Мерил Стрип “Оскар”-ын шагналд 21 удаа нэр дэвшиж, гурван удаа шилдэг жүжигчнээр шалгарсан. Академийн түүхэнд хамгийн олон буюу дөрвөн “Оскар”-ын эзнээр Катарин Хепберн тодорсон байдаг. Кино урлагийн бусад шагналын төрөлд түүн шиг олон дээд амжилт тогтоосон эмэгтэй жүжигчин үгүй. “Алтан бөмбөрцөг”-өөс ес, БАФТА-гаас хоёр, Гриммийн зургаа, Канн, Берлиний наадмын шагналтай. Харвардын их сургуулийн урлаг судлалын хүндэт доктор, Америкийн урлаг, бичгийн академийн гишүүн, Эмэгтэйчүүдийн түүхийн үндэсний музейн ивээн тэтгэгч юм. IMDb порталд бичсэнээр Мерил Стрип кино, дэлгэцийн 93 бүтээлд оролцон тоглосон, бүтээж чадахгүй дүр үгүй уран бүтээлч. Түүнийг Холливудын хамгийн амжилттай оддын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Мерил Стрипийг "Мянган төрхтэй эмэгтэй", "Хамелеон жүжигчин" гэдэг. Тэрбээр “Миний дотор олон янзын эмэгтэй зэрэгцэн оршдог. Тэдний аль нь, хэзээ гарч ирэх нь нөхцөл байдлаас хамаарна” гэсэн нь хамгийн оновчтой тодорхойлолт юм.
Станиславскийг залгамжлагч
Мерил Стрип 1949 оны зургадугаар сарын 22-нд Америкийн дундаж амьдралтай гэр бүлд мэндэлжээ. Аав нь эмийн компанид менежер, ээж нь уран зургийн редактораар ажилладаг эгэл жирийн ч гэр бүлийн үнэт зүйлсийг дээдэлдэг хүмүүс байв. АНУ-ын зүүн эргийнхний уран зохиолын шинэлэг бүхнийг унших, театр, киноны нээлтэд хэв маяг Мерилд нөлөөлсөн. Стрип нь англиар зураас, шугам гэсэн утгатай. Испанийн еврейчүүд Америк руу цагаачлахдаа албан баримтад овгоо бичилгүй зураас татан үлдээснээс Стрип овог үүсжээ. Стрип овгийнхон Америкт анх суурьшигчдын нэг бөгөөд тэдний нэр Пенсильвани мужид газар худалдан авсан баримт архивт үлджээ. Зоригтой, санаачилгатай, шийдэмгий Стрипийнхэн мөрөөдлөө дагадаг уламжлалтай. Харааны шилтэй, тарган, урт хамар, арзгар шүднээсээ болж бага сургуульдаа шоолуулсан Мерил 15 настайдаа шүдний аппаратаа авч, контакт линз зүүж сургуулийнхаа нэр хүндтэй хөөрхөн охин болов. Мерил Стрип дуурийн дуучин болох мөрөөдөлтэй байлаа. Йелийн драмын сургуульд элсээд бодлоо өөрчилсөн гэдэг. Йелийг төгсөөд Нью-Йоркийн театрт "Карамазовын хөвгүүд" жүжгээр мэргэжлийн гараагаа эхлүүлжээ. Уильям Шекспирийн "Зуны шөнийн зүүд" жүжгийн Еленагийн дүрээр шүүмжлэгчдийн анхааралд өртсөн байдаг.
Тэрбээр Уильям Шекспир, Антон Чехов, Бертолт Брехт, Август Стриндберг, Теннесси Уильямсын жүжигт гоо бүсгүйгээс 80 настай эмгэний дүр хүртэл бүтээсэн. Театрын урлагийн алдартай шүүмжлэгч Егор Москвитин “Хүсэл тэмүүлэл, хобби нь жүжигчний карьерт нь эергээр нөлөөлсөн. Тэр бол сонгодог Холливудын хамгийн тод төлөөлөгч.
Гэхдээ Станиславскийн дэг сургууль, Оросын театрын сонгодог хэв маягийг дүрдээ онцгой шингээдэг. Холливудад цаг хугацаатай уралдан жүжигчид өөрчлөгдөж байдаг. 40, 50-аас дээш насны эмэгтэй жүжигчдэд гол дүрийн санал өдрийн од шиг ховор. Мерил онцгой тохиолдол. Энэ утгаараа феминист сэргэн мандалтын эринд уран бүтээлч эмэгтэйчүүдийн замыг зааж байна. Тэрбээр Холливудын гоо зүй, практикийг төлөвшүүлэхэд асар их нөлөө үзүүлсэн” гэж дүгнэсэн байдаг. Мерил Стрип ч Станиславскийн дэг сургуулийн залгамжлагч гэдгээ нуудаггүй. ЗХУ задрахад Холливудад хамгийн их баярласан хүн бол Мерил Стрип. Орос, Америкийг зааглаж байсан олон хориг хүчингүй болж иргэд чөлөөтэй хил нэвтэрч эхэлжээ. Мерил Стрип Орост 1990 онд хөл тавив. Москвагийн уран сайхны театрын ариун тайзнаа гарч хүндэтгэл үзүүлсэн байдаг. Түүний драмын жүжигчний хэв маяг олон дүрээс нь харагддаг. Гайхалтай хувирдаг. "Суффрагет" (2015 он) кинонд XIX зууны англи эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийн төлөө тэмцэгч, "The Papers" (2018 он) кинонд Вьетнамын дайныг эсэргүүцсэн нийтлэлч, "Төмөр хатагтай" (2011 он) кинонд Британийн Ерөнхий сайд Маргарет Тэтчер шиг байж чадсан.
Хамелеон жүжигчин
Америкийн театрын шилдгүүдэд олгодог “Тони” шагналыг хүртэж, Шекспирийн фестивальд түрүүлсэн ч Мерил кино урлаг руу тэмүүлж байлаа. “Кинг Конг” төслийн гол дүрийн шалгаруулалтад 1975 онд орсон ч продюсер Дино Де Лаурентис “Царай муутай” гэж шалтаглан хасжээ. Мерил цөхрөлгүй 1977 онд Фред Зиннеманы "Жулиа" кинонд анхны дүрээ авав. Хэдий жижиг дүр ч Мерилийг камертай харьцаж сурах “их сургууль” болжээ. Тэрбээр Роберт Де Нирогийн жүжиглэлтийг биширсээр ирсэн. Тэд 1978 онд "Бугын ангууч" кинонд хамтран тогложээ. Хожим нь Роберт Де Ниро "Мерил онцгой хүн, гайхалтай жүжигчин” гэсэн байдаг. "Бугын ангууч” кино “Оскар”-ын есөн төрөлд өрсөлдөхөд Мерил шилдэг туслах дүрд нэр дэвшсэн байдаг. Мерил тэр үед жүжигчин, 13 насаар ах Жон Касалетай хайр сэтгэлийн холбоотой байв. Тэдний харилцаа хоёр жил үргэлжлээд харамсалтайгаар дууссан юм. "Загалмайлсан эцэг" киноны Фредо Корлеонегийн дүрээр алдаршсан Жон Касале хорт хавдраар шаналж байхад “Холокост” цувралд тоглохоор гэрээ байгуулсан Мерил Австрийг зорихоос аргагүй байдалд оржээ. Түүнд дүрээсээ татгалзсан тохиолдолд хохирол барагдуулах мөнгө байсангүй. Хожим нь тэрбээр “Холокост”-ыг хамгийн хэцүү төсөл гэж дурсжээ. Жон Касалег амьсгал хураахын өмнө Мерил Стрип Европоос ирэв. Хайртай бүсгүйнхээ гар дээр таалал төгсөхдөө Жон Касале "Бүх зүйл сайхан болно" гэж шивнээд амьсгал хураажээ. “Холокост” киноны герман бүсгүйн дүрээрээ тэрбээр “Эмми” шагналыг 1978 онд хүртсэн. Касалегийн үхэл Стрипийг хатуужуулж, жинхэнэ жүжигчин болгосон гэж ойр дотнынхон нь ярьдаг. Мерил Стрип завгүй байвал уйтгар гунигаа мартана гэж бодож байлаа. Ингээд 1979 онд Вуди Аллены “Манхэттэн”, Роберт Бентоны “Крамер Крамерын эсрэг”, Жерри Шацбергийн “Жо Тайнэн” кинонд дүр бүтээжээ. “Крамер Крамерын эсрэг” киногоороо Мерил “Алтан бөмбөрцөг”, “Оскар”-ын туслах дүрийн шагнал хүртсэн байдаг. Энэ кинонд Стрип нэгэн зэрэг хоёр дүрд тоглосноороо онцлог. Хамтран тоглосон Дастин Хоффман түүнийг “Ямар ч дүрд хувирч чадах хамелеон” гэж үнэлжээ. “Оскар”-ын дараа Мерил сэтгэл татам гол дүрийн саналд дарагдсан гэдэг. Гэхдээ жүжигчний карьер дардан байсангүй. Заримдаа хүссэн дүрийнхээ төлөө тэмцэх шаардлагатай болдог. "Софийн сонголт" киноны гол дүрийг Швейцарын жүжигчин Урсула Андрессаас “булаажээ”. Найруулагч Алан Ж.Пакулагаас сөхрөх шахам гуйсны үр дүнд санасандаа хүрсэн. Нацист дэглэмээс амьд үлдсэн Польшийн цагаач Софийн дүр кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, шаргуу хөдөлмөрлөсөн Мерил Стрип “Оскар” болон “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг дүрийн шагналыг авчээ. Түүнтэй ажилласан найруулагчид тэсвэр тэвчээртэй, ажилсаг занг нь биширдэг. Дүрээ мэдэрч холбогдоно гэдэг жүжигчний чадвар. "Зүрхний хөгжим" кинонд дүр бүтээхийн тулд Мерил хоёр сарын турш өдөрт зургаан цагаар хийл хөгжим заалгаж сурчээ. Ингэж хичээсний ачаар хөгжмийн багшийн дүрийг тултал бүтээсэн. "Харанхуй дахь хашхираан" жүжигт тэрбээр хүүхдээ алдсан эхийн дүрээр дахин “төрсөн”. Энэ бол түүний сэтгэл хөдлөм дүрүүдийн нэг бөгөөд “Оскар”-т өрсөлдөж, Каннын наадмаас анхны шагналаа хүртжээ. Мерил өөрийгөө олон талт жүжигчин гэдэг. Эсрэг дүрд хувирах авьяасаа зальтай гэрийн эзэгтэй, хар тамхинаас болж амьдралаа сүйрүүлсэн бүсгүйн дүрээр харуулсан. 1995 он Мерилийн трэнд жил байлаа. "Медисон дүүргийн гүүр" кинонд даруухан гэрийн эзэгтэй, эгэл жирийн, ажилсаг, хоёр хүүхдийн ээжийн дүрээр гарч эхэлдэг ч жинхэнэ хайртай санаанд оромгүй учирдаг. Иствудтэй хамтран ажилласнаар Холливудын үнэтэй жүжигчдийн жагсаалтад багтжээ. Клинт Иствуд “Медисон дүүргийн гүүр" кинондоо Мерил Стрипийг сонгосон шалтгаанаа “Энгийнээр хэлбэл, тэр бол дэлхийн хамгийн агуу жүжигчин. Би түүнд хайртай” гэж тайлбарлажээ. Энэ кинонд итали, англиар, "Африкаас ирсэн" кинонд дани аялга, "Франц дэслэгчийн эмэгтэй"-д Оксфордын англи хэлээр, "Софийн сонголт" кинонд польш аялгатай ярьдаг. Стрипийн дүр бүтээхдээ хэл аялгадаа хүртэл анхаардаг занг олон шүүмжлэгч онцлон тэмдэглэжээ. "Чөтгөр Прада өмсдөг" киноны дэгжин Миранда Пристлийн дүрд тэнцэхийн тулд Мерил 10 кг хасаж, хиймэл үсээр гангарчээ. “Vogue” сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтуртай ч уулзсан байдаг. Өнөөдөр тэр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчин болжээ.
Феминизм, #MeToo, үнэнч зан
Касалег оршуулсны дараа өмнөх эхнэр нь шүүхэд ялж, Мерилийг байрнаас нь хөөн гаргав. Очих газаргүй болсон Мерилийг ах нь найз, уран барималч Дон Гуммерын нэр дээр бүртгэлтэй орон сууцад түр амьдруулахаар болов. Тэр үед Дон Европоор аялж таарчээ. Европоос ирээд Дон Мерилтэй танилцав. Тэд удаан болзож жүжигчин бүсгүй ч анхны хайраа алдсан шаналлаа мартан тайвширч байлаа. Мерил түүний эелдэг, найдвартай занг хүндэтгэн гэрлэх саналыг нь зөвшөөрчээ. Тэдний хайр, 40 гаруй жилийн хамтын амьдрал итгэлцэлд тогтдог. Мерил ууган хүү Генригээ 1979 онд, Мэри охиноо 1983, Грейсийг 1986, Луизагаа 1991 онд төрүүлжээ. Тэд Нью-Йоркийн ойролцоох Коннектикут дахь уудам талд 35 га эдлэндээ амьдардаг. Хүү Генри хөгжимчин, Мэри, Грейс нар жүжигчин, отгон охин Луиза нь загварын бизнест хөл тавьсан. Мерил Стрипийг найзууд нь бүтээлч эзэгтэй гэдэг. Харин тэрбээр "Кинонд хааяа тоглодог, гэрийн эзэгтэй" хэмээн хошигнодог байна. Ажил, мэргэжлийн шаардлагаар Мерил Лос-Анжелес дахь гэртээ ганцаараа амьдрах үе гардаг. Америкийн кино урлагийн нэг хэсэг ч Холливудын ёс суртахуунгүй байдалд дургүй, дутагдлыг ил тод шүүмжилдгээрээ алдартай. Ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийн тэмцлээрээ олны анхаарлын төвд байдаг. Холливудад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тэмцлийг удирдан, олон хүний карьерын төлөө хариуцлага хүлээсэн. “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр эмэгтэйчүүдэд эрчүүдээс бага цалин санал болгодог хууль бус зарчмаа халахыг уриалжээ. Харин жүжигчин бүсгүйчүүдийг дарамталж, бэлгийн харьцаанд орохыг тулгасан гэх хэргээр нэр хүндээ алдсан Харви Вайнштейны дуулиан дэгдэхэд Мерил Стрип чимээгүй байлаа. #MeToo хөдөлгөөнийхөн Мерилийг дуу хоолойгоо өргөхийг хүсэхэд “надад дарамт үзүүлээгүй” гэж мэдэгджээ. Тэрбээр Харви Вайнштейнтай “Төмөр хатагтай”, “Агуст: Осаж Каунти” кино төсөлд хамтран ажилласан байдаг. Филлида Ллойдын найруулсан "Төмөр хатагтай" кинонд бүтээсэн Их Британийн Ерөнхий сайд Маргарет Тэтчерийн дүр түүний карьерт онцгой үүрэг гүйцэтгэсэн. Тэтчерийн дүрээр Мерил Стрип гурав дахь “Оскар”, “Алтан бөмбөрцөг”, БАФТА, Берлиний кино наадмын шилдэг дүрийн шагналыг хүртсэн юм.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24546/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна