Хүмүүний амьдрал өдгөөгөөс үл хамааран өнгөрсөнд хийсэн үйлийн үрээр зөрөөд өнгөрөх бус зүсийг нь харахын төдий ч зурагдсан байдаг гэнэм. Урьдны ерөөлөөр уулзлаа хэмээн бэлгэшээдэг дээ. Ийм нэгэн бэлгэ ерөөлөөр зураач, яруу найрагч, уран бичээч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Г.Мөнхбаатартай ярилцсанаа эрхэм уншигч танд хүргэмүй.
-Илтэд зөн, мэдрэмж сэрж анхны зураас татсан тэр цаг үе рүү эргэн очвол?
-Миний хувьд зөн, мэдрэмж төрсөн үе гэхээс илүү өгөгдөл хаанаас байв гэдэг учиртай. Анх татсан зураасаа санахгүй юм. Сургуульд орохоос өмнөхөн надад авч өгсөн тавын дэвтэр, мужааны бүдүүн улаан харандаа миний урлан байлаа. Санаж байгаа анхны зураг морь. Аав уяач, өвөө уяач би хурдан морины хүүхэд. Морины “Мо” гэж дуудуултлаа морь зурах эхлэл тэнд л тавигдсан.
-“Амжилтын 99 хувь нь хөдөлмөр, нэг хувь нь авьяас” гэж ярилцдаг?
-Наад үгтэй чинь ерөнхийдөө санаа нийлнэ. Харин хөдөлмөр гэж яг хэлэх үү, үнэндээ хөдөлмөрлөөд байгаа ч юм байхгүй. Тэр уран бүтээлийг хийхгүй л бол санаа амардаггүй дур гэж юм байна. Нэг хувийнхаа авьяасыг тордох, дур төрөхгүй бол яах вэ. Хөдөөний хүүхдийн амьдрал бол завгүй өнгөрдөг өдрүүд. Гэтэл туйлдталаа ажиллачихаад орой лааны гэрэлд гоё санагдсан зургаа үргэлжлүүлээд зураад суух тэр эрчим хаанаас ундраад байна вэ. Бусдаас илүү эрчим нь дураас л ундраад байгаа хэрэг. Ер нь юм хийх гэж, бүтээх гэж төрсөн хүмүүст бусдаас арай илүү хөдөлмөрч зан буюу эрчмийг цаанаас нь заяадаг байх.
-Үүдэнд байгаа зургийг сая орж ирэхдээ харлаа. Хурдан морьдын жолоо цулбуурыг шувуу зуучихсан нисэж явах, агаарт хий тогтсон аргал дээр арц уугиулчихсан бололтой утаа суунаглах зэрэг сонин дүрслэлтэй юм?
-Энэ бол бэлгэ ерөөл, ёр тэмдэг. Монголчууд бид бэлгэ ерөөлийн ард түмэн. Сүүлийн үед бэлгэ ерөөлгүй болж шашинтай хольж хутгаад, мухар сүсгийн шинж маягтай яриад байдаг. Хүмүүн өөрийгөө мөн чанартай, амьдралыг утга учиртай болгох гэж олсон хийсвэрлэл. Бүх зүйлд хэт материалист хандах аваас амьдралын нэг өнгөө гээнэ. Морийг байгаагаар нь хараад зурах нэг өөр. Хийсвэрлэн сэтгэж мөнөөхөн хүмүүний амьдралын дом шившлэг, бэлгэ ерөөлийг шигтгээд өгчихөөр энгийн адууны дүрс уран яруу, шидэт реализм шингэсэн хурдан морины шүтээн хөрөг болоод хувирна. Айл гэрийн хамгийн хүндтэй хэсэг хойморт арц хүж, элдэв бэлгэдэл дүрстэйгээ залагдана. Мэдээж хүмүүс энгийн унааны морио зуруулахгүй. Баяр наадмын түрүү, тухайн жилийнхээ өм, азыг нээсэн, эр хүний цэнгэл баярыг эдлүүлсэн хурдан, хурц ажнайгаа л зуруулах нь лав.
-Таны зурсан морьдын нүд амьд мэт харагдах юм. Ер нь морь сэтгэлтэй биз дээ?
-Адуу ухаантай байлгүй яах вэ, тэр дундаа хурдан ажнай. “Морь нохой мэт үнэнч” гэж үг бий. Уралдаад ирсэн мориныхоо халуун хошууг илбээд зогсож ахуйд нүднийх нь тунгалаг, мэлмэрсэн харц ямар нэгэн юм хэлэх гээд байх шиг мэдрэгддэг. Тийм ч учраас морины нүдийг усан үзэм шиг цэлэлзтэл зурахсан гэж боддог. Жишээ нь, хэчнээн сайн зурдаг байгаад малтай харьцаж үзээгүй, морины сэтгэл мэдэхгүй хүн яаж амилуулж чадах вэ. Харин зайдан морины нуруунд холгосон халцархайгаар морины шорвог хөлс хүртэл биед нь нэвчсэн би морь зурвал нэг ондоо.
-Жолоо зуучихсан яваа шувууны тухайд би хурдан морь унаач хүүхдийг төлөөлүүлсэн юм уу гэж бодлоо?
-Хүмүүс тиймэрхүү зургийг хараад “Хэргээр маяглаад, хүний сонирхол татах, гоё сонин болгох гэж ядчих юм” гэж бодож магадгүй. Гэтэл тийм биш. Бид ардын өв соёл, монгол хүнийхээ сэтгэлээр сөхөөд бодоход өөрийн эрхгүй тэгж бүтээгдэнэ. Сул давхиж яваа хазаартай морь зурахаар хүүхэд нь ойчсон мэт бэлгэгүй л юм болно. Хүүхэд зурахаар хэний хүүхдийг зурах вэ, гоо зүйд таарах уу, шүтээн хөрөг болж чадах уу. Шүтээн хөрөг болгоё гэвэл уран сайхан ба гоо зүйг анхаарахаас аргагүй. Хүүхдийн оронд Монгол Улсын шүтээн шувуу, их эзнийхээ сүлдэнд мөнхөрсөн цагаан шонхрыг жолоог нь атгаад нисэж явбал ёстой бэлгэ ерөөл нь оршиж буй хэрэг. Хурдан морь унаач хүүхдийн цолонд ч хараацай шувууны нэр орсон байдаг.
-Шидэт реализм гэхээр нууцлаг, үл ойлгом, сонирхол татахуйц ертөнц төсөөлөгдөөд Габриел Гарсиа Маркесын “Зуун жилийн ганцаардал” роман л санаанд ороод байна?
-Би зургаа тодорхойлдоггүй. Хэл ус сайтай найз маань нэг “изм”-тэй юм хэлж байсан. Миний зурганд мориноос гадна амгай зуусан загас, хоёр ертөнцөд орших хүмүүсийн энэ ертөнцөд байхгүйг нь саарал, байгааг нь амьд өнгөөр дүрслэх, амыг нь хадгаар боочихсон хоёр үнэг, мөн амыг нь боосон хоёр шаазгай зэргээр дом, бэлгэдэл, ёр зөн, ардын аман яриатай хосолсон өгүүлэмжээр шидэт реализмийг илэрхийлдэг. Ингээд бодохоор монголчууд “Зуун жилийн ганцаардал”-д гардаг Макондо тосгоны ард түмэн шиг шидэт реализм дотор амьдарч байсан юм шиг. Байгаль, ан амьтдыг ажиглан цаг агаар, адал явдлаа зөн мэдрэмжээ алдсан нь өнөөгийн нийгэм хэр их мунхарснаас харагдах болов уу.
-Хэдэн жилийн өмнө бүтээсэн бүтээлээ хараад өөрөөр тайлбарлах тохиолдол байдаг уу. Нэг үгээр хэлбэл, өөрийгөө ахиад шинээр унших гэдэг ч юм уу?
-Урлагийн мөн чанар өөрчлөгддөггүй л юм бол яагаад өөрөөр тайлбарлана гэж. Урлагийн бүх л хэлбэр, тэр дундаа зургийн урсгалууд яг анх бий болсон үзэл санаагаа илэрхийлээд сонгодог утгаараа хөгжөөд явбал зүгээр санагддаг. Хэн ч ойлгохгүй юм хийчихээд тайлбарлаад зогсож байх чинь урлаг юм уу. Зургийн үзэсгэлэнд мэдрэмж авах гэж очдог болохоос ямар нэгэн өгүүлбэртэй бодлого бодох гэж ирээгүй. Хүн уран бүтээлийг хараад, сонсоод сэтгэлийн амар амгалан эс бөгөөс таашаал авдаг тэр сүнслэг мөн чанар нь яах билээ.
-Бид бусдаас өөр юм гэсэндээ биш, монгол хүнээс төрсөн уран бүтээл их л уянгалаг, ахуйлаг санагдаад байдаг. Эсвэл би монгол хүн болохоор тэр үү?
-Монгол хүн мэдэрдэг, ойлгодог байхаас аргагүй. Ахуй нь бодох, эргэцүүлэх, дүн шинжилгээ хийхээс аргагүй байдал руу шахдаг. Хонь хариулаад, адуу хураагаад явж байхад эрхгүй бодол, эргэцүүлэлд автчихсан явдаг. Тэр байгалийн гоо сайхныг харж, морин дэлнээ сэнгэнэтэл исгэрч яваа хүн уртын сайхан дуу зохиохгүй гээд яах вэ. Хонины бэлчээрт өдөржин ганцаар яваа хүн хорвоо ертөнцийн тухай бүтэн бясалгаж үлгэр домгийг зохиохгүй гээд яах вэ. Миний уран зохиолын багш Төрийн соёрхолт зохиолч Д.Батбаяр “Хонь намайг зохиолч болгосон” гэж хэлсэн байдаг.
-Хэт өндөр мэдрэмжээ яаж, хэрхэн ашиглахаа мэдэхгүй хүн зовохоос хэтэрдэггүй л гэдэг. Яруу найраг, уран зураг тэр дундаа шидэт реализмтай хослохоор мэдрэхүйн хязгаараас чанад...?
-Бурхнаас заяамал эрчимтэй хүмүүн оргүй хоосноос ямар нэгэн зүйл бий болгохыг уран бүтээл гээд байгаа юм. Зохиолч, хөгжмийн зохиолч, яруу найрагч гэсэн хэдхэн төрлийн уран бүтээлч бий. Жүжигчин, дуучин зэрэг хүмүүс уран бүтээлч гэх нь жаахан утга авцалдаагүй. Миний уран бүтээл олон салаа мөчиртэй. Зураг, уран бичлэг, шүлэг, яруу найраг бас ч найранд гурван дуутай гэх мэт. Анх Д.Батбаяр багштай уулзахдаа яруу найраг гэдгийг нийт массын уншдаг, цээжилдэг, “Болор цом”-ын тайзнаа уншигддаг шүлгүүдээр л төсөөлчихсөн, Б.Лхагвасүрэн эгчийн “Сэлүүн орчлонгийн сиймхийд” гэдэг уншсан ганц номтой, уран зохиолын багш нарын зааснаар олж авсан анхны мэдэгдэхүүнтэй байлаа. Багш миний уншсан шүлгүүдийг сонсоод “Чи энэ маягаар бичээд “Болор цом”-ын эзэн болж болно. Эсвэл энэ урланд суугаад жинхэнэ уран зохиолч болж болно, өөрөө мэд ” гэсэн. Тэр үед би СУИС-ийн дүрслэх урлагийн сургуулийн гуравдугаар дамжаанд орчихсон, сонссон дуулсан юмтай, үзсэн харсан чамлахааргүй, уран бүтээлч хүний мөн чанарт нэвчих ойлголттой болчихсон байсан. Надад багшийн жинхэнэ уран зохиолч болох уу гэдэг үг таалагдаад шууд л зөвшөөрч билээ.
-Уран бүтээлчийн зовлон жаргалыг ойлгочихсон байжээ гэдэг ойлголт л толгойд бууж байна. Тэгээд?
-Тэр өдрөөс хойш бичиж байсан юмныхаа учрыг ч олохоо байв, багшийн юу хэлэх гээд байгааг ч ойлгохоо больчихсон. Багшийн уншиж судал гэж даалгасан бүрийг ягштал биелүүлээд л явлаа. Гэтэл нэг өдөр багш “Хэрвээ чи авьяастай бол, хорвоо дэлхий тэр чигээр чиний хувьд яруу найраг болж хувирна, авьяасгүй бол энэ чигээрээ дүлийрээд сайн уншигчийн хэмжээнд үлдэнэ” гэсэн. Уран бүтээлч хүний мэдрэмж сэрэхүйтэй болохгүй л бол мянга уншиж судлаад юу ч гарахгүй. Бүтэн жил янз бүрийн юм бичсэн ч өнгө, эвээ олж, уран зохиолын шалгуур, хэмжээнд хүрч чадахгүй яваад л байлаа. Хавар боллоо, гэнэтхэн л баахан шүлэг бичсэн, нэг ном болгочих хэмжээний. Миний багшийн багш Д.Намдаг гуайн “Авьяас гэдэг эмзэглэл” юм гэсэн гайхалтай үг бий. Аль ч сургуулийн сурагчийн ширээн дээр байдаг “Би чамд хайртай” гэдэг гурван үгийг хараад л төрөх...
Би чамд хайртай гэж
Бичгийн ширээнд минь сийлсэн байна
Би нь чи байгаасай... гэж өгүүлэх эмзэглэл эсвэл мэдрэмж байхгүй бол уран бүтээл төрөх боломжгүй юм л даа.
Ухаарваас...
Утгын чинадад хүрэх гэж
Үг сэмлэхээ болино
Уснаа...
Хувцасаа тайчих модод, шаргал өнгөтэй
Надад нэг тийм өвгөн бодол үүрэлчихээд
Тархинд минь хөлөө бээртэл зогсоно
Бодохоос...
Олон хавар хайрласан гэж итгүүлэхүй
Урьдын учралаа мартмаар....
2009.05.29
Монголын зохиолчдын эвлэлийн ...тоот. Агуу Д.Пүрэвдоржийн албан тасалгаа байсан энэ өрөөнөөс уран бүтээлчийн онгод хийморьтой ярианд хөглүүлчихсөн хөөрүү амьтан л гарч ирлээ.
Хаврын сүүл сар гэхэд цас малгайлаад л ...
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №016/24547/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна