Туркийн сонгууль дэлхийн стратегид нөлөөлнө


Туркийн Ерөнхийлөгчийн сонгуулийг олон улсад нөлөөлөх, 2023 оны хамгийн чухал үйл явдлаар нэрлэж байна. Өргөн зургаар харвал,  НАТО-гийн холбоонд Туркийн гүйцэтгэх үүрэг,  АНУ, Европын холбоо, ОХУ-ын харилцаа, дүрвэгсдийн бодлого, Украины дайнд Анкарагийн гүйцэтгэх үүрэг, Ойрхи Дорнодын аюулгүй байдал, Газар дундын тэнгис дэх хурцадмал байдлыг хэрхэн зохицуулах нь сонгуулийн үр дүнгээс хамаарна.  Одоогийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ирэх сарын 14-нд ялалт байгуулбал геостратегийн бодлогоо үргэлжлүүлэх юм. Барууныхан түүнийг бүс нутгийн сөргөлдөөнөөр тодорхойлдог, улс төрийн томоохон эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн, шашин шүтлэгийг улам бүр консерватив загварт шилжүүлнэ хэмээн эмээдэг.

  Сөрөг хүчин ба Европын холбоо

 Санал хураалт  Эрдоганы 20 жилийн засаглалын  хамгийн ширүүн үетэй давхацсан.  Эдийн засгийн буруу менежментээс үүдэлтэй хямрал, аймшигт газар хөдлөлтийн уршиг  нэр хүндэд нь сөргөөр нөлөөлжээ. Түүний өрсөлдөгч “Турк Ганди” хочит Кемал Кылычдароглугийн нам болох сөрөг хүчнийхэн улс оронд өөрчлөлт хийхээ амласан.  Кылычдароглугийн гадаад бодлогын зөвлөх Унал Чевикөз “Политико” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Авторитар засаглалаас  багаар ажиллах хэлбэрт шилжинэ. Холбоотнууд болон Европын  орнуудад Турк улс ардчиллын замд эргэн ирснээ зарлана. Кылычдароглу ардчилсан үйл явцыг хэрэгжүүлэх  багийн маэстро  байх болно” гэжээ. Туркийн сөрөг хүчнийхэн хууль дээдлэх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, шүүх эрх мэдлийг улстөржилтөөс ангид байлгах зорилгоор либераль шинэчлэл хийхээ  амласан. Мөн Курдын талыг баримтлагч Ардын ардчилсан намын удирдагч Селахаттин Демирташ, хүний эрхийн хамгаалагч Осман Кавала нарыг суллахыг шаардсан Европын Хүний эрхийн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх гэнэ. Анкарад шинэ засаг захиргаа тогтсон ч Туркийг Европын холбоонд элсүүлэх  яриа хэлэлцээрийг эхлүүлэхэд амаргүй байна. Туркийн улс төрийн хүрээнд барууны эсрэг үзэл хүчтэй  бүрэлдэн тогтсон. Эрсдэлийн шинжээч Вольфанго Пикколи “Туркийн гадаад бодлого эвслийн уялдаа холбооноос хамаарна. Энэ бол Эрдоганаас ангижрах  хүслээс өөр нийтлэг зүйлгүй намуудын нэгдэл.  Тэд тусдаа мөрийн хөтөлбөртэй байгаа нь гадаад бодлогод нөлөөлнө. Шинэ Засгийн газар байгуулсан ч дотоодын олон асуудалдаа анхаарна” гэжээ. Хэрэв сөрөг хүчин Засгийн газар байгуулбал Европын онцлогийг эрэлхийлнэ. Гэтэл шинэ Туркийг зохицуулахад Европын холбоо бэлэн биш байна. Ялангуяа Франц, Австри зэрэг улс Анкаратай харилцаагаа сэргээх хүчин чармайлтыг эсэргүүцсэн. Тэд Европын холбооны хэм хэмжээ, үнэт зүйлсээс татгалзаж, өөрийн гэсэн чиглэлийг баримталж буй, эвсэлд үл нэгдэх Турк улсад дассан. “Карнеги” судалгааны төвийн ахлах ажилтан, Туркийн дипломатч асан Синан Үлгэн “Итгэлцэл алдагдсанд бүгд буруутай. Туркийг элсүүлэхдээ үл тоомсорлож байгаа ч харилцан бие биенээ нөхөж,  ашигтай тогтолцоог бий болгоно. Гаалийн холбоо, вийз чөлөөлөх, уур амьсгал, аюулгүй байдал, батлан хамгаалах чиглэлээр хамтран ажиллах, дүрвэгсдийн хөдөлгөөний гэрээг батлах боломжтой.  Сөрөг хүчин Европын холбоотой 2016 онд байгуулсан цагаачлалын гэрээг эргэн харахыг эрмэлзэж байгаа. Европын орнууд Туркийг цагаачдын урсгалыг саатуулах боломжтой “Усан сан” гэж үздэг. Турк улс хилээ нээж, цагаачдыг Европ руу урсгах ёсгүй.   Энэ хандлагыг Анкарагийн эрх баригчид хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ. 

 НАТО-гийн гишүүнчлэлийн статуст анхаарал хандуулна

 Турк улс 2019 онд ОХУ-ын “С-400” пуужингийн системийг нийлүүлж,  АНУ-тай цэргийн харилцаагаа муутгасан. Үүний хариуд Вашингтон Анкараг “F-35” сөнөөгч онгоцны хөтөлбөрөөс хасаж, Туркийн батлан хамгаалах салбарын эсрэг хориг арга хэмжээ авчээ. Кылычдароглу болон Анкара дахь АНУ-ын Элчин сайд Жефф Флейк нарын өнгөрсөн сарын уулзалт Эрдоганы дургүйцлийг хүргэсэн.  Тэрбээр үүнийг сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэж буруутган, АНУ-ын Элчин сайдын яамыг хаалгаж, Вашингтонд сургамж өгөх хэрэгтэйг сонгогчдод уриалжээ.  ОХУ Украин руу довтолсны дараа Турк улс зуучлагчийн статусаа зарлаж, Москвад хориг тавихаас татгалзсан. Мөн Украины үр тарианы экспортыг Хар тэнгисээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн НҮБ-ын хэлэлцээрт зуучилжээ. Кылычдароглу төрийн эрхэнд гарвал Турк улс зуучлагчийн үүрэг гүйцэтгэж, үр тарианы хэлэлцээрийг сунгах нь гарцаагүй. Гэхдээ НАТО-гийн гишүүнчлэлийн статуст илүү  анхаарал хандуулна. Тийм тохиолдолд Москватай харилцахдаа эрх тэгш байдлыг эрэлхийлнэ.  ОХУ Туркийн харилцаа Ерөнхийлөгч В.Путин, Эрдоган нараас ихээхэн шалтгаалсан бөгөөд үүнийг өөрчлөх шаардлагатай гэж сөрөг хүчнийхэн үздэг.

 Газар дундын тэнгис бол  Туркийн гадаад бодлогын салшгүй хэсэг

 Турк улс Сирийн дөрвөн сая дүрвэгч хүлээн авсан бөгөөд амьжиргааны өртгийн хямралтай тэмцэж буй ард иргэддээ дарамт учруулсан.  Кылычдароглу Сирийн эдийн засгийг сэргээх, дүрвэгсдийг сайн дураараа нутаг буцах нөхцөлийг бүрдүүлэхээ амлажээ. Үүний тулд  Дамасктай яриа хэлэлцээр хийх шаардлагатай. Туркэд 10 гаруй жил амьдарсан Сирийн  дүрвэгсэд сайн дураараа буцах эсэх нь эргэлзээтэй. Эрдоган ч Сиритэй ойртохыг хичээж байгаа. Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Турк улс цэргээ бүрэн татсан  үед л Эрдогантай уулзахаа  мэдэгджээ. Кемал Кылычдароглу Асадтай тохиролцоонд хүрэх хүсэл эрмэлзэлтэй байна. Турк улс сүүлийн саруудад Гректэй таагүй харилцаатай болсон. Эрдоган Афин руу пуужин харвана гэж сүрдүүлсэн удаатай. Гэхдээ аймшигт газар хөдлөлтийн дараа Грекийн Гадаад хэргийн сайд Никос Дендиасын Анкарад хийсэн айлчлал хоёр орны харилцаанд шинэ дүр төрх үүсгэсэн.  2025-2026 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус суудлын төлөөх кампанит ажилд  Анкара Грект саналаа өгөх бөгөөд Грек улс Олон улсын далайн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргад Туркийг нэр дэвшүүлэх тохиролцоонд хүрчээ. Газар дундын тэнгис бол Туркийн гадаад бодлогын салшгүй  хэсэг.  Грекийн Батлан хамгаалахын сайд Никос Панагиотопулос, Цагаачлалын сайд Нотис Митарачи нар Туркэд айлчилж Газар дундын болон Эгейн тэнгисийг хоёр улсын  “Найрамдлын далай” болгохоо илэрхийлжээ.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №016/24547/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 16 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 19 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 19 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 19 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 19 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 20 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 21 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 21 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 21 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 21 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 21 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 21 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 21 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 21 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 21 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 21 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 21 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 22 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 22 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 22 цагийн өмнө