.
-Хөгжим, бүжигт хэр авьяастай вэ?
-Би багадаа бүжиглэж чаддаггүй байсан. Харин 2020 оны Улсын баяр наадмын нээлтэд Ардын жүжигчин Д.Жаргалсайхан ахтай хамтран баруун монгол ардын гурван дууг дуулахдаа биелгээ хийсэн. Гэтэл надтай “шороо идэж өссөн” найзууд маань түүнийг харчихаад ёстой гайхаж билээ. Би аливаа зүйлийг хараад тогтоох чадвар сайтай. Ажлын шаардлагаар бийлэх гэж оролдоод ямар ч байсан ард нь гарсан, хэнд ч гологдоогүй. Тэгэхээр дуулж хуурдахдаа бүжгийн ганц нэг хөдөлгөөн хийчихэж чадахаар болсон юм шиг санагдсан. Хөгжмийн хувьд саяхнаас алтайн ятгын сургалтад сууж байна.
Б.Сийлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №014/24545/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна