Төрийн соёрхолт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатартай ярилцлаа. Он цагийн нухчаанд омголон ир нь дарагдан амьдралын эргэх хүрдийг зөөллөхдөө гагцхүү уран бүтээлдээ чин үнэнчээр зүтгэж яваа түүний энэ л цагийн сэтгэл, зүтгэл, мэдрэмжээс нь хуваалцсанаа хүргэе.
-Таны 30, 40, 50 настайдаа ямархуу араншин, дүр төрхтэй байсныг уншигчид мэднэ. Харин 60 гарсан Төмөрбаатарын дотоод ертөнц, уран бүтээл ямар байгааг гадарлах ч үгүй байх. Тиймээс тантай ярилцахаар зорин ирлээ. Та энэ насандаа уран бүтээлийн хувьд сэтгэл хангалуун, дүүрэн явж чадаж байна уу?
-Би урлагт 47 жил зүтгэлээ. Социалист системийн үед урлагт биеэ хайрлахгүй зүтгэнэ гэсэн чин зорилготой. Нэгдүгээрт урлагийг, хоёрдугаарт гэр бүлээ эрэмбэлдэг байжээ. Өнөөдөр цаг үе өөрчлөгдсөн учраас нэн тэргүүнд гэр бүл, хань ижлээ хоёрдугаарт, уран бүтээлдээ анхаарал хандуулж байна. Тэглээ гээд би уран бүтээлээсээ хазайсан, холдсон зүйл байхгүй. Ганцхан нас ахисан болохоор залуу үеийнх шигээ гол дүрд тоглох нь ховордоод аав, өвгөн эсвэл тэтгэвэрт гарсан хөгшний дүр бүтээж байна. Гэхдээ жүжиг бол өөр шүү. Тайзан дээрээ би 18 настай хүний дүрд ч тоглож чадна.
Жүжигчин хүний сэтгэхүй л байвал бүх зүйл болно. Жүжигт амьд харилцаа үүсдэг болохоор хэнийг ч гаргаж ирж болно. Харин хальсан дээр буулгадаг кинонд үрчгэр хорчгор, буурал үс гээд бүгд харагддаг учраас 18 настай хүний дүрийг бүтээх боломжгүй. Тэгээд ч би бараг XIX зууны хүн шүү дээ. Над шиг нийгмийн өөрчлөлтийг үзсэн хүн сайн, муугийн ялгааг гадарлана. Аль нь ард түмэн эсвэл хувь хүний талд өгөөжтэй байсан юм бэ гэдэг мэдрэмжүүд тогтжээ. Одоо үүнийгээ тайз, дэлгэцийн бүтээлд тоглохдоо гаргаж байна. Өнгөрсөн хугацаанд гадаад, дотоодын жүжгүүдэд тоглолоо. Тэр болгондоо би социализмын үед ямар байсан, өнөө цагийн ардчилсан Монгол ардчиллын чиг зорилгодоо нийцэж байна уу үгүй юү гэдгийг иргэн хүнийхээ хувьд дүгнэж, болохгүйг нь шүүмжилж, бүтэж байгааг нь магтах тал руу нь дүрүүддээ шингээн тоглож байна.
-Орчин цагийн найруулагчдын өнгө төрхийг мэдэрч, өөртөө шинэчлэл хийж чадаж байгаа уран бүтээлчдийн нэг нь та. Тэдэнтэй ингэж дасан зохицохдоо өмнө нь тогтсон олон зүйлээ өөрчлөх шаардлагатай тулгарах юм уу?
-Хэдэн ч уран бүтээлд тоглосон Төмөрбаатар Төмөрбаатараараа л байна. Ганцхан тухайн дүрийн дотоод хүн чухам ямар үзэл бодол, чиг зорилготой юм бэ гэдгээрээ л ялгарна. Биднийг оюутан байхад сайн хүний дүрд тоглохын тулд мууг нь олж мэд. Муу хүний дүрд бол сайныг нь мэдэж тоглох ёстой гэж заадаг байсан. Үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөх шигтгээсүүдийг дүрдээ шигтгэж, энэ цагт төрсөн мэдрэмжээ бүтээлээрээ илэрхийлсэн нь хүмүүсийн зүрхэнд тусаж байвал дүрээ сайн гаргажээ гэж бодно. Жүжигчний мэргэжил оюун санааных. Болохгүй байгаа хүнийг юунаас ч айлгүйгээр шүүмжилж чаддаг байх ёстой. Тэгж чадвал уран бүтээлч гэдэг нэрийг зүүж, авч явж чадна. Тэгэхгүй нэг намыг магтаад, үйлчлээд байвал бүтэхгүй биз дээ. Өнөөдөр олон намын тогтолцооны үед ганцхан намын талаар сурталчилбал суганы үс гэдэг бил үү, цүнх баригч нь болно. Тийм учраас уран бүтээлч хүн гэдэг бол улс орны хөгжил, ард түмний амьдралд болж байгаа эсвэл бүтэхгүй зүйлийг гаргаж ирэх үүрэгтэй.
Би урлагийн байгууллагуудад ажиллаж байгаа хүмүүст “Та нар битгий нэг хүнийг магтаад байгаач. Тэр хүн чинь юу ч хийхээс буцахгүй хулгайч, луйварчин байвал яах вэ. Мундаг, шударга хүн байлаа гээд бодоход дэмжиж болно. Гэхдээ уран бүтээл болгондоо тэр хүнийг магтах шаардлагагүй биз дээ. Бид чинь нийгмийнхээ сайхан муухай болгоныг анзаарч, бодлоготойгоор уран бүтээлдээ шингээж гаргах үүрэгтэй хүмүүс шүү” гэж хэлдэг.
-Гэхдээ таны хэлдгээр хэн нэгнийг дагаж, магтсан нь амьдрал дээр илүү хожоод байгаа юм биш үү?
-Хожно гэдэг мөнгөтэй болно гэсэн үг. Түүнээс биш юу “хожоод” байна вэ гэдгээ ухаарах хэрэгтэй байхгүй юу. Амьдралд хэрэгтэй мөнгөө олж авч хожлоо гэж бодоход хожим тэр нь улс орны тусгаар тогтнол, эрх чөлөөнд тус болж байна уу, хор болж байна уу гэдгийг бодох ёстой. Мөнгө олох хамаагүй ээ. Олдоно шүү дээ. Улс орон, эрх чөлөө хэзээ ч дахиж олдохгүй. Өнөөдөр монголчууд өчнөөн олон хуваагдчихаад байна. Америкийг дагасан троллууд, Монголын үндсэрхэг үзэлтнүүд ч гэж байх шиг. Энэ бүхэнд урлаг үйлчлээд байх юм бол хор хөнөөл ихтэй. Бид олон ургалч сэтгэлгээтэй, эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө зүтгэх зүрх сэтгэлтэй байх үүрэгтэй хүмүүс.
Би чөлөөт уран бүтээлч
-Магадгүй энэ бодол таныг чөлөөт уран бүтээлч болох сонголтыг хийлгэсэн байх. Хэрвээ аль нэг байгууллагад харьяалагдвал тэр газрынхаа чиг шугамыг дагах шаардлагатай...
-Би чөлөөт уран бүтээлч. Драмын театрын жүжигчин боллоо гэж бодоход тэндээс гаргасан уран бүтээлд тоглоно. Нэг бодлогыг дагах шаардлага үүснэ. Гэтэл Монголд олон асуудал байна. Тийм учраас чөлөөт уран бүтээлч болох замыг сонгож зөв санаатай янз бүрийн үзэл бодлыг уран бүтээлээрээ илэрхийлэхийг хүссэн. Үүнийгээ ч уран бүтээлч хүний хийх ёстой ажил гэж боддог. Өнөөдөр ард түмэн жүжигчдийг сонгуулиар мөнгөний төлөө явдаг, аль дээхнэ талд нь байгаад үйлчилдэг гэж муугаар боддог болчихож. Энэ нь ч үнэн, худлаа зүйл биш.
-Та тэднээс өөр байж чадсан юм уу. Нэг нийгэмд л уран бүтээлээ хийж байгаа биз дээ?
-Би олон хөдөлгөөнд оролцож байсан. Ардчилсан намд 22 жил зүтгэсэн. Гэхдээ би ийм ардчиллыг хүсээгүй. “Та нар ардчиллынхаа чиг шугамаас хазайлаа. Тийм учраас Ардчилсан намд зүтгэх сонирхолгүй болчихлоо” гээд Ардчилсан намаас гарсан. Хувьсгал, эсвэл хөдөлгөөн өрнүүлээд хэдхэн хүн баяжиж, үзэл бодол нь хазайгаад, хазгай гишгээд, зөвхөн баяжих, эрх мэдэлтэй байхын төлөө явсан болохоор надад таалагдаагүй юм. Анх бид талбайд жагсахдаа тусгай хангамжийг халъя, эрх мэдэлтнүүдийн хэтийдсэн эрхийг болиулъя, ард түмэнтэйгээ байя гэсэн том лоозон, чиг зорилготой гарч ирсэн. Тэгсэн одоо ямар байгааг харахгүй юу, та нар. Үүнд иргэн хүнийхээ хувьд сэтгэл дундуур байдаг.
Ард түмний амьдрал ямар байна. Тийм учраас 1990-ээд оноос энэ байдлын талаар уран бүтээлдээ оруулахыг хичээж ирсэн. Миний тоглосон “Бурхан өршөө” уран сайхны киноны дүр бол аль ч намд хамаатай үзэгдэл. “Авсан бол өгч сурах хэрэгтэй” гэдэг бичигдээгүй дүрэм бий. УИХ-ын гишүүд авлига, хээл хахууль, нүүрсний хулгай гээд олон хэрэгт холбогдож байна. Үнэхээр хэрэг хийгээгүй бол УИХ-ын гишүүнээсээ татгалзаад шалгуулах хэрэгтэй. Үхэхдээ эрх мэдэл, мөнгө төгрөгөө аваад үхэхгүй биз дээ. Улс орныг удирдана гэдэг миний хувьд зөвхөн улс орныг удирдах асуудал биш. Ард түмний амьжиргаа хэрхэн сайжирч байна, ард түмэн хэрхэн аз жаргалтай болж байна вэ гэдэг хэмжүүрээр төр улсыг авч яваа хүмүүсийн ажлыг дүгнэх болохоос энэ төчнөөн тэрбум төгрөгтэй юм билээ гэдгээр хэмжигдэхгүй. Энэ л хамгийн чухал нь байхгүй юу. Тийм учраас сүүлийн үед нас ахиад л юм уу, жагсаал цуглаанд оролцохоо больсон.
-Яагаад?
-Залуучуудын дунд сонин сэтгэхүй бий болсон юм билээ. Хөгшчүүлийг үхээсэй, тэдэнгүй болбол бид улс орноо хөгжүүлнэ гэсэн бодолтой хүн олон болчихож. Би хөгшин хүн. Гараад үг хэлсэн ч сонсох нь хэр олон байгаа бол гэдэг бодол орж ирэх болсон. Гэтэл Орос, Хятад улсыг хар л даа. 50-аас дээш насны гэр бүл, ажил төрөл нь тогтвортой болсон хүмүүс төр улсаа удирдаж байна. Харин манайд мөнгө, эрх мэдэлтэй болох гэсэн шуналын туламнууд гүйгээд байна шүү дээ.
Улс орноо өрнөөс нь гаргачих юмсан гэсэн бодолтой нэг ч хүн алга. Хэрвээ энэ хүмүүсийн янз бүрийн банкнаас зээлсэн, хулгай луйвар хийсэн, энэ тэнд нуусан хөрөнгө мөнгийг нь хурааж чадвал ердөө гуравны нэгээр нь л улс орны өрийг дарна. Үлдсэнээр нь цэцэрлэг, сургууль, эмнэлгээ нэмж барих хэрэгтэй байхгүй юу. Бид улсаа аж үйлдвэржүүлэх ёстой. Социализмын үед хивс, нэхмэл, даавуу, гутлын үйлдвэртэй байсан юм шүү дээ, манай улс. Үгүй хийсэн болохоос биш. Тэр битгий хэл Азийн зарим улс оронд гутлаа экспортолдог байлаа. Гэтэл одоо уул уурхай гээд л гүйгээд байна. Одооноос аж үйлдвэржсэн орон болж, цэцэрлэгт байхаас нь хүүхдэд эх орон гэж юу болох талаар ойлгуулахгүй бол хүнд байдалд ороод байна. Тэглээ гээд би ганцаараа мянга орилоод юу хийж чадах вэ дээ.
-Би тантай уран бүтээлчийн хувьд ярилцахаар ирсэн. Гэтэл та хувь хүний үзэл бодлоо илэрхийлэхээр яалт ч үгүй улс төр рүү хазайчихаад байх юм?
-Үгүй ээ, энэ бол уран бүтээлчийн мэдрэмж байхгүй юу. Энэ цаг үед юу мэдэрч байгаагаасаа тантай хуваалцаж байна. Уран бүтээлч хүн ийм мэдрэмжтэй байх хэрэгтэй. Бас наадах цаадахыг ухаж ойлгох ухаантай байх ёстой юм. Уран бүтээлч хүн нийгмийн хөгжлөөс нэг алхмын урд явдаг байх ёстой гэдэг тал дээр хувь хүн, уран бүтээлчийн хувьд ойлгож мэдэрснээ ярьж байна.
-Уран бүтээлчид таны хэлээд байгаа үүргээ биелүүлж чадаж байгаа юу?
-Чадахгүй байгаа. Хошин шог, хайр дурлал, алаан хядаан, зодоон цохион... Тэд уран бүтээлээ ийм маягаар хийж байна. Гэтэл нийгэмд болохгүй, бүтэхгүй байгааг зоригтой шүүмжилсэн хүн алга. Зоригтой шүүмжилж байгаа уран бүтээл ч хийхгүй байна.
-Та урлагийн гал тогоонд нь байгаа хүн. Юунаас болж чанар, чансаатай уран бүтээл гарахгүй байна гэж боддог вэ?
-Төрийн бодлого, мөнгө санхүү байхгүй. Улсын долоо, найман урлагийн сургуультай. Тэнд нь авьяастай, авьяасгүй хүмүүс хичээл зааж байна. Төгсөөд юу хийх нь мэдэгдэхгүй авьяастай, авьяасгүй оюутнуудтай. Сургуулиа төгсөөд тэдэнд ажиллах фронт байхгүй. Улаанбаатарт ганцхан драмын театртай, театр нь гучин хэдэн жүжигчинтэй. Гэтэл жилд 240 жүжигчин төгсөж байна, оператор, найруулагчийг оруулаагүй тоо шүү. Тэгсэн мөртлөө кинонд тоглох дүр хайж байна гэсэн зар явуулаад байдаг. Энэ чинь дампуурал.
Уран бүтээлчийн төвлөрч ажиллах бодлогыг үгүй хийж байна. Өөрөөр хэлбэл, өв соёлоо хавтгайруулж байна. Тэгээд л устана. Тэнд төгсөж байгаа чанаргүй хүмүүс кино хийдэг. Уран бүтээлийн үзэгчдэд хэлэх гэсэн санаа ядмаг. Одоо бол мэргэжлийн бус хүн ч кино хийж байна. Тэгэхээр нэгдсэн бодлогогүй хүмүүс чинь юугаа хэлэх вэ дээ. Социализмын үед атар газар эзэмших тал дээр хүмүүсийг уриалан дуудсан кино хийдэг байлаа. Янз бүрийн чанартай уран бүтээлийг зориуд, бодлогоор хийдэг байсан. Гэтэл одоо нэгдсэн бодлого алга.
Энэ нийгэмд чинь алдаатай хүн ярьж болдоггүй юм уу
-Таныг ингэж хэлэхээр хүмүүс шүүмжилнэ дээ?
-Хамаагүй ээ. Үнэн юм чинь яах юм бэ. Намайг шүүмжилбэл шүүмжилнэ биз. 67 настай хүн юунаас айх вэ. Чи ийм алдаатай хүн байж ярилаа гэж хэлбэл хэлнэ биз. Энэ нийгэмд чинь алдаатай хүн ярьж болдоггүй юм уу.
-Бид голдуу болохгүй, бүтэхгүй зүйлийн талаар ярилаа. Болж байгаагийнх нь талаар ч гэсэн ярья л даа?
-Болж, бүтэж байгаа зүйлүүд бий. Энэ бол хөгжлийн явц. Манай киночид олон улсын тайз дэлгэцийн өрсөлдөөнд “алхаад орчихлоо”. Олон улсын дэлгэцийн бүтээлүүдтэй өрсөлдөж чадаж байна. Монголын соёлыг дэлхий дахин хэрхэн хүлээж авч байна вэ гэдэг тодорхой жишээ нь энэ. Бас энэ бол манай киноны уран бүтээлчдийн амжилт. Дандаа муу уран бүтээлчид байна гэж юу байх вэ. Гэхдээ л дахин хэлмээр байна, манайд төрийн бодлого, мөнгө санхүү хоёр үнэхээр дутагдаж байна.
-Та төрийн бодлого алга л гэх юм. Соёлын яам энэ чиглэлд ажиллаж байгаа шүү дээ.
-Соёлын яам дорвитой ажил хийхгүй байна. Харин Кино урлагийн зөвлөл байгуулсан нь дажгүй ажиллаад байх шиг санагдаж байгаа. Гэхдээ би Кино урлагийн зөвлөлийн анхдугаар чуулганых нь үеэр “Та нарын бүрэлдэхүүн таалагдахгүй байна” гээд хэлсэн. Яагаад гэвэл олонх нь санхүүгийн чиглэлийн хүмүүс байсан. Тэд мөнгө бодно уу гэхээс уран бүтээлийн талаар бодохгүй.
-Тэр зөвлөлд нь та багтсан уу?
-Үгүй, багтах ч шаардлагагүй биз. Хүний дуртай юм хэзээ ч өөрчлөгддөггүй. Би нийгмийн шилжилтийн үед хоёр, гурван жил вагонд наймаа хийж үзсэн. Урлагтаа эргээд ирсэн. Урлаг бол миний баяр баясгалан, аз жаргал, амьдрал минь. Хүүхдүүддээ уламжлах өв юм. Энэ олон жил ажилласны хувьд хүн өөрийнхөө мэргэжилд дурлах хэрэгтэй, хайрлах ёстой. Тэгж чадвал амжилтад хүрнэ. Тийм учраас би шавь нартаа “Дурла, мэргэжлээ хайрла. Чиний үе ирэхэд амжилт гаргасан байна” гэж хэлдэг.
-Таны хүүхдүүдээс урлагт яг тэгж дурлаж байгаа хүн бий юү?
-Миний том охин жүжигчин болно гээд дурласан, хайрласан. Гэхдээ би жүжигчин болгоогүй. “Энэ цагт эмэгтэй хүн жүжигчин болох хэрэггүй. Залуу насны л ажил. Жаахан нас ахиад ирэхээр чамд ажил олдохоо болино. Өөр мэргэжил сонго” гэсэн. Энэ жил Тайванийн их сургуулийг олон улсын менежмент, эдийн засгийн мэргэжлээр суралцаж магистраа хамгаалаад ирлээ.
Миний дунд охин манайхны генийг өвлөсөн юм шиг. Бүжиглэнэ, маш гоё зурдаг. Энэ жил арванхоёрдугаар ангиа төгсөөд Канадын үндэсний их сургуулийн урлагийн ангид 100 хувийн тэтгэлэгтэйгээр сурах гэж байна. Охин маань Т.Анар ахынхаа кинонд тоглосон. Ах нь “Юм байна шүү” гэж хэлж байна билээ. Дүү нь учраас сайн гэсэн ч байж магадгүй. Гэхдээ бүх зүйлийг цаг хугацаа харуулна. Бага хүү маань 11 настай. Жүжигчин, эсвэл цагдаа болно гээд л ярьдаг. Би хүүхдүүдээрээ, гэр бүлээрээ бахархдаг. Аавынхаа мэргэжлийг өвлөж авснаараа бахархдаг. Аав, ээжийнхээ нэрийг өдий хүртэл шороотой хутгаагүйгээрээ бахархдаг.
Хүмүүсийн надад хийсэн гэм зэмийг уучилж чаддаг болсон
-Ааг омогтой нас алсраад ирэхийн цагт юу бодогдож байв?
-Явсан мөрөө эргэж харахаар зөөллөж явдаг болдог юм билээ. “Би тэр үед тэнэг байжээ. Арай ч ширүүн байж. Тэгэхгүй ч яав даа” гээд юмыг өнгөрөөж сурдаг юм байна. Хүмүүсийн надад хийсэн гэм зэмийг уучилж чаддаг болсон. Бас энэ хорвоогоос яван явтлаа уран бүтээлээ л хийх юмсан, бусад нь ч яамай гэж бодогддог болдог юм байна.
-Аав, ээж тань бодогдох юм уу?
-Бүр илүү бодогддог юм байна. Би аавынхаа насалсан наснаас өнгөрөөд явж байна. Гэхдээ ээжийнхээ насанд хүрээгүй. Ээж минь ааваас минь хойш ганц бие олон хүүхэд тэжээж өсгөхдөө ингэж бодож байсан байх даа гэж бодогддог болж.
-Та намайг багад аав маань өнгөрсөн гэсэн. Ах, дүү та тавыг өсгөсөн ээжийнхээ ачийг жаахан ч гэсэн хариулж чадсан болов уу?
-Манай ээж ааваас 37-хон насандаа бэлэвсэрч хоцорсон. Би аавыгаа өнгөрөхөд долоон настай байлаа. Ер нь аавыгаа мэдэхгүй. Ээжийн яриа, киноноос харснаар ийм хүн байж дээ гэж бодогддог. Ээж маань аавыг өнгөрснөөс хойш хүнтэй суугаад хоёр хүүхэд төрүүлсэн. Энэ хугацаанд биднийг хүн шиг хүн болгож хүмүүжүүлсэн дээ. Амьдралд өөрийгөө авч явах ухаан суулгасан. Ээж минь хүүхдүүдээ бүгдийг нь дээд сургуульд оруулсан. Манай хамгийн том ах талийгаач болсон л доо. Уул уурхайн инженер хүн байсан. Түүний дараагийн эгч маань концертмейстер. Тэгээд би. Бид хоёрын дунд нэг охин байсан ч өнгөрчихсөн юм. Тэгээд Төмөрхуяг.
Дараа нь Төмөрсүх Киевийн дуурь бүжгийн театрт хүүтэйгээ хамт бүжиглэж байгаад дайнтай холбоотойгоор эх орондоо ирсэн. Хамгийн бага нь Бэрцэцэг гээд охин бий. Тэр Польшид ажиллаж, амьдардаг. Тэгэхээр ээж минь санаа нь зовохгүй өнгөрсөн байх гэж боддог. Хүн хожим нь аав, ээжийгээ тэгдэг байж гэж харуусдаг болохоос биш эхийн тусыг хариулна гэдэг хүний амнаас гарамгүй үг байхгүй юу. Гэхдээ ээжийгээ айхавтар зовоогоогүй гэж боддог. Ээждээ маш их харуусдаг. Тэр залуугаараа бэлэвсэрч хоцроод ямар сэтгэлийн тэнхээгээр амьдарсан юм бол доо гэж боддог.
-МАХН-ын гишүүн болсон нь таны аав, ээжтэй холбоотой гэдэг. Энэ талаар ярьж болох уу?
-Ардчилсан намын батлахаа өгөөд гэртээ бичиг цаасаа цэгцэлж байсан чинь аав, ээжийн маань намын батлах гараад ирсэн. Дээхнэ үеийн хүмүүс чухал зүйлээ уутлаад зүүдэг байсан шүү дээ. Ээж минь намын батлахаа яг тэгж хадгалсан байсан юм. Тухайн үед аав, ээжийгээ бодоод нулимс гармаар санагдсан. Аав, ээж маань ийм сэтгэлтэй явсан байхад би яагаад энэ намд орж болохгүй гэж бодсон. Тэгээд 2016 онд Н.Энхбаяр даргатай уулзаад намын гишүүн болж УИХ-д нэр дэвшсэн. УИХ-ын гишүүн болж урлаг, соёлоо хөгжүүлье гэж бодсон. Даанч дийлээгүй. Хүмүүс намайг ялсан намын талд ордог гэж ярьдаг л юм. Түүндээ гол нь биш. Хүний үзэл бодлыг хэн ч өөрчилж чадахгүй. Бас нэг зүйл байна.
-За?
-Монгол Улсын иргэдийг бүгдийг нь төмрөөр хуурдаг болсон. Энгэрт нь шармал төмөр зүүвэл нөгөөдүүл нь баярлаад “Насаараа ажилласан зүтгэлийг төр маань үнэллээ” гээд уйлаад суудаг. Гэтэл түүнийгээ яг хийж байгаа хүмүүст нь өгдөггүй. Танил тал, мөнгө төгрөг, тал тохой татсан, өөрт нь ашигтай бол Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Гавьяатыг нь өгч байна. Би өөртөө үнэхээр гутардаг, харуусдаг. Өчнөөн жил урлагт зүтгэлээ. Өнөөдрийн хувьд би их муу жүжигчин болсон. Өөрийнхөө хийснийг одоо Ардын жүжигчин болсон хүний бүтээсэнтэй харьцуулаад үзэхээр гутдаг, гутардаг. Би яах гэж энэ бүхний төлөө зүтгэсэн юм бол доо гэж боддог. Бас аль намд нь сайн байх ёстой байсан юм бол доо гэж боддог юм шүү дээ. Мэдэхгүй, би энэ төр, улсад таалагддаггүй хүн шиг байгаа юм.
Би дүүгээ Монголын нэг номерын жүжигчин гэж бардам хэлнэ
-Энэ таны олон жил тээж яваа бодол уу?
-Би 1982 онд Төрийн шагнал авсан. Түүнээс хойш олон ч кинонд тоглолоо. Бүтээсэн дүрүүд маань ард түмэнд их таалагддаг. “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Жамух, “Мандах нарны туяа” киноны Сью Шүжан, сүүлд Цэдэнбал даргын дүрийг бүтээсэн. Франц, Япон, Хятад, Солонгостой хийсэн кинонуудад оролцон тоглосон гээд бодохоор үнэлэлт дүгнэлт нь гайгүй. Гэхдээ байж байж 2009 онд би Гавьяат жүжигчин болсон. Олон хүний “гавьяа зүтгэлээр” би шагналаас мултарч, хойшлогдож явсан. Манай эгч, дүүд Гавьяат жүжигчин өгдөггүй. Миний дүү Монголдоо нэг номерын жүжигчин гэж бардам хэлнэ. Гэтэл саяхан л Гавьяат жүжигчин боллоо. Манай эгчид гавьяа шагналыг нь бүр өгөөгүй. Тэр нь надтай холбоотой байх л даа. “Цагааны Цэгмидийн хүүхдүүд заавал гавьяатай байх ёстой юм уу” гэдэг яриа хүмүүсийн дунд, ялангуяа урлагийнхны дунд тархсан.
Өнөөдрийг хүртэл үнэнийг нь хэлдэг байсан болохоор магадгүй хорссон байх. Би чинь жаахан ширүүхэн гар байсан. Хүмүүсийн дургүйг нь ч их хүргэсэн. Өөртөө олон дайсан бэлдсэн. Тэр битгий хэл Хонхэрэйдийн Энхбат манай аавыг Хятадын эрлийз гэж хуцсан шүү дээ. Цагаан гэдэг нь хятад нэр юм гэнэ. Миний аав Цагаан бандийн Батсүх гэдэг нэртэй байсан. Гучин хэдэн онд Банди гэдэг нэрийг хасаж байсан, дээр нь нэр хүндэдсэн учир Цагааны Цэвэгмид болсон. Цэрэгт явахад нь аавын нэрийг Цагааны Цэгмид болгож бүртгэсэн гэдэг. Цагаан банди гэдэг нь даншгийн арслан, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат Цагаан арслан гэдэг хүн байхгүй юу. Миний өвөг эцэг. Тэгсэн Энхбат их мэдэмхийрч байна билээ. Тэр дэмийрэл хүмүүст их муу үр нөлөө үзүүлсэн. Намайг юм хэлэхэд “Хятадын эрлийз минь Монголоос зайлаарай” гэдэг. Гэтэл яг түүхээрээ яривал бид монгол хүн. Үнэн бол үнэнээрээ л байна. Бөхийн түүхэнд Цагаан банди арслангийн хүүхэд Цагааны Цэгмид гээд байж байгаа.
Гэхдээ юу гээч. Голдуу миний хажуугийн, хамт уран бүтээл хийж байсан хүмүүс манайхныг их муулдаг. Төрд ажиллаж байсан манайхны эсрэг хүмүүс бий. Тийм л нийгэмд бид амьдарч байна. Тэд мянга эсэргүүцлээ гээд би уран бүтээлийн чиг шугамаа хэзээ ч алдахгүй. Авсанд ортлоо уран бүтээлээ хийгээд л явна. Монгол Улсынхаа төлөө зүтгэж байгаа чадал маань тэр. Урлаг соёлоороо би Монгол Улсынхаа төлөө зүтгэнэ. Ер нь тэгээд хүн сайн явахад атаархагчид олон.
-Та энэ олон шаналлаа дотроо тээж бачуурч явахынхаа оронд арай эрт ил гаргаж болоогүй юм уу?
-Ил гаргаад яах юм. Нэг нэр, хоёр хочны нэмэр. Янз бүрээр хэлүүлсээр байгаад хүн залхдаг юм билээ. Хулгайч, луйварчин, мөнгөө өгдөггүй, олон авгай сольсон гээд есөн шидээрээ дуудуулсан даа. Одоо сайн, муугаа дуудуулаад явах сонин биш болсон. Хийсэн нь үнэн үү, үнэн. Одоо тайван үхье дээ.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №017/24548/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна