Үндэсний хувцсыг өдөр тутмын хэрэглээ болоход гол үүрэг гүйцэтгэсэн эрхмүүдийн нэг нь “Three flames” ХХК-ийн захирал Т.Хонгорзул юм. Юүдэнтэй монгол дээл өмссөн хүмүүсийн зураг цахим орчинд нэн шинэлэг үзэгдэл байв. Куртка шиг материалтай, халаастай гээд “Хадлан”-г магтсан ярианы сэдэв дуусахгүй. Нэг мэдэхэд үйлдвэрлэгч бүсгүйг “Хадлан” Хонгороо гэлцэх болов. Тэрбээр 17 жилийн өмнө гэрийнхээ жижиг өрөөнд таван оёдлын машин авчирч тавихдаа зүүг нь хэрхэн сүвлэхээ ч мэддэггүй байв. Оёдлын салбарын тухай суурь мэдлэггүй ч, загварын шийдлүүдийг тархиндаа зурчихсан явсан гэдэг. Ийнхүү зориг, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөж эхлүүлсэн оёдлын бизнес нь өдий хүртэл амжилттай яваа тэрбээр “Намайг аз дайрсан” гэж даруухан ярьдаг. Азтай гэгддэг хүмүүс итгэл үнэмшлээ сонсож, бодитоор хэрэгжүүлж чаддаг ажилсаг чанартай нь илт. Тийм учраас аль ч салбарын “азтай” бизнесменүүд өөрсдийгөө ийнхүү тодорхойлох нь өнөө л хэрхэвч бууж өгдөггүй хүчирхэг зан, дотоод зөн совингийн илрэл болов уу. Т.Хонгорзул гэдэг хувь хүн, захиалагч хэнийг ч ялгаварлалгүй, бизнесийн бэрхшээл бүрд тэгш амгалангаа алдалгүйгээр он цагийг туучсаан. Оёдлын жижиг үйлдвэр байгуулмагцаа “Next collection” нэрээр орчин цагийн бэлэн хувцасны брэнд урлаж эхлэв.
Үндэсний тодотголтой, дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг чанаргүй гэх хэвшмэл ойлголттой он цаг байсан. Нэгэнт нийгмээ мэдэрсэн тул бэлэн бүтээгдэхүүнээ зарахдаа Монголд үйлдвэрлэснээ хэлэхийг урьтал болгосонгүй. Ийм зарчмаар борлуулалт хийсэн үндэсний үйлдвэрлэгч олон. Энэ нь манай үйлдвэрлэгчид аль ч орны оёдлын салбартай эн зэрэгцэж чадахын баталгаа болов уу. Одоо эсрэгээрээ үндэсний үйлдвэрлэл нэрээр Хятадад бүтээгдэхүүнээ үйлдвэрлүүлдэг хүмүүс олширсон. Брэндээ хаана захиалж үйлдвэрлүүлэх нь хувь хүний сонголт учир яалтай билээ. Оёдлын үйлдвэрт ажиллах хүсэлтэй хүмүүс ховордсонтой ч холбоотой байх. Харин Т.Хонгорзул дотооддоо үйлдвэрлэж, импортын бүтээгдэхүүн шиг буюу тухайн үедээ талх шиг зарж, салбар дэлгүүрүүдтэй болж чадсан.
Эх орондоо ажлын байр бий болгож эхлүүлсэн энэхүү бизнес цэцэглэж, үйлдвэрлэлийн байртай боллоо. Олон оёдолчинтой, мөн тооны тоног төхөөрөмжтэй байна гэдэг эзэн хүний жаргал ч эргээд үүрэг хариуцлагатай. Т.Хонгорзулыг үнэнч үйлчлүүлэгчид нь тойрон хүрээлэв. Үүний зэрэгцээ “Хүмүүс яагаад монгол дээлээ өмсөхөө больчихов оо” гэдэг бодол түүний толгойд эргэлдэнэ. Биед эвгүй, эдэлгээ даахгүй бол олноор үйлдвэрлэж, үндэсний соёл, уламжлалаа хадгалах тухай хэдэнтээ уриалаад нэмэргүй. Гэвч тэр энэ бүхний эцэст үндэсний дээлийг орчин үед нийцүүлсэн загвар үйлдвэрлэхийг илүүтэйд үзэв. Учир нь монгол дээл өмсөхөд л ихэмсгээс гадна хөнжил ч болчихдог олон үйлдэлтэй, нүүдэлчин түмний хамгийн боловсронгуй хувцас. “Хадлан” брэнд мэндлэхэд УИХ-ын гишүүн асан М.Зоригт онцгой үүрэг гүйцэтгэсэн. Тэд “Хадлан” дээлний загвар, материалын тухай тухтай, урам зоригтой ярилцав.
Худалдааны төвүүд “Хадлан”-г байршуулах хүсэлтэй байдаг
Европ загвараас үндэсний хувцасны үйлдвэрлэл рүү шилжинэ гэдэг бүхнийг шинээр эхлэхээс өөрцгүй. Халаас, малгай гэх мэт гоёмсог, хэрэглэгчийн шаардлагад яв цав нийцсэн деталиудыг нэмэв. Дэлхийд хэдийнэ танил “Nike”, “Adidas”, “Columbia” брэндийн хувцас, цүнх хийдэг материалыг сонгосон явдал хамгийн оновчтой шийдэл байлаа.
Ийм замналтай “Three flames” ХХК өдгөө 10 жилийн түүхэн туршлагатай хамт олон болтлоо өсөн дэвжжээ. “Хадлан” ОХУ, БНХАУ, Тувад хамгийн үнэ цэнтэй, европчуудын сониуч занг хөдөлгөдөг брэнд билээ. ”Three flames” ХХК-ийн үйлдвэрлэдэг мешок, цүнх, хувцас зэрэг аяны хэрэгслэл хэрэглэгчдийн таашаалд нийцээд удаж байна. Монгол Улсын нийслэл болон 21 аймагт томоохон худалдааны төвүүд сүндэрлэж байна. Танил брэндүүдийг худалдааны төвдөө төвлөрүүлэх нь мэдээж нэр төрийн баталгаа. Үндэсний үйлдвэрлэгчдээс “Хадлан” брэндэд талбай гаргаж өгье, хамтран ажиллана уу гэсэн хүсэлт “Three flames” ХХК-ийн хамт олонд ёс юм шиг ирнэ. Тэдний бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс лангуу руу очих цаг хугацаа байсангүй. Үйлдвэрлэлээс шууд хэрэглэгчид хүрч ирсэн. “Хадлан”-г өнөөдөр өмсье гэж бодоод маргааш худалдаад авчихна гэвэл амжихгүй. Аз таарвал 14 хоног, өвлийн улиралд хоёр сар хүлээх нь бий.
Захиалгын төвд хэрэглэгчийнхээ биеийн хэмжээг авч, хүссэн нэмэлт деталь, биеийн онцлогт тохирсон бага зэрэг өөрчлөлтийг оруулж өгнө. Хэрэглэгчтэйгээ хамт бүтээдэг, халууцуулдаггүй, дааруулдаггүй брэнд бол “Хадлан” юм. Эцэст нь захиалагчийн нэрийг бүтээгдэхүүнд ширдэг. “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Асашёорюү Д.Дагвадорж аварга, Кёкүшюзан Д.Батбаяр, хөтлөгч Г.Алтантүрүү нараас эхлээд үнэнч захиалагч, харилцагчийн нэрс хөвөрнө. Хэрэглэгчээс нэг ч сөрөг сэтгэгдэл сонсоогүй брэнд бол бас “Хадлан”. Нано технологи бүхий материал, малгай, ханцуйны манжет, дулаан алдагдлыг төгс шийдсэн явдал хэрэглэгчдэд зориулсан хайр билээ. 1.5 кг жинтэй ч үстэй дээлнээс дулаан гэдэг. Захиалагчийн биеийн онцлог, өөрчлөлтөөс размер нэмэгдэж, хасагдахад засвар хийж өгдөг онцлогтой. “Хадлан” хүн бүрийн сэтгэлд нийцдэг ч Т.Хонгорзул захирал брэнд хөгжүүлэлт дууссан тухай ам алддаггүй. Жилийн дөрвөн улиралд эрэлт хэрэгцээтэй “Хадлан” брэнд, Хонгороо захирал хоёрын нэрийг салгавал утгаа алдах биз ээ.
Н.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №014/24524/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна