Ертөнц сэлгэх УРЛАН


Цэнхэр униарт, номин ногоон хөндийд хэсэгхэн үүл туугдан ирэх ба цайвар гэрэлт бороо хувингаар асгах мэт цутгаж хормын төдийхнөө тус газрыг шалба норгож орхиод урд шилийг даван одох. Тун удалгүй мөнөөхөн үүл давж одсон шилийг шийрлэн, нарны түмэн цацраг сөхөн нумарсаар, долоон өнгийн солонго татах нь үлгэрийн ертөнц мэт авай. Тэнгэрийн зүүн өмнөд хярхгийг, баруун хойд хаяатай учруулан нумрах солонгыг нэгэн нууцлаг ертөнцийн хаалганд хүрэх гэрэлт зам мөн болой хэмээн сэтгэн зогсох минь аягүйцэл хийгээд тааламжийг хослон мэдрүүлэх амой. Хүмүүний биеийг олон төрсөндөө ч үл сатааран там, диваажин хийгээд эгэл амьдралыг хоршуулан амьдрагч нэгэн байдаг гэвэл ямархан бол. Оюун санаагаараа гурван ертөнцөөр хэсүүчлэн амьдрагч түүнийг Монгол Улсын Боловсролын тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан, “Алтангадас” одонт, чөлөөт уран бүтээлч Чулуунцэцэгийн Солонго гэдэг.

Орчлонд түүн шиг эрх дураар, омголон, эрх танхи бүсгүйтэй уулзаж явсан эсэхээ санах гээд чадсангүй. Түүний омголон эрх дураар амьдралын жим Архангай аймгийн Урчуудын эвлэлийн салбараас зурагдаж эхэлжээ. Урчуудын салбарын даргаар нь Арвис зураач ажиллаж байсан тухайн он цаг Лувсангийн Гаваа тэргүүтэй Чулуунбат, Бадамжунай, Цэрэнсодном нарын уран бүтээлчийн цалгисан онгодтой урлан байсан гэдэг. 1986 онд дүрслэх урлагийн сургуулиа дүүргээд гурван жилийн томилолттой очсон ч ахин нэг жилээр сунгаж ажиллаад 1990 онд Улаанбаатарт иржээ. 

Ардчиллын анхны цуглаанууд, алтан хараацайнуудын анхны дуу хоолой цуурайтаж асан Залуучуудын соёлын төв ордонд тайзны зураачаар ажиллаж, тухайн үеийн нэрд гарсан “Харанга” гэх мэт хамтлаг, дуучны тайзыг чимэглэж явсан амьдралынх нь давтагдашгүй хуудас эргэлдсээр 1998 он гарав. Хэдийгээр зураасан зургийн анги төгссөн ч хөдөө самбар будах, уриа бичих зэргийн ажил хийж явснаа эргэн санахад түүнд хөгжилтэй байсан гэдэг.

 Энэ хооронд бие даасан уран бүтээлийн “Би” үзэсгэлэнгээ гаргасан нэлээд догь уран бүтээлч болчихсон тууж яваа. Залуучуудын соёлын төв ордныг татан буулгаад удаагүй байтал Монголын уран зургийн тулгын чулууг тавилцсан Ү.Ядамсүрэнгийн ач охин, ангийн найз Я.Булган таарч “Анима” сургуульд багшлах санал тавьснаар түүний амьдралын дараагийн хуудас эргэв. Тайзны зураачаа болиод 47 дугаар сургуульд хоёр жил багшилсан туршлагадаа дулдуйдан ажилласан он жилүүд түүнийг Монгол Улсын Боловсролын тэргүүний ажилтан цолд хүргэжээ.

 

Бороо

Хар өнгө дотоод урлан

Ч.Солонго зөнч, үлгэрч эмээгийн охин. Сонсож өссөн үлгэр, домгийн шид түүнийг хар өнгөнд дурлагч болгожээ. Шодон гэзэгтэй сөөсгөрхөн охин эмээгийнхээ хүүрнэх үлгэрийг чагнаархан “Эмээ там гэж байдаг уу” гэх хэрсүүхэн асуултад “Хар дарж зүүдлэхдээ миний охин зовдог уу. Хэзээ ч дуусахгүй тийм хар дарсан зүүдэндээ байна гэж төсөөл” гэж хариулан Тасганы овоо өөд хөтлөлцөн алхах дүр түүний “Чухал яриа” хэмээх уран зурагт буугаа юу хэмээн төсөөлөгдөнө. Ийн төсөөлснөө Солонгод өгүүлтэл инээгээд “Ногоон дарь эх үрээ алдчихаад байхад нь зөнч хэрээ ирж хэл дуулгасан гэж үлгэрт хүүрнэдэг. Би түүнийг л зурсан. Гэхдээ таны төсөөллөөр байж яагаад болохгүй билээ” гэж хэлээд “Би хэрээнд дуртай, зөнч хийгээд ачлал элбэрэлтэй шувуу. Өтөлсөн эхийгээ аманд нь хоол өгч ачилдаг ийм амьтан хүнээс өөр хэрээ л байгаа биз” хэмээснийг нь би алмайран сонсож билээ. 

Түүнийхээр амьдрал бол бэлгэдэл гэнэ. Арга билиг, аливаа учрал, алиа цэнгэл, алаг эрээн хээ хуар хүртэл бэлгэдэл ажээ. Хүний захиалгаар хийх уран бүтээлүүд голдуу бэлгэ дэмбэрэл шингэсэн байх учиртай. Захиалга гэснээс түүний “Солонгын долоон морь” гэдэг уран бүтээл Шведэд хулгайлагдаад одоо хэр нь олдоогүй. Үзэсгэлэнд тавигдсан байх үед нь Шведэд амьдардаг монгол бүсгүй худалдаж авчээ. Хоёр жил Шведийн цагдаа нар хайгаад олоогүй бөгөөд зураачийн талаарх шаардлагатай мэдээллийг бүсгүйгээс аваад “Энэ зураг олдохгүй, хил давсан байх магадлалтай” гэжээ. 

Алдагдсан зургийг урланд дөнгөж төрчихөөд байхад манай нэг нэртэй бизнесмэн “Энэ зургийг алдарт Элтон Жонд хаяглаад бэлэглэвэл” гэсэн утгатай үг хэлсэн байгаа юм. Зураг хулгайд алдагдсаныг сонсоод зураачид “Чи нээрэн азтай юм аа, зургийг чинь хүн хулгайлна гэдэг гоё мэдрэмж шүү” гэж тайвшруулж байсан нь түүх болж дээ. Нээрэн тэр зургийг нэгэн нэртэй зураг сонирхогчийн захиалгаар хулгайлсан байгаасай гэж сонсож суухдаа бодсон шүү.

 

"Чухал яриа"


108 цам ба там 2012 дэлхийн төгсгөл 

Уран бүтээлчийнхээ хувьд хамгийн их шатаж, уран бүтээлээрээ өвчилж, зүүдэлж, шаналж зарим үед айж урласан нь түүний “108 цам” хэмээх бүтээлүүд байж. Арван хангал, тамын дошгидын дүрийг бүтээхийн тулд хэчнээн ч ном судар шагайсан гэх вэ. “Шөнө тэдгээр дошгидын нүд таазнаас ширтээд байх шиг санагдтал өвчилж байлаа” хэмээн дурсав. Шашин номын мөр хөөгчид түүний бүтээсэн цамын дүрийг харчихаад ийм байдаггүй буюу там гэгч юунд ийм билээ хэмээлцэн ширүүн үг шидсэн нь олон. Хэдийгээр цам хийгээд тамын тухай хүүрнэн буй ч энэ нь мөнөөхөн уран бүтээлчийн, ертөнц дамжин хэсүүчлэгч оюун санаанаас урган, хэтрүүлэг, найруулгаар чимэглэн үйлдсэн бүтээл гэдгийг тэд хэрхэн ойлгох.

 Цамын 108 дүр бүтээх сургаар худалдан авагч гараад ирж. 2011 оноос эхэлсэн уран бүтээл 2012 он хүртэл судалгааны ажил, уран бүтээл хослон хийсээр дуусах дөхөх үед худалдан авагч дэлхий сөнөх болж байгаа тул би ийм уран бүтээлээр яах билээ гэдэг шалтгаанаар татгалзан нэрээ татсан ч Гандандаржаалин хийдийн тэргүүн Батбаяр бүтээлийг цогцоор нь худалдан авав. Ийнхүү үзэсгэлэн нээв. “108 цам” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон урлаг судлаач Л.Батчулуун “Б.Ренчин багш, Ү.Ядамсүрэн гуай хоёр бидний судалгаа, бүтээлийг хачирхан үзэхийн цаг дуусаж, харшуулан үзэхийн цаг ирэхэд бид мөнх гэж хэлэхийг би сонсож суусан. 

Ү.Ядамсүрэн гуайн 80 гаруй жилийн өмнө шимтэн судалж байсан цамын урлагийг Ч.Солонго үргэлжлүүлэн уран бүтээлчийн онгод хөгөөр цэнэглэн, хэтрүүлэг, зохиомжийг нь зохицуулан үндэсний урлагийн үнэтэй сайхан бүтээлүүд туурвиж байгаад баяртай байна” гэлээ. Ү.Ядамсүрэн гуай цамын тухай сонирхон судалдаг, уран бүтээл хийх сонирхолтой байсан биз. 

Солонго заримдаа бүтэн сараар ч гэрээс гарахгүй уран бүтээлээ туурвин суух нь бий. Надаас  “Хүнийг сэтгэлийн зовлонд унагасан мал, амьтны тухай сонссон уу” гэж асуугаад “Хүнийг хүн л зовоодог юм даа” хэмээхэд нээрэн л хэн зовохыг хүсэх билээ гэсэн гашуухан бодол төрснөө нуух юун.

 

"Нүгэлгүй"

Өөрийгөө голох нь ирээдүйн төсөөлөл байх 

Тэр цамын дүрийг хайж тамын орныг эргүүлчихсэн, эгэл ертөнцдөө эргэлдэлгүйгээр мэдрэмжийн хязгаараас цааш одож бөөгийн онгод урин бүтээл туурвилдаа залчихсан. Тэр ийнхүү далдыг эзэмшив. Уран бүтээлийн түр завсарлага авснаа “Өөрийгөө голох мэдрэмж” хэмээн тайлбарлах аж. Оюун санаагаа хоосонд оршоож дараагийн шат руу ухасхийхээр бэлдэж буй за. Ихэнх зураач ийм тэг зогсолт хийдэг тухай би сонсож байсан. Монгол зургийн төрлөөр, монгол зураачийн ур ухаанаар бүтсэн Үржинхандын орныг үзэхсэн. Бэлгэ ерөөл бэрхээс, эрхээс бус сэрэхээс үүдэлтэй буюу. Зураач Ч.Солонгын тухай, түүний үзэл бодол, амьдрал, уран бүтээлийн хязгааргүй аяллаас, хүлгийн жолоо татан үлдээд уран бүтээлийн хамтрагч, яруу найрагч Х.Тэргэлийн түүнд зориулсан шүлгээс :

Бийр зуусан уран гоё шувуу

Бүхнээ түүн дээр алдаж орхиод

Солонгын долоон өнгө цацраад

үзэхүйеэ гоёмсгийг дүрсэлжээ

Бурхан түүнийг зураач бол гэж томилжээ

Буй биеийг нь онгодтой гэрлүүлжээ ... хэмээсэн мөртийг тэмдэглэн аваад, шившин уншсаар хоцров оо.

“Уран бүтээлийг ойлгуулах гэж тайлбарлах гэж хичээх ч хэрэггүй тул үзэгч бусдын мэдрэмжид даатган тайлбарыг нь сонсон суух сайхан. Уран бүтээлд шүүгч хэрэггүй шүүмж хэрэгтэй гэж хэлмээр ч юм шиг”  гэсэн зураач Ч.Солонгын үгээр нийтлэлээ төгсгөе.

"Хүслийн боол"


Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №017/24548/


0
angry
2
care
0
haha
8
liked
3
love
0
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 4 минутын өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 9 минутын өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22