Балет энгийн бүжиг биш, сонгодог урлагийн оргил. Орчин үед их хотын соёл, амьдралын хэв маяг болжээ. Эрүүл мэнд, гоо сайхандаа анхаардаг боловсрол, соёлын өв тэгш мэдлэгтэй болохыг хүмүүс балетын студийг зорих нь элбэг. Дэлхийн жишигт нийцсэн бэлтгэлийн танхим, тохижуулалттай, мэргэжлийн багш нартай студи Улаанбаатарт хуруу дарам цөөн. Театрын тайзнаас л харж, биширдэг байсан уян налархай, хүч чадал шаардсан хөдөлгөөнийг мэргэжлийн багшаар заалгах хүсэлтэй хүмүүсээ “Жи Ривер балет” студийг зөвлөж байна. Төгс төгөлдөрт тэмүүлж ирсэн сурагчдынхаа мөрөөдлийг биелүүлдэг энэ студид дөрвөөс 70 хүртэлх насныхан хичээллэдэг аж. Тэд суралцаад зогсохгүй орчин үеийн танхимдаа дүүрэн үзэгчтэй мэргэжлийн бүжигчид шиг тоглолт хийнэ. Хан-Уул, Баянгол дүүргээс гадна шинэ суурьшлын бүс Яармагт Арцат виллажид шинэ салбараа нээжээ. Хүүхдэд балетын хөдөлгөөн заахаас илүүтэй урлагт чин сэтгэлээсээ хайртай, амьдралын баяр баяслыг мэдэрдэг зөв хүн болгон төлөвшүүлэхэд студийн багш нар анхаардаг аж. “Жи Ривер балет” студийн захирал, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан С.Ганбаттай хүнийг урлагаар хэрхэн төлөвшүүлдэг, яагаад балетээр хичээллэх ёстойг тухайлан ярилцсан юм.
-Мэргэжлийн бүжигчид шиг болохгүй ч балетаар хичээллэх нь ач тустай. Балет хүнийг хэрхэн өөрчилдөг юм бол?
-Балетын хөдөлгөөнүүд хүний биеийн анатомид суурилж хөгжсөн байдаг. Европчууд энэ урлагийг хүнд зайлшгүй хэрэгтэй гэдгийг ойлгож, хичээллэдэг. Заавал мэргэжлийн бүжигчин болох албагүй. Гэхдээ олон зуун жилээр хөгжсөн, хүний биеийн анатомид суурилсан хөдөлгөөнүүдийг хийснээр булчин шөрмөс нь чанга байж, үе мөч нь өвддөггүй. Нуруу өвдсөн хүнийг балетын дасгал хийхийг эмч нар зөвлөдөг. Балетын дасгалыг ясны байрлалаа тэгш байлгаж хийдэг учраас нурууны булчин чангарч үенд өгөх ачаалал буурна. Энгийн хүмүүс үе мөчөө гүйцэт тэнийлгэж чадахгүй булчингаа ашиглаад байдаг. Нас ахихын хэрээр дангаараа ажилласан булчин сууж, үе мөч муудаж эхэлнэ. Үүнийг монголчууд хөл муудлаа гэж ярьдаг. Угтаа бол үе, шөрмөсөө зөв ашиглаагүйн уршиг юм. Тиймээс азиуд тэр дундаа япончууд бүх нийтээрээ балетаар хичээллэж байна. Балетын дасгалын ачаар 80 настай япончууд үүргэвчээ үүрээд дэлхийгээр ажрахгүй аялдаг. Гэтэл манайхан аялахыг хүссэн ч хөл муутай гэсэн шалтгаар явж чаддаггүй. Ингээд идэвхгүй амьдарч эхэлнэ. Сэтгэхүйгээрээ улам л хөгширдөг. Идэвхтэй хэмнэлд хүний дархлаа сайжирч эрүүл амьдардаг.
-Идэвхтэй амьдралын хэв маягийг дээдэлдэг хүмүүс танайд нас, хүйс харгалзалгүй хичээллэж байна. Хамгийн ахмад нь хэдэн настай вэ?
-Далан настай хүн бий. 20 гаруй насны охидтой хамт дасгал хийдэг. Залуучуудаа дагаж үсэрч чадаж байна. Биеийн хөгжлөө дагаад сэтгэхүй нь хүртэл хөнгөн шингэн болсон. Манай дугуйлангийн хүүхдүүд сургуулийнхаа урлагийн нүүр царай болж, сонгодог урлагийг үеийнхэндээ таниулж байна. Тэд ирээдүйд ямар ч мэргэжил эзэмшсэн сонгодог урлагийн сууриа гээдэггүй. Багадаа балетаар бүжиглэж байсан хүний галбир, гоо зүйн мэдрэмж ондоо.
-Танай суралцагчид балетын тоглолт хийдэг юм билээ. Гурван хүүхдийн ээжийг, жирийн геологич залууг тайзны бүжигчид шиг бүжиглүүлнэ гэдэг таны ур чадвар шүү?
-Гадаадад сурсан залуу сонгодог урлагт дурлаад балетаар хичээллэхээр манай дугуйланд хандсан. Уйгагүй хичээллэж, цагаан трико өмсөх хэмжээнд хүртэл хөдөлмөрлөсөн. Цагаан триког хүссэн хүн болгон өмсөхгүй. Мэргэжлийн хүн шиг биеэ өв тэгш хөгжүүлж чадсан нь гайхамшиг. Гадаадад амьдарч байсан залуусын сэтгэхүй ондоо байна. Манай зарим залуус “Юун балет, хөлбөмбөг тоглосон нь дээр” гэх байх. Тэднийг буруутгах аргагүй. Европын охидын сургуулиуд дэргэдээ бүжгийн студитэй. Монголын ерөнхий боловсролын сургуулиудын биеийн тамирын заалууд ихэвчлэн сагс тоглох, гүйх зориулалттай байдаг. Хүүхэд болгон сагс тоглох албагүй. Гүйх дургүй байж болно. Хүүхдэд сонголт үлдээх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөнд дургүй хүн дууны үг, аянаас аз жаргалыг мэдэрч болно. Дуулахаар цээжний багтаамж тэлж, урт насалдаг. Үгүй бол хөгжим тоглож болно. Урлагийн зорилго бол хүнд аз жаргал бэлэглэх. Буруу зүйлээс аз жаргал мэдрэхийн хэрээр ухаан санаа хумигдаж, муу үйлд хөтлөгддөг. Монгол Улс хэсэг хугацаанд бодлого хэрэгжүүлэх Соёлын яамгүй байлаа. Одоо яамтай болсон учраас соёл, урлагийг түгээх, хүүхэд багачуудад хэрхэн ойлгуулах төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулах биз.
-“Жи Ривер балет” студид олны танил эмэгтэйчүүд суралцдаг. Тэдний цахим хуудастаа оруулсан зураг, нийтлэлийг хараад ирэх хүмүүст заадаг цагаан толгойгоор бол А үсэг тань юу вэ?
-Эхний хичээл зөв хооллолт. Хоолоо хэтрүүлж идсэнээс өөртөө янз бүрийн юм хураадаг. Хүний ходоод жижигхэн. Хоолыг амсаж, жаргаж идэх нь зөв. Ухамсрын түвшинд ярьж, зөвлөхөөр хүмүүс тааруулж иддэг. Зөв хооллоод дасгал хийхээр хүн хэвийн жиндээ хүрнэ. Жингээ хаяад эхлэхээр хүн эрч хүч авч, ажил амьдралаа зохицуулаад эхэлдэг. Толинд харах бүрдээ өөртөө дурлаж, хөдөлмөрөө үнэлнэ. Балетын багш бол “Ийм гоё урлаг шүү, ингэж хийдэг шүү” гэдгийг заадаг, шашнаар бол номлогч. Миний заасныг итгэл үнэмшлээрээ, тууштай хийж чадсаны шагнал бие, оюунд нь ирдэг. Манай студид тууштай хичээллэсэн хүн мэргэжлийн бүжигчдээс ялгардаггүй. Туранхайдаа биш, хөдөлмөр зарцуулж бүтээсэн бие хамгийн гоё байдаг.
-Суралцдаг, хичээллэдэг хүн олшрохын хэрээр тэмцээн уралдаан зохион байгуулах болсон. Та консерваторийн сурагчдаасаа гадна дугуйлангийнхаа тэмцээнд бэлтгэдэг үү. Бусад студиэс танайх юугаараа ялгарах вэ?
-Балетыг шимтэн суралцаж буй хүмүүс сонирхогчдын тэмцээнд оролцсоноор энэ урлагаар хичээллээд хаа хүрснээ үздэг. Мөн мэргэжлийн бүжигчдийн давуу талыг хардаг нэг ёсны цензур юм даа. Насанд хүрэгчдийн ангилалд шавь нараа оролцуулах дуртай. Харин дугуйлангийн хүүхдүүдээ тэмцээнд оруулах гэж яардаггүй. Хэдэн настай хүүхдэд ямар дасгал хийлгэх вэ, яаж хийвэл хөлийн булчин хөгжих вэ, гишгэдэл буруу бол яах вэ гэдгээ мэргэжлийн багш нар мэддэг. Тэр тусмаа балетын багш нар хүний анатомийг сайн мэддэг байх ёстой. Нийгэм одоо ч ороо бусгаа байна. Багшлах дипломтой бол сургалтын төв ажиллуулах эрхтэй. Анатоми мэдэхгүй, сурсан хэдэн хөдөлгөөнөө хүүхдэд заагаад алдаа гаргавал яах вэ. Зарим студи нэр төр, амбицийн төлөө хүүхдийг болоогүй байхад тэмцээнд оролцуулахаар хүнд дасгалаар шахдаг. Хүүхдийн эд эрхтэн хэрхэн ургаж төлждөгийг мэдэхгүй байж ачаалал өгвөл шөрмөсний гэмтэл авах эрсдэлтэй. Хариуцлагыг нь хэн хүлээх үү. Тиймээс балетын дугуйланд хүүхдээ явуулахаар төлөвлөсөн бол мэргэжлийн багшид ханд. Хэн багшийн шавь нар бэртэлгүй, хичээлдээ сонирхолтой байгааг судлаарай. Энэ бол өрсөлдөөн биш багшийн ур чадвар. Нөгөөтэйгүүр дугуйлангийн хүүхдүүд, консерваторийн сурагчдын хэмжээнд балет бүжиглээд эхэллээ. Сонирхогчдыг харсан консерваторийнхан “Мэргэжлийн сурагчид бид илүү хичээж,биеэ дайчлах ёстой, ажиллах хэрэгтэй” гэж өөрсдийгөө хурцалдаг.
-Балетын студи олноор байгуулагдан үйл ажиллагаа явуулах болжээ. Үүнийг хөгжил гэж үзэж болох уу?
-Балетын урлагийг монголчууд нэгэн үеэ бодвол ойлгодог, үздэг, хичээллэдэг болсон. Хожуу байна. Гэхдээ хожимдсон ч гэсэн олноороо сонирхож эхэлсэн нь сайн хэрэг. Урлаг биднийг жинхэнэ хүн болгодог. Сонирхсон хүн бүр балетаар хичээллэх бололцоо хомс байлаа. Одоо студиуд, бэлтгэлийн танхимууд олширжээ. Энэ хэрээр балетын бүжигчдийг гэх хүндлэл нэмэгдсэн. Одоо балетын бүжигчдийг хүмүүс таньж байна. Хэдхэн жилийн өмнө биднийг тайзнаас өөр газар хэн ч таньдаггүй байсан. Балетад дуртай, алгасалгүй үздэг хүмүүс шүтэн биширдэг бүжигчинтэй. Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тавьж буй бүжгэн жүжгийн тасалбар олдохоо больсон. Хорин жилийн өмнө ойр тойрныхоо хүмүүсийг балет үзүүлэх гэж гуйдаг байсан шүү дээ.
-Балетын урлагтай хувь заяагаа холбоод хэдэн жилийг үдэв?
-Би Хөгжим, бүжгийн коллежийн монгол бүжгийн ангийг 1993 онд төгссөн. Үндэсний, балет гээд бүх төрлөөр бүжиглэж чадаж байж мэргэжлийн бүжигчин болдог гэж ойлгодог. Дэлхийн хаана ч гологдохгүй бүжигчин болох зорилго тавьсан. Мөрөөдөлдөө хүрэх нэг алхам нь Дуурь, бүжгийн эрдмийн театрт балетыг мэргэжлийн өндөр түвшинд бүжиглэж сурах. Миний багш Баасанхүү тухайн үед театрын ерөнхий балетмейстер байсан. Дуурь, бүжгийн эрдмийн театрт орж, балетыг төгс сурах гэсээр байтал 20 гаруй жил өнгөрчээ. Энэ зуур 10 жил завсардаж БНСУ-д амьдарсан.
-Балетыг залуу биеийн эрч хүчээр гүйцэтгэдэг урлаг гэдэг. Та 30 жил формоо хадгалж чаджээ?
-Булчин шөрмөс чанга, бие махбод эрч хүчтэй зэргээс хамаараад залуу насандаа техник хийх нь илүү. Гэхдээ бүжиглэх сэтгэл, дотоод гал байсан цагт хүний нас хэд байх нь хамаагүй бүжиглэх л хэрэгтэй. Бүжиг насны биш сэтгэлийн зүйл. Оросын балетын домогт бүжигчин Михаил Барышников 75 насандаа АНУ-д тоглолтоо хийлээ. Миний харснаар, Барышников ид үе шигээ үсэрч, эргэлдэхгүй ч бүжиглэж байгаа нь л гайхамшиг. Бүжгийн хөдөлгөөнөө өөртөө тааруулаад гоё хийж байсан. Үүнээс илүү зүйл хэрэггүй гэдгээ мэдэж байна. Туршлага байна. Дотоод сэтгэлгээгээ биеэр илэрхийлж гаргаж чадаж байна. Барышниковын бүжиглэхийг хараад “Би хүүхдээрээ байна даа” гэж бодлоо. Наян нас хүрсэн ч миний бүжиглэх гал унтрахгүй. Бүжиглэж л байна.
-Та шавь нартаа техник заахаасаа илүү энэ их сэтгэлийн гал, зорилгодоо үнэнч байх зарчмыг суулгадаг уу?
-Сүүлийн үеийн бүжигчид залуу насны хүч, аагаар “олон эргэхсэн”, “тэгж үсрэхсэн” гэж техник хөөгөөд байна. Техник хөөцөлдвөл гимнастик, сэтгэлийн хөдөлгөөнөөр нүүрний хувиралдаа хэт анхаарвал жүжигчин шиг харагдана. Хөдөлгөөн, сэтгэлээ нэгтгээд зөв илэрхийлж, үзсэн хүнээ уярааж чадвал жинхэнэ бүжигчин болно. Жинхэнэ бүжигчин үзэгчийг тайвшруулж, аз жаргал бэлэглэдэг. Тэгэхээр мэргэжлийнхэн дотроо техник хийдэг, жүжигчин, жинхэнэ бүжигчин гээд ялгаатай байгаа биз. Тэр ялгааг шавь нартаа ойлгуулж, сэтгэлээсээ бүжиглэхэд сургадаг. Бүжиг бол дотоод сэтгэлээ үггүйгээр, уран яруу хүргэдэг ухааны урлаг.
Фэйсбүүк хуудас: G-River Ballet studio
Салбар 1: Баянгол дүүрэг, 6-р хороо, Чингүнжавын гудамж, Gem Mall худалдааны төв, 408тоот, утас: 77174615
Салбар 2: Хан-Уул дүүрэг, Жапан таун С3 зүүн талд "Four Seasons Wellness Center", утас: 77073377
Салбар 3: Хан-Уул дүүрэг, 23 хороо, Яармаг, Арцат Лакшари Виллаж, утас: 7733454
Цахим шуудан: bolor0176@gmail.com
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №016/24547/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна